“ЕврАзЭС”-ийн орнууд гаалийн холбоо байгуулна

ЕврАзийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (ЕврАзЭС) дээд хэмжээний уулзалт Тажикстаны нийслэл Душанбе хотноо өнгөрсөн бямба гаригт эхэллээ. “Интерфакс” агентлагийн мэдээлснээр “ЕврАзЭС”-ийн тэргүүнүүд энэ удаад Гаалийн холбоо байгуулах асуудалд голчлон анхаарч байна.

Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр ОХУ, Беларусь, Казахстаны Ерөнхийлөгчид гаалийн нэгдсэн бүс нутаг бий болгох тал дээр тохиролцоонд хүрч Гаалийн холбооны ирээдүйн үйл ажиллагааны хууль, эрх зүйн суурь баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөн “ЕврАзЭС”-ийн дүрэмд зарим нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

ОХУ болон хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан улсууд багтдаг эдийн засгийн хамтын ажиллагааны тус байгууллагын дэргэд дээрх Гаалын холбоог бий болгосноор улс хоорондын чөлөөт худалдааг өргөтгөх зам нээгдэх юм.

Төрийн тэргүүнүүд энэ удаагийн уулзалтаар “ЕврАзЭС”-ийн Ерөнхий нарийн бичгийн даргыг солилоо. 2001 оноос тус байгууллагыг тэргүүлж асан Г.Рапотугийн албан тушаалд ОХУ дахь Казакстаны элчин сайдаар ажиллаж байсан Таир Мансуровыг томилжээ.

0 comments:

Post a Comment