Аврал эрсэн ам.доллар
АНУ-ын удирдлага сүүлийн дөрвөн жилд анх удаа Төв банкнаас арилжааны банкуудад өгөх зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргалаа. Америкийн Төв банк өнгөрсөн лхагва гаригт дээрх хүүг 0.5 хувиа багасгаж, 4.75 хувь болгосноо зарлав. Энэ нь өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгийн зах зээлийг хамарсан ипотекийн хямралаас гарах арга гэхээс илүү еврог “гүйцэхээ” больсон ам.долларын ханшийг “аврах” оролдлого хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна.
Аливаа улс орны Төв банк арилжааны банкуудад олгох зээлийн хүүг ихэсгэх багасгах замаар зах зээл дэх мөнгөний хэмжээ, эргэлтийг “удирдаж”, зээлийн системийг бүхэлд нь хянаснаар валютынхаа ханшийг тодорхойлдог. АНУ-ын хувьд 2004 оноос эхлэн тухайн үед нэг хувьтай байсан Төв банкны зээлийн хүүг хоёр жилийн дотор 17 удаа нэмж 5.25 хувь болтол өсгөжээ. Энэ нь нэг талаас инфляцийг “хазаарлаж”, нөгөө талаас Америкийн ДНБ-ий өсөлт “үргэлжилсээр” буйг дэлхийн улс орнуудад харуулах ганц зам байв.
2006 оноос хойш Төв банк зээлийн хүүгээ хэдэн сарын турш 5.25 хувьд тогтоон барьж байсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй, АНУ-ын эдийн засаг “эрсдэлгүй” хэмээн мэдэгдэх суурь болж байсан нь ипотекийн хямрал эхэлснээр дуусгавар болох нь тэр. “Булайгаа дэлгэж, булхай нь баригдсан” ч инфляцийг хөөрөгдөхгүй гэдэг “эрхэм зорилт” тавьж зээлийн хүүгээ бууруулахгүй Төв банк хэсэг бантав. Гэвч ам.долларын ханш унаж, арилжааны банкууд бие биедээ зээл өгөх нь багасан, ипотекийн хямралтай тэмцэх алхмууд нь талаар болж эхэлсэн нь илүү түгших асуудал гэдэг нь тодорхой тул АНУ-ын Төв банк зээлийн хүүгээ бууруулахаас аргагүйд хүрчээ.
Дээрх шийдвэр гармагц дэлхийн хөрөнгийн зах зээл идэвхжиж, үндсэн индексүүд 2.5-3 хувиар өссөн байна. Харин дэлхийн үндсэн валютуудтай харьцах ам.долларын ханш унасан хэвээр. Төв банкны төлөвлөсөн “авралын гар” ам.долларын хүнд нөхцөл байдалд нөлөөлсөнгүй. Учир нь “их гүрнүүдийн” хувьд Төв банкны зээлийн хүүг багасгах нь ашиггүй байдаг хэмээн барууны мэргэжилтнүүд тайлбарлав. Жишээлбэл, Япон, Хятад зэрэг улс дээрх зээлийн хүүг сүүлийн нэг жилийн хугацаанд таван удаа өсгөжээ.
0 comments:
Post a Comment