Мэдээлэл технологийн салбарт инкубаторт бойжигчид тэргүүлдэг
Мэдээлэл технологийн инкубатор байгуулагдсаны таван жилийн ойн үзэсгэлэн Мэдээлэл технологийн үндэсний паркт өчигдөр эхэллээ. Инкубатор гэдэг нь төрөөс хувийн хэвшлийг дэмжих загвар аж. Уг үйл ажиллагаа 2003 оноос эхэлжээ. Энэ хугацаанд 12 удаагийн сонгон шалгаруулалтаар 117 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан нийт 49 компанид инкубаторын үйлчилгээ үзүүлжээ.
Инкубаторт бойжсон 18 компани Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх салбарт мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ тэргүүлж байгаа бол одоо инкубаторт 14 компани бойжиж байгаа аж. Инкубатор нь мэдээллийн технологийн салбарын 500 гаруй хүнийг ажлын байраар хангасан бөгөөд ажлын байраа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлжээ. Үүний үр дүнд 200 орчим ажлын байр шинээр бий болгосон байна.
Уг үзэсгэлэнгийн талаар Инкубаторын менежер П.Наранцэцэг “Энэ үзэсгэлэнд инкубаторт бойжоод гарсан, одоо байгаа 20 компани оролцож байна. Үзэсгэлэнгийн ач холбогдол нь инкубатор гэж юу болох, жижиг, дунд бизнесийг төрөөс дэмжихэд хөл дээрээ хэр зэрэг тогтож, зах зээлд хэрхэн байр сууриа олж чадсаныг харуулах юм. Үзэсгэлэнд орж байгаа компаниуд анх тавхан хүний бүрэлдээхүүнтэй байсан бол өдгөө 80 хүртлээ өссөн. Энэ нь инкубаторын гол ач холбогдол юм. Нөгөө талаар программ хангамжийн компанийг инкубаторт бойжуулна гэдэг бол мэдээллийн технологит чухал нөлөө үзүүлж байгаа хэрэг” гэв. Уг үзэсгэлэн энэ сарын 13 хүртэл үргэлжилнэ.
Мэдээллийн эх сурвалж: Өнөөдөр сонин
0 comments:
Post a Comment