Ц.Нямхүү: Монгол улс ЗИП кодтой боллоо...

XXI зуун мэдээллийн эрин зуун. Энэ тухай бүгд л мэддэг, ярьдаг. Аж үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн өнгөрсөн зууны сүүлчээс мэдээллийн эринд шилжих үйл явц улам хурдсаж, нийгмийн баялаг, үнэт зүйлийг бүтээх эх сурвалж нь мэдлэг, мэдээлэл гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөх болов. Ийм ч учраас дэлхийн улс орнууд улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийг өргөнөөр нэвтрүүлэн хэрэглэж байна.

Монгол Улс ч энэ салбарын хөгжилд өндөр ач холбогдол өгч бусад орнуудын жишгээр мэдээлэл, харилцаа холбооны салбараа шинэ түвшинд хүргэх замдаа хөл тавьжээ. Мэдээлэлжсэн улс орон болох нь ямар ач холбогдолтой, энэ чиглэлд Монгол Улс ямар бодлого зорилт тавьж байгаа талаар Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын (МХХТГ) Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Дарга Ц.Нямхүүтэй ярилцлаа.


- Танай байгуулагын үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилго юу вэ?

- Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар гэдэг маш өргөн хүрээтэй салбар. Тухайлбал, үүнд бүх төрлийн холбоо, мэдээлийн технологи, радио телевиз, телефон аппаратаас авахуулаад янз бүрийн электрон тоног төхөөрөмжүүдийг хүртэл багтааж ойлгож болох талтай.

Дэлхий нийтээр мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжилд ихэд анхаарах болсон өнөө үед Монгол Улс мэдээлэл, харилцаа холбооны технологийг улс төр, эдийн засаг, нийгмийн бүх салбарт бүтээлчээр нэвтрүүлж, улс орны хөгжлийн хурдацыг нэмэгдүүлэх, төрийн удирдлагын үр нөлөө, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, мэдээлэлжсэн нийгмийг байгуулах, хоцрогдлыг багасгах шаардлага тавигдаж байна. Үүнтэй холбогдуулан, тус салбарт төрөөс явуулах бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх нь манай байгууллагын үндсэн зорилго юм.

- Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? Иргэд бүх нийтийг компьютержүүлэх зорилт тавьсныг л сайн мэддэг?

-Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээг Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд багтаан, улс орны хөгжлийн хурдасгуур болгох зорилгоор дунд хугацааны стратегийн баримт бичиг болох “Цахим Монгол” хөтөлбөрийг 2005 онд Засгийн газраар батлуулж, улмаар 2012 оныг хүртэл хэрэгжүүлэхээр зорилт тавьсан. Тус хөтөлбөрийн хүрээнд “Өрх бүрийг компьютержүүлэх”-ээс гадна олон шинэлэг зорилт бий. Хөтөлбөрийн хүрээнд нийт 22 чиглэл буюу дэд хөтөлбөрийг тодорхойлсон. Тухайлбал хууль эрх зүй, бодлого зохицуулалтын таатай орчин бүрдүүлэх, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн дэд бүтцийг хөгжүүлэх, “Цахим засаглал”, “Цахим боловсрол”, “Цахим эрүүл мэнд”, “Цахим арилжаа”,хүний нөөцийг хөгжүүлэх, эдгээрийн харилцан уялдааг хангах, холбогдох стандартуудыг бий болгох гэх мэт маш олон талт үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байна.

- Өнөөдрийн байдлаар дэд хөтөлбөрүүдийн алинд нь илүү анхаарлаа хандуулж байна вэ?

- Ер нь бол дээр дурдсан олон арга хэмжээнүүд нь бүгд чухал ач холбогдолтой, ойрын ирээдүйд хийгдэх ёстой ажлууд мөн. Гэхдээ нөөц бололцоо, хүн хүчээ бодсон ч тэр тодорхой хэмжээгээр ач холбогдолын дараалал үүсгэж, аль болох суурь асуудалд түлхүү анхаарах учиртай. Энэ чиглэлд ч өнгөрсөн хугацаанд ахиц дэвшил их гарсан. Тухайлбал, одоо бүх л байгууллагууд үйл ажиллагаандаа ямар нэг хэмжээгээр мэдээллийн технологийг нэвтрүүлж эхэлсэн. Гэхдээ удахгүй эдгээр бүх салангид тус тусдаа байгаа мэдээллийн системүүд харилцан холбогдож нэгдмэл нэг системд холбогдож байж жинхэнэ үр дүнгээ өгөх нь дамжиггүй.

Эдгээр нөхцөл байдлыг тооцоод мэдээллийн системүүдийн харилцан холболтын стандартуудыг нэг мөр болгож цэгцлэх, нэгдмэл кодочлолыг бий болгож нэвтрүүлэх нь чухал. Жишээлбэл, Үндэсний статистикийн газар, Татварын алба хоёр аж ахуйн нэгжүүдтэй холбоотой төрөл бүрийн мэдээллийн сан үүсгэж ашиглаж байгаа. Хэрэв эдгээр мэдээллийн санд нэг ижил зүйлийг өөр өөрөөр кодолбол хожим харилцан холболт хийх үед их хүндрэл гарах нь дамжиггүй.

Иймээс эдгээр байгууллагуудад хэрэглэгддэг нэг ижил ангилал, жагсаалтыг анхнаасаа нэг ижил кодолсон, стандартыг мөрдөөд явчихвал ирээдүйд гарах зардал багасах юм. Энэ чиглэлд МХХТГ-аас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн кодын стандартыг боловсруулж батлуулсан. Мөн шуудангийн бүсийн код буюу “ZIP” кодийг ЗТАЖЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудтай хамтран боловсруулж, олон нийтэд сурталчлах нэвтрүүлэх ажлаа эхлээд байна. Үүнээс гадна, цаашид хуулийн этгээдийн, иргэний регистрийн, аж ахуйн нэгж байгууллагын, нийгмийн даатгалын, төрийн албаны гэх мэт маш олон чиглэлд нэгдмэл кодыг бий болгох шаардлагатай.

- Шуудангйин бүсийн код нэвтрүүлэхийн гол ач холбогдол нь юу вэ?
- “ZIP” код буюу шуудангийн бүсийн код нь дэлхийн олон улсад хэрэглэгддэг. Өмнө нь “Монгол шуудан” компани өөрийн салбаруудаа кодолсон шуудангийн индекс буюу кодтой байв. Гэвч шуудангийн салбар либеральчлагдаж хувийн сектор бий болсоноор дээрх кодыг улс орны хэмжээнд бүх шуудангийн сүлжээнд хэрэглэх боломжгүй болсон. Иймд бид газар зүйн байрлал, бүсээр хуваасан олон улсын жишгийн кодочлолыг боловсруулж, нэвтрүүлж байна. Үүнийг хэрэглэснээр шуудангийн үйлчилгээнд тодорхой ахиц дэвшил гарахаас гадна гал команд, түргэн тусламж гэх мэт бусад олон байгууллагад ашиглах боломжтой.

Ер нь товчдоо, энэ тоон хаяг мөн боловч, орчин үеийн мэдээллийн технологийг нэвтрүүлэхтэй хослуулан шинэ шинэ үйлчилгээг бий болгох боломжтой болгож буй юм. Энэ утгаараа зөвхөн тоон хаяг биш маш өргөн хэрэглээтэй, суурь ач холбогдол ихтэй. АНУ-ын томоохон хотуудад иргэд нь аль нэг гудамжийг нэрээр нь хаана байдгийг мэдэхгүй ч зип кодоор нь хараад барагцаагаар аль зүгт, аль дүүрэгт очихоо гадарладаг болчихсон байдаг. Монголчууд 9935…-тай дугаар Эрдэнэтийнх, 9938…-тай бол Хөвсгөлийнх гэх мэт мэддэгтэй төстэй зүйл. Зип кодийг сурталчлах, нэвтрүүлэх үйл ажиллагаагаа саяхан аравдугаар сарын есөнд болсон Шууданчдын баярыг тохиолдуулан эхлээд байна.

- Монгол Улс хэзээ “цахим” болж чадна гэж та үзэж байна вэ?
- Барууны өндөр хөгжилтэй орнуудад байгууллагуудын дотор болон хоорондоо солилцдог мэдээллийн харилцаа “цаасан” байх үедээ эмх цэгцтэй, зохистой процесс, нь тогтчихсон байдаг тул “цахим” хэлбэрт шилжүүлэх нь ихэнхдээ мэдээллийн технологийг нэвтрүүлэх тухай л асуудал байдаг.
Харин хөгжиж буй ихэнх орнуудад цахимжуулах процесс нь өөрөө цаанаа суурь харилцаагаа шинэчлэх “реформ”-ийн шинжтэй. Тийм учраас дэлхийн олон улсуудад цахим засаглалыг хэрэгжүүлэх том зорилгын дор төр, засгийн системээ орчин үеийн болгох реформ болгон хэрэгжүүлж байна. Улс орны дэд бүтцийг хөгжүүлэх нь суурь асуудал мөн.

Гэвч түүн дотроо шинэ технологийн дэд бүтцийг хөгжүүлэх нь амин чухал төдийгүй, амдаж хөгжих бололцоог бий болгож байна. Мэдээж энэ бүхнийг сайтар төлөвлөж хэрэгжүүлэхгүй бол маш хэцүү байх болно. Гэхдээ л хэрэгжүүлж чадвал бид хөгжсөн улсуудыг гүйцэх боломж ганц энэ болов уу. Жишээлбэл, 1 км зам тавихад ойролцоогоор 200 сая төгрөг буюу 170 мянган ам.доллар шаардагддаг. 35 сая доллараар 200 км зам тавина. Дархан хүрэх дайны газар. Гэтэл энэ мөнгөөр Монголын бүх аймаг, суманд хүрсэн тэр бүү хэл малчдад хүрсэн орчин үеийн харилцаа холбооны сүлжээг бий болгож, түүгээр төр, засгийн үйлчилгээ, зайны сургалт, оношлогоо, эмчилгээг хүргэх боломжтой. Товчдоо, харилцаа холбооны салбарыг бүхэлд нь дэлхийн жишигт хүргэж болно.

0 comments:

Post a Comment