Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2009 оны эхний улирлын байдлаар)
I. Хүн ам, нийгмийн үзүүлэлт
Улсын хэмжээгээр төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлт) 2009 оны эхний улиралд 16335 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1317 хүүхдээр, амаржсан эх 16278 болж, 1322 эхээр буюу 8.8 хувиар тус тус нэмэгджээ.
Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 335 болж, өмнөх оны мөн үеийнхээс 11 хүүхдээр, эхийн эндэгдэл 12 болж, 6 эхээр тус тус нэмэгдэж, харин 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 47 болж, 24 хүүхдээр буурчээ. 1000 хүн амд ногдох төрөлт 6.1, нас баралт 1.4, хүн амын ердийн цэвэр өсөлт 4.7 болов...
Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо 2009 оны эхний улирлын байдлаар 34.7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 3918 хүнээр буюу 12.7 хувь өсчээ. Үүнд Өмнөговь, Увс, Төв,
Хэнтий, Хөвсгөл, Архангай аймаг болон Улаанбаатар хотод бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 16.6-87.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 9082 болж өмнөх оны мөн үеийнхээс 537 хүнээр буюу 5.6 хувиар буурсанд вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 49.7 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 18.2 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 2.9 хувиар тус тус буурсан нь нөлөөлөв. Улсын хэмжээнд 2009 оны эхний улирлын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 5122 болж өмнөх оны мөн үеийнхээс 81 хэрэг буюу 1.6 хувиар өсчээ.
Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд бусдын бие махбодид гэмтэл учруулах, дээрэм, залилангийн хэрэг нэмэгдсэн нь нөлөөлжээ.
II. Макро эдийн засгийн үзүүлэлт
Хэрэглээний үнийн улсын индекс(ХҮУИ) 2009 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 1.8 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 3.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 16.3 хувиар тус тус өссөн байна.
Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 3.0 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн дүн 2.7 хувь, тээврийн бүлгийн дүн өмнөх сарынхаас 2.5 хувь өссөн нь хэрэглээний үнийн улсын индекс 2009 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 1.8 хувиар өсөхөд голлон нөлөөлөв.
Mонгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2009 оны 3 дугаар сарын эцэст 2415.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 38.2 тэрбум төгрөг буюу 1.6 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 39.8 тэрбум төгрөг буюу 1.6 хувиар буурав. Мөнгөний нийлүүлэлт оны эхнээс 96.4 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар нэмэгдэхэд бараг мөнгөний өсөлт голлон нөлөөлжээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2009 оны 3 дугаар сарын эцэст 338.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 59.0 тэрбум төгрөг буюу 14.9 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.8 тэрбум төгрөг буюу 3.0 хувиар нэмэгдлээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2009 оны 3 дугаар сарын эцэст 2671.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 13.6 тэрбум төгрөг буюу 0.5 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 335.8 тэрбум төгрөг буюу 14.4 хувиар өсөв.
Үнэт цаасны арилжаа 2009 оны 3 дугаар сард 22 удаа явагдаж, 708.9 мян.ш үнэт цаас арилжигдаж, 2.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Арилжигдсан үнэт цаасны тоог өмнөх сарынхтай харьцуулбал 11.6 cая ширхэгээр буюу 94.2 хувиар буурч, гүйлгээний хэмжээ нь 618.6 сая төгрөг буюу 44.8 хувиар нэмэгдсэн ба өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад арилжигдсан үнэт цаасны тоо 5.3 сая ширхэг буюу 88.1 хувиар, гүйлгээний хэмжээ 1.7 тэрбум төгрөг буюу 46.6 хувиар тус тус буурчээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2009 оны эхний улирлын байдлаар 333.9 тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 440.9 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 106.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 164.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт, орлогынхоос 33.1 пунктээр илүү байгаа нь нөлөөлөв.
Төсвийн урсгал орлого 333.5 тэрбум төгрөг, урсгал зардал 406.2 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 72.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 138.1 тэрбум төгрөг буюу 33.2 хувиар буурахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 78.4 тэрбум төгрөг буюу 93.4 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 34.7 тэрбум төгрөг буюу 46.1 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 16.5 тэрбум төгрөг буюу 21.6 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 22.9 тэрбум төгрөг буюу 28.9 хувиар багассан нь төсөвт газрын өөрийн орлого 13.9 тэрбум төгрөг буюу 43.5 хувиар буурснаас шалтгаалсан байна.
Улсын нэгдсэн төсвийн нийтзарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2009 оны эхний улиралд 440.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 1.2 тэрбум төгрөг буюу 0.3 хувиар өсчээ. Үүнд бараа, үйлчилгээний зардал 14.3 тэрбум төгрөг буюу 6.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Бараа, үйлчилгээний зардлын өсөлт нь цалин, хөлсний зардал 12.6 тэрбум төгрөг буюу 10.0 хувиар нэмэгдсэнээс шалтгаалсан байна.
Хөрөнгийн зардалд 2009 оны эхний улиралд 27.7 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.4 тэрбум төгрөг буюу 4.9 хувиар буурсан байна. Үүнд дотоод эх үүсвэрийн хөрөнгийн зардал 4.8 тэрбум төгрөг буюу 16.9 хувиар багассан нь нөлөөлөв.
Манай улс 2009 оны эхний улиралд дэлхийн 86 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 716.2 сая ам.доллар, үүнээс экспорт 322.3 сая ам.доллар, импорт 393.9 сая ам.доллар боллоо. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 462.9 сая ам.доллар буюу 39.3 хувь, экспортын хэмжээ 257.5 сая ам.доллар буюу 44.4 хувь, импортын хэмжээ 205.4 сая ам.доллар буюу 34.3 хувиар тус тус буурчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2009 оны эхний улиралд 71.6 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 52.1 сая ам.доллараар өссөн байна.
Нийт экспортын хэмжээ буурахад зэсийн баяжмалын биет хэмжээ 3.4 хувь, үнийн дүн 58.4 хувь, цайрын баяжмалын биет хэмжээ 63.3 хувь, үнийн дүн 83.5 хувь, боловсруулаагүй алтны биет хэмжээ 39.1 хувь, үнийн дүн нь 40.8 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлөв.
Нийт импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 205.4 сая ам.доллар буюу 34.3 хувиар буурсны 15.8 сая ам.доллар буюу 7.7 хувь нь үнийн бууралтаас, 189.6 сая ам.доллар буюу 92.3 хувь нь биет хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.
III. Эдийн засгийн салбарын үзүүлэлт
2009 оны эхний улиралд 4832.9 мян.төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 364.8 мянгаар буюу 8.2 хувиар их байна. Улсын хэмжээнд оны эхний улирлын байдлаар 25.6 мянган мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 6.2 мянгаар буурсан байна.
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2009 оны эхний улиралд 2005 оны зэрэгцүүлэх үнээр 344.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 31.2 тэрбум төгрөг буюу 8.3 хувиар буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт 12.4 тэрбум төгрөг буюу 6.0 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбар 21.1 тэрбум төгрөг буюу 19.5 хувиар тус тус буурсан нь нөлөөлөв.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс буурахад газрын тос, зэсийн баяжмал, алт, хайлуур жоншны баяжмал, цайрын баяжмал зэрэг уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.0- 28.2 хувиар буурсан нь нөлөөллөө.
Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн бууралтад тараг, пиво, тамхи, оёмол хувцас, төмөр замын дэр мод, цемент, шохой, бетон дэр, молибдений исэл, катодын зэс, металл бэлдэц, цувимал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.1-99.9 хувиар буурсан нь нөлөөлсөн байна. Улсын хэмжээнд 2009 оны эхний улиралд нийт 21.0 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.6 тэрбум төгрөг буюу 8.4 хувиар өссөн байна.
Бүх төрлийн тээврээр 2009 оны эхний улиралд 4.3 сая тонн ачаа, давхардсан тоогоор 48.3 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 592.5 мян.тонн буюу 12.0 хувь буурсан бол зорчигчдын тоо 362.1 мянган хүн буюу 0.8 хувиар нэмэгджээ. Бүх төрлийн тээврээр тээсэн ачааны бууралтад өмнөх оны мөн үеэс төмөр замынх 682.4 мян.тн буюу 16.7 хувиар багассан нь нөлөөлжээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад авто тээврээр зорчигчид 685.2 мянган хүнээр нэмэгдэж, харин төмөр замынх 299.8 мянган хүн, агаарын тээврийнх зорчигчид 23.3 мянган хүнээр тус тус буурсан байна.
Шуудан, холбооны үйлчилгээний орлого 2009 оны эхний улирлын байдлаар 91.9 тэрбум төгрөг, үүний дотор хүн амаас орсон орлого 76.9 тэрбум төгрөгт хүрчээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад шуудан холбооны үйлчилгээний орлого 18.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Read More......