Дэлхийн аваргын зарлага ба орлого



Өмнөд Африкчуудыг ДАШТ 2010 зохион байгуулахдаа 4 тэрбум долларыг зарна гэхэд нь тэдний “хөөрөл” ихтэйг нь гайхаж байжээ. Гэвч тэд үүндээ харамсахгүй байна.
Хүн өөрийн мөнгийг үрэхэд хүргэдэг гурван зүйлийн сэтгэл хөдлөл байдаг ажээ. Эхнийх нь айдас болон хямрах үеийн хөөрөл гэнэ. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйлд түгшсэн буюу гуньсан үедээ тайвшралыг олохын тулд мөнгө хайрладаггүй байна. Нөгөөдөх нь шунал тачаал буюу аливаа таашаалыг хэт хүртэх дон байдаг аж. Харин гурав дахь нь сэтгэл хангалуун байх үеийн хөөрөл гэж байх. Хамгийн хөгжилтэй нь худалдан авагчдад шууд хамаатай энэхүү сэтгэл зүйн гурван фактор хөлбөмбөгийн томоохон тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдэд бүх төрлөөрөө бүрэн төгс илэрдэг гэсэн судалгааг барууны шинжээчид гаргасан гэнэ. Тийм болохоор “намирч байгаа далбаа шиг...сэтгэл хөөрөх шалтгааныг өгөөч” гэж дуулах болсон хөлбөмбөгийн хорхойтнууд бизнесийн “акул”-уудын амтат өгөөш болсоор удаж байна.
Дэмжиж байгаа багийх нь хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байх, эсвэл хожигдох, эсвэл хожих гээд үрэлгэнд хүргэх хөөрлийн олон шалтгааныг мэдрэгчдийн тоо буюу хөлбөмбөгийн фэнүүдийн арми тэрбумаар яригдах болсон цаг билээ. Тийм болохоор хөлбөмбөгийн спорт бизнесийн асар том орон зай болж байгаад гайхах зүйл алга. Тийм ч учраас хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авна гэдэг маш том бизнесийн боломж хэмээн олон улс орнууд харж байдаг ажээ. 2018 болон 2022 оны буюу 21, 22 дахь удаагийн ДАШТ-ийг зохион байгуулахаар дэлхийн 10 орон одооноос шургуу өрсөлдсөөр байна. Мэдээж энэ өрсөлдөөнийг хурц болгоход саяхан ӨАБНУ-д болж өнгөрсөн ДАШТ 2010 томоохон нөлөө үзүүлсэн нь лавтай. Гэхдээ эдийн засаг тоо баримтад дуртай тул чухам хэдийг зараад хэдийг олсон юм бол гэдгийг зарим эх сурвалжуудаас авсан тоо баримтаар харуулахыг оролдьё.
Албан ёсны эх сурвалжийн мэдээгээр бол сүүлийн нэг сарын хугацаанд ӨАБНУ-д 3 сая жуулчин очсон бөгөөд ДАШТ явагдсан цэнгэлдэх хүрээлэнгүүдэд нийтдээ 3 сая хүн орж тоглолт үзсэн байна. Энэ бол бүх цаг үеийн хамгийн дээд амжилт болж байгаа юм. ДАШТ 2010-ийг зохион байгуулагчид тэмцээн явагдах үеэр ядаж 200 мянган жуулчин ирнэ гэж хүлээж байтал хагаса сая жуулчин нөмрөн авсан гэнэ. Зөвхөн аваргын төлөөх тоглолтын үеэр гэхэд л 750 мянган жуулчин Өмнөд Африкт ирсэн тоо гарчээ. ДАШТ 2010 болохын өмнөх буюу 2009 онд гэхэд л ӨАБНУ аялал жуулчлалын салбараасаа 10 тэрбум ам.долларыг олсон байдаг бол тэндхийн алтны олборлолтын хэмжээ нь хоёр дахин бага байсан гэнэ.
Аялал жуулчлалаас гадна бусад өөр олон зүйл дээр өмнөд африкчууд ашигтай ажилласан гэдгээ баталж байгаа юм. ДАШТ-д зориулан шинээр барьсан 10 цэнгэлдэх хүрээлэнгийн буянаар 66 мянган өмнөд-африкчууд ажлын байртай болж авсан байна. Тэмцээний бэлтгэл ажилтай холбоотойгоор томоохон хотуудын хоорондхи дэд бүтэц, замуудын барилгажилт шийдэгджээ. Йоханнесбургийн цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд байсан худалдааны цэгүүд гэхэд дөрөв дахин нэмэгдсэн бөгөөд сүүлд өгсөн мэдээллээр бол хамгийн гүйлгээтэй бараа нь вувузела буюу африк гаралтай бүрээ байсан гэнэ. Хамгийн хөгжилтэй нь энэ бүрээний дуунаас жийрхсэн үзэгчдэд зориулж зарсан чихний бөглөө нь бүрээнээсээ дутахааргүй гүйлгээтэй байсан мэдээ бий.
Одоогоор ӨАБНУ-ын эдийн засагт орсон нийт орлогын хэмжээг бүрэн тооцох хараахан болоогүй байгаа бөгөөд дам үр ашиг нь ДАШТ 2010-ын үеэр олсноос ч илүү гарна гэж орон нутгийнхан үзэж байна. Учир нь ДАШТ 2010-ын үеэр онцгой хөнөөлтэй гэмт хэрэг гараагүй бөгөөд харин ч олон үндэстний баяр наадам болж байгаа мэт гайхалтай халуун дулаан уур амьгалд болж өнгөрсөн нь Өмнөд Африкийг зорих жуулчдын тоог улам ч өсгөх бололтой байна. Нөгөө талаар энэ удаагийн ДАШТ хамгийн гайхалтай зураглал бүхий телевизийн дамжуулалтаараа олны таашаалыг хүртжээ. Энэ нь тус улсад дэлхийн хэмжээний бусад спортын уралдаан тэмцээнийг явуулах сайхан ирээдүйг нээж өгч байгаа аж. Хэдийгээр ДАШТ 2010-ийг зохион байгуулахад ӨАБНУ нийтдээ 4 тэрбум орчим ам.долларын зардал гаргасан ч энэ зардлаа нөхөж чадсан гэж үзэж байгаа гэнэ. Тус улсын ерөнхийлөгч Жейкоба Зума хэлэхдээ, ”ДАШТ гэдэг улс орныхоо ирээдүйд хөрөнгө оруулалт хийх сайхан боломж” гэж дүгнэсэн байна.
ДАШТ 2010-аас ганцхан Өмнөд Африкчууд ч мөнгө олсон гэж үзвэл өрөөсгөл аж. Мэдээж хамгийн их ашигтай ажилласан “этгээд”-ийн нэг нь аялал жуулчлалын зуучлагчид байсан нь эргэлзээгүй. Тэгвэл тэдний бараг ард нь байх хамгийн ашигтай ажиллагсдын нэг нь ФИФА өөрөө болж байна. Тус холбоо ДАШТ зохион байгуулах улс оронд туслалцаа үзүүлэх үүрэг хүлээдэггүй ч харин ашгийг бол харин олж чаддаг ажээ. Гол орлого нь ДАШТ-ийг шууд нэвтрүүлэх эрхийг телевизийн сувгуудад зарах болон тоглолтын билетийн худалдаанаас ордог байна. Зөвхөн энэ онд гэхэд л ФИФА урьд өмнө нь хэзээ ч олж байгаагзй их хэмжээний орлогыг буюу 3.3 тэрбум ам.долларыг олж чадсан гэнэ. Тэгэхдээ энэ бол зөвхөн урьдчилсан дүн гэдгийг санах хэрэгтэй.
Нөгөө талаар ДАШТ –ээс болж алдагдал хүлээсэн бизнес ч бас байгаа юм. Тухайлбал “ Их хотын секс 2” , “Робин Гүүд” зэрэг Холливудын супер бүтээлүүд тэргүүн спортын их баяраас болж нээлтээ төлөвлөж байснаасаа эрт хийсэн боловч хүссэн үзэгчдээ татаж чадаагүй л байна. Барууны томоохон сүлжээ ресторанууд болон казино зэрэг цэнгээний газрууд дэлхийн аваргын үеэр бараг л хоосон байсан гэнэ.
Ирэх ДАШТ 2014 Бразильд болох бөгөөд хамгийн багаар бодоход 12 хотын цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэхээс эхлээд тоймгүй их зардал хэрэгтэй болж байгаа юм. Харин ”хэдий чинээ сэтгэл гаргаж зарна, төдий чинээг олно” гэсэн бодит жишээг үзүүлсэн Өмнөд Африкийн жишээг бразильчууд давтах эсэхийг харах л үлдлээ. Уг нь тэд африкчуудаас дутахгүй хөөрөл ихтэй улс билээ.

ДАШТ 2010-д гаргасан зардал
Тээврийн үйлчилгээнд 1.2 тэрбум ам.доллар.
Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгад 1.2 тэрбум ам.доллар.
Зохион байгуулах хорооны зардалд 428 сая ам.доллар
Шууд нэвтрүүлэгт 387 сая ам.доллар
Онгоцны буудлын үйлчилгээнд 200 сая
Авулгүй байдлыг хангахад 89 сая
Бусад хөтөлбөрүүдэд 45 сая
Харилцаа холбоонд 40 сая
Урлагийн арга хэмжээнд 20 сая
Сайн дурын ажилтнуудад 3 сая
Нийтдээ 3.5 тэрбум ам.доллар Read More......