Ц.Элбэгдорж: Сайдын суудал халаасалсан хүнтэй сайн санаа уралдуулах боломж алга

УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржтой улс төрд болон Ардчилсан намын бүлэг дотор болж буй үйл явдлын талаар ярилцлаа.

-Танай бүлгийн 15 гишүүн бусдаасаа өөр байр суурь баримталж, бүлэг дотроо “өргөх бичиг” барьж бужигнууллаа. Та нарын илэрхийлсэн гол байр суурь юу байв?

-Засгийн газрын бүтэц хүн дагаж биш бодлого дагаж үүсэх ёстой гэсэн бодлого барьж байгаа юм л даа. Ардчилсан намын ард түмнээрээ дэмжүүлж гаргаж ирсэн бодлого, мөрийн хөтөлбөрийн амин сүнс болсон Эрдэнийн хувь гэдэг заалт гэрээнд туссангүй. Эрдэнийн хувийн утга санааг хэлбэл хэрэв Монгол Улс баялаг ихтэй юм бол монгол хүн бүр түүнд эзэн, хөрөнгө оруулагч байж амьдралаа өөд татах ёстой. Хэдэн төгрөг өгнө гэж яриад байгаа юм. Энэ гол нь биш. Баялагтай бусад орон, Латин Америк, Африкт мөн адилхан “Та нарт бэлэн мөнгө өгнө” гэж хэлээд, ард иргэддээ хэдхэн мөнгө өгөөд, гол баялгаа дотоодын олигархиуд нь гадаадынхантай нийлээд цөлмөчихсөн тохиолдлууд гарсан байдаг. Манайх яг тэр зарчмаар явах гээд байна. Манайд бол 100 төгрөг тутмаас дөрвөн төгрөг орчмыг ард иргэддээ хувааж өгөөд, үлдсэн баялаг, боломжийг дотоодын олигархиуд гадаадынхантай хувааж, түүн дээр хяналтаа тогтоох гэсэн оролдлого гарч байгаа. Иймээс иргэддээ баялгийг хувааж өгөх гэдэг бол уул уурхайг нээлттэй, хяналттай болгох, иргэдийнхээ амьдралыг өөд татах хамгийн боломжтой хувилбар гэж бид үзэж байгаа юм. Цаашдаа улс орны болоод ардчиллын аюулгүй байдалтай ч холбоотой. Олигархиуд ядуу иргэдээ хэдэн төгрөгөөр хуураад өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ямар ч хуйвалдаан хийж чадахаар байдалтай байгаа. Эрдэнийн хувь явж явж ангийн тэмцэл шиг зүйл болж байна. Нийт ард иргэдийн амьдралыг өөд татах уу, нэг хэсэг бүлгийн амьдралыг хязгааргүй баяжуулах уу гэсэн ийм л зам руу орж байна.

Гэрээнд манай намын бодлогын гол цөм болсон Эрдэнийн хувь тусаагүй байгааг бид сануулсан.

-Эрдэнийн хувиас гадна танай 15 гишүүн МАХН-тай байгуулсан гэрээг Ардчилсан намаараа, бүлгээрээ хэлэлцүүлээгүй гэсэн. Үнэхээр намтайгаа ярилцалгүй нөгөө талтай оргилуун дарс тулгаад баталчихсан гэрээ юм уу?

-Манайх парламентын нам тул парламент дахь намын бүлэг гол асуудлуудыг шийднэ гэж энэ засагт орох гээд байгаа нөхөд ч өөрсдөө хэлдэг юм. Гэтэл энэ хэд намынхаа бүлэг дээр дэмжлэг авч чадахгүй болоод ирэхээрээ Гүйцэтгэх зөвлөл гэж гүйдэг боллоо. Гүйцэтгэх зөвлөл дээр ярьсан гэдэг ч батлуулсан юм байхгүй. Гэрээг бүлэг дээр ярья гэхэд ярилгүй цааш явчихсан. Ажлын хэсгийн хэдэн хүн МАХН-тай очоод гарын үсэг зурчихсан.

-Ардчилсан нам хамтарсан Засгийн газар байгуулна гээд нэгэнт ярьчихсан. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй ч танайхаас сайд төрөх нь. Ардчилсан намын гишүүдээс Засгийн газрын танхимд орж ажиллахыг та юу гэж үзэж байна?

-Гэрээн дотор Эрдэнийн хувь, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдээ мэргэжилтэй болгох, үйлдвэржүүлэлт, орон сууц, шударга ёс тогтоох гээд хэдэн гол чиглэлээ тусгаж өгөөд, түүнийгээ Засгийн газрын бүтэц рүү оруулаад, түүндээ зохицуулж Ардчилсан намын гишүүд тэр бодлогоо төлөөлж Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаа бол ойлгож болохоор байна. Гэтэл тийм зүйл болсонгүй. Гэрээ хийж, албан тушаал авна гэж яваа манай намын нөхөд бол одоо зөвхөн тэр албан тушаалаа л төлөөлдөг хүмүүс болж хувирах нь. Ардчилсан нам, түүний масс, УИХ дахь бүлгийг тэд төлөөлж чадахгүй боллоо. Засгийн газрын бодлогыг УИХ дээр нэгдсэн байдлаар хэлэлцүүлээд аваад явна гэх юм бол, Ардчилсан намын бүлэг дотор олонх болсон хэсгийн санаа бодол Засгийн газрын бодлогод тусч байвал цаашдын үйл ажиллагаанд нь хэрэгтэй юм даа.

-Танайхан бүлэг дээрээ ярилцаад гэрээг хэлэлцье, түүнд Эрдэнийн хувийг оруулъя, дээрээс нь тойргийг ялгаварлалгүй 76 гишүүнээ бүрдүүлье гэж шийдвэрлэсэн гэж ярилцсан ч бүтэл тааруу байх шиг байна. Тэр юу болж байгаа вэ?

-УИХ-аа эхэлж бүрэлдүүлээд дараа нь Засгийн газраа бүрдүүлэх ажлаа хийе. Энэ хоорондоо бодлогын шинж чанартай асуудлаа гэрээндээ тусгая, Засгийн газар байгуулах ажлаас нэг хоёр хоногийн завсарлага аваад дотроо сайн ярилцъя гэж тохирсон юм. Түүнийг манай бүлгийн 15 гишүүн дэмжээд 11 нь эсэргүүцсэн юм л даа. Үдээс өмнө ингэчихээд үдээс хойш болохоор буруу тоолсон байна гээд үүнийг засах асуудал гарч ирсэн. Хорин хэдэн хүний саналыг зөв тоолж чадахгүй байж улс орны бодлогыг яаж тодорхойлох гээд байгааг ойлгохгүй байна.

Хэдэн хүн МАХН-тай очиж юмаа ярьчихаад эргэж ирж биднээр түүнийгээ батлуулдаг, бид түүнийг нь хууль зүйн хүчинтэй шийдвэр болгоход оролцдог, тийм болж хувирах гээд байна л даа. Уг нь Баянголын 25 дугаар тойрог гэж нийслэлийн тэр том дүүргийн төлөөллийг УИХ-д нэн даруй оруулж ирэх ёстой. Түр үнэмлэхээ авсан 76 хүнийг СЕХ сонгуулиас хойш 14 хоног дотор шууд өргөн барих ёстой. Гэтэл үүнийг манай бүлгийн дарга чуулганы хуралдаан дээр яриагүй.

-Яагаад?

-УИХ дахь Ардчилсан намын дарга бол нэг фракцын дарга биш. Нэг хэсэг хүний дарга биш. Бүлгийн 28 гишүүний ашиг сонирхлыг хангах, эрмэлзлийг нэгтгэх үүрэгтэй хүн. Гэтэл бүлгийн олонхийн шийдвэрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороонд уламжлаагүй нь том алдаа юм.

-Намын бүлэг дотор фракц юм уу, хэсэг бүлгийн эрх ашгийг төлөөлсөн хэсэг гарчээ гэж ойлгож болох уу?

-Сайдын суудал халаасалчихсан яваа хүнтэй сайн санаа уралдуулах боломж алга. Тэр фракцтай өрсөлдөх хэцүү л дээ. Өнөөдрийн Засгийн газар албан тушаалын горьдлого дээр л бүрэлдэж бий болж байна. Манай нам дотор ч, МАХН дотор ч ялгаагүй. Засаг хэврэг байдал руу явж байна. Уг нь бол Засгийн газраа хурдан байгуулаад, цөөнх нь түүнд хяналтаа тавиад явах ёстой л гэж үзэж байгаа юм. Өнөөдөр бид дийлдэж байгаа юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ сайн зүйл бол ялагддаггүй. Ард түмнийг байнга ялна гэж байхгүй. Нэг хэсэг хуйвалдаан амжилттай болж болно. Байнга хуйвалдаад байх боломжгүй. Сайн зүйл, үнэлэмж эргэж сэргэнэ гэсэн итгэлтэй байна.

-МАХН олонх болчихоод байхад Ерөнхий сайд С.Баяр яагаад ардчилсан намтай хамтрая гэв. Сөрөг хүчингүй болж байгаад долдугаар сарын 1-ний хэрэг явдал, өөр бусад асуудлыг мартуулъя гэсэн санаа юу?

-Хариуцлага тооцох шаардлагатай, нэхэл хатуутай өмнөх олон асуудал бий. Тэр бүхнээс зугтах л арга юм уу даа. Ардчилсан намын хэдэн гишүүнийг өөртөө татсанаар нүүрээ тахлах оролдлого хийж байгаагаас бус үнэхээр хамтдаа бодлогоо хэрэгжүүлээд явъя гэсэн зүйл байхгүй. С.Баярыг манай намын хамгийн хүсээгүй хэсэгтэйгээ нийллээ гэж нөгөө талаас бодож байна. Албан тушаалд дуртай тийм л хэсэгтэй нийллээ. Бодлогыг хэрэгжүүлдэг, зарчим, шударга ёс барьдаг, ажил хийхийн төлөө байгаа хэсэг нь нөгөө талдаа үлдлээ. Гэхдээ бид Засгийн газарт сайн бодлого оруулаад, бүтцийг зөв болгохын төлөө ажиллах гэж л одоо оролдож байна.

-Хамтарсан Засгийн газартай болмогц парламентад сөрөг хүчин үгүй болно. За яах вэ, С.Оюун, З.Алтай, Д.Энхбат нар сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх л байх. Ийм дампуу байж болох уу. Эсвэл танай намынхан бүлэг дотроо хуваагдаад нэг хэсэг нь сөрч зогсох уу. Заавал цөөнх байх ёстой гэж үзсэнээс ингэж асуулаа л даа?

-Аливаа намын удирдлага өөрийн намын гол бааз суурь дээр суурилах ёстой. Тэднээсээ холдоод өөр айлын буурь руу нүүгээд явчихвал намаа төлөөлж чадахаа больчихож байгаа юм. Гэхдээ Ардчилсан намын үзэл санаа, үнэт зүйлийг төлөөлдөг хэсэг нь нөгөө талдаа, хатуу байр суурь дээрээ үлдэж байгаа. Ард түмний дуу хоолойг хүргэж, тэдний хяналтыг тогтоох чадвартай гэж үзэж байгаа.

-МАХН өөрийгөө социал демократ үзэл баримтлалтай болсон гэж зарладаг. Ажиглахад танай намаас экс социал демократчууд голлож МАХН-тай хамтрах гэж байх шиг. Социал демократ нь социал демократтайгаа нийлэх гэж байгаа юм болов уу?

-Бөөр бөөрөөрөө нийлнэ гэдэг шиг үү. Албан тушаалд хүрч байвал ямар ч аргаар хамаагүй гэсэн үзэл бодолтой хэсэг хаана ч байдаг. Гол нь тэд албан тушаалыг ард түмэнд үйлчлэх үйлчилгээ гэж харахгүй байна. Би хувьдаа албан тушаалыг ард түмэнд үйлчлэх үйлчилгээ гэж боддог. Тийм учраас бид гарч ирээд татварыг бууруулах бодлого хэрэгжүүлдэг, авлигатай, хүнд сурталтай, ядууралтай тэмцдэг. Үйлдвэржүүлнэ, өөрсдөө юмаа хийнэ гэсэн бодлого дэвшүүлдэг. Манай нөгөө хэд болохоор албан тушаалаар далимдуулж улс төр дэх хүрээллээ бэхжүүлэх, шантажийн хэрэгсэл болгож, албан тушаалаараа дарамталж өөрсдөдөө илүү ашиг олох гэсэн зам руу явж байна.

Ардчилал дараагийн шатандаа орохын өмнө олигархиудын хуйвалдааныг үздэг байж магадгүй л юм. Түүнтэй тэмцэхгүйгээр ардчилал төгс хэлбэр, дээд шат руугаа орохгүй нь л дээ. Энэ чиглэлд бид хууль эрх зүйн орчин, бодлогоо өөрчлөх хэрэгтэй. Муу юмнаас бас сурч болдог.

-Энэ бол Ардчилсан хүчин дотор гарч байгаа анхны хагарал биш. 1996-2000 оны “Ардчилсан холбоо” эвслийн үед мөн л бүлэг дотор дэд бүлэг гарч, lдараа нь сонгуульд ялагдаж байсан. Өнгөрсөн УИХ-ын үед Ардчилсан намын зарим гишүүн МАХН-ын бүлэгтэй нэгдэж байсан. Тэгээд эцэст нь бүлэг ч үгүй зөвлөл гэдгийг байгуулсан. Одоо дахиад л МАХН-тай хамтарлаа. Яагаад үүнээс хаширдаггүй юм бол?

-Бүдүүн бүлгийг нэг бодлого хэрэгжүүлэх гэдэг талаасаа байгуулж байна гэж хэлж байсан ч сүүлд нь алдаа болсныг мэдсэн. Түүнээс одоо сургамж авах ёстой. Сургамж авдаггүйгээсээ бид буцаж унаад байгаа юм. Хамтарсан Засгийн газар бол хөгжил тийш их үсрэлт хийх Засгийн газар гэж зарлаж байна. “Их үсрэлт”, “Үсрэнгүй хөгжил” гэдэг үгийг бид анх хэрэглэж байгаа ч юм биш. Урд хөршид дээр үед Мао үүнийг хийх гэж байгаад 30 сая хүн нь өлсгөлөнд нэрвэгдэж Хятадын хөгжилд хүндрэл учруулж байсан. Ийм гашуун түүх байдаг. Их ухралт, хариуцлагагүй байдал тийш, хуулийг үл хэрэгсдэг, хариуцлагаас зугтаадаг, хяналтгүй байдал руу тавьж байгаа гүүр болж хувирч мэднэ.

-Танай 15 гишүүнийг бүлэг дотор бүлэг үүсгэсэн гэсэн яриа байгаа. Үнэхээр тийм үү?

- Бүлэг дотор бүлэг биш, байдлыг ойлгож байгаа, эрүүл саруул, зарчмын байр суурьтай гишүүний тоо л нэмэгдэж байна.

-Чуулганы хуралдаан дээр Ардчилсан намын зарим гишүүн Э.Бат-Үүл гишүүн рүү “Бодлого дэмжихгүй бол намаас яваарай, зайлаарай” гэж байсан нь харамсалтай л санагдсан?

-Үнэхээр тэр хүн рүү яаж тэгж хэлж чадаж байна аа л гэж харагдсан л даа. Өөр юу гэх вэ дээ.

-Үзэл бодол таарахгүй бол Ардчилсан намаас нам төрөх үү?

-Үгүй байх аа. Манай намын гишүүдийн олонх нь нийгэм зөв яваасай гэсэн, шударга талыг дэмждэг хүч байгаа шүү дээ. Тэгэхээр задрахгүй.

-Иргэний намынхан Ардчилсан намтай нийлье гэлээ. Ардчилал хүчирхэгжиж байна гэж үүнийг үзэх үү?

-Иргэний намын шийдвэр гарч тэр залуус орж ирж байна. Тэд ардчиллын гэр орныг өөд татъя. Хажууд нь өөр майхан босгоод хэрэггүй юм байна. Шударга ёс тогтоож авч явъя. Тэр эгнээг улам нэмэгдүүлье гэсэн. Зөв дүгнэлтэд тэр залуучууд, нийгмийг шударга болгохын төлөө явдаг хүмүүс нэгдэж байгаад баяртай байна. Read More......