Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн мэндчилгээ



Эрхэм хүндэт ахмад дайчид аа,

Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нар аа,

Монголын ард түмэн, газар нутгаа харийн дайсны дарлал, эзэрхийллээс чөлөөлж, баатарлаг, дайчин замналаа эхэлсэн зэвсэгт хүчний 88 жилийн ойн өдрийг тохиолдуулан генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, баярын хуралд оролцогсод Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан дайнд оролцсон, бэлтгэл, чөлөөнд байгаа нийт ахмад дайчид, цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө монгол цэргийн ёсоор амь биеэ үл хайрлан тулалдаж, ард түмэндээ мөнхөд дурсагдах гавъяа байгуулсан ахмад дайчиддаа гүн хүндэтгэл илэрхийлье.

Зэвсэгт хүчний дайчид ахмад үеийнхээ эх оронч сэтгэл, зүтгэлийн үлгэр дуурайлал, ажил үйлсийн арвин баялаг туршлагаас суралцаж, улс орныхоо аюулгүй байдал, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, дархан хилийн манаа, энхийг сахиулах олон улсын үйл хэрэгт шамдан зүтгэж, зэвсэгт хүчнийг чадваржуулахаар төр, засгаас тавьж байгаа зорилт, авч байгаа олон талт арга хэмжээ амжилттай хэрэгжиж буйг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд амжилттай оролцож, бүс нутаг, дэлхий дахинд цэргийн итгэлцэл, Монгол Улсынхаа нэр хүндийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эр зориг, эрдэм чадал, үйлс бүтээлээрээ монгол цэрэг, ахмад үеийнхээ дайчин уламжлалын түүхийг шинэ шинэ амжилтаар арвижуулан баяжуулж ард түмнийхээ зүй ёсны бахархал, хүндэтгэлийг хүлээж байна.

Хуулиар хүлээлгэсэн үндсэн болон тайван цагийн чиг үүргүүдийг биелүүлэх зэвсэгт хүчний бэлтгэл, чадавхийг цуцалтгүй нэмэгдүүлж, байнгын бэлэн байдлын түвшинг ямагт дээшлүүлж байх нь зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тайван цагийн үндсэн үүрэг, зорилт мөн.

Энэ зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд миний баталсан Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж олсон амжилтаа бататган, хүрсэн түвшингээ цаашид цуцалтгүй дээшлүүлэхийн төлөө цэргийн нийт албан хаагчид, цэргийн салбарт ажиллагсад хичээн зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Цэргийн нийтлэг дүрмүүдэд оруулсан нэмэлт, өөрчлөлт, зарчмын заалтуудыг анги, салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд анхнаас нь агуулгын хувьд зөв, чанд мөрдөж хэвшүүлэх нь цэргийн албыг боловсронгуй болгон, зэвсэгт хүчнийг чадваржуулах төрийн бодлого, зорилтын хэрэгжилтийн цаашдын үр дүнд чухал ач холбогдолтой байх болно.

Эх орноо батлан хамгаалахаар төр, ард түмэндээ өргөсөн цэргийн тангарагтаа үнэнч байж, сахилга, зохион байгуулалтаа бэхжүүлэн, хүлээсэн үүргээ биелүүлэх бэлэн байдал, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, төрийн цэргийн бодлого, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө шамдан зүтгэхийг зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд уриалж байна.

Монгол Улсын ариун гал голомт үүрд бат оршиж, Зэвсэгт хүчний яруу алдар, цэрэг эрсийн эрдэм, чадал үеийн үед бадарч байх болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХМА-наас мэдээлэв.

Read More......