Нэг. Төгрөгийн ханш санснаар унадаггүй
Сангийн сайд болон Төв банкны нөхдүүдээс Монгол төгрөгийн ханш унаагүй гэж мэдэгдсэн нь саяхан. Гэтэл амьдрал дээр тэдний мэдэгдэл зөрөөд байх юм. Төрийн санхүү, мөнгөний хүүдийг барьдаг (бодлогыг) Сангийн яамных нь сайд болон Монголбанкны нөхдүүд яагаад, юунд худал хэлэв?
Салбарын мэргэжилтнүүд болон мөнгө, санхүү дээр юмны наад цаадыг ойлгодог хүмүүсийн яриаг сонсож тандах нь ээ тэд дээрх байдлыг төв банкны өнөөгийн үйл ажиллагаа, явуулж буй бодлоготой илүү холбон тайлбарлан дүгнэж байх юм. Тэдний хэлж байгаагаар өнөөдөр төв банк мөнгөний бодлогыг бараг барьж чадахаа больсон гэсэн дүгнэлтэд хүрч байна. Монголбанкны гол үүрэг нь төрийн мөнгөний бодлогыг барих явдал байдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ утгаар гол нь төв банкны нэг үндсэн үүрэг нь Монгол төгрөгийн ханшийг унагалгүй байх явдал юм. Гэтэл бодит байдал дээр юу болж байна вэ?
Нэг төгрөгтэй харьцах валютын ханшийг харвал унаж буй америк доллар 1200 төгрөгт дөхөж, чангарч байгаа евро бүр 2000 төгрөгт хүрэхээр талийж байна. Гол валютуудыг байя гэхэд өмнөд хөршийн юанийн ханш өдрөөс өдөрт өсөж нэг юань 170 төгрөгт тэмүүлж монгол төгрөгийг дээрэлхэж байгааг юу гэх вэ?
Үүнийг Сангийн сайдын хэлсэнчлэн монгол төгрөгийн валюттай харьцах ханш тогтвортой байгаа гэх үү? Дээр нь мах, гурил, талх, будаа, ургамлын тос, элсэн чихэр, сүү зэрэг бидний хэрэглэдэг гол хүнсний бүтээгдэхүүн болон цемент, нүүрс, цахилгаан, шатахууны үнээс аваад их, дээд сургуулиудын сургалтын төлбөр, таксиний үйлчилгээ, орон байр, албан тасалгаа зэрэг үл хөдлөх хөрөнгийн түрээс зэрэг үйлчилгээний үнэ өссөөр байгаа нь (хамгийн сүүлийн жишээ гэхэд өндөг ширхэг нь 170-180 төгрөг болсон) дайран дээр давс болж нөгөө инфляц гээч юм нь бараг хоёр оронтой тоонд ойртож байх юм. Гэтэл Сангийн сайд нэг оронтой тоон дээрээ хэвээрээ байх болно гэж ам мэдэн мэдэгдэж суугаа нь амьдрал дээр зөрөөд байна.
Хамгийн сүүлийн статистик мэдээ буюу энэ оны наймдугаар сарын тоймыг харахад инфляц өмнөх сарынхаас 5,3 оны эхнийхээс 6,1 өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 хувиар, сарын 3,3 хувиар өсөөд байна. Үүнд соёлын бараа, бүтээгдэхүүнээс бусад юмны үнэ нийтээр шахуу өссөн нь нөлөөлжээ. Тэр дундаа өргөн хэрэглээний барааны үнийн индексийг тооцдог сагсан дахь мах, гурил, сүү зэрэг гол хүнсний барааны үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байх юм. Гэтэл Сангийн сайд нь төв банкны нөхдүүдийн өмнөөс инфляц хэвээрээ хадгалагдаж байгаа гэх юм.
Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар Монголбанкны хоёр дахь гол үүрэг хувь, хувьсгалын арилжааны банкуудыг хянах үйл ажиллагаа юм. Гэтэл энэ нь бараг зогсонги байдалд орсон гэцгээж байна. 1990-ээд оны дунд үеийг хүртэл манайд улсын мэдлийн банкууд зонхилж байсан. Шилжилтийн явцад "Сэргээн босголт", ХОТШ, "Ард" гэх зэргээр тэдний ихэнх нь дампуурсан. Дампууруулсан гэхэд хилсдэхгүй. Үүний сүүлийн жишээ гэхэд хувьчлагдаагүй үлдсэн ганц банк Хадгаламжийнхаас 14 тэрбум төгрөгийг зувчуулсан явдал орсноор улсын мэдлийн банкуудын хувь заяа дуусч байх шиг. Үүнтэй зэрэгцэн хувийн банкууд олноор мэндэлснээр өнөөдөр Монголын банк, санхүүд хувийн хэвшил бараг 90 гаруй хувийг эзлээд байгаа. Хувь хүн юу гэж өөрийн банкаа дампууруулахав. Энэ бүх байдалтай уялдаад өнөөдөр төв банкнаас арилжааны банкуудад тавьж байгаа хяналт, шалгалт алга болж энэ үүргээ Монголбанкныхан ор нэр төдий гүйцэтгэх болсон гэж байна.
Төв банкны олхиогүй энэ үйл ажиллагааг зээл авахаар хүү нь өсөөд байдаг, хэдэн төгрөгөө хадгалуулья гэхээр нэмэгддэггүй арилжааны банкуудын өнөөгийн байдал нэг талаар харуулж байна. Хаана байна вэ нөгөө төрийн мөнгөний бодлого, түүнийг дагасан хяналт, шалгалт, зохицуулалт. Үүнийг өнөөдөр төв банкныхнаас асуух цаг болжээ.
Хоёр. Татварын таатай орчныг бий болгоё
Ингэж хэлэхээр зарим нэг хүн юу яриад байна хэмээн гайхах байх. Учир нь төр, засгаас татварын багц хуулийг шинэчлэн батлаад, дээр нь НӨАТ-ыг таван хувиар гэх мэтээр зарим татварыг бууруулаад байхад юу ярьж байгаа нь энэ вэ гэх хүн бий байх. Улс төрчид ч ингэж ам асууж сууна.
Гэтэл тийм биш байгаа аж. Татвар дээр зөндөө юм болоогүйг саяхан бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид нэг ширээний ард суун санал бодлоо хэлснээр илэрхийлцгээлээ. Татвар төлөгч болон татвар хураагчийн эрх, үүрэг хоорондын харилцааг хэрхэн зохицуулах, татварын бүрдүүлэлтийг яаж хийж байх, татвараас өршөөх гэх зэргээр дахин тодотгох, татварын багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах гээд, энэ бүхнийг Татварын ерөнхий хуульд тусгах зэрэг олон зүйл үгүйлэгдэж, хүлээгдэж байна.
Бизнес эрхлэгчдийн уулзах болсон шалтгаан нь ч дээрх асуудлын нэг Татварын өршөөлийн тухай яриа байлаа. Энэ хуулийг УИХ-ын эрхэм гишүүд хаврын чуулганы төгсгөлд хэлэлцэж эхэлсэн нь ярианы гол өдөөгч болсон юм. Тодруулбал, УИХ Татварын өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор эрхэм төрийн түшээдийн хооронд багагүй маргаан хэлцэл гарч үүнээсээ болж УИХ-ын гишүүд хоёр талцан хуваагдсан юм. Жишээ нь, Л.Гүндалай гишүүн энэ хуулийг олигархиудыг төрүүлэх, тэднийг дэмжих, татвараас зугтах явдлыг өөгшүүлэх хууль болох нь хэмээн эхнээс нь эсэргүүцсэн бол Ц.Баярсайхан гишүүн эсрэгээр, дээрх хуулийг татвараас зугтаах явдлыг өөгшүүлэх биш харин аж ахуйн нэгж, пүүс компани бүр хоёр баланс, тайлантай байдаг явдлыг арилгахад хэрэгтэй гэж үзэж байв. Аль нь зөв бэ?
Манай улс зах зээлд шилжээд 17 жил болж байна. Энэ хугацаанд олон төрлийн татвар 15, 20, 30 тодруулбал Хүн амын орлогын албан татвар бүр 40-50 хувиар нэмэгдсээр ирсэн. Энэ нь том, жижиггүй бизнес эрхлэгчдэд дарамт, ачаа болж үүнээсээ болж бизнесийнхэн охин компани өндөглүүлэх, хоёр тайлан баланс гаргах зэрэг олон аргаар татвараас аль болох бултаж, зугтах болсон нь нууц биш. Ингээд татварын орчинд шинэчлэл хийхгүй бол далд эдийн засаг ноёлох зэргээр болохоо байсан.
Яахав, татварын багц хуулийг шинэчлэн баталлаа. Гэтэл Ерөнхий хууль нь ч гараагүй байна. Дээр хэлснээр олон зүйл үгүйлэгдэж, хүлээгдэж байна. Ингээд жам ёсоороо цааш нь явж Татаарын өршөөлийн хууль зэрэг дэлхийд байдаг практикийг хэрэглэх гэтэл дөнгөж эхлэнгүүтээ эсэргүүцэлтэй тулгарав. Цаг нь болоогүй л гэнэ, луйварчдыг төрүүлэх нь гэнэ, хэний эрх ашгийг хамгаалах гээд байгаа юм вэ л гэнэ. Гэтэл энэ нь аж ахуйй нэгжүүдийн ямар нэг хүндэтгэх байдлаар төлж чадахгүй байсан урд хождын болон өмнөх зарим татварыг хөнгөлөх маягаар чөлөөлж "өршөөснөөр" татвар төлөгчдийн бааз суурь нэмэгдэж ингэснээр татвараас зугтах, бултах байдлыг арилгадаг арга юм байна. Түүнээс биш хэн нэгний толгойг илэх ялгаварласан байдал үгүй.
Манайд хэрэглэх цаг нь болсон уу гэвэл болохоор бараггүй дарга нарын хэлж байгаагаар манай улс үнэхээр зах зээлийн шилжилтийн үеэсээ гарч яваа юм бол яг ийм үед манайх шиг улс оронд татварын шинэчлэл дээр чухал алхам болох, гол нь жижиг, дунд, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийг дарамтнаасаа салахад дэмжиж тулах нэг хөшүүрэг болох юм байна.
Read More......