Эрдэмтэн, судлаачид нэлээд их ярьж хэлсний хүчинд энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх болсон. Харин ирэх жил их эзэн
Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой болно. Гэвч өнөө хүртэл
Чингисхааныхаа төрсөн өдрийг санал нэгтэйгээр тогтоогүй байгаа. Энэ талаар МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн багш, профессор Ш.Чоймаатай ярилцлаа.
-Чингис хааны төрсөн он дээр эрдэмтэд санал нэгддэг юм байна. Харин сар, өдрийн хувьд хэр зөрөлддөг юм бэ?
-
“Эзэн богд чингис хааны мэндэлсэн он цаг, сар өдрийг түүхэн сурвалж тэргүүтнээр нягтлах нь” гэсэн судалгааны өгүүллийг 2003 онд би хэвлүүлсэн юм. Дараа нь судлаачид дэмжсэн байсан. Чингис хааны мэндэлсэн оны тухайд гадна дотнын олон түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Энэ баримтуудыг үзэж нягтлахад дэлхийн монголч эрдэмтэд, түүхчдийн хүрээнд 1162 он дээр тогтсон. Тиймээс анх 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэж, одоогийн Хэнтий аймгийн гурван нуурын ойролцоо сүрлэг сайхан хөшөө байгуулж байв. Дараа нь 2002 онд Чингис хааны 840 жилийн ойг тэмдэглэсэн. Тэгэхээр ирэх жил Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэх ёстой юм. 1962 онд анх тэмдэглэхдээ тавдугаар
сарын 31-нд тэмдэглэсэн. Энэ нь ул үндэсгүй хэрэг биш. Лувсанданзангийн “Алтан товч” тэргүүтэй нэлээд хэдэн сурвалжид Чингис хааныг зуны
тэргүүн сарын 16-ы улаан тэргэл өдрийн дөл цагт /морин цагт/ мэндэлсэн гэсэн мэдээ байдаг. Билгийн тооллын энэ цагийг одоогийн христын он тоололд шилжүүлж тогтоосон хэрэг.
-Тэгэхээр дараа жил хэдийд тэмдэглэх нь зүйтэй гэж эрдэмтэд үзэж байгаа вэ?
-Гарсан өдрийн гариг, төрсөн өдрийн төөрөг гэдэг бол ертөнцийн түүхэнд нэрээ мөнхөлсөн их хүнд байтугай эгэл жирийн нэгэнд ч эрхэм зүйл л дээ. Тиймээс яалт ч үгүй эзэн богд Чингис хааныхаа мэндэлсэн жил, сар өдрийн тухайд түүхэн сурвалжуудаа дахин сайн нягтлаад, нэг өдрийг тогтож авах нь чухал байгаа юм. Энэ талын гол мэдээ баримт агуулсан сурвалж бичгүүд монгол бичиг, хятад, перс, уйгур, төвд зэрэг хэл бичгээр уламжлан иржээ. Мэдээж хамгийн олон сурвалж бичгүүд монгол бичгээр байдаг. Монгол хэл, түүх соёлын гайхамшигт дурсгал “Монголын нууц товчоо”-нд “Тэнд Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэ, Хори-Буха тэргүүтэн Татаарыг дагуулж ирвээс, тэнд Өэлүн-Үжин хээлтэй (хөл хүнд) бүрүүн, Ононы Дэлүүн Болдогоо (Болдогт) бүхүйд зөв тэнд Чингис
хаан төржүхүй” гэсэн байдаг. Энд он цагийг хэлээгүй боловч чухал зүйл мэдээлж байгаа юм. Учир нь монголчууд татаруудаас Амбагай хааны өшөөг авах гэж олон удаа дайлж мордсон. 13 удаа хатгалдаад, өшөөг өшиж хяслыг хясаж эс чадлаа гэж “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэсэн бий. Тухайн үед дайн хийхэд хамгийн боломжтой буюу морьд тарга хүчтэй, цаг агаар таатай үеийг сонгох учиртай. Тэгэхээр ямар ч он цаг хэлээгүй юм шиг “Монголын нууц товчоо”-ны энэ мэдээллээс Есүхэй баатар бээр эртний өшөөг авахаар Татаар руу довтлоод ялалт байгуулж ирсэн цаг үе нь “агт таргалж, нум хатуурсан” намрын адаг,
өвлийн эхэн сард байх ёстой гэдэг учирзүйн шалтгааныг өгүүлж байгаа юм.
-“Монголын нууц товчоо”-ноос гадна ямар эх сурвалжуудад өвлийн эхэн сар байх болов уу гэх мэдээ тэмдэглэсэн байдаг юм бэ?
- Чингис хааны мэндэлсэн өдрийн тухайд Лу “Алтан товч” тэргүүтэй сурвалжаас өөрөөр тэмдэглэсэн хэд хэдэн сурвалж бий. Жамбадоржийн “Болор толь”, Ордосын Гончигжавын “Сувд эрхи”, “Хөх түүх” зэрэг сурвалжид “III жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын
шинийн нэгэнд” мэндлэв гэсэн бий. Ордос бол Чингис хааны эзэн хороо, онгоны тахилгын ёсыг уламжлан хадгалж байгаа газар шүү дээ. Хувилай хааны үеэс тахилга тайлга бий болгосон энэ газарт Чингис хааны тэмдэглэлт өдрийг үе улируулан зөвөөр нь авч ирсэн байх учиртай. Мөн тахилга тайлгын болон түүхэн сурвалжийн судар шастир нэлээд сайн уламжилсан байх ёстой. Тиймээс ялангуяа Ордосын Гончигжавын 1835 онд бичсэн “Сувд эрих” хэмээх түүхийн сурвалж бичигт, “Есүхэй баатрын их хатан үзэсгэлэнт Өгэлэн III жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын
шинийн нэгнээ, гайхамшигт бэлгэ төгссөн гоо жавхлант нэгэн хөвгүүн гартаан гэрэлт улаан эрдэнэ атгаснаар мэндлэв. Мөн өдөр огторгуйд солонго татах тэргүүтэн сайн бэлгэс олон болов” гэж бичсэн. Мөн “Хөх түүх”, Жамбадоржийн “Болор толь” дотор өвлийн тэргүүн сарын
шинийн нэгэнд мэндэлсэн гэж тов тодорхой бичсэн байгаа. Нөгөө талаас “Монголын нууц товчоо” өөрөө намрын адаг, өвлийн тэргүүн сард төрсөн байх ёстой гэдгийг мэдээлж байгааг өмнө хэлсэн. Гуравдугаарт, “Арван буянт номын цагаан түүх” гэдэг түүхэн сурвалжийг Хубилай хаан өөрөө зохиосон гэдэг. Ямар ч гэсэн Хутагтай сэцэн хун тайжийн засан найруулсан эх бидний үед уламжилсан. “Арван буянт номын цагаан түүх”-д Чингис хаан өвлийн тэргүүн сарын
шинийн нэгэнд мэндэлж,
шинийн гурванд угаалгын ёслол хийж, угаалга үйлдэж, тасмаар боож, мялаагуудын хурим хийсэн тухай мэдээлсэн байдаг. Тасам гэдэг нь хүүхэд төрөөд гурав хономогц угаалга хийж, өлгийг нь ороож уядаг тусгай бэлдсэн нарийн сур. Өвлийн тэргүүн сарын
шинийн 3-нд хийдэг энэхүү тасмын тайлгыг бас мялаагуудын хурим гэдэг нь одоо ч буриад зон дотор тэмдэглэж байдаг угаалгын хурим баяр хийсэн өдөр юм. Одоогийн Халимагууд мялаагууд гэдэг үгийг төрсөн өдрийн баяр гэж үздэг. Ордосын онгоны дөрвөн улирлын тахилга тайлгыг хэзээ журамлан тогтоосон тухай Галдан туслагчийн “Эрдэний эрих”-д “Сэцэн хан бээр арван буянт номын засгаар дэлхий дахиныг энхжүүлэн жаргуулж мянган алтан хүрднийг эргүүлэгч Чакарварын сэцэн хан (Хувилай хаан) хэмээн хотол зүгүүдэд алдаршив. Гучин зургадугаар он модон хонин жилээ дээд өвөг Богд Чингистаны гэгээн онгоныг үе улиран, үрийн үрийг хүндэтгэн тахиулахын учир тайш, тайбу, зайсан, хонжины зэрэг найман их ямтан тавьж гурван сарын арван наймнаа зуслан авч, хорин нэгнээ ерэн есөн цагаагч гүүгээ барьж, цагаан сацал сацсан журмын өдөр, таван сарын арван тавнаа зулаг ба гүүний үрс гаргасан журмын өдөр, есөн сарын арван хоёроо ширэгэ (сэргэ буюу зэл уяа) ба гүүгээ тавьж унаганы ногт шилбэ угаасан журмын өдөр, арван сарын
шинийн гурванаа Богд Чингис хааны гэгээн бие гийснээ угаасан мялаагудын журмын өдрүүдэд дөрвөн цагийн дэлгэрэнгүй тайлга тогтоон өргөж элдэв ёслол ба хишиг түгээх хүртүүлэх тэргүүтэн ёсыг тогтоожээ” гэсэн нь “Арван буянт номын цагаан түүх”-тэй авцалдаж байгаа юм. Бэлгийн улирлын арван сар чинь өвлийн тэргүүн сар шүү дээ.
-Тэгвэл яагаад зарим сурвалжид зуны тэргүүн сарын 16-нд төрсөн гэж тэмдэглэсэн байдаг юм бэ?
-Үүнийг тодруулахын тулд “зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр” гэдэг ямар учир утгатай, яагаад тэр өдрийг ихэд хүндэтгэн бэлгэшээж баяр хурим хийдэг байсныг сайн анхаарах нь зүйтэй. Ямар боловч энэ хэллэг “Монголын нууц товчоо”-нд гурван удаа тохиолдох бөгөөд их бэлгэтэй сайн өдөр байсан нь илт байдаг. Тухайлбал, Тайчууд аймгийнхан бүгдээрээ Ононы хөвөөнд цуглаж, зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр их баяр хурим хийсэн тухай өгүүлсэн бол нөгөө нь Тэмүжин, Жамуха хоёрын сонгож нүүсэн өдөр, гурав дахь нь Чингис хаан Найманыг дайлахын өмнө туг сүлдээ тахиж тайсан өдөр байх юм. Энэхүү гурван эшлэл хэсгээс үзэхэд, тухайн цаг үед хамаг монголчуудын эрхэмлэн бэлгэшээдэг эрхэм сайн өдөр нь зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр байжээ. Чухам хэдий үеэс “зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр”-ийг онцлон хүндэлж, баяр хурим хийж бэлгэшээдэг болсон, ямар учир шалтгаанаас тийм уламжлал тогтсон тухайд өнөө хэр тайлбар үгүй байна. Ямар боловч Есүхэй баатрын хөвгүүн Тэмүжин мэндлэхээс өнө эртийн ёc заншил болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, Чингис хаан мэндлэхээс аль эрт, зуны тэргүүн сарын тэргэл өдрийг ихэд дээдлэдэг уламжлалтай байжээ.
-Тэгэхээр зүгээр бэлгэдлийн чанартайгаар энэ өдрийг Чингис хааны төрсөн өдөр гэж бичсэн хэрэг үү?
-Тийм гэж хэлж болно. Ер бусын хүн, ер бусын цаг үед төрөх учиртай хэмээсэн бэлгэдэл хүндэтгэлийн учир байсан биз ээ. Нөгөө талаас зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдрийн тухай домог хууч арван долдугаар зуунд байсан нь лавтай.
-Одоо дээрхи хоёр хувилбарын аль дээр нь эрдэмтэд илүү санал нэгдэж байна вэ?
-Саяхан Ерөнхийлөгчийн Боловсрол, соёл шинжлэх ухааны зөвлөх Болд, академич Ш.Бира болон түүхэн судалгааны гол эрдэмтэд уулзаж, “Боловсрол суваг” телевизээр ярилцлага хийсэн. Тэд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг дээр санал ерөнхийдөө нэгдсэн. Нэг эргэлзээтэй байгаа зүйл нь цагаан сар шиг билгийн улирлаа дагуулаад явна гэхээр Чингис хааныхаа төрсөн өдрийг жил бүр өөр өдөр тэмдэглэх болно. Зарим нь ингэж шилжиж байхаар жилд нэг тогтмол өдөртэй болъё гэдэгт санал нэгдэж байгаа. Ер нь Эзэн богд хааныхаа гал голомтыг сахисан улсын тухайд энэ агуу их хүнийхээ төрсөн өдрийг хүндэтгэж тэмдэглэдэг, бүх нийтээрээ баярлаж бахархдаг, түүхээ эргэж судалдаг, сурталчилдаг өдөр байвал чухал юм л даа. Сүүлийн үед цагаан сараас өөр монголчууд үндэсний баяр гэх юмгүй болчихлоо. Гаднын олон янзын шашны баярыг хуулбарлаж, хүний юм тэмдэглэж эхэллээ. Сар өдрийг тогтоох тухайд түүхч Балжинням их зөв санаа хэлж байна лээ. 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Григорийн тоололд шилжүүлж бодвол гараад ирдэг юм. Тухайн үеийн өвлийн тэргүүн сар хэдийд таарч байна вэ түүнийг нь шилжүүлээд, тогтмол болгоё гэсэн.
“Үндэсний шуудан” сонин Д.Пүрэвсүрэн.
Read More......