З.Энхболд: Хэд хэдэн Эрдэнэтээс олж болох мөнгийг аутсорсингоос олж болно

Гадаад хэргийн яамны хурлын танхимд УИХ-ын гишүүн З.Энхболд “Хавтгай” дэлхий дээрхи Монгол чадамж ба боломж” сэдвээр лекц уншсан юм. “Дараагийн арван жилд Өмнөд Солонгосын түвшинд хүрнэ гэвэл нэг хүнд ногдох ДНБ-ээ 15 дахин өсгөх хэрэгтэй” гэж тэр хэлж байлаа. Ийм өсөлтийг Монголдоо суугаад гадаад ажил хийх боломж буюу аутсорсингоор хийж чадна гэж тэр үзэж байна. “Газрын баялаг хязгаартай, оюуны баялаг хязгааргүй” гэж илтгэгч онцолсон. “Хавтгай” дэлхий дэх Монголын чадамж ба боломжийн тухай түүнтэй ярилцсан юм.

-Эрдэнэт Монголын “Саалийн үнээ”. Эрдэнэт үйлдвэрийн жилийн борлуулалттай тэнцэх мөнгийг нэг жилд аутсорсингоос олох боломжийн тухай та сая лекцдээ дурдлаа. Энэ талаар тодруулж ярьж өгөөч?
-Хүмүүсээ чадавхийг нь дээшлүүлж, боловсролд нь мөнгө хаясан тохиолдолд хэд хэдэн Эрдэнэтээс олох мөнгийг зөвхөн аутсорсингоос олж болно шүү дээ. Олж байгаа бэлэн жишээ Хятад, Энэтхэг гээд байна.

-Монголчуудын хувьд Монголдоо гадаад ажил хийгээд мөнгө олох боломж хэр байгаа вэ. Тухайлбал, хэлний болон мэдээллийн технологийн мэргэжилтний бэлтгэгдсэн нөөц хангалттай байж чадах уу
-Тэгэхээр бүгдийг нь тэгээс эхэлнэ гэсэн үг л дээ. Хэлээ ч заана, мэдээллийн технологид ч сургана. Бусад мэргэжлээ ч заана шүү дээ. Тэгж байж л цаашаа явахаас одоо байгаа хэлнийхээ бэлтгэлээр юу ч болохгүй.

-Одоо бэлтгэгдэж байгаа түвшин ямар байна гэж үзэж байна. Монголд бэлтгэгдэж байгаа мэргэжилтнүүдэд ямар дүн тавих вэ?
-Бас л эхлэлийн чанартай. Цөөхөн хэдхэн сургууль компаниуд олон улсын түвшинд бэлтгэж байна. Дөнгөж энэ жилээс эхэлж байна л даа. Одоо байгаа мэргэжилтэн бэлтгэдэг систем шинэ салбарт ажиллах хүмүүсийг яагаад ч бэлтгэж чадахгүй. Бид сургалтынхаа систем, багш нар сурах бичиг хамаг юмаа өөрчлөхгүй бол.

-УИХ-аас ерөнхий боловсролын сургуулиуд, төрийн өмчийн их, дээд сургуульд англи хэлний хичээл ороход зориулж төсөв баталж өгсөн. Энэ бүхэн сургалтын агуулгыг өөрчлөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлж чадах болов уу?
-Чадна байх гэж бодож байна. Яагаад гэхээр сургууль болгонд 20 компьютертэй зайны сургалтын мултимедиа кабинетуудыг өгч байгаа. Дээр нь урсгал зардалд нь гурван тэрбум төгрөг өгч байна шүү дээ. 500 ам.долларын цалинтай англи хэлний хоёр багшийг сургууль болгонд хөлслөх мөнгө, цалин нийгмийн даатгалын шимтгэлийг бодож хийсэн. 400 багш хөлсөлж авна гэсэн үг.

-Эхлээд загвар сургууль байгуулж харуулбал үр дүнтэй биш үү?
-Зайны сургалтын онцлог тэр шүү дээ. Улаанбаатарын нэг сургуульд сайн ажиллаж байгаа бол тэр хичээлийн хөтөлбөр багш бүх юмыг “копидчихдог” байхгүй юу.

-Өвөрхангайн нэгдсэн эмнэлгийг интернэтийн боломжийг ашиглаж чадаж байгаа гэж сонссон юм байна?
-Телемедициний эхний элементүүд байгаа л даа. Яг барууны орнуудад байдаг шигээ биш. Гэхдээ бусад аймагтай харьцуулахад ямар ч байсан рентген зураг нааш цааш нь явуулдаг. Эндээс өндөр мэргэжлийн эмч онош тавьдаг тэр юмнууд нь байгаа юм билээ.

-Та аутсорсингийн тухай маш их ярьдаг. Тэгэхээр…?
-Би ярьдаг биш хийдэг. Сая 7.5 тэрбум төгрөг бүх нийтийн англи хэлний сургалтад зориулж төсвийн тодотголоор батлууллаа. Интернэтийн үнэ 2004 онтой харьцуулахад зургаа дахин буурлаа шүү дээ. Энэ болгон чинь ажил хийгээд байна гэсэн үг шүү дээ.

-Та саяхан Хятадын Далянь яваад ирсэн. Монгол­чуудад хэрэг болохоор аутсорсингийн сайн туршлага юу байв?
-Далянь арван жилийн өмнө эхлээд одоо жилдээ хоёр тэрбум доллар олж болдгийг л харуулж байна шүү дээ. Хэрвээ боловсролд хөрөнгө оруулаад, англи, япон хэлтэй мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэж чадах юм бол ийм бизнес рүү орж болно гэдгийг л харуулсан. Арван жилийн өмнө аутсорсингоор юу ч олж байгаагүй хот шүү дээ.

-Далайд гарцгүй орон гэдэг сул тал байсан. Энэ сул талыг аутсорсингийн боломж нөхөж чадна гэж ойлгож болох уу?
-Аутсорсингоор хийгдэж байгаа ажил бол өөрөө үйлчилгээ. Энүүгээр хийсэн ажлыг чингэлгээр зөөх шаардлагагүй. Интернэтээр шилэн кабелиар, сансрын антеннаар дамжаад гараад явчихдаг. Тийм учраас Монгол Улс хаана оршиж байгаа нь сонин биш болсон. Монгол тийм ажил хийж чаддаг 100 мянган инженертэй байгаа эсэх нь л чухал.

-Мэдээллийн технологийн мэргэжилтэнг ямар хугацааны дараа бэлтгэх тооцоо байгаа вэ?
-Өнөөдөр бүх шатны их, дээд сургуульд 170 мянган оюутан суралцаж байна. Үүний арван хувийг мэдээллийн технологийн боловсрол руу чиглүүлье. Таван жилд 100 мянган инженертэй болох зорилт тавиад тэрэнд мөнгөө зарцуулъя л гэж байгаа. 100 мянган софтвэйрийн инженер, эсвэл англи эсвэл японоор үйлчилгээний ажил хийчихдэг нягтлан, хуульч, дуудлагын төвийн ажилтан зэрэг янз бүрийн түвшний зөндөө олон хүн байгаа байхгүй юу. Заавал бүгд дээд боловсролтой байх албагүй. Дунд боловсролтой хүмүүс ч гэсэн программ биччихнэ шүү дээ. “USI” компанийн мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль ТМС гэсэн үг. Сая төгрөг төлөөд хүмүүс ороод байгаа. Тэгэхэд дараалал үүсчихсэн байна шүү дээ. 400 мянган төгрөгөөр хувийн сургуульд орж, худлаа диплом авах уу. Сая төгрөг төлөөд, хоёр жилийн дараа ажилтай болох уу гэж хүмүүс прагматик сонголт хийж байна.

-Аутсорсинг цалингийн ялгаан дээр нөхцөлддөг. Харин энэ ялгаа арилчихвал яах вэ?
-Монголын нэг хүнд ногдох ДНБ 1000 доллар. Америкийн нэг хүнд ногдох ДНБ 50 мянган доллар байна шүү дээ. 50 дахин ялгаа байна. Энэ ялгаа арилтал олон жил болох байлгүй дээ. Ер нь бол бид хөгжсөн орнуудаас эхлээд үнэлгээ багатай, цаг их зардаг ажил авч хийнэ. Тийм ажил хийж сурсныхаа дараа үнэлгээ ихтэй, толгой шаарддаг ажил руу орно. Хүний чадавхиас л хамаарна.

-Гэрийн эзэгтэй нарт ажил хийх боломж олгодог homesoursing ч Монголд илүүдэхгүй юм билээ?
-Америкийн утасны дуудлагын төвүүдэд гэрийн эзэгтэй нар гэрээсээ ажлаа хийж байгаа. Компьютерээсээ харж мэдээлэл хэлж өгнө. Эсвэл онгоцны билет гэрээсээ зараад сууж байдаг. Тэгэхээр эзэгтэй нарт ч боломж бий. Хамгийн гол нь хэлний бэрхшээлийг арилгах, гэртээ интернэтэд холбогдох компьютертэй байх ёстой. Ийм тохиолдолд өчнөөн олон төрлийн ажил бодож олж болж байна.

-Аутсорсингоор юу хийж болох вэ гэдэг хүмүүст сонин болов уу. Та түрүүн Засгийн газрын зарим ажлыг аутсорсинг хийх тухай ч дурдаж байсан?
-Америкийн Засгийн газар зарим ажлаа, вэб сайт, иргэдэд үйлчлэх ажлаа хувийн компанид өгсөн. Тэрэн шиг Монголын Засгийн газар ч өндөр үнэтэй мэргэжилтэн шаардсан ажлаа хувийн компанид өгч болно шүү дээ. Яам, агентлаг бүрт интернэт хариуцсан хүн байгаа. Тэгсэн мөртлөө ажилладаг интернэт цөөхөн. Энэ болгоныгоо нийлүүлээд хувийн компанид гэрээгээр өгч болох юм.

-Гадаадад ажил хийж өгөх гэхээс гадна хүмүүс гэрээсээ ажлаа хийх боломж ч нэмэгдэж байх шиг байна?
-Одоо Улаанбаатарын төвөөр машинаар явснаас алхсан нь хамаагүй хурдан болсон. Түгжрэл үүсээд байхаар гэрээсээ ажил хийдэг хэлбэр рүү хүмүүс их орж байна. Гэрийнх нь утас ажлын утас нэг. Бүх юм нь холбогдчихоор хүн ажлын өрөөнд суух гэртээ суух ямар ч ялгаагүй. Гэртээ суух нь компанид ашигтай. Өрөөний түрээсийн зардлыг хэмнэчихнэ. Ажилтанд ч ашигтай. Замын түгжрэлд орж гацаж хамаг цагаа замд өнгөрөөж уурлахгүй. Гэртээ тав тухтай орчинд хүүхдэдээ илүү цаг гаргана. Тийм ажил хийж байгаа америкчуудын тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа. Ажил гэр хоорондын зай зарим тохиолдолд 160 км байгаа. Өдөр болгон 320 км-ийг зөвхөн ажилдаа явахад зарцуулна гээд бодоод үзэхгүй юу. Гэтэл тэр улсууд долоо хоногт нэг удаа ажил дээрээ ирчихээд нүүр тулж уулзаад бусад үед гэртээ л байна. Тэр хүн Америкт аль эсвэл Монголд, Өмнөговийн Ханбогдод байна уу ямар ч ялгаа байхгүй болгочихсон интернэтийн тусламжтайгаар.

-Интернэтийн тийм боломж Монголд байгаа гэж үү?
-Дараа жилийн зургадугаар сар гэхэд бүх сум өндөр хурдны интернэтэд холбогдоно. Чи Өвөрхангайн Гучин-Ус суманд байна уу, Улаанбаатарт байна уу ялгаагүй болно. Өнөөдөр бүх аймгийн төв өндөр хурдны интернэтэд холбогдсон. Улаанбаатараас ялгаагүй сарын 20 доллар төлөөд л сууж байна. Өнөөдөр миний чуулган дээр хэлсэн таван минутын үг товчлуур дараад л Арвайхээрийн телевизийн оройн нэвтрүүлгээр гарчихдаг юм шүү дээ.

-Та интернэтийн боломжийг сонгогчидтойгоо харьцахдаа илүү ашигладаг уу?
-Би одоо вэб сайтаа шинэчилж байна. www.enkhbold.mn гэдэг шинэ хаяг авсан. Түүн дотроо өргөдөл бичдэг булан нээж байгаа. Сонгогчид надтай уулзах гэж цаг алдах хэрэггүй. Гэрийн хаягаа, и-мэйлгүй бол утсаа оруулаад хариуг нь бас интернэтээр авчихна.

-Гишүүд тойрогтоо очиход цаг бас мөнгө их шаарагддаг юм шиг ээ. Видео хурал хийвэл илүү ойр ойрхон сонгогчдоо сонсох боломжтой байх?
-Видео хурал хийж болно. Цаг тулчихаар би зарим баярын мэндчилгээг гэрээсээ өгчихдөг. Арвайхээрийн телевиз миний видео конференсээр хэлсэн үгийг бичиж аваад шууд явуулчихдаг.

-Аймаг, сумын төвийн түвшинд хүмүүсийг интернэт хэрэглүүлэхийн тулд чадавхижуулах хэрэгтэй. Мэдээж та Засгийн газар биш. Гэхдээ энэ чиглэлээр ямар нэг санаа байдаг уу?
-Компьютерийн, интернэтийн үнэ хямдарч байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулъя гэвэл интернэтэд холбогдсон компьютертэй байх учиртай. Тийм боломжгүй хүмүүст зориулсан үнэгүй интернэтэд холбогдох компьютерүүдийг Засаг даргын Тамгын газрын коридорт байрлуулахыг санаачилъя гэж бодож байгаа. Интернэтээр дамжиж төрийн бүх үйлчилгээ тушаал, заавар, хууль энэ бүхнийг ил тод болгох ёстой. Хүн ямар нэгэн мэдээлэл хайгаад төрийн байгууллагын үүд сахидаг биш интернэтээр дамжиж маш их мэдээллийг шуурхай авдаг боломж байх хэрэгтэй.

0 comments:

Post a Comment