Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Нийт ард иргэддээ сар шинийн мэнд дэвшүүлье!

Билгийн тооллын XVII жарны “Баясгалан” хэмээх усан луу жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол түмний сүлд хийморийн билгэдэл Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн тэргүүн ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилж, төрийн хар нумыг эгшээлгэн ёслов. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Дамдины Дэмбэрэл, Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд нар хүрэлцэн ирж, амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн сайны ерөөлтэй үг хуучилж айлсан ирж буй усан луу жилийнхээ өөдрөг өнгийг хэлэлцэв.

Төрийн гурван өндөрлөгийг ийнхүү ярилцсаны дараа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, төр түмэндээ өргөх айлтгал магтаалыг аялгуулсан бөгөөд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар төрийн хүндэтгэлийн өргөөнд морилон ирж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай золгон бараалхав.


Билэг ерөөл дүүрэн өрнөсөн Төрийн золголтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нарын хамт ёслол хүндэтгэлийн танхимд очиж, ахмадуудтай уулзан золголт хийв.

Энэ жилийн төрийн золголтод Булган аймгийн худалдааны ахмад ажилтан Ч.Долгор, сийлбэрч Ц.Цагаан-Өвгөн, Төв аймгийн эмнэлэгт асрагч хийж байсан Х.Пагам, өндөр настан Ч.Рэнцэндорж, төр нийгмийн зүтгэлтэн Г.Очирбат, Аж үйлдвэрийн комбинатын ахмад ажилтан Ч.Цэмбэлдорж, дунд сургуулийн багш байсан Б.Чулуун, малчин Д.Дариймаа, ахмад дайчин С.Дагва нарын настан буурлууд оролцлоо.

Төрийн золголтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч нийт ард иргэддээ хандаж хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа, “Нийт ард иргэддээ сар шинийн мэндийг дэвшүүлье. Энэ жил сайхан жил гарч байна. Шинэ сайхан цас орж, шинэ мөр гарч байна. Монголчууд олуулаа болох болтугай гэж ерөөе. Цагаан сараараа цагаа идээнийхээ дээдийг дээжилж ахмад буурлуудаа хүндэтгэж, архи хэрэглэлгүй, сайн үгс, сайны ерөөл хэлэлцэж сайхан шинэлэхийг хүсэн ерөөе,

Энэ дашрамд, Монгол орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэхийг уриалж байна. Луу жилдээ Монголчууд их зүйл үйлдвэрлэж, их зүйл бүтээдэг ард түмэн болж бидний үйлдвэрлэсэн, бүтээсэн бүхэн өсөн нэмэгдэж, айл хотлоороо амар жаргалтай, сайн сайхан байхын өлзийтэй ерөөдийг өргөн дэвшүүлье. Дэлхий нийтэд амьдран сууж буй нийт Монголчууддаа цагаан сарын баярын мэнд хүргэе. Баярлалаа Та бүхэндээ” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.

Read More......