Авлигатай тэмцэх газрын нэмэлт төсөв 1,65 сая ам.долларт хүрчээ
Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн агсны "Авлигыг та л зогсоож чадна" хэмээн хэлсэн үгээр сэтгүүлчдэд зориулсан сургалт эхэллээ. Энэхүү сургалтыг Авлигатай тэмцэх газар, "Глоб интернэшнл" төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан юм. Уг сургалт нь жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Авлигын эсрэг дэлхий нийтийн өдөр болгон НҮБ-аас тунхагласантай холбоотой зохиогдсон юм. УИХ-аас Авлигатай тэмцэх газрын эхний жилийн нэмэлт төсвийг баталж өгснөөр тус байгууллагын төсөв 300 мянган ам.доллар байснаа эрс нэмэгдэж 1.65 сая ам.доллар болжээ. Төрийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг бөглөн шинэ хуулийн дагуу энэ оны зургадугаар сарын 15-нд гаргаж өгсөн. Төрийн дээд албан тушаалтны 97 хувь нь хугацаандаа мэдүүлгээ өгчээ. Хугацаанд нь мэдүүлгээ өгөөгүй 30 гаруй хүн ажлаасаа халагджээ. Харин 500 гаруй хүнд сахилгын арга хэмжээ авсан аж. Төрийн албан хаагчид 2007 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор гаргаж өгөх ёстой.
"Авлига, түүний түгээмэл хэлбэр, Авлигатай тэмцэх эрх зүйн орчин" сэдвээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэд лекц уншлаа.
Н.Наранбаатар: Б.Дангаасүрэн агсны хэргийн талаар тодорхой мэдээлэл алга Сэтгүүлчдийн хамгийн ихээр сонирхож байсан зүйл нь Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн агсны үхлийн шалтгаан байлаа. Талийгаачийн үхлийн шалтгааны талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Н.Наранбаатараас дараах зүйлийг тодруулсан юм.
-Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн агсан Австрал ид нас барлаа. Гэхдээ түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байна. Талийгаачийн хоёр нүд хаачив. Танайд ирсэн мэдээлэл бий юу?
-Авлигатай тэмцэх газарт ирсэн тодорхой мэдээлэл байхгүй. Хэвлэл мэдээллээс мэдээлэл авч байгаа. Бидэнд илүү мэдсэн юм одоогоор алга.
-Б.Дангаасүрэн агсны нас барсантай холбогдох хэргийг танайх шалгаж байгаа юу?
-Авлигатай тэмцэх газар шалгаагүй. Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа сураг сонссон. Сайн мэдэхгүй байна.
-Авлигатай холбоотой томоохон хэргүүдийг Авлигатай тэмцэх газар шалгахаар татаж авсны дараахан ийм явдал боллоо. Магадгүй та нарт ч гэсэн эвгүй санагдаж байж мэдэх юм?
-Улсын мөрдөн байцаах газрын ажлын хувьд ямар нэгэн дарамт шахалт одоогоор ирээгүй байна. Бид тангараг өргөсөн төрийн албан хаагч болохоор хийх ажлаа л хийнэ. Өргөсөн тангаргаасаа хэзээ ч буцахгүй.
-Танай даргын асуудалд Мөрдөн байцаах газарт хүсэлт гаргаад хамтран энэ хэргийг шалгаж болдоггүй юм уу. Танайх энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Мөрдөн байцаах хэлтэс үндсэн найман төрлийн эрүүгийн хэрэгт буюу Эрүүгийн хуулийн авлига албан тушаалын гэсэн бүлэгт байгаа хэргийг шалгана. Түүнээс энэ хэргийг шалгахгүй. Шалгадаг субъект нь өөр. Авлигатай тэмцэх газарт эрх зүйн орчин нь байхгүй.
-Гадуур янз бүрийн юм яригдаж байна. Танайх энэ тал дээр яагаад байр сууриа илэрхийлэхгүй байна вэ?
-Талийгаачийн 49 хоног дуусаагүй байна. Ирэх долоо хоногоос хэвлэлийн бага хурал зарлахаар төлөвлөөд байгаа. Өөр мэдээлэл бидэнд алга.
Сэтгүүлч шүүхийн өмнө дуудагдах нь их
Албан тушаалтан мэдээлэл өгөхөөс татгалздаг, төр засгийн мэдээллийн санд нэвтрэх боломжгүй гаж тогтолцоо үйлчилж байхад эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих, эрэн сурвалжлахад ихээхэн бэрхшээлтэй байдаг. Иймд сэтгүүлчид мэдээллийг зүй бусаар олж авч, улмаар шүүхийн өмнө буруудах тохиолдол бишгүй бий. Иргэний зориг намын УИХ дахь зөвлөлөөс Ч.Базар "Эрэн сурвалжлах сэтгүүл зүй: Монгол ба бу-сад" номоо сэтгүүлчдэд гардуулав. Тэрбээр "Авлигыгхэрхэн эрэн сурвалжлах вэ" сэдвээр лекц уншиж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сүүлийн үед хурцаар тавигдаад буй нэг асуудал бол сэтгүүлчийн ёс зүй. Сэтгүүлчид ёс зүйгүй авирлаж байна хэмээн судлаачид үзэх болсон. Үүнээсээ болж нэр хүнд нь унаж, шүүхийн өмнө дуудагдах нь бий. "Сэтгүүлчийн ёс зүй"-н талаар МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн доктор Ч.Чойсамба лекц уншив.
Сэтгүүлч мөрдөж мөшгих нь хууль зөрчсөн үйлдэл
"Авлига нь нууц хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг. Авлига өгч байгаа болон авсан, зуучлагч гээд аль аль нь гэмт хэрэг үйлдэж буй тул түүнийгээ задлах нь ховор. Тэгвэл авлигын хохирогч нь хэн бэ. Хохирогчид нь би, та, ард түмэн юм" хэмээн "Глоб интернэшнл" төрийи бус байгууллагын хуульч Г.Даваахүүгийн "Авлигыг сурвалжлах явцад тохиолддог эрх зүйн бэрхшээл" лекц эхэлсэн юм.
Нууц үйлдэгдэж буй энэхүү гэмт хэргийг илрүүлэхийн тулд авлигад автаж болзошгүй төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг нягтлан шалгах хэрэгтэй. Гэхдээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбар нь ажиллах боломж, эрх зүйн хүрээнд хавчигдмал. Тодруулбал, Үндсэн хуулийн 16.13-т "...хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийгч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно" гэж заасан байдаг. Хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөж мөшгинө гэдэг нь хуулиар мөрдөж мөшгих эрх олгогдсон тагнуулч, мөрдөн байцаагч гэх мэт албан тушаалтнуудад хамаатай. Харин тийм эрх хуулиар олгогдоогүй хүмүүст хориглосон үйл ажиллагаа. Хэрэв сэтгүүлч хэн нэгнийг хууль бусаар мөрдөж мөшгөөд байвал энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох аж. Учир нь Монгол Улсад эрэн сурвалжлах чиглэлээр сэтгүүлчид ажиллах харилцааг зохицуулсан салбар хууль байхгүй.
Сүүлийн таван жилийн хугацаанд сэтгүүлчтэй холбоотой 176 хэрэг шалгагджээ. Үүнээс есд нь эрүү үүсгэж, таван сэтгүүлч яллагджээ. Иргэний шүүхээр шийдвэрлэгдсэн 150 хэргийн 60 хувьд нь сэтгүүлч, хүний нэр хүндэд санаатай болон санамсаргүй байдлаар халдсан гэж буруутгагдсан байна.
0 comments:
Post a Comment