Төрийн Думийн сонгуулийн өмнөх ерөнхийлөгч

Хойд хөршид Михаил Фрадковын баг засаглалын ширээнээс бууж, оронд нь нэр дэвшсэн “санхүүгийн тагнуул” гэгдэх Виктор Зубковыг Думийн депутатууд үнэмлэхүй олонхын буюу 381 саналаар “ногоон гэрлээр” баталснаас хойш яг долоо хонож байна. Тус улсын Үндсэн хуульд зааснаар, шинэ Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш долоо хоногийн дотор танхимынхаа бүрэлдэхүүнийг төрийн тэргүүндээ айлтгах ёстой. Тэр дагуу Оросын гүйцэтгэх засаглалын шинэхэн ээлж өнөөдөр тайзнаа гарч, үзэгч олонтойгоо мэндчилэх болов уу.

Томилогдсоны дараах анхны долоо хоногтоо Ерөнхий сайд өөрт нь хамгийн ойр алба гэж хэлж болох Засгийн газрын нарийн бичгийн дарга нарын газартаа бэсрэг халаа сэлгээ хийсэн. Түүний дотор тус газрын удирдагчаар Росфинмониторинг агентлагт өөрийн нь “баруун гар” байсан Юрий Чиханчиныг татан авч томилжээ.


Шинэ Ерөнхий сайд томилогдмогцоо л “Засгийн газрын бүтцийг өөрчлөн, түшмэдийн хувийн хариуцлагыг өндөржүүлэх зайлшгүй шаардлагатай” хэмээн мэдэгдсэнийг хэвлэлүүд өлгөн авч, тод үсгээр дармалдсан. Сайд энэхүү хариуцлагын зарчмаа өөрөөсөө эхэлж, үлгэр үзүүлье гэснийх үү, Батлан хамгаалахын сайд, хүргэн Анатолий Сердюковоо хамгийн түрүүнд халж буйгаа зарлалаа. Ерөнхийлөгч хийгээд парламентын зүгээс өөрт нь үзүүлсэн өндөр итгэлийн хариуд танхимаа үр дүнтэй бөгөөд эрч хүчтэй ажиллуулна хэмээн амласан В.Зубков Засгийн газрынхаа тэргүүлэх бодлого, чиглэлийг хөгжлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын эдийн засгийг бий болгох, нийгмийн хурц асуудлыг шийдэх гэсэн хэдхэн үгэнд багтаан тодорхойлж бас амжсан.

Санхүүгийн туршлагатай, сайн менежер эл эрхмийн толгойд боловсорсон шинэ танхимын бүрэлдэхүүний талаар шинжээчид тоймлохдоо М.Фрадковын багаас нэлээд гишүүн нь эрсдэлийн бүсэд, өөрөөр хэлбэл чөлөөлөгдөх хуудас гардана гэсэн таамаг дэвшүүлж байна. Гэхдээ танхим дотор заалтгүй үлдэх хэд хэдэн эрхэм ч бий гэнэ.

Үүнд: нэгд, В.Путиний залгамжлагчид өрсөлдөж буй үндсэн нэр дэвшигчид болох Ерөнхий сайдын хоёр нэгдүгээр орлогч /Сергей Иванов, Дмитрий Медведев/ бичигдэв. Хоёрт, эрх баригч “Нэгдмэл Орос” намын албан ёсны гишүүд /Ерөнхий сайдын орлогч Александр Жуков, Онцгой байдлын сайд Сергей Шойгу, Хөдөө аж ахуй, загас агнуурын сайд Алексей Гордеев/ оржээ. Эдгээр сайдаасаа нүүр буруулах нь арванхоёрдугаар сарын эхээр товлосон Төрийн Думийн сонгуульд ялалт байгуулахаар мөрөөдөж буй “Нэгдмэл Орос”-ынхны хувьд “зүүдэнд ч оромгүй явдал” болон хувирч мэднэ. Гуравт, хүчнийхэн буюу Ерөнхийлөгчийн шууд мэдлийн дорх мөрдэстэй сайд нарт авралын од гийх найдлагатай.

Харин М.Фрадковын танхимын үлдсэн гишүүдийг эрсдэлийн тойрог дотор оруулахад буруудахгүй гэнэ. Тойргийн яг төвд нь Эдийн засгийн хөгжлийн сайд Герман Греф, Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Михаил Зурабов нарын нэр дурайж байна. Г.Грефийг ер найдваргүй болсон гэлцэнэ. Ерөнхийлөгч бээр сайдын ажлыг шүүмжлэхдээ бүр Ерөнхий сайд асан М.Касьяновтой зүйрлэсэн гэж байгаа. Сайд үүнийг нь ч гадарлаад өөрөө онцрох хүсэлтээ өрсөж тавьсан гэх яриа байна. Чингэхдээ “Бизнес хөөнө” хэмээн тайлбарласан гэнэ. Сайд нь өөрөө төдийгүй салбарын ажил нь сүүлийн үед ширүүн шүүмжлэлд будагдсан болохоор Зурабовыг Грефтэй тийн “ханьсуулж” буй. М.Зурабовыг шинэ хүнээр солиод зогсохгүй, яамыг нь Хөдөлмөрийн болон Эрүүлийг хамгаалахын болгон “ихэрлүүлэх” бололтой.

Оросын Ерөнхийлөгч сонгууль хаяанд тулчихаад байхад Засгийн газраа ийнхүү халж, “чулуу” болгоход хүрснээ “Бүх зүйл миний бодсоны дагуу даанч болсонгүй дээ. Энэ Засгийн газрын гишүүд олигтойхон ажилласан бол ийм алхам хийхэд хүрэхгүй байлаа” хэмээн гэмшсэн өнгөөр тайлбарласан билээ. Сонгуулийн өмнө болон дараа Холбооны хэмжээнд эрх бүхий албатууд нь ямар нэг алдаа, цалгардал гаргалгүйгээр, яг таг швейцарь цаг шиг ажиллаасай хэмээн хүсэхдээ Засгийн газрынхаа “механизмыг” дахин задлахаар шийдвэрлэсэн гэдгээ тэрбээр тэмдэглэсэн юм. Улсын ажил гэхээсээ илүүтэй ирэх сунгаагаар шийдэгдэх хувь заяандаа санаа зовж, хугасхан нойртой хонох болсон урагшгүй сайдуудаар “тахил өргөх” нь өөрөө ерөөсөө сонгуулийн өмнөх муугүй сурталчилгаа.

“Ерөнхийлөгчийн өндөр суудал өөд мацахаас татгалзахгүй” хэмээн хэлсэн В.Зубковын үг амьдрал дээр батлагдах уу гэдгийг одоо хэлэхэд хэцүү. Гэвч анхиагүй сайд нарыг алга урвуулахын төдийд халснаар танхимын шинэ тэргүүн олон нийтийн дунд рейтингээ зовлонгүй өсгөж чадах нь лавтай. Социологийн сүүлийн үеийн санал асуулгаас харахад ч хүн амын тэн хагасаас илүү нь Путин хэн рүү заана, тэр хүнийг дэмжихэд бэлэн байгаа билээ.

Хэний ч санаанд ороогүй цэл залуухан эрийг 1999 онд Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, өдгөөгийн төрийн тэргүүн болох замыг нь зассан Ерөнхийлөгч агсан Борис Ельцинийг Оросын олон нийт одоо хэр мартаагүй буй. Тэр л үнэлэмжээр В.Путиний халааг авах залгамжлагчдын дунд баттай байр эзлээд буй В.Зубковыг хойд хөршийн төрийн тэргүүн “Сонгуулийн үеэр Орост ийм л хүн хэрэгтэй” гэж тодорхойлсон. Сонгуулийн кампани нэгэнт эхэлснийг ив илхэн гэрчлэх энэ өгүүлбэрийн “даацыг” хоёр гаруйхан сарын дараа танина.

0 comments:

Post a Comment