Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн салбарынхандаа баярын мэнд хүргэе!



Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна. Тус салбарын хөгжлийг өнөөгийн түвшинд хүргэхэд ажил амьдралаа зориулсан үе үеийн ахмадууд тэдний залгамж халаа болсон залуу үеийнхэндээ Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа салбарын түүхт 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Нэгэн зууныг өртөөлөн дамжсан манай салбарынхан хийсэн ажлаа дүгнэж, хийх ажлаа төлөвлөн 90 жилийн ойгоо амжилт дүүрэн угтаж байна. 1921 онд орчин цагийн харилцаа холбооны үндэс суурь бий болсон цагаас эхлэн хөдөө орон нутгийн холбоожуулах, цахилгаан холбооны нэгдсэн тогтолцоо бий болгох, радио болон телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг нэвтрүүлэх зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн.

2005 оноос “Цахим монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд интернэтийн хэрэглээ 18,8 дахин нэмэгдэж, . гар утас дээдсийн хэрэглээ мэт “нүдний гэм” байсан бол давхардсан тоогоор өнөөдөр Монгол Улсын 2,5 сая орчим иргэн үүрэн телефон хэрэглэдэг болжээ. Монголын үндэсний телевизийг цөөн цагаар үздэг байсан үзэгчид хот, хөдөө орон нутаг гэж ялгалгүй 10 гаруй сувгаас өөрийн хүссэнийг сонгон үзэх боломжтой боллоо. Шилэн кабелийн сүлжээ 21 аймаг, 160 сумдад хүрснээр хүссэн мэдээллээ хаанаас ч олж авах нөхцөл бүрдээд байна.

Манай салбарын хөгжил дэвшил улс орны эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Өнгөрсөн оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарынхан дангаар бий бүрдүүлж байна.

Мэдээлэл шуудан, харилцаа холбоо технологийн салбарын гол онцлог нь “хурд” юм. Энэ бол жирийн нэг “хурд” биш улс орны хөгжлийн зангилаа, дэд бүтцийн амин сүнс болсон хурд. Иймээс тасралтгүй өөрчлөлт шинэчлэлтийн салхи манай салбарт сэвэлзэж байдаг. Технологийн хөгжилтэйгээ уялдан хэрэглээ, харилцаа, үйлчилгээний соёл ч аль хэдийн бий болжээ.

Таны өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон шуудан, радио, телевиз, интернэт, гар утас, программ хангамж гээд эдгээр үйлчилгээг Монгол Улсад Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн салбарынхан 90 жилийн турш тасралтгүй, найдвартай, шуурхай хүргэж ирсэнийг энд цохон тэмдэглэхэд таатай байна.

Түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй салбарын хамт олон, ахмадууд болон нийт хэрэглэгч та бүхэндээ аз жаргал, эрч хүч, ажлын амжилт бүтээл бүхнийг хүсэн ерөөе!

Хүндэтгэсэн МШХХТГ-ын дарга Ж. Бат-Эрдэнэ
Read More......

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн үг


Эрхэм хүндэт наадамчид аа!

Хүндэт зочид оо!

Их түүхэн ойнууд, өнтэй зун давхацсан Монгол түмний баяр наадам сайхан болж өндөрлөж байна. Аргамаг хөлгүүд маань хурдтай, харваачдын цэц мэргэн байж, хүчит бөхчүүд маань бяр ухаанаа дайчлан барилдаж наадамчин олноо тэгш дүүрэн баярлууллаа.

Дараа жилийн наадам хүртэл Монгол улсын иргэн, айл өрх бүрт хийж бүтээх өрнүүн их ажил биднийг хүлээж байна. Төр түмэн дор бүрнээ хариуцлагатай, шуурхай ажиллаж их үйлсийг бүтээж ирэх жилийн наадмаараа эргэн уулзацгаая.

Улс түмнээрээ урагш ахисан ирмүүн амжилт их бүтээлтэй байхыг ерөөж энэ жилийн баяр наадмын их ёслолын ажиллагаа ийнхүү өндөрлөж байгааг уламжилъя.

Монгол түмний аз хийморь нь өөдрөг, ажил үйлс нь тэгш, буян заяа нь улам дэлгэрэх болтугай.

2011.07.12.


Read More......

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмыг нээ


Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмыг нээж Ерөнхийлөгчийн хэлсэн үг.

Эрхэм хүндэт ард иргэд наадамчид аа, хүндэт зочид, хатагтай ноёд оо. Эх сайхан нутаг дэлхийн олон газар наадамлаж байгаа Монголчууддаа болон нийт зочиддоо Монгол наадмын сүр жавхланг билэгдсэн халуун мэндчилгээ өргөж, нийт наадамчин олондоо сайхан наадахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Энэ жил Монгол нутаг даяар олон жилийн ган зүдгүүрийг тайлсан аргагүй сайхан зун болж байна. Хүн арддаа ойр, байгаль дэлхийдээ ээлтэй байвал түмний үйлс тэгширч, уул ус баясан цэнгэж өлзий буянаа хайрладаг. Азай буурлуудын магнай тэнийсэн, хүүхэд багачуудын цолгин дуу хуур цуурайтсан Монгол наадам тэнүүн сайхан болох нь дамжиггүй.

Энэ жилийн наадам олон жилийн наадмаас онцгой содон юм. Монгол түмний их түүхийн бахархалт мөчлөгүүд давхцаж байна. Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний болон Ардын хувьсгалын 100, 90 жилийн их ойнууд энэ цаг мөчид тохион учирч байгаа нь гүн билэгдэлтэй, нэн бахархууштай юм.

Эрх чөлөөт, эх түүхт тусгаар Монгол түмний өндөр өвөг дээдсээсээ уламжлан наадаж ирсэн их баяр цэнгэл эхэлж байна.

Эгэлгүй сайхан өнтэй зун, их түүхт ойнууд ижилссэн ард түмний маань бүтэн жил хүлээсэн Үндэсний их баяр наадмын сүр жавхлан төгөлдөр ёслолыг ийнхүү эхлүүлж байгааг өндөр төрийн их цагаан сүлд заларсан энэ хүндэт хоймроос даяар олноо тунхаглан зарлаж байна.

Сайхан наадаарай.

Read More......

Монгол наадам-Монгол бахархал



Vндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын ажиллагаа албан ёсоор өндөрлөлөө.

Нар хур тэгширсэн баяр наадам сайхан болж өнгөрлөө. Бөхчvvд нь уран мэхтэй, аргамаг хvлгvvд нь хурдан, харваачид нь онч мэргэн байсан дэлхийд ганц Монгол наадам минь дараа жил хvртэл хуучлах сонинтой, дурсах тvvхтэй боллоо.

Энэ жилийн наадмаар хvчит бөхийн барилдаанаас 13 начин, 4 харцага, 2 заан, 2 гарьд, болон арслан, аварга шинээр мэндэллээ. Мөн хоёр улсын мэргэн төрсөн юм. Наадамчин олон та бvхэнд эрийн гурван наадмын нэгтгэсэн дvнг хvргэе.

Эрийн гурван наадмын хvчит бєхийн барилдааны дvн

Yндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд нийт 1024 бөх уран мэх, хvч бяраа сорин Төв цэнгэлдэхийн зvлэг ногоон дэвжээнээ хоёр өдөр барилдлаа.

Ингээд Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Хилчин спорт хорооны бөх улсын арслан С.Мөнхбат тvрvvлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат улсын арслан Г.Эрхэмбаяр vзvvрлэлээ.

Шинээр төрсөн начин цолтнууд:

1.Увс аймгийн Хяргас сумын харъяат аймгийн арслан С.Батсуурь
2.Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Ч.Цогбаяр
3.Говь-алтай Бигэр сумын харъяат аймгийн арслан С.Багахvv
4.Өмнөговь аймгийн Булган сумын харъяат аймгийн арслан Б.Сумъяа,
5.Баянхонгор Бууцагаан сумын харъяат аймгийн арслан Ж.Чулуунбат,
6.Архангай аймгийн Чулуут сумын харъяат аймгийн арслан Б.Амарзаяа
7.Хөвсгөл аймгийн харъяат аймгийн арслан М.Эрдэнэбат
8.Завхан аймгийн Идэр сумын харъяат аймгийн арслан Ш.Жаргалсайхан
9.Хөвсгөл аймгийн харъяат аймгийн арслан А.Батмөнх
10.Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат аймгийн арслан Сангисvрэн
11.Төв аймгийн харъяат аймгийн арслан Б.Батмөнх
12.Завхан аймгийн Их-Уул сумын харъяат аймгийн арслан Гончигдамба
13.Өмнөговь аймгийн харъяат аймгийн арслан Одбаяр

Шинээр төрсөн харцага цолтнууд:

1.Дорноговь Эрдэнэ сумын харъяат Улсын начин А.Цацабшир
2.Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат Монгол Улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдvй
3.Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул улсын начин Ц.Содномдорж
4.Ховд аймгийн харъяат аймгийн арслан Г.Алтангэрэл

Шинээр төрсөн заан цолтнууд:
Булган аймгийн Бvрэгхангай сумын харъяат улсын харцага Д.Баасандорж
Архангай аймгийн Хашаат сумын харъяат цэргийн хурц арслан Ч.Санжаадамба

Шинээр төрсөн гарьд цолтнууд:

Говь-Алтай аймгийн харъяат улсын начин Ж.Бат-Эрдэнэ
Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат улсын заан М.Баяржавхлан

Шинээр төрсөн арслан цолтон:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат улсын начин Г.Эрхэмбаяр

Шинээр төрсөн аварга цолтон:

Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, улсын харцага цол С.Мөнхбат


Эрийн гурван наадмын хурдан морины уралдааны дvн:


Хязаалан нас: Тvрvv магнай: Увс аймгийн Зvvнговь сумын уугуул Б.Далай уяачийн халтар vрээ.

Аман хvзvvнд Өвөрхангай аймгийн Богд сумын Д.Одгэрэл уяачийн хvрэн vрээ

Айргийн гуравт Ховд аймгийн Дарви сумын уугуул МУМУ Б.Мөнхтөрийн зээр буурал vрээ

Айргийн дөрөвт, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул С.Ганболд уяачийн хонгор vрээ

Айргийн тавд Төв аймгийн Баянцагаан сумын М.Энхсайханы уясан цавьдар vрээ

Шvдлэн: Тvрvv магнай: Ховд аймгийн Мөнх-хайрхан сумын уугуул Ш.Адьшаагийн хонгор vрээ тvрvvллээ.

Аман хvзvv: Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Ц.Болдын шарга vрээ аман хvзvvдэв.

Айргийн гуравт, Төв аймгийн Батсvмбэр сумын уугуул Лувсанбалдангийн зээрд,

Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Д.Баяраагийн зээрд,

Айргийн тавд Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Даваадоржийн хар vрээ тус тус хурдаллаа.

Азарга: Тvрvv магнай: Сvхбаатар аймгийн Тvмэнцогт сумын ААУяач Ө.Шинэтулгын уясан Хvсэлзулын зээрд.

Аман хvзvv: Дундговь аймгийн Өлзийт сумын ААУяач Б.Наранхvvгийн хээр.

Айргийн гурав: Сvхбаатар аймгийн Дарьганга сумын МУАУяач Ч.Улааны зээрд

Айргийн дөрөв: Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул Нийслэлийн ХУД-ийн уяач А.Отгонбаярын хилэн хар.

Айргийн тав: Төв аймгийн Баян сумын МУМУяач Д.Оюунбилэгийн уясан Баян сумын уяач Х.Цогтсайханы сvмбэн зээрд.

Их нас: Тvрvv магнай: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Өнөрбаянгийн хээр

Аман хvзvv: Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Агваансамдангийн Төгсбатын бор,

Айргийн гуравт, Төв аймгийн Баян-Өнжvvл сумын уугуул Чойдогийн Батбадрахын зээрд халзан,

Айргийн дөрөвт, Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Н.Бямбасvрэнгийн хээр,

Айргийн тавд, Төв аймгийн Баянцогт сумын МУ-ын Тод манлай уяач С.Ганхуягийн бор тус тус хурдаллаа.

Соёолон: Тvрvv магнай: Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уяач Н.Ижилбаярын хар бор vрээ.

Аман хvзvv: Өвөрхангай аймгийн Сант сумын Сэрсэнгийн Ганболдын зээрд vрээ

Айргийн гуравт, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач М.Ганболдын хул vрээ

Дөрөвт, Ховд аймгийн Алтай сумын уяач Торгоны зам хувьцаат компанийн Ц.Гантөмөрийн хvрэн

Айргийн тавд Буяннэмэхийн хонгор vрээ

Даага: Тvрvv магнай: Архангай аймгийн Ихтамир сумын харъяат залуу уяач Ганзоригийн Тэмvvлэнгийн өсгийн цагаан халтар даага

Аман хvзvv: Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат МУАУ Дамбын Хишигжаргалын шарга даага хурдаллаа.

Айргийн гуравт Сvхбаатар аймгийн Онгон сумын харъяат Ц.Октябрын зээрд даага,

Айргийн дөрөвт Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат Э.Энхтулгын хvрэн даага,

Айргийн тавд О.Амарсайханы зээрд тус тус хурдалжээ.

Эрийн гурван наадмын сур харвааны дvн:


Сур харвааны эмэгтэйчvvдийн төрөлд:

Төв аймгийн харъяат Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, спортын мастер Оюунчимэг тэргvvлж баяр наадмын манлай, улсын мэргэн цолтон боллоо. Хоёрт, Завхан аймгийн Тvдэвтэй сумын уугуул Монгол улсын хошой мэргэн Д.Эрдэнэтуяа удаалжээ. Гуравт, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул залуу харваач Чинзvрх орсон байна.

Эрэгтэй харваан төрөлд:

Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат Хангарьд спорт хорооны тамирчин Б.Ёндон 40 сумнаас 38 онож тvрvvлснээр Улсын мэргэн цолоор шагнуулсан байна. Хоёрт, Баян-Өлгий аймгийн уугуул Алдарт спорт хорооны тамирчин улсын мэргэн Ө.Баярсайхан оржээ. Гуравт, Монгол улсын хошой мэргэн Баасанхvv шалгарчээ.

Ийнхvv нартай, хуртай наадамласан Монгол наадам сайхан болж өндөрлөлөө. Бөхчvvд нь бяртай, харваачид нь цэц мэргэн, морьд нь хурдан байж наадамчин олноо баясгалаа. Дэнж хотойтол наадамласан дэлхийд ганц Монгол наадам хvvхэд залуустаа өв соёл ур ухаанаа сургаж, хөгшид буурлуудынхаа магнайг тэнийлгэж, сэтгэлийг баярлууллаа.

www.olloo.mn
Read More......

Төрийн далбаа маань стандарттай болов

Стандартчилал, хэмжил зүйн газар нь Төрийн далбааны стандартыг батлан гаргалаа. Стандартыг та бүхэнд бүрэн эхээр нь толилуулж байна.

Ангилалтын код:03.160

Монгол Улсын Төрийн далбаа. Ерөнхий шаардлага ( Mongolian State Flag. General requirements ) MNS 6262: 2011

Энэхүү стандарт нь 2012 оны 02 дугаар сарын 22 -ны өдрөөс эхлэн хүчинтэй.

1 Зорилго

Энэ стандартаар төрийн далбааны үндсэн хэмжээ, өнгө, соёмбоны хэмжээ, далбааны нэхмэл эдэд тавих шаардлагыг тогтооно.

2 Хамрах ба хэрэглэх хүрээ

2.1 Энэхүү стандарт нь төрийн далбааг “Монгол Улсын Үндсэн хууль”, “Төрийн бэлгэ тэмдгийн тухай” хуульд заасны дагуу бүх ард түмний баяр наадам, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болон бусад үед мандуулах, байрлуулах, төрийн ёслол хүндэтгэлийн бүхий л арга хэмжээний үед дээдлэн хэрэглэх, энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, шошго бусад зүйл дээр дүрслэх, бэлэг, дурсгалын зориулалтаар үйлдэхэд (оёх, зурах, сийлэх, хэвлэх, хатгах, наах, цоолборлох, барлах)хамаарна.

2.2 Стандартын 2.1-д заасан зориулалтаар төрийн далбааг үйлдэх, дүрслэх (оёх, зурах, сийлэх, хэвлэх,хатгах, наах, цоолборлох, барлах)-д иргэд, аж ахуйн нэгж, байгууллага энэхүү стандартыг заавал дагаж мөрдөнө.

3 Норматив ишлэл

Энэ стандартад ишлэл хийсэн дараах стандарт, баримт бичиг, тэдгээрт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны хэвлэлээс иш татаж хэрэглэнэ.

Монгол Улсын Үндсэн хууль Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль MNS 1-1 Монгол Улсын стандартчиллын тогтолцоо. 1-р хэсэг: Техникийн ажлын журам MNS 1-2 Монгол Улсын стандартчиллын тогтолцоо. 2-р хэсэг: Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм ГОСТ Р 51130 ОХУ-ын далбаа. Ерөнхий техникийн нөхцөл ГОСТ Р 30470 Тусгаар Улсуудын Хамтын ажиллагааны далбаа. Техникийн нөхцөл MNS 1835-2 Нэхмэл бүтээгдэхүүн. 1м2-ын жин тодорхойлох арга MNS 1835-3 Нэхмэл бүтээгдэхүүн. Зузаан тодорхойлох арга MNS 4010 Нэхмэл. Ширхэгтийн бүрэлдэхүүн тодорхойлох арга MNS 1835-5 Нэхмэл бүтээгдэхүүн. Тасрах үеийн даац, суналт тодорхойлох арга MNS 1835-8 Нэхмэл бүтээгдэхүүн. Норгосны дараах хэмжээний өөрчлөлт тодорхойлох арга MNS 4072 Нэхмэл материал. Будгийн тогтворыг угаалтанд тодорхойлох арга MNS 4070 Нэхмэл материал. Будгийн тогтворыг хуурай, нойтон байдал үрэлтэнд тодорхойлох арга MNS 4073 Нэхмэл материал. Будгийн тогтворыг хими цэвэрлэгээнд тодорхойлох арга ASTM D 6613-08 Нэхмэл бүтээгдэхүүн. Ерөнхий шаардлага Олон Улсын Өнгөний нийгэмлэгээс гаргасан өнгөний ангилал

The international Association of Colour (IAC)

4 Нэр томьёо тодорхойлолт

4.1 Өнгөний загвар (CMYK)– Үндсэн өнгөний нийлбэрийн бүдүүвч

C– cyan (aqua) – усан өнгө

M– magenta(pink) – ягаан өнгө

Y – yellow – шар өнгө

K – black – хар өнгө

5 Төрийн далбаанд тавих ерөнхий шаардлага

5.1 Далбааны өнгөнд тавих шаардлага

5.1.1 Төрийн далбааны харагдах байдал нь 1 дүгээр зурагтай нийцсэн байна.

5.1.2 Төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна.

5.1.3 Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь (C 100%, M 60%, Y 000%, K 000%) -ийн хөх өнгөтэй байна.

5.1.4 Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй хоёр талын хэсэг нь (C 010 %, M 100%, Y 090%, K 000%) -ийн улаан өнгөтэй байна.

5.1.5 Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт байрлах соёмбо нь (C 000%, M 015%, Y 000%, K 000%) -ийн алтан шар өнгөтэй байна.

1-р зураг. Төрийн далбааны харагдах байдал

5.2 Далбааны хэмжээнд тавих шаардлага

5.2.1 Төрийн далбааг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран Үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан тэг, өргөн, уртын 1: 2-ын харьцааг чанд баримтална.

5.2.1 Төрийн далбааг батлагдсан тэгийн дагуу 1:2-ын харьцааг баримтлан хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, дурын хэмжээгээр үйлдвэрлэнэ.

5.2.2 Төрийн далбааг үйлдэхдээ 2дугаар зурагт заасан хэмжээсийг баримтална.

2-р зураг Төрийн далбааны үндсэн хэмжээ

Тайлбар: Зурагт үзүүлсэн А нь уртын хэмжээний дурын тоо.

А - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: А-г 1 см-ээр авсан тохиолдолд 3А нь 3 см, 1,5А нь 1,5 см-тэй тэнцүү гэх мэт.

Тайлбар: Далбааны бүч, ишинд бэхлэх хэмжээг далбааны үндсэн хэмжээнд тооцохгүй.

5.3 Соёмбонд тавих шаардлага

5.3.1 Далбаан дээр соёмбыг байрлуулахдаа 3-р зурагт заасан хэмжээсийг баримтална.

3-р зураг. Далбаан дээр байрлах соёмбоны байгуулалт

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд 3 а нь 3 см, 1,5 а нь 1,5 см-тэй тэнцүү г.м.

5.3.2 Соёмбоны дөлийг 4 дүгээр зурагт заасны дагуу байрлуулна.

4-р зураг. Соёмбоны дөлний байгуулалт

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд 0,5 а нь 0,5 см, 2,5 а нь 2,5 см, 5 а нь 5 см-тэй тэнцүү гэх мэт.

5.3.3 Соёмбоны нар, сарыг 5 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.

5-р зураг Соёмбоны нар, сарны байгуулалт

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд 1,5 а нь 1,5 см, 4 а нь 4 см, 6 а нь 6 см-тэй тэнцүү гэх мэт.

5.3.4 Соёмбоны гурвалжин, тэгш өнцөгтийг 6 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.

6-р зураг. Соёмбоны гурвалжин болон тэгш өнцөгтийнбайгуулалт

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1см-ээр авсан тохиолдолд 2 а нь 2 см, 3 а нь 3 см-тэй тэнцүү гэх мэт.

5.3.5 Соёмбоны зөрсөн 2 загасыг 7 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.

7-р зураг. Соёмбоны зөрсөн 2 загасны байгуулалт

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1см-ээр авсан тохиолдолд 0,6 а нь 0,6 см, 2,35 а нь 2,35 см-тэй тэнцүү гэх мэт.

5.3.5 Соёмбоны баганыг 8 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.

8-р зураг. Соёмбоны баганын байгуулалт

5.4 Далбааны эд, түүнд тавих шаардлага

5.4.1 Төрийн далбааг ASTM D 6613-08стандартын шаардлага хангасан хөвөн цаасан, нийлэг, холимог, торгон, полиэстр болон бусад эдээр хийнэ.

5.4.2 Төрийн далбааг үйлдэхдээ оёх, зурах, сийлэх, хэвлэх, хатгах, наах, цоолборлох, барлах зэрэг төрөл бүрийн хувилбараар технологийн янз бүрийн аргыг хэрэглэнэ.

5.4.3 ASTM D 6613-08стандартын шаардлага хангасан нэхмэл эдээр хийсэнтөрийн далбааны гадна орчинд байх эдэлгээний хугацаа 90 хоног байна.

6 Нэхмэл эдийг шалгах арга

6.1 Төрийн далбааны нэхмэл эдийг дараах стандартын дагуу шалгана. Үүнд:

MNS 1835-2 Нэхмэл бүтээгдэхүүн. 1м2-ын жин тодорхойлох арга MNS 1835-3 Нэхмэл бүтээгдэхүүн. Зузаан тодорхойлох арга MNS 4010 Нэхмэл. Ширхэгтийн бүрэлдэхүүн тодорхойлох арга MNS 1835-5 Нэхмэл бүтээгдэхүүн. Тасрах үеийн даац, суналт тодорхойлох арга MNS 1835-8 Нэхмэл бүтээгдэхүүн. Норгосны дараах хэмжээний өөрчлөлт тодорхойлох арга MNS 4072 Нэхмэл материал. Будгийн тогтворыг угаалтанд тодорхойлох арга MNS 4070 Нэхмэл материал. Будгийн тогтворыг хуурай, нойтон байдал үрэлтэнд тодорхойлох арга MNS 4073 Нэхмэл материал. Будгийн тогтворыг хими цэвэрлэгээнд тодорхойлох арга

ТӨГСӨВ.

Read More......

Монгол-Оросын хамтарсан мэдэгдэл



Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн урилгаар 2011 оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 3-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсоор айлчлав. Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар 2011 оны тавдугаар сарын 31-ний өдөр Москвад ганцаарчилан уулзаж, өргөтгөсөн хэлэлцээ хийв. Ц.Элбэгдорж Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга В.В.Путин, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думийн дарга Б.В.Грызлов, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга А.П.Торшин нартай уулзав.

Ц.Элбэгдорж мөн Санкт-Петербург, Элстэй хотуудад зочиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Монгол Улс, Орос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойн жил Оросын Холбооны Улсад айлчлал хийсэн нь Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны залгамж чанар, тэдгээрийн өнгөрсөн болон өнөөгийн уялдаа холбоог тодруулж өглөө. Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар 2009 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо дээд хэмжээнд хийсэн өмнөх уулзалтаасаа хойшхи хоёр талын хамтын ажиллагааны явцыг олон арван жилийн хугацаанд уламжлал болон тогтсон Монгол-Оросын сайн хөршийн харилцаа, харилцан ойлголцол, итгэлцлийн үзэл санааны дагуу нягтлан хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцов.

Хоёр улсын төрийн тэргүүн нар 2009 оны наймдугаар сарын 25-ны өдөр тэдний гарын үсэг зурсан Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглалыг амьдралд хэрэгжүүлэх талаар идэвхтэй хамтран ажиллаж дорвитой, нааштай үр дүнд хүрснийг сэтгэл ханамжтай тэмдэглэв. Энэ Тунхаглал цаашид ч Монгол-Оросын харилцааг цогцод нь хөгжүүлэхэд чиглүүлэгч, зохион байгуулагч үүрэг гүйцэтгэнэ гэдэгт хоёр тал итгэл төгс байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс, Оросын Холбооны Улс нь улс төрийн яриа хэлцээг эрчимтэй, тогтмол явуулж, энэ хүрээнд хоёр улсын төрийн болон Засгийн газрын тэргүүн, парламент, аюулгүй байдлын зөвлөл, яам, газар, улс төрийн нам, аж ахуйн болон олон нийтийн байгууллага, бүс нутгийн удирдлагуудын биечилсэн уулзалт хийж ирэв. Ерөнхийлөгч нар манай орнуудын болон Ази тив, дэлхий дахины өмнө нээгдэж байгаа шинэ боломж, тулгаран гарч ирж буй аюул занал, сорилтуудын бүхий л цар хүрээнд ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд хоёр талын харилцан ажиллагааны янз бүрийн чиглэлээр айлчлал, солилцооны өндөр түвшинг цаашид ч хадгалах болон батлан хамгаалах чадвар, аюулгүй байдлаа бэхжүүлэхэд бие биедээ туслалцаа үзүүлж байхаар тохиролцов.

Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар энэ оны гурав, дөрөвдүгээр сард Монгол-Оросын багийн сансрын нислэгийн 30 жил, жолоодлогот сансар судлалын 50 жилийн ойн баярыг хамтран зохион байгуулсныг чухалчлан тэмдэглээд, энэ оны арваннэгдүгээр сард тохиох Монгол Улс, Орос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойд зориулсан цогц арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлэхийг Засгийн газрууддаа даалгах болов.

Хоёр талын бараа эргэлтийн хэмжээ түргэн сэргэж, хямралын өмнөх түвшинд хүрснийг Ерөнхийлөгч нар өндрөөр үнэллээ. Энэ нь хоёр орны эрчимтэй хөгжиж байгаа эдийн засаг ихээхэн хүч чадавхитай болохыг, хоёр тал тогтвортой, уламжлалт харилцаандаа тулгуурлан энэхүү чадавхийг бүх талаар тууштай хөгжүүлэхээр эрмэлзэлтэй байгааг нотлон харуулж байна гэж үзэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар монгол-оросын харилцан ажиллагааны тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол-Оросын Засгийн газар хоорондын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны комисс ихээхэн үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэв. Монгол-Оросын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр, бусад гол баримт бичгүүдийг энэхүү комиссын ивээл дор амжилттай боловсруулж, хэрэгжүүлж байгаа билээ.

Талууд ЕвроАзийн Эдийн засгийн хамтын нийгэмлэгийн хүрээн дэх Гаалийн холбооны гишүүн орнууд болон Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны тухай хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарсан судалгааны хэсэг байгуулах тохиролцоонд хүрснийг сэтгэл ханамжтай хүлээн авлаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулах нь хоёр талын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, түүний тэнцвэржилтийг илүү хангах, эдийн засгийн бусад салбарт улам нягт хамтран ажиллахад тус дөхөм болно гэж Монгол Улс, Оросын Холбооны Улс үзэж байна.

2010 оны арваннэгдүгээр сард Монгол-Оросын ба Орос-Монголын ажил хэргийн зөвлөлүүд байгуулагдсаныг Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар сайшаав. Хоёр орны худалдаа, аж үйлдвэрийн танхим, ажил хэргийн зөвлөл болон бизнес эрхлэгчдийн бусад байгууллагын боломжийг ашиглах нь ажил хэргийн хүрээнд төлөөлөгчдийн солилцоог өргөтгөх, жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг хоёр талын харилцаанд татан оруулах, хоёр оронд болж байгаа үзэсгэлэн-яармагийн арга хэмжээ, семинар, симпозиумд Монгол, Оросын компаниудыг оролцуулах, хэтийн ирээдүйтэй түншлэлийн чиглэлийг тодруулах, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх зэргээр худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нэмэлт хүчин зүйл болохыг тэмдэглэв.

Хил орчмын болон бүс нутаг хоорондын хэлхээ холбоо нь монгол-оросын харилцаанд жинтэй үүрэг гүйцэтгэсээр байгааг Ерөнхийлөгч нар тэмдэглэв. Хоёр талын бараа эргэлтийн 70 хувь, соёл-хүмүүнлэгийн солилцоо, хүмүүс хоорондын харилцааны тэн хагасаас илүү нь энэхүү харилцаанд ногдож байна. Москва хотноо 2010 оны арванхоёрдугаар сард гарын үсэг зурсан Монгол Улс, Оросын Холбооны Улсын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг 2011-2012 онд эрчимжүүлэхэд нэн тааламжтай эрх зүй, худалдаа-эдийн засгийн болон бусад нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээн дэх бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа нь хоёр талын түншлэлд шинэ түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монголын шилжих рублийн өрийн асуудлыг 2010 оны арванхоёрдугаар сард эцэслэн зохицуулсан нь харилцан ашигтай төслүүдийг улсын шугамаар зээлжүүлэн, санхүүгийн хүрээнд чанарын шинэ хамтын ажиллагааны боломжийг нээж буйг Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар цохон тэмдэглэв.

Талууд худалдаа-эдийн засгийн харилцан ажиллагааныхаа дэд бүтэц, механизмыг сайжруулахад шаардлагатай алхам хийж, өөрийн нутаг дэвсгэрт ажил хэрэгч уур амьсгал, хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгох, хоёр талын худалдаанд байгаа асуудал, түүний дотор гуравдагч орны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад дэмжлэг үзүүлэх асуудлыг харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан үр бүтээлтэй шийдвэрлэхийг зорьж байгаагаа илэрхийлэв.

Монгол-Оросын худалдааны нөхцөлийг цаашид сайжруулахад тус нэмэр болно гэж үзэж Оросын Холбооны Улсыг Дэлхийн худалдааны байгууллагад даруй элсүүлэхийг дэмжиж байгаагаа Монгол Улс дахин мэдэгдэв. Хоёр орны Төрийн тэргүүн нар Монгол-Оросын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны зарим томоохон төсөл, түүний дотор Дорнодын бүс дэх ураны хүдрийн геологи хайгуул, олборлох, боловсруулах ажилд оросын корпорациудыг оролцуулах асуудалд ихээхэн анхаарал хандуулав.
Талууд Монголын төмөр замын дэд бүтцийг байгуулах, шинэчлэх, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг санхүүгийн хувьд бэхжүүлэн шинэтгэх, улмаар Монгол-Оросын төмөр замын салбарын хамтын ажиллагааг бүхэлд нь сайжруулах, түүний дотор Монголын баялгийн шинэ нөөцийг ашиглах, шинэ төмөр зам тавихтай холбоотой асуудлыг хамтарсан төслүүдийн хүрээнд нягт уялдаатай шийдвэрлэхийг зорьж байгаагаа мэдэгдэв.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ үндсэнд нь Оросын Холбооны Улсаас импортоор хангаж буйг харгалзан түүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах боломжтой арга замыг судалж үзэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгохоор Талууд тохиролцов.

Шүлхий болон малын бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын 22 цэгийг Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл арга хэмжээ дууссан тухайгаа Оросын Тал мэдээлэв. Оросын Холбооны Улсад бүтээгдэхүүн нийлүүлэх үүднээс мах боловсруулах үйлдвэрүүдийн аттестатчлалыг Монгол Улсын нутаг дэвсгэрт Оросын хөдөө аж ахуйн хяналтын алба (Россельхознадзор) зохион байгуулахад чиглэсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ Талууд мэдэгдэв.

Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарын хамтын ажиллагааг Талууд нааштай үнэлэв. Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан газар байгуулах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан нь энэхүү хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болов.

Үйлдвэрлэлийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах талаар хамтран ажиллах тухай хоёр талын засгийн газар хоорондын 1995 оны хэлэлцээрийн хүрээнд харилцан ажиллагаа өргөжсөөр байгааг Талууд тэмдэглэв. Ой, хээрийн том хэмжээний түймрийн үед Монголын Тал хүсэлт гаргасан тохиолдолд Орос Улсын ОБЯ-ны нисэх хүчнийг ашиглан түймрийг унтраахад тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа Оросын Тал илэрхийлэв.
Монгол-Оросын улсын хил дээрх шалган нэвтрүүлэх боомтуудын үр ашигтай ажиллагааг хангах зорилгоор эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий боомтуудыг хөгжүүлэхэд хүчин чармайлтаа төвлөрүүлэхийг хоёр орны эрх бүхий байгууллагуудад үүрэг болгохоор Ерөнхийлөгч нар тохиролцов. Үүний тулд Засгийн газар хоорондын холбогдох шинэ хэлэлцээрүүдийг боловсруулж, байгуулах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улс, Оросын Холбооны Улс нэг Талын нутаг дэвсгэр дээрх нөгөө Талын үл хөдлөх эд хөрөнгө, түүний дотор газартай холбоотой асуудлыг зохицуулах ажлыг идэвхжүүлэхийг зорих болно. Ц.Элбэгдорж Д.А.Медведев нар юуны өмнө Талуудын нутаг дэвсгэр дээр цэргийн хамтарсан хээрийн сургууль хийж, монголын цэргийн албан хаагч болон кадетуудыг Оросын Холбооны Улсын тухайн чиглэлийн сургуулиудад суралцуулж, давтан сургаж, оросын үйлдвэрийн орчин үеийн зэвсэглэл, цэргийн техникийг Монголд нийлүүлж, цэрэг-техникийн хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргахад шаардагдах баримт бичгүүдийг боловсруулах зэрэг чиглэлээр хөгжүүлж байгаа хоёр орны цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаанд өндөр үнэлэлт өгөв. Энэ ажил цаашид ч үргэлжлэх болно.

Соёлын салбар дахь олон жилийн хэлхээ холбоо нь хоёр орны ард түмний ойлголцол, найрсаг харилцааг цаашид бэхжүүлэх чухал хэрэглүүр болохыг Талууд тэмдэглэлээ. Ази-Номхон далайн бүс нутаг дахь оросын соёлын томоохон байгууллагуудын нэг болох Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (ОШУСТ)-ийн 35 жилийн ойг тэмдэглэхэд олон нийтийн зохих анхаарлыг хандуулахаар Ерөнхийлөгч нар тохиров.

Хоёр улсын Төрийн тэргүүн нар Монгол Улсад орос хэлийг өргөнөөр, тухайлбал ОШУСТ, “Оросын ертөнц” сангийн төвүүд, Оросын ерөнхий боловсролын сургуулиудын салбарт тулгуурлан сурах, түүнчлэн Орос Улсад амжилттай ажиллаж буй монгол судлалын үндэсний төвүүдэд тулгуурлан монгол хэл, соёлыг судлахыг тууштай хөхиүлэн дэмжихээ нотлов. Талууд монгол-орос хэлний их толь бичиг гаргахаар бэлтгэж буй ажлыг өндөр үнэлэв. Холбооны төсвөөс санхүүжүүлэн Оросын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах монгол оюутан, аспирант, судлаачдын тоог төлөвлөгөөтэйгээр нэмэгдүүлж байгаатай холбогдуулан Ц.Элбэгдорж Д.А.Медведевт чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Ийнхүү суралцагчдын тоо 2011-2012 оны хичээлийн жилд 230-аас 300 болж нэмэгдэх болно.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны комиссын хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах дэд комиссыг ойрын хугацаанд тусгайлан байгуулах нь энэ салбарын харилцан ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах таатай нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн Талууд үзэв.

Ерөнхийлөгч нар Монгол, Оросын байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа, түүний дотор нүүдэлчдийн түүх, соёлын өвийг судлах, хамгаалах ажлын чухлыг тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монголын Шинжлэх ухааны академи, Оросын Шинжлэх ухааны академи хоорондын хэлэлцээрийн хүрээнд хийсэн ажлын үр дүнг Талууд сайшаав.

Хоёр улсын Төрийн тэргүүн нар олон улсын өнөөгийн нөхцөл байдлын голлох асуудлуудыг хэлэлцээд, олон улсын өвөрмөц нийтлэг бүтэц болох Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний Аюулгүйн зөвлөл олон улсын эрх зүйн хэм хэмжээг сахиулах, даян дэлхийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, бүх улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн амин чухал нөхцлийг бүрдүүлэх зэрэгт орлуулашгүй үүрэгтэйг цохон тэмдэглэв. Монгол Улс, Оросын Холбооны Улс нь НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, тухайлбал Мянганы хөгжлийн 2015 хүртэлх зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг цаашид ч өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд бэлэн байна.

Монгол Улс, Оросын Холбооны Улс нь шинэ сорилт, аюул заналхийлэл, тухайлбал олон улсын терроризм, хүний наймаа, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийг цаашид ч хамтын хүчин чармайлтаар эсэргүүцэх болно.

Монголын Тал дэлхийн санхүү, эдийн засгийн тогтолцоог шинэтгэх үйл явцад “Хорийн бүлэг” чухал үүрэгтэйг тэмдэглээд, зах зээлийн эдийн засаг нь бүрдэж байгаа улс орнуудын болон хөгжиж буй орнуудын эрх ашгийг илэрхийлж байгааг Оросын Холбооны Улс болон БРИКС-ийн бусад оролцогч орны үйл ажиллагааг нааштай үнэлэв.

Бүс нутагтаа болон олон улсын талбарт Монгол Улсын явуулж байгаа улам бүр идэвх санаачлагатай бодлогыг Оросын Тал өндрөөр үнэлэв. Улаанбаатар болон Москва цаашид ч олон улсын харилцааны хүрээнд бие биедээ дэмжлэг туслалцаа үзүүлж, гадаад бодлогын асуудлаар тогтмол зөвлөлдөж, олон талт голлох байгууллага, чуулга уулзалтын хүрээнд хийх алхмаа уялдуулж байх болно.

Цөмийн зэвсэггүй статусынхаа баталгааг бэхжүүлэх талаар Монгол Улсын гаргасан саналыг Оросын Тал “цөмийн зэвсэгтэй тав”-ын бусад улстай хамт үргэлжлүүлэн судлахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) нь Төв Азийн аюулгүй байдлыг хангаж, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх үр нөлөөтэй хүчин зүйл болж, олон улсын харилцаанд бүрэлдэж буй олон төвт тогтолцооны нэгэн хэсэг болон төлөвшсөнийг тус байгууллагын 10 жилийн ойн жил Монгол Улс, Оросын Холбооны Улс сэтгэл ханамжтай тэмдэглэв. Монгол Улс ШХАБ-ын хүрээн дэх эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, түүний дотор ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлийн шугамаар хамтран ажиллах эрмэлзэл төгс байгааг Оросын Тал сайшаав.

Талууд Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхийн чухлыг нотлов. 2010 оны есдүгээр сард Бээжин хотноо дэвшүүлсэн бөгөөд аюулгүй байдлын хуваагдашгүй зарчмыг бататгах, бүс нутгийн янз бүрийн улс орны эрх ашгийн тэнцвэрийг хангаж, аюулгүй, тогтвортой байдал, хөгжлийг хангах бүс нутгийн түншлэлийн бүтцүүдийн сүлжээг бий болгоход чиглэсэн орос, хятадын санаачлагын ач холбогдлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон тэмдэглэв. Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцох Монгол Улсын эрмэлзлийг Оросын Тал тууштай дэмжиж байна.

Монголын Тал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад нэгдэн орох бодолтой байгаагаа Оросын Талд мэдээлэв. Оросын Тал Монголын энэ санаачлагыг анхааралтай авч үзэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Солонгосын байдлыг улс төрийн аргаар зохицуулахаас өөр сонголтгүй бөгөөд Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдвэрлэх зургаан талт хэлэлцээг сэргээх нөхцлийг сонирхогч орнуудын зүгээс бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч нар илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч нар 2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр болсон байгаль - техноген сүйрлийн үр дагаврыг даван туулахаар Япон Улс чармайж байгаа энэ хүнд үед Японы Засгийн газар, ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаа илэрхийлж, тус оронд боломжтой бүхий л туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов.

Транзит тээврийн салбарт хамтран ажиллах асуудлаар 2003 оны наймдугаар сард Алматы хотод болсон Далайд гарцгүй хөгжиж байгаа орон, хөгжиж буй транзит орон, донор орнуудын сайд нарын болон санхүүжилт, хөгжлийн асуудал эрхэлсэн олон улсын байгууллагын төлөөлөгчдийн олон улсын бага хурлаас баталсан Транзит тээврийг хөгжүүлэх иж арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэхэд шаардагдах алхмуудыг цаашид ч хийх болно гэдгээ Оросын Тал нотлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын Холбооны Улсад халуун дотноор хүлээн авсанд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.А.Медведевт талархал илэрхийлээд түүнийг Монгол Улсад дахин айлчлахыг урив. Урилгыг талархан хүлээн авав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.А.МЕДВЕДЕВ

Москва хот, 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Read More......

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРТ ЭЛСЭЛТ АВНА

Мэдээллийн технологийн үндэсний паркын инкубаторт мэдээллийн технологийн салбарт бизнес эхлэн эрхлэгч компаниудыг сонгон шалгаруулж элсүүлнэ.

Элсэхийг хүсэгчдэд зориулсан семинар

2011 оны 4-р сарын 6, 13-ны өдрүүдийн 15.00 цагаас МТҮП-ын 104 тоот өрөөнд болно.

Элсэлтийн материал хүлээн авах хугацаа

2011 оны 4-р сарын 14, 15, 18, 19-ны өдрүүдэд МТҮП-ын 103 тоот өрөөнд (9.30-18.00 цаг)

Сонгон шалгаруулалт

2011 оны 4-р сарын 22-ны 10.00 цагаас МТҮП-ын 104 тоот өрөөнд болно.

Инкубаторын үйл ажиллагааны журам болон сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг www.itpark.mn-аас татаж авна уу.

Холбоо барих хаяг

Монгол Улс, Улаанбаатар- 210646
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49
Мэдээллийн технологийн үндэсний паркын 103 тоот өрөө

Утас: 318068/П.Наранцэцэг/
Факс: 327123

Электрон шуудан: narantsetseg@itpark.mn

Read More......