Манай оронд “Microsoft”-ийн албан ёсны салбар байгуулагдана
Мэдээлэл технологийн өндөр хурдтай эрин зуунд амьдарч буй бидэнд тус салбартаа хөл нийлүүлэн алхах үүд хаалга өдрөөс өдөрт нээгдсээр байна.
Европын төр засгийн удирдлагуудын хуралдаанд манай улсын Засгийн газрыг төлөөлж Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газар оролцоод иржээ. Энэ талаар МХХТГ-ын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр тус уулзалтанд оролцох явцдаа дэлхийн зах зээлийн тэргүүлэгч корпорарци болох “Microsoft” –ийн үүсгэн байгуулагч Билл Гейтстэй уулзаж Монголын цахим мэдээллийн салбарт цоо шинэ өөрчлөлтүүдийг хийх талаар ярилцаад ирсэн байна. Энэ тухайгаа тэрбээр ярихдаа “Европын төр засгийн удирдлагуудын хуралдаанд оролцож байхдаа “Microsoft”-ийг үүсгэн байгуулагч Билл Гейтстэй өглөөний цай уух боломж гарсан. Энэ уулзалтын үеэр Монголд “Microsoft”-ийн албан ёсны салбарыг байгуулах талаар ярилцаж дөрвөн гол чиглэлээр гурван баримт бичигт гарын үсэг зурах тохиролцолд хүрч чадлаа. Хамгийн түрүүнд бид Цахим Засгийн газар буюу төр засгийн байгууллагыг нэгдсэн сүлжээтэй болгох, дотоодын боловсон хүчнийг чанаржуулж, цахим боловсрол олгох зэрэг ажлуудыг ярилаа. Үүний хариуд Microsoft –оос бидэнд манай улсад ашиглаж буй тус корпорациас гаргасан программ хангамжийг албан ёсны буюу оюуны өмчийг дээдлэн ажиллах шаардлагыг тавьсан. Тус ажлын хүрээнд хамгийн түрүүнд төрийн байгууллагын ажилтнуудын ашиглаж буй бүх программ хангамжийг албан ёсных болгох ёстой. Гэхдээ хамгийн бага төлбөрийн саналыг бидэнд тавихаа амласан. Дээрх ажлуудын хүрээнд хийгдэх гэрээ хэлцэл, баримт бичгүүд ирэх гурван сараас эхэлнэ. Энэ томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын ажилтай холбогдуулж “Microsoft” –ийн үүсгэн байгуулагч Билл Гейтсийг манай оронд зуны саруудад ирэхийг урьсан байгаа” гэлээ.
МХХТГ-ын бас нэг өмнөө тавьж буй зорилго нь Монголчууд бидний ашиглаж буй Microsoft- Office программуудыг Монгол хэл рүү шилжүүлэх том ажлыг хийх юм байна. Энэ ажилд Монголд мэдээлэл технологийн чиглэлээр ажилладаг бүхий л байгууллага, хамт олонтой хамтран ажиллах ажээ.
0 comments:
Post a Comment