Дуулиант хэргүүд үнс, хальс болсоор…

Аливаа улс төрийн хүчин, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний нөлөө, оролцоогоор дуулиант хэргүүд шийдвэрлэгдэхгүй байгаад хууль, хяналтын байгууллагад хүмүүс итгэл алдрах нь улам нэмэгдэх болсон. Улстөрч, бизнесмэнүүд хөрөнгө мөнгөөрөө цагдаа, прокурор шүүхийг худалдаж авч байна гэж иргэний хөдөлгөөнийхөн үзэж, Иргэдийн шудрага шүүх гээчийг байгуулж хүртэл үзсэн нь үүний нотолгоо гэлтэй. Дуулиант хэргүүд юуны учир хавтсандаа ингэж чимээгүй дарагдчихаад байдаг юм бол гэсэн асуултад иргэдийн олонх нь “хууль хяналтынхан худалдагдсанаас болж буй” гэж хариулах биз. Шийдвэрлэгдэхгүй удан, хавтсандаа “илжирч буй” хэргийн хувь заяа хэрхэж байгааг сонирхож үзлээ.

“Номаранг“-ийн хэргийг хэрэгсэхгүй болгов
Улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн оролцож, БНСУ-ын ”Номаранг” компаниас их хэмжээний мөнгө зээлдсэн хэрэг шийдвэрлэгдэлгүй гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Гурван жил ч гэждээ тус компанийн төлөөлөгчид гурван жилийн өмнөөс манай улсад ирж, “Монгол шуудан” зэрэг банкны удирдлагуудаас мөнгөө нэхэмжилж хэвлэлийн хурал хийлгэж байсан. Гэвч УМБГ энэ асуудлыг тэдний хэл ам гаргаснаас хойш жилийн дараа шалгаж эхэлсэн. Энэ хэрэгт холбогдуулж БНСУ-д Элчин сайдаар сууж байсан Л.Галбадрахын эхнэр асан М.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, “Женко” группийн захирал Х.Баттулга, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг гээд 20 гаруй хүний нэр холбогдон шалгуулж байв.

Тэд “Номаранг”-аас авсан зээлийг дамжуулан зээлдээд эргүүлэн төлөөгүй гэсэн асуудлаар уг хэрэгт “муу нэртэй, луу данстай” болсон юм. Энэ хэргийн явц ямар байгааг УМБГ-ынхнаас сонирхоход “Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан. Гэхдээ төрийн зарим өндөр албан тушаалтан хуулиа үл хүндэтгэж буйгаас удааширч байгаа” гэж өгүүлж байсан юм.
Гэвч удаан хугацааны турш мөрдөгдсөн уг хэргийг өнгөрсөн долоо хоногт прокурор хянаж байтал дээд шатны прокурор нь татан авч хэрэгсэхгүй болгожээ.

С.Болдхэтэд Монголын шүүх үйлчлэх болов уу
“Наран трейд” компанийн захирал С.Болдхэт нарын зургаан хүнд холбогдох, татвараас зайлсхийсэн гэх хэрэг шийдвэрлэгдэхгүй байсаар хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Баянгол дүүргийн шүүх уг хэргийг нэг удаа хэрэгсэхгүй болгож үзсэн. Шүүх хуралд С.Болдхэт мэдүүлэхдээ “Кетчупны оронд виски ачуулсан байна лээ. Би виски ямар үнэтэй байгааг асуусан чинь андуурсан байна” гэсэн. Харин улсын яллагч Т.Жадамбаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн шүүхэд давж заалдснаар хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан юм. Харин Баянгол дүүргийн шүүхэд энэ хэрэг ирснээс хойш шүүх хурал товлогдсон хугацаанаасаа олон удаа хойшилсоор өдий хүрлээ. Ингэж удаа дараа хойшилсон нь С.Болдхэтийн таван өмгөөлөгч хуралд ээлжээр оролцох боломжгүй гэдгээ шүүхэд мэдэгдснээс болжээ. Шүүхээс шалтгаалсан зүйл байхгүй гэдгийг тус шүүхийн шүүгчид өгүүлж байсан. Баянгол дүүргийн шүүхэд С.Болдхэт нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг долоо хоног бүр алгасалгүй зарлаж буй ч шийдвэрлэсэн зүйлгүй, анхан шатны шүүхийн шатанд хавтаст хэргийн хуудсууд шарлаж байна.

Д.Түмэнхүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нь юу байв
Богд хан уулын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байхдаа авлига авч, дархан цаазат газраас их хэмжээний газрыг солонгосчуудад худалдсан хэрэгт буруутгагдан, албан тушаалаа өгсөн Д.Түмэнхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай дуулдав. Нэг хэсэг УМБГ-ын үүдийг сахиж байсан түүнтэй өнгөрсөн хавраас хойш тааралдахаа больсон нь ийм учиртай гэж цагдаагийн зарим алба хаагч өгүүлж байсан. Цагдаагийн байгууллагаас түүнд холбогдох хэргийг шалгаад гэм буруутайг тогтоох хангалттай нотлох баримт цуглуулж хавтсанд нь хийж өгсөн аж. Тухайлбал, түүнийг саатуулахад цүнхтэй их хэмжээний мөнгө байсныг гэрчлэх хүн олон. Бидэнд олдсон мэдээллээр Ерэнбилэг, Ерэнтөгс гэдэг хоёр хүн түүнд уг мөнгийг өгч байх үедээ баригдсан гэх. Гэвч Д.Түмэнхүү нарт холбогдох хэргийг прокурор хянаад хэрэгсэхгүй болгосон гэнэ. Үндэслэл нь гэм буруу нь тогтоогдохгүй байгаа гэжээ. Харин мөрдөгчид прокурорт очсон хэрэг үзвэл үнс, харвал хальс болох юм даа хэмээн хошигнож байна..

Д.Шатарбал хар тамхи зөөгөөгүй гэнэ
Болгар дахь манай ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан Д.Шатарбалыг дипломат дугаартай машинаараа хар тамхи зөөвөрлөсөн хэргээр тус улсын хууль хяналтын байгууллагын ажилтнууд саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улмаар түүнд холбогдох хэргийг манай улсын хуулийн байгууллага шилжүүлэн авч, шалгаад гэм буруутайд тооцон шүүхэд шилжүүлсэн. Харин шүүхээс мөн л нотлох баримт хангалттай бус гэсэн шалтгаанаар уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улсын яллагч эсэргүүцэл бичсэнээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийсэн боловч шүүхээр шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй таг чиг болсон. Харин энэ сар гарсаар Д.Шатарбалын гэх хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх шийдвэрлэхээр хоёр ч удаа товлосон байв. Гэвч уг хэрэгтэй танилцаж, хуралд илтгэн оруулах шүүгч Ц.Батсуурь ар гэрийн гачигдлыг улмаас чөлөө авсан тул ирэх долоо хоногийг хүртэл хойшлуулаад байна.

Д.Сүрэнхорыг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн үү
Яамныхаа ажилтнуудын цалингаар казинодчихсон Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор хаа байгаа нь тодорхойгүй өдий хүрэв. Цагдаагийн байгууллагынхан түүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа ч олдоогүй, сураг нь ч гарахгүй байна. Түүнийг Интерполын шугамаар эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл чих дэлссэн ч уг яриаг батлах хүн олдсонгүй.
Энэ мэтээр улстөрч, бизнесийн бүлэглэлийн холбогдсон хэргийн тоо өсөж байгаа ч шийдвэрлэгдэхгүй, хавтсандаа хав дарагдаж хуудас нь шарласаар нэг мэдэхэд хэрэгт холбогдогчдын хувьд мартагдсан дууль болоход хүрээд байна.

0 comments:

Post a Comment