МОБИ ТЭМҮҮЛЭЛ ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШАТАНД СОНГОГДООД БУЙ ЧИГЛЭЛҮҮД



Мобиком Корпорациас санаачлан эхлүүлсэн Моби Тэмүүлэл төслийн хүрээнд "Монголын ирээдүй хүүхэд залуусаа зорилго тэмүүлэлдээ хүрэхэд нь бид хамтдаа хэрхэн хөтлөх вэ?" бүх нийтийн хэлэлцүүлэг, санал асуулга дор явагдаж дууслаа. Эхний шатны санал асуулгад дэлхийн болон Монгол орны өнцөг булан бүрт суугаа болон иргэд идэвхтэй оролцож 2299 тусгай дугаар, 99002299 мессэжний дугаар, саналын хайрцгууд, И-Мэйл, болон Цахим хуудсаар дамжуулан нийт 79’357 саналыг Моби Тэмүүлэл төсөлд ирүүлээд байна. Ирсэн нийт саналуудаас олон нийтийн зүгээс хамгийн олон санал авсан дараах 4 үндсэн чиглэлүүд тодорлоо.

  1. Иргэний боловсролыг хөгжүүлэх
  2. Өсвөр насны хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх
  3. Багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх хөтөлбөр
  4. Гэр бүлийн боловсролыг дэмжих портал сайт

11-р сарын 19-өөс эхлэн 14 хоногийн хугацаатайгаар орон даяар явагдах төслийн хоёрдугаар шатны бүх нийтийн санал асуулгаар дээрх 4 чиглэлээс хамгийн их эрэлт хэрэгцээтэй, нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай төсөл хөтөлбөрийг сонгох болно. Та бүхнийг хоёрдугаар шатны санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сонгогдоод буй чиглэлүүдийн талаар товч мэдээлэл:

1. ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ
Ирээдүй хойч үеэ хүн төрөлхтөний даяаршил, нийгмийн хөгжлийн шалгуурыг ханган ажиллаж амьдрах бодит чадвартай, хариуцлагатай, бүтээлч, зорилго тэмүүллээр дүүрэн, хүнлэг энэрэнгүй иргэд болгон төлөвшүүлэх нь монгол орны хөгжлийн ирээдүйд оруулах хамгийн том хөрөнгө оруулалт байх болно гэсэн санал иргэд, байгууллагуудын зүгээс маш их ирлээ. Монгол хүний өрсөлдөх чадварын эх суурийг бэлтгэх болон иргэний боловсролыг хөгжүүлэхийн тулд сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт ёс зүй, хүмүүжил төлөвшилийн хичээлийг оруулж өгөх нь чухал гэдгийг саналаа ирүүлсэн хүмүүс онцолсон юм. Өнөөгийн боловсролын систем академик боловсролд түлхүү анхаарч, харин хүүхдийг ирээдүйн эцэг эх, бие хүн болоход нь бэлтгэх, зорилго тэмүүлэлтэй болгох, ёс зүй, үүрэг хариуцлагаа ухамсарлах иргэний боловсролыг олгох тал нь хоцрогдсоны улмаас өөрийгөө дутуу дулимаг танин мэдсэн, эерэг зөв дадал зуршил, зан чанар эзэмшээгүй, өөртөө итгэлтэй бус, сэтгэл хөдлөлөө хянан зохицуулж чаддаггүй, стресст өртөмтгий хүн болж байна гэж санал дэвшүүлсэн иргэд олон нийт үзэж байгаа ажээ. Монгол хүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлснээр хүүхэд залуусын сурч мэдэх сонирхол, сайн хүн болж, сайхан амьдрах зорилго тэмүүлэл давамгайлж өөрийн улс орондоо төдийгүй дэлхий нийтэд монгол хүний үнэлэмж өсөн нэмэгдэж, тэр хэрээр улс орны маань хөгжилд түлхэц болох юм.

2. ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ТЕХНИК СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ
Улс орны эдийн засаг нийгмийн хөгжлийн үндэс болсон уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, мэдээлэл харилцаа холбоо, дэд бүтцийн салбаруудын өсөлт хөгжил нь баялгийг гардан бүтээгч, инженер техникийн ажилтны мэдлэг боловсрол, чадвар чадавхитай салшгүй холбоотой. Иймээс хүүхдүүдийг өсвөр наснаас нь техник сэтгэлгээтэй болгон хөгжүүлэх, зохион бүтээх авьяас чадварыг нь дэмжсэн дугуйлан секцийг сэргээн хичээллүүлэх, шинээр байгуулах, сургалтын бааз орчин нөхцлийг нь сайжруулах, авьяас ур чадвар, бүтээлч байдлыг эрхэмлэсэн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах замаар ирээдүйн инженер, зохион бүтээгчид, шинийг нээн хөгжүүлэгч бүтээлч иргэдийг бэлтгэх нь зүйтэй гэсэн ерөнхий чиглэл бүхий багц санал эхний шатны санал асуулгаас шалгараад байна. Энэ саналын хүрээнд хүүхэд багачуудыг хичээлийн бус цагаар авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгөх, төрөл бүрийн орчин үеийн судалгаа шинжилгээний төвүүд, шинжлэх ухаан техник технологи, тоног төхөөрөмжүүд бүхий үзүүлэнгийн танхимуудыг байгуулах, хүүхэд залууст танилцах туршиж үзэх боломж нөхцлийг олгож бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх саналууд мөн багтсан болно.

3. БАГШИЙН ҮНЭЛЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Хүүхэд залуусаа зорилго тэмүүлэлдээ хүрэх мэдлэг чадвартай иргэн болгон сургаж хүмүүжүүлэхэд багшийг хөгжүүлэх, чадавхижуулах асуудал хамгийн чухал гэж үзсэн санал мөн хэлэлцүүлгийн эхний шатнаас шалгараад байна. Олон иргэд, байгууллагуудаас багшийн нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанар, материаллаг орчин, дадлагын баазыг сайжруулахад хувийн хэвшлийн байгууллагууд тусламж дэмжлэг үзүүлж байх нь зүйтэй гэж үзжээ. Ялангуяа багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, магистр докторын сургалт, гадаад улс орнуудад явж туршлага судлах зэрэг үйл ажиллагааг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлвэл үр дүн гарч болохыг онцолжээ. Мөн цаашид багш бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын агуулга стандартыг шинэчлэн сайжруулах, шилдэг тэргүүний сурагчдыг багшлах боловсон хүчнээр бодлогоор бэлтгэх, эдийн засгийн хөшүүрэг урамшуулал, тэтгэлэг буй болгох, төгссөний дараа нийгмийн хамгааллын асуудлыг нь цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн саналууд гарсан байна. Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад зарим хичээлийн мэргэжлийн багш дутмаг, мэргэжлийн бус багш хичээл заах, багшийн ажлын байрны орчин нөхцөл муу, нийгмийн асуудлыг нь орхигдуулснаас шинэ залуу багш нарын хувьд тогтвор суурьшилтай ажилладаггүй зэрэг нь боловсролын хөгжилд саад болж байна гэж үзжээ. Боловсролын салбарын шинэчлэлд иргэд аж ахуйн нэгжийн идэвхтэй оролцоо дэмжлэг нэмэгдэхийн хирээр Монголын боловсролын стандарт дэлхий дахины жишигт хүрэх цаг хугацаа, боломж нөхцөл илүү ойртоно гэж санал асуулгад оролцогчид үзсэн байна.

4. ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ПОРТАЛ САЙТ
Манай улсын боловсролын системийн үйл ажиллагаа танхимын боловсрол олгох арга зарчимд тулгуурлан хөгжиж байгаа. Энэ нь академик боловсрол олгох шалгарсан арга хэдий ч мэдээллийн технологийн хувьсал өөрчлөлт шинэ арга зам хэлбэрийг илэрхийлж хэвшүүлэхийг шаардаж байгаа талаар маш олон санал ирлээ. Хүүхэд залууст мэдлэг мэдээлэл өгөх зориулалттай боловсролын веб хуудсууд байдаг ч цаг үеийн шинж чанартай, мэдээллийн багтаамж, хэрэглэгчийн хамрах цар хүрээ бага, системтэй буй мэдээлэлтэй зэрэг нөлөөллийн улмаас жинхэнэ хэрэгтэй мэдлэг мэдээллийг олгодог эх сурвалж болон хөгжиж чадахгүй байна. Маш өргөн хүрээний системтэй мэдлэг, мэдээллийг олгох портал сайтыг хөгжүүлсэнээр зөвхөн хүүхдэд төдийгүй гэр бүлийн бүх гишүүдийн хувьд мэдлэг боловсролоо дээшлүүлэх, эх хэл дээрээ хүссэн мэдээллээ түвэггүй олж ашиглах, хөгжих боломж нээгдэх юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн зарим хичээлийг онлайнаар оруулах, шилдэг тэргүүний багш нарын туршлага заах арга зүйг түгээн дэлгэрүүлэх, анги тус бүрийн хичээлийн тестийг онлайн болгож улс орон даяар хэрэгжүүлэх, хүүхдийн мэдлэг мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон саналуудыг энэхүү чиглэлд багцлан авч үзлээ. Мөн их дээд сургуулиудад гадаадын нэр хүндтэй их дээд сургуулийн багш нарын лекцийг онлайнаар нэвтрүүлэх, ингэснээр оюутан залуус маань дэлхийн хэмжээний боловсролоос эзэмших боломж нөхцлийг бий болгох, ашиглах нь зүйтэй гэж үзжээ. Мэдээллийн технологийн боломж нөхцөл давуу талд түшиглэсэн онлайн сургалт, шалгалт, боловсролын бусад үйлчилгээ мэдээллийг мэдээлэл харилцаа холбоо технологийн компанийн хувьд Мобиком бүрэн шийдэх боломжтой гэдгийг санал гаргагчид онцлон дурдсан байна.

Read More......