Дэлхийн банк манайд 500 сая төгрөгийн бонд гаргаж арилжаалах санал тавьжээ
УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх эсэхийг асуудлыг авч ярилцлаа.
2008 оны үндсэн чиглэлд хүнсний гол бүтээгдэхүүний үнийн өсөлтийг саармагжуулах ажиллагааг эн түрүүнд хийх гэнэ. Мах, гурилын үнийн өсөлтийг саармагжуулахаар 2.3 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж байгаа аж. Үүнээс Улаанбаатар хотод 1.3 тэрбум, Дархан-Уул, Эрдэнэт зэрэг хотуудад тус бүр 500 сая төгрөг суулгаж өгсөн байна. Түүнчлэн мах бэлтгэлийн компаниуд арилжааны банкуудаас зээл авч нөөцөлж байхаар асуудлыг зохицуулах ёстой гэсэн байр суурийг Сангийн сайд тавиад гагцхүү арилжааны банкны зээлийн дарамтыг мах бэлтгэлийн компаниудад үзүүлэхгүй байх арга хэмжээг авах ёстой гэдгийг онцолсон. Өөрөөр хэлбэл арилжааны банкны хүүг төсвөөс нөхөж байх асуудлыг тавьсан. Үүнээс гадна арилжааны банкны зээлийн хүүг бууруулах тал дээр анхаарах хэрэгтэй байгааг Сангийн сайд хэлсэн. Зээлийн хүү өндөр байгаагийн улмаас хувийн хэвшлүүдийн санхүүгийн байдал хүчтэй биш байна. Хувийн хэвшлүүд өндөр хүүтэй зээл аваад шинэ үйлдвэрлэлийг бий болгож ашигтай ажиллана гэдэг асуудал өнөөдөр хүнд байгааг төрийн түшээдэд учирласан.
Гурилын тухайд улаан буудай тариалж түүнийгээ гурилын үйлдвэрт нийлүүлж байгаа тохиолдолд нэг тонныг нь 60 мянгаар тооцож татаас болгох асуудлыг шийдвэрлэсэн аж.
Харин өргөн хэрэглээний бараа үнийн өсөлт, бууралт нь улс орны хөгжилтэй холбоотой. Хөгжиж дэвшихийн тулд асар их мөнгө хэрэгтэй гэсэн үүднээс Засгийн газар бонд гаргаж олон улсын зэх зээлд гарган мөнгө босгож хөрөнгө бий болгох цаг нэгэнт бий болсон гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд Сангийн сайд Н.Баяртсайхан танилцуулсан. Тэрээр Засгийн газрын бондоор мөнгө босгох талаар гадны нэлээд олон байгууллагаас зөвөлгөө авч туршлага судалжээ, Энэ талаар Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагууд манай улсад ч санал тавиад байгаа аж. Тэрбээр эхний ээлжинд 500 сая төгрөгийн бонд гаргаж арилжаалах санал тавиад байгаа гэнэ.
Мөн дэлхийн дулаарлын асуудал Засгийн газрын үйл ажиллагаанд саад болоод байгаа тухай сонирхолтой асуудал ч энд хөндөгдсөн. Тайшир, Дөргөний усан цахилгаан станцууд энэ онд багтаж ашиглалтанд орох ёстой байсан боловч дэлхийн дулаарлын улмаас усан сан бий болгож чадахгүй байгаа нь ашиглалтанд орох хугацааг хойшлуулж байгаа гэнэ.
Эдийн засгийн байнгын хорооны хурлаар МАХН-ын бүлгийн гишүүдийн сэтгэл эмзэглүүлсэн нэг асуудал байсан нь Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгуудын асуудал байсан. Тэд БХБ-ын сайдаас энэ талаар тодруулж "Маш богино хугацаанд баригдаж байгаа эдгээр барилгууд 7-9 баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх үү гээд БХБЯ энэ талаар үнэлгээ гаргасан эсэхийг лавлана лээ. Харин БХБ-ын сайд хариулахдаа үнэлгээний дүн хараахан гараагүй 12-р сард багтааж Засгийн газрын хурлаар ярина гэсэн хариултыг өгсөн.
0 comments:
Post a Comment