Засгийн газраа бүрдүүлж дуусаад шинэ Ерөнхий сайдын УИХ дээр хэлсэн үгийг монголын иргэд анхааран сонсож, тунгаан бодоод эрхбиш хэдэн зүйл дүгнэлт хийж байгаа бололтой. Түүнд би жирийн нэгэн нийгэм судлагч, тэгэхдээ зонхилж XX зууны монголын нийгмийг судлан ирсний хувьд санал бодлоо нэмэрлэе гэж шийдээд үүнийг уншигч танаа толилуулж байна. Шинэ Ерөнхий сайдаас хийхээр төлөвлөж бүхий ажлаа нэгтгэн таван үндсэн санаагаар томъёолон хэлсэн нь хэрэгжвээс өнөөгийн монголын нийгмийн хэрэгцээ, шаардлагад зүй ёсоор нийцнэ. Монголын нийгэмд хүлээгдэж байгаа эдгээр асуудлыг тодорхойлон хэлж шийдвэрлэх цаг нь болсон бололтой.
Өнөөгийн монголын нийгэм 1990-ээд оны ардчилсан хувьсгалаас үүдэлтэй. Энэхүү арван долоо, найман жилд их зүйлийн шинэчлэлт хийгдсэн. Тэр хэмжээгээр хөгжил хурдасч, хурц асуудлууд шилээ даран босох болсон. Монгол орныгардчилал, зах зээлийн замд оруулах гэж тэмцсэн 1990 оны хувьсгалын улс төрийн бодлого олон хүчин зүйлийн эрхээр ялалтад хүрч тэр улс төрийн бодлогын сонголтоор хөгжлийн шинэ замд бид орсон. Тэгээд ардчилсан Монголын анхны төрийн тэргүүн П.Очирбат, Бага хурлын дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нарын үед улс орон маань шинэ Үндсэн хуультай болсон. Түүнд мэдээж ололттой, дутагдалтай талууд байгаа ч улс орон маань эдүгээ тэр л Үндсэн хуулийн дор амьдарч байна. Шинэ Үндсэн хуулийн дагуу хийгдсэн сонгуулиар олон түмэн сонгогчид улс төрийн шинэ сонголтыг сайн ойлгоогүй байсны дээр хуучин нийгмийнхээ амьдралаас хагацаж ядан байсны эрхээр "хүний хуучин нь, дээлийн шинэ нь" гэдэг энгийн болоод ойлгомжтой зарчмаа баримтлан МАХН-даа саналаа өгсөн юм.
1992-1996 онд анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд П.Жасрай хоёрын үед хийгдсэн зүйл алагтай, цоогтой, тун ч удаашралтай байв. УИХ нь шинэ Үндсэн хуулийнхаа дагуу Н.Багабанди даргынхаа удирдлагаар хуулиудаа шинэчлээд толгой өөд татах завгүй байлаа.
Анхны Ерөнхийлөгч энэ үед гайгүй сайн мэдэх зүйлээсээ ажлаа эхлэн, монголчууд биднийгээ нэг хэсэгтээ овоо цатгаад алсдаа сүйрүүлэх хувь тавилантай "алт хөтөлбөрөө" эхлүүлэв. Харин Ерөнхий сайд П.Жасрайгийн "бага сага" өмч хувьчлалын ажил нь хуучин "фронт"-ынхоо хамтран зүтгэгчдэд, жишээлбэл, нэгдэл, САА-н хийгээд сум, аймгийн нам, захиргааны дарга нарт яавал өгөөжтэй байж болох вэ гэсэн далд санаагаар л явагдаж байсан. Тэрхүү дөрвөн жил бол ардчилсан монголын "гээгдсэн он жилүүд" гэж нэрлэвээс зохих үе байлаа. Харин энэ дөрвөн жилд чинь эдүгээгийн монголын капиталистууд хойт ба урд хоёр хөршийн хооронд ганзагын наймаа хийж хөлс, цусан дундуур мөнгөө цуглуулж байсан юм. Галт тэргэн доторх амь өрссөн ганзагын фронтоос манай одоогийн ихэнх тэрбумтангууд мөнгөний үнэр, амтыг авсан юм шүү! Харин өмч хувьчлалаас завшиж, хөлжсөн цагаан захт баячууд бол нэртэй, устайгаа тов тодорхой байгаа. Ардчилсан монголын алдагдсан он жилүүдээс монголын сонгогч олон нийт нэг дүгнэлт хийсэн. "Морио солиод үзье" гэдэг сэтгэлгээгээр ардчиллын залуучуудад өгөөд үзье гэж шийдсэн байжээ.
Тэд юу хийсэн бэ? Мэдээж дөрвөн жил "удаан" хүлээсэн зүйлээ хийж эхэлсэн. Нэгдүгээрх нь улс төрийн шинэчлэлүүд байсан. Энэ нь боломжтой хийгдсэн. Хоёрдугаарх нь, эдийн засгийн шинэчлэлт гэж томоор овоглох өмч хувьчлал байлаа. Харин эндээс цаашдын хямралын хиншүү ханхалж байв. Тэр бүхнийг одоо зэрвэсхэн нэг харъя!
Шинэ Ерөнхий сайд М.Энхсайхан ямар зорилт тавьж байсан бол? Үйл явдлуудын баримтуудаас харахад тэрбээр улс орныхоо эдийн засгийн макро бүтцэд шинэчлэлт хийж байж зах зээлийн эдийн засагт амжилттай шилжинэ гэж үзсэн байх. Ямарч байсан тэр үед Ерөнхий Сайд М.Энхсайхан намаа биш, улс орноо бодсон зарчмын чухал шинэчлэлтүүдийг яаран эхлүүлсэн. Үүнд, үнэ чөлөөлсөн, зах зээлийнхээ зарчмаар амьдарцгаахаас өөр аргагүй эдийн засгийн харилцааг эхлүүлсэн, бизнесийн орчинд оролцох төр, засгийн үүргийг хязгаарлаж бууруулсан. Харамсалтай нь тэр үед монгол орны улс төрийн нөхцөл байдал одоогийнхоос их өөр байсан. М.Энхсайхан тэр үед зоримог өөрчлөлтүүдээ хэрэгжүүлэх улс төрийн орчноо зөв бүрдүүлж чадаагүй. Хийх хэцүү, хэлэх амархан гэдэг үлгэрээр, судлагч хүнийхээ хувьд би хэлж байгаа юм шүү.
Монголын олон нийт 2000 онд ардчилалд согтууран тарчилсан "шар"-аа тайлж сая нэг амарсан. Энэ үед Ерөнхийлөгч Н.Багабанди анхны Ерөнхийлөгчийн эхлүүлсэн уул овоо тахих, нутаг нугын наадам чимэх зэргийг голдохын зэрэгцээ "Нууц товчоо"-г тахих, "Морин хуур"-ыг залах зэрэг билэгдэлийн Ерөнхийлөгч байх гэдэг хуудмаг нэр томъёололд бараг л итгэсэн байлаа.
2000 оны сонгуулиар засгийн эрхийг авсан намын дарга, тэр цагийн Ерөнхий сайд Н.Энхбаяр дөрвөн жил сөрөг хүчин явсан гачлант сэтгэгдлээсээ ангижирч чадаагүйн эрхээр юуны өмнө намаа л бэхжүүлэхийг зорьж байв. Гэтэл ардчилсан монголын нийгэмд улс төрийн нам гэдэг байгууллага нь тэр үед хэдийнэ эрх мэдэл, өмч хөрөнгө, ашиг хонжоо хайгчдын бүлэглэл болох замдаа орчихсон байлаа. 500 сая төгрөгийн хахуулийн тухай үг УИХ-ын дарга Л.Энэбишийн амнаас гарсаныг хүмүүс мартаагүй байх. Энэ үед "ганзагын наймааны фронт"-оос ялан дийлж гарагсад ба "бага" өмч хувьчлалаас завшин луйвардаж олз олсон цагаан захт баячуудын нэгдсэн урсгал үнэтэй цэнэтэй эд хөрөнгийг хувьчлахад оролцохоор нэгэн цутгаланд нийлж "дүнсгэр мөрөн" болоод урсаж байв. Цаг үеийн өнгөөр нь энэ дөрвөн жилийг ардчилсан монголын "луйврын дөрвөн жил" гэж нэрлэж болох үндэстэй. Монголын сонгогчид үүнд муужран "шок"-нд орсон гэж дүрслэн хэлж болно. Гэхдээ ухаанаа арай ч тавьчихаагүй байсан юм билээ. Одоо луйврын ажлын ерөнхий механизмыг товчхон авч үзье.
"Шинэ" монголчууд
"Шинэ" монгол гэдэг үзэгдэл нь социалист монголоос ардчилсан монголд шилжих үйл явдлын түүхэн бүтээгдэхүүн мөн. Үүний үр хөврөл нь 1997-1998 оны орчмоос бүрэлдэж эхэлсэн. Чухамдаа бол дээр дурьдсан эдийн засгийн хоёр үзэгдлийн нийлбэрээс биежин тогтсон. Христын соёлт ертөнцийнхний нэр томъёогоор хэлбэл энэ сатан (монголоор бол амилсан чөтгөр гэх юм уу даа) биелэн босож ирэх гэж М.Энхсайхны Засгийн газар хийгээд дараа дараагийн ерөнхий сайдуудыг онхолдуулж байсан юм. 2000-2004 онд сатан хөл дээрээ бат зогсож чадсан. Түүний хоёр хөлний нэг нь ардчилсан намын, нөгөө нь хувьсгалт намын салан дээр бат бэхээр алцайн зогсож чадав. Сонгогч бид одоо монголынхоо улс төрийн хоёр намыг анхааралтай харъя. Сонин хэвлэлд байнга гардаг шар, цагаан мэдээнүүдийг эргэн нэг саная. АН ба МАХН хоёрын аль алины нь удирдлагад, тэргүүн эгнээнд нь "шинэ" монголын тэрбумтангууд зогсож байна. Тэд "том бүрх малгай далбийлгаж, халхгар торгон дээл, хоргой хантааз хүлхийлгэж, алт мөнгөн тоногтой дархгар бүс тээглүүлж, алганд багтахгүй чулуун хөөрөг зөрүүлж, морь уралдуулж, бөх барилдуулан уул овоо тахиж, найр наадам ивээн тэтгэнэ". Манай улс төрийн хоёр том хүчний энэхүү "шинэ" монгол удирдагчдын ар талд нь төрийн хууль, засаг захиргааны эрх мэдлийг хахуулиар боомилон барьсан уул уурхайн, ялангуяа алтны улайрсан эздийн том бүлэглэл эрх мэдлийн "Зоогонд" орох ээлжээ хүлээн ядаад уухилан зогсож байна.
Өнөөгийн "шинэ" монголчууд өөрийгөө хамгаалагч хар хувцастны армийг хуулиар байгуулж авсан. Тэднийг нь бэлтгэдэг түмэн дамжаанууд ашигтай, орлоготой ажиллаж байна. Монголын алт, эрдэнэс, баялгийг ухаж авахад тийм хамгаалалтын арми хэрэгтэй. "Шинэ" монголчууд хахуулийг чухам л цэцэглүүлж байгаагийн үр дүн болж төр, засаг хүчгүйдэн туйлдаа хүртэл хэврэгжсэн байгаа! Тэд энэхүү нүглийнхээ үйлийн үрийг бас өөрсдөө эдлэнэ гэдгийг яавч ухаарахгүй. Гэвч аминдаа тулаад ирэхээр сүүлийн үед нэг зүйлээс айж байгаа. Тэр бол орос, монголын хооронд визгүй зорчих асуудал юм. Оросын мафи аюултай гэнээ. Нээрэн тийм байх шүү. Гэвч мафи чинь мань мэтийнхний хашааны алган чинээ газар луу шунан дайрахгүй, хөрөнгө хогшил гэх юмгүй амьтны буруу жолоотой хуучин машиныг дээрэмдэхгүй, харин тэрбумтнуудад бол үнэн халгаатай! Тэд бол гадаадын, мафигаас сүнсээ зайлтал айж байна. Мафийн сонирхож байгаа юм тэдэнд байгаа. Харин хойт Хятадын ядуу тариачдаас барилга барихаар ирсэн энэ олон хятад ажилчин эгэл бидэнд аюултай байгаа. Эхнэр, охидыг нь мөнгөөр хуурч ашиглана. Хашаа хороог маань, улс бэлчээрийг маань хордуулна. "Шинэ" монгол тэрбумтангуудад бол тэд чинь хямдхан дуулгавартай ажиллах хүчин, мөнгийг нь өсгөж өгөгчид. Харж байгаа биз дээ. Бидний эрх ашгийн зөрөө ямар их байна вэ? Бурхан минь, орос ах нарыг минь ирүүлж хайрлаач! Эгэл ард ингэж залбирч байна. Одоо би уран сайхны маруухан дүрслэлээ орхиод шинжлэх ухааны хуурай үг, хийсвэр нэр томъёондоо оръё.
Шинэ шатны хямрал
Судалгаагаар үзвэл XX зууны монгол орон 1911,1921, 1990 оны хувьсгал гэсэн гурван түүхэн үйл явдлыг дайрсан бөгөөд хөрөнгөтний биш хөгжлийн, социалист бүтээн байгуулалтын, ардчилсан шинэчлэлтийн гэсэн гурван түүхэн шатыг дамжсан. Сүүлчийн шат нь арван хэдэн жилийн нүүр үзэж байгаа ч нийгэмд нь дотоодын олон хямрал нүүрлээд байгаа билээ.
Монголд ардчилсан хувьсгалыг санаачлан, түүнийг хэрэгжүүлсэн улс төрийн хүчин нь ардчиллын төлөө нам ба хүчнүүд гэдэгтэй маргашгүй. Гэвч 2000 оноос ардчиллын төлөө намууд эвлэлдэн нэгдсэн гэдэг нь нарийн судлаж үзвэл цэвэр хувьсгалын үе нь дуусгавар болж, монголын нийгэм аажмаар сөргөлдөгч хоёр улс төрийн шугамаас зугуухан хоёр том улс төрийн нам (хүчин) нь капиталист нийгмийн олигархийн улс төрийн байгууллага болж төлөвших үе эхэлсэн гэж үзвэл түүхэн бодит байдалд илүү ойртоно. Энэ үйл явц 1997-98 оноос ардчилсан холбоо эвслийн, 2000 оноос МАХН-ын дотор эрчимтэй өрнөсөн.
Монголын ууган нам шинэ залуу хүчнээр бэхжихдээ хэдэн арав, зуун сая, сүүлдээ тэрбумаар нь мөнгө хандивлах бэл бэнчинтэй болсон "шинэ" монголчуудаар дүүрэн болсон юм. Тэд бол юуны төлөө төрсөн нийгмийн давхарга вэ гэдгийг би өмнө дурьдсан. Тийм ч учраас 1998-99 оны орчимд "иргэний Зоригийг" яргалах үйлдэл хийгдсэн, яг л түүн шиг гэгээн цагаан өдрөөр төрийн албаны байранд нэгнийгээ хутгалан алж, түмний хадгалуулсан мөнгийг хэдэн тэрбумаар нь тоночихоод халдашгүй эрхийн төлөө улс төр хийж давхицгааж байна. Энэ бол "шинэ" монголчуудын бүлэглэл. Батлан хамгаалахын дэд сайд генералтайгаа хутга шөвгөндөө хүрч байна. Ухамсрын шанаа өгөх гэдэг нэг "гоё" заншил одоогийн дээдсийн дунд тогтсон. Энэ бүхэн бол монгол дахь ардчилсан шинэчпэлтийн дотоод хямралын илрэл мөн.
Ардчиллын хямрал гэж юу вэ. Үүнд товч хариулт өгөхийн тулд монголын ардчилсан хүчин ардчилал гэдгийг юу гэж ойлгож, ямар практик алхамууд хийсэн бэ гэдгийг цухас дурьдах хэрэгтэй. Монголын ардчилагчид юуг шаардаж байсан бэ. Нэгд, улс төрийн эрх чөлөө хоёрт, хэвлэн нийтлэх эрх чөлөө гуравт, хүний эрх чөлөө дөрөвт, эдийн засгийн (хувийн өмчийг зөвшөөрөх) либеральчлал зэрэг болно. Энэ бүхэн одоо үндсэндээ хийгдсэн. Түүнийг нь баталгаажуулж нийгэм-улс төрийн тогтолцоог өөрчилж эрх мэдлийн бие даасан хуваарилалт хийж, хууль тогтоох эрх мэдэл (УИХ), гүйцэтгэх засаглалын эрх мэдэл (Засгийн Газар-ЗГ), Шүүх эрх мэдэл (шүүхийн тогтолцоо), бие даасан хэвлэл мэдээлэл.
Хуулийг лоббидох туршлагыг бүр амжилттай монголчлоод хууль тогтоох байгууллагын даргаар нь нууцаар хууль засуулж авдаг болоод үзсэн. Энэ бүхэн чинь хэний гар вэ? Бид бүгдээрээ мэдэж байгаа. Мөнгөтэй, хөрөнгөтэй тэрбумтангуудынх. Тэр бол "шинэ" монгол гэдэг эрхэм.
Энэ бүхэн бол ардчиплыг бүдүүвчлэн ойлгож, хялбаршуулан хэрэгжүүлж байгаагийн үр дүн. Энэ маань монголжсон ардчилал болжээ. Нэгэн цагт их эзэн Хувилай морин дэл дээр явж дэлхийн талыг эзлэж болох боловч морин дээрээс буугаад төр, улсыг төвхнүүлэх хэцүү гэж хэлснийг үлгэр болгон номон дээрээс уншиж аман чинээгээр ардчиллыг ярих нь амар боловч номын дагуу үзэл, онолыг нийгэм дээр хэрэглэх нь хэцүү гэдгийг ойлгомоор болжээ.
Одоо энэ бүхнээ дүгнэж, цэгнэх гээд сүүлийн арван хэдэн жил Ерөнхийлөгчид, УИХ-ын дарга нар, Ерөнхий сайдуудын хэлсэн үг, хийсэн ажлуудыг тунгаан бодоод үзье. Зөндөө зүйл байгаа. Гэвч одоогийн шинэ Ерөнхий Сайд шиг программын чанартай, шинэттэлийн шинжтэй хэлсэн үг хэр олон бэ. Одоо ганцхан хэрэгжүүлэх л үлдлээ. Бурхан минь, үнэн л байгаасай. Залбирах юм ганц энэ. Тэгвэл ардчилсан шинэчлэлтийн шат бага ч атугай төгөлдөржиж магадгүй.
Шинэчлэлтийг төгөлдөржүүлэх алхамууд
Монголын нийгэм эдүгээ ардчилсан шинэчлэлтүүдээ бататгаж, чухамдаа ардчилсан өөрчлөлтүүдийг дутуу дулимаг, хагас хугас хийсний улмаас бий болсон дотоод хямралаасаа бага багаар ангижрах уу, эсвэл ардчилсан өөрчлөлтийн алдаан дээр үндэслэн гарч ирсэн хээл хахууль, мөнгөний ноёрхолыг шүтэн нийгмийг доройтуулдаг буруу гарын хүмүүст төр, засгийн эрхийг олгож, нийгмийн эсрэг ашиглуулдаг тогтолцоог улам бэхжүүлэх үү гэсэн салаа замын уулзвар дээр ирээд байна. Өөрөөр хэлбэл, ардчилсан Монголын нийгэмд ард түмний амьдрал дээшлэх үү, доошлох уу гэдгийг шийдэх болоод байна. Шийдвэр гаргах эрх нь УИХ-д, бас Засгийн газарт мөн нэлээд хэмжээгээр Улсын Ерөнхийлөгчийн хүчин чармайлтанд, тэр бүхний цаанаас “хатгуурдах'' МАХН ба АН гэсэн улс төрийн хоёр гол намын удирдлагад төвлөрөөд байна.
Одоо бол улс төрийн энэ хоёр гол нам монгол орноо ардчилсан улс байлгахын төлөө байгаа. Алинд нь ч үүнээс өөр сонголт байхгүй. Гэхдээ ардчилсан нэрийн дор нийгмийг тогтнуулан барих олон хувилбар байна. Жишээлбэл, олигархиуд нийгэмд ноёрхолоо тогтоох уу, эсвэл олон түмэн төр, засгийн бодлогыг хянаж байх бололцоотой болох иргэд хийгээд иргэний байгууллагууд улс төрийн намд, төрд нөлөөтэй байх уу. Шүүх засаглал гэхэд одоогийнх шиг авилгаар хэрэг шийдвэрлэх боломж нь шүүгчдэд нээлттэй байх уу, эсвэл төр, гүйцэтгэх засаглал, иргэд (олон нийт) хуул ийг хэрэглэж шүүх ажиллагаа явуулахад хяналт тавьж оролцох эрхийг нь хуулиар нээж өгөх үү гэх мэт олон асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэсэн сонголтын өмнө нийгэм зогсож байна.
"Шинэ" монголчуудаас зонхилж бүрэлдсэн олигархиудад сонголт хийх давуу эрх нь өнөөгийн Монголын улстөрийн тогтолцоогоор олгогдсон байгаа. Гэвч яг энэ цаг үед олигархийн хор хөнөөл, аюул заналыг нэлээд мэдэрсэн хэсэг МАХН-ын удирдлагад гарч ирснийг хувь заяаны хэрэг байх гэж залбирсан ч болно. Гэхдээ шинжлэн судлаж үзвээс бодит үндэс, шалтгаан байгаа! Мөн түүнчлэн энэхүү хүчний адил бодлоготой, ардчилсан монголоо зөв хөгжүүлэх юмсан гэсэн хэсэг АН-ын удирдлагад ч байгаа. Монголын энэ хоёр гол намд алинд нь ч олигархууд ихээхэн нөлөөтэй байна.
Нийгмийн ойлголцлын энэ бааз, суурин дээр шинэчлэлтийг төгөлдөржүүлэх зорилгыг дэвшүүлж үндсэн таван чиглэлээр шинэ засгийн газрын тэргүүн ажлаа эхлүүлж байгааг нийгмийн шудрага хэсэг бүхэлдээ дэмжиж байгаа нь сайшаалтай. Эдгээр төгөлдөржилтүүд нь эхлээд авилгыг цэцэглүүлэгч олигархаас төр, засгийн аппаратыг цэвэршүүлэхээс анхны алхамуудаа хийх ёстой. Эзэн биегүй төр, засгийн механизмуудтай зууралдаад байвал цаг аддах төдийгүй төгөлдөржилтийг санаархагч хэсэг өөрсдөө эрх мэдлээ алдах болно. Ийм учраас нийгэм бүхэлдээ төр, засгийн зүгээс засаж залруулахыг хүсэж байгаа төрийн өмч, хөрөнгийг завшигчдад хариуцлага тооцох хэрэгтэй. Төрийн нэрээр тансаглагчдыг, төрийн юмыг бие биедээ найр тавин бэлэглэгчдийг зогсоох ёстой! Нэг үгээр хэлбэл, төгөлдөржилт маш тодорхой зүйлээр, нэгэнт нийгэмд хүлээлт нь буй болсон зүйлээр дамжиж цааш ахих боломжтой. Чингэхдээ намын эрх ашиг нэгд биш харин үндэстний буюу улсын эрх ашиг тэргүүн зэрэгт тавигдаж байвал амжилт олно.
Бидэнд ухаан хэрэгтэй, ухаалаг төрийн бодлого хэрэгтэй. Төр нь хүчтэй байсан нь дээр. Дорой ардад төр шиг ачтай юм байхгүй, эх орон шиг ээлтэй газар үгүй. Ухаарах уу, эс ухаарах уу гэсэн цаг нь аль хэдийнэ ирээд байна.
Read More......