Оросын Холбооны Улсын шинэ Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын ОХУ-д хийж буй албан бус ажлын айлчлалын нэгэн онцлог үйл явдал нь Тангаргаа өргөөд удаагүй байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй хийсэн уулзалт боллоо.
Уулзалтын эхэнд орос хэл, утга зохиолыг Монголд дэлгэрүүлэх, хоёр орны найрамдал хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулж хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг А.С.Пушкиний нэрэмжит медалиар шагнасныг ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев гардуулсан юм.
Шагнал хүртэсний дараа Ерөнхийлөгч Н.Энхбаяр шинээр сонгогдон, үүрэгт ажилдаа ороод байгаа ОХУ-ын Ерөнхийлөгчид амжилт хүсэхийн хамт 5 дугаар сарын 14-ний өдөр болсон Европын Хөлбөмбөгийн Холбооны цомын төлөөх төгсгөлийн тоглолтод Санкт Петрбургийн “Зенит” баг ялалт байгуулан, цом хүртсэнд баяртай байгаагаа хэллээ. Мөн Монгол-Оросын ард түмний харилцаа түүхэн уламжлалтай, халуун дотно болохыг онцлоод ирэх жил болох хоёр орны хамтын их баяр, Халх голын дайнд ялсны 70 жилийг ойг ёслол төгөлдөр тэмдэглэх хэрэгтэй гэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев үг хэлэхдээ “орос хэл, оросын утга зохиолыг нэвтэрхий мэддэг Монгол Улсын Ерөнхийлөгч Танд нэр хүндтэй шагнал гардуулсандаа баяртай байна” гээд хоёр орны нийгэм эдийн засгийн харилцаа эрчимжин, ирэх жил гэхэд худалдааны эргэлт нэг тэрбум долларт хүрнэ гэдэгт итгэж байна гэсэн юм.
Шагнал гардуулах ёслолын дараа хоёр талын уулзалт болсон ба монголын талаас УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд С.Оюун, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангай, УИХ-ын гишүүн, Г.Батхүү, Ерөнхийлөгчийн зөвлөх Д. Цогтбаатар нарын албаны хүмүүс байлцлаа.
Уулзалт ярианы эхэнд Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр орны харилцаа түүхэн уламжлалтай бөгөөд стратегийн түншлэлийн төвшинд хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаа ба дээд хэмжээний айлчлал, хэлэлцээ тогтмолжин идэвхжих нь хамтын ажиллагааны хөгжилд чухал хүчин зүйл болно гэв. Нэн ялангуяа цэрэг, техникийн салбарт нэгэн үе зогсонги байдалд ороод байсан харилцаа дахин сэргэж, Монгол Улсад ОХУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж, манай армид тусламж дэмжлэг үзүүлэх болсныг сайшаан тэмдэглэсэн. Мөн хил орчмын бүс нутгийн нийгэм, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэн, Наушки, Хиагтад чөлөөт бүсийг байгуулснаар одоо байгаа 750 сая долларын худалдааны эргэлтийн хэмжээг энэ оны сүүл гэхэд нэг тэрбум долларт хүргэх боломжтой болохыг ярилаа. Түүнчлэн хоёр улс “Монгол төмөр зам” болон “Эрдэнэт” зэрэг хамтарсан үйлдвэрүүдээр дамжуулан, хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлэх, энэ чиглэлийн эрхзүйн орчныг цаг үе, хөгжлийн өнөөгийн төвшинд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага байгааг ярив.
Мөн Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн ивээл дор Монгол-Оросын бизнес форумыг зохион байгуулснаа тэмдэглээд уул уурхай, ашигт малтмалын салбарт харилцан ашигтай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны эрхзүйн орчныг бүрдүүлэх, улаанбуудай, бензин зэрэг бүтээгдэхүүний үнийг оросын дотоодын зах зээлийн хэмжээнд үргэлжлүүлэн барих, эдийн засаг, худалдааны харилцаагаа бүс нутгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх, тэр дундаа БНКазУ-тай хамтран дэд бүтцийн салбарт хамтран ажиллахыг уриаллаа.
Мөн Монгол, Орос Улс нь Евразийн орнууд болохын хувьд цаг агаарын өөрчлөлт, дулаарлаас үүдэн гарч байгаа байгаль экологийн тэнцвэрийн алдагдал, усны хомсдол болон гамшгийн эсрэг хамтын бодлого боловсруулж хэрэгжүүлэх цаг болоод байна гэв. Түүнчлэн Ерөнхийлөгч Н.Энхбаяр Халх голын дайнд ялсны 70 жилийн ойг тэмдэглэх үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийг Монгол Улсад айлчлахыг урьсан юм.
Ерөнхийлөгч Д.А.Медведев ОХУ-ын гадаад бодлогод Монгол Улс чухал байр суурьтай байдгийг онцлоод энэхүү уламжлалыг бүхий л хүрээнд үргэлжлүүлнэ гэв. Мөн хоёр талын эдийн засаг, худалдааны харилцаа боломжийн төвшинд хөгжиж байгааг яриад, дэлхий дахинаа хүнсний хомсдол болж байгаа энэ үед мал аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх эрэлт, боломж байгааг тэмдэглэв. Түүнчлэн цэрэг техникийн хамтын ажиллагаа эрчимжин, дээд хэмжээний уулзалт яриа сэргэсэн нь чухал гээд хоёр улсын хамтарсан үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх саналыг дэмжлээ. Нэн ялангуяа хөрөнгө оруулалтын бодлого, эрхзүйн орчныг хоёр талд ашигтай, цаг үедээ нийцүүлэн боловсронгуй болгон, нэг мөр шийдэх цаг болсныг онцлон яриад маргаан мэтгэлцээн бус бодит үр дүн аль аль талд чухал байгааг тэмдэглэсэн юм.
Ерөнхийлөгч Д.А.Медведев хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх туршлага, боломж бидэнд хангалттай байна гээд усны хомсдол, байгаль экологийн тэнцвэрийн алдагдлын эсрэг хамтран ажиллах, энэ чиглэлээр бүс нутгийн Дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг дэмжихээ илэрхийлэв. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч, Халх голын ялалтын 70 жилийн ойг хамтран тэмдэглэх, Монгол Улсад айлчлах саналыг дэмжлээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Н.Энхбаяр дээд хэмжээний айлчлал нь харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал хүчин зүйл болдогийг дурдаад ОХУ-ын 2020 он хүртэлх урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хөдөө аж ахуйн чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг тусгахыг хүслээ. Мөн ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путинд ажлын амжилт хүсч байгаагаа илэрхийлээд мэндчилгээ дэвшүүлсэн юм.
0 comments:
Post a Comment