Монгол Улсын Ерөнхийлөгч ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ-ийн байнгын ажиллагаатай анхны ардчилсан парламент үүсэж хөгжсөний 20 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтг


УИХ, Засгийн газрын гишүүд ээ!

Би энэ индрээс өнөөдөр төрийн түшээгээр сонгогдон ажиллаж байсан олон хүнийг төлөөлөн ярих ёстойгоо ойлгож байна. Зарим нь ч надад санал бодлоо хэлсэн. Энэ хүмүүст бахархал ч байна, бухимдал ч байна. Ард түмэн хариуцлагатай, бүтээлч, шударга ажиллахыг төр засгаасаа хүсэж байна. Би энд ард түмэн гэж ярих эрхтэй. Би ард түмнээ төлөөлөх үүрэгтэй. Би энэ индрээс зөвхөн баяр хүргэж алга ташуулах биш, бас ард түмнийхээ зовлон зүдгүүр, хүсэл зоригийг илэрхийлэх, шаардлага тавих, хариуцлага асуух, энэ ажлыг хэцүү ч байсан хийх үүрэгтэй. Улс төрийн хариуцлагатай, жинтэй хоёр нам олонхи цөөнхөөр нь хариуцлагыг нь хуваасан ард түмний сонголтын дээгүүр алхаж Засгийн газарт хамтран орсон. Ийм хамтрал муу уршигтай, бас сайн үр дагавартай болохыг нийтээрээ чамгүй ярилцсан. Хамтарсан Засгийн ч, Их Хурлын ч ажил эрчтэй, найдлага төрүүлж байсан үе бий. Тодорхой санал, санаачлагууд ажил хэрэг болсон. Стандарт бусаар хоёр нам засагт хамтарснаа сул тал гэж үзвэл түүнийгээ нөхөж, давуу тал гэж үзвэл түүнийгээ баталж ажиллах ажиллагаа улам бүр үгүйлэгдэж байна. Засгийн газарт зовлон болдог хөрөнгө мөнгө их шаардахгүй, тэгсэн атлаа төр засагтаа итгэх ард иргэдийн итгэлийг нэмэх ажлууд бидний өмнө багагүй хуримтлагджээ. Стандарт бус засагтай нөхцөлд шийдэмгий бус, нялцгай байдал давамгайлбал ёс бус тогтолцоо руу хальтрах эрсдэл байнга байгааг бид анхаарах л ёстой. Би энэ үгийг хэлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш нийтэд хандаж хэлсэн үгнүүдээ эргэж харлаа. УИХ, Засгийн газрын энэ бүрэлдэхүүнд итгэж хамтарч ажиллахыг хүссэн санал санаачлага цөөнгүй байна. Би төрийн тэргүүн гэдгээр түрий барьж төр, засгийн бүх ажилд хутгалдахыг хүсээгүй. Тийм шаардлага ч надад байхгүй. Мундаг ажил хийсэн болох гэж хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүүрийг өдөр бүр хаасан зарлалын самбар шиг байхыг бас бодоогүй. Харин би ард түмнийхээ захиж сонгосны дагуу тодорхой асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг хичээж байгаа. Улс үндэсний маань аюулгүй байдал, ард иргэдийн маань нийтлэг эрх ашиг хангагдах явдал бол миний анхаарлын төвд байгаа. Өнгөрсөн хаврын чуулганд би улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн. Уг мэдээлэлд УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхи нь өндөр ач холбогдол өгч санал бодлоо хуваалцаж идэвхтэй оролцсонд би маш их баярлаж байгаа. Дараа нь УИХ-ын хуралдаанаар эрхэм гишүүд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг богино хугацаанд туйлын ажил хэрэгчээр хэлэлцэж баталсан. Энэ нь улс үндэснийхээ аюулгүй байдал, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг сахин хамгаалахад манай парламентын оруулж байгаа түүхэн хувь нэмэр юм. Цаашид уг үзэл баримтлалын хэрэгжилтийг хангаж, үндсэн зарчмуудыг нь ажил хэрэг болгоход төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны бүтээлч, санаачлагатай үйл ажиллагаа их хэрэгтэй. Аливаа улс үндэсний аюулгүй байдал, хар хайрцагны бодлого бол тухайн ард түмний хэлбэрэлтгүй хэрэгждэг амин чухал эрх ашиг, хэн ч зөрөх ёсгүй зарчим. Улс үндэстэн, төрийн тогтолцоо гаднаасаа эзлэгдэж биш харин дотроосоо авлига, хүнд суртал, ёс бус үйл ажиллагаанд идэгдэж уруудан доройтсон сургамж түүхэнд олонтаа гарсан тухай би нэг бус удаа сануулж байсан. Авлига хүнд суртлын тухай заримдаа зохион байгуулалттайгаар, хүчээр ерөнхий яриа өрнөдөг ч бодит алхам хийгдэхгүй байна. Харин авлигач түшмэд, авлигалын сүлжээг хамгаалсан эсэргүүцэл системтэй, зохион байгуулалттай, бүр улайрсан, амь тэмцсэн мэт хэлбэрт шилжиж байгаа нь түгшүүр төрүүлэх боллоо. Үүнийг ч газар бүрийн авлигач, хариуцлагагүй этгээдүүд овжин ашиглаж байна. Авлига, албан тушаалын хэргийг шинээр авч үзэж шийдвэрлэх тухай эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулах миний санал УИХ-д ирээд бараг бүтэн жил болох гэж байна. Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэчлэлийг эхлүүлэх талаар оруулсан санал маань 2 дахь чуулганаа дамжин таг чиг дарагдсаар байна. Шүүх эрх мэдлийн байгууллагыг үлдэгдлээр санхүүжүүлдэг уламжлалд цэг тавих ёстой. Одоо УИХ-д өргөн барихад бэлэн болсон хэд хэдэн хуулийн төсөл байна. Түүний дотор Засгийн газар хагас жил шахам хойшлуулсан оюутны цалин тэтгэмжтэй холбоотой хууль ч бий. Их Хурал, Засгийн газартайгаа хамтарч ажиллах гэсэн сэтгэл зүтгэлийнхээ хариуд эсэргүүцлийн илгээмж аваад байх нь надад таатай биш. Хамтарч ажиллах гэдэг хуйвалдаж ажиллахын нэр биш. Бидний хамтын ажиллагаа шударга ёс, хууль ёсны нийтлэг зарчимд суурилах ёстой. Би та нарын зарим нь ямар асуудал дээр хамтрах дуртайг, бас ямар асуудалд шилээ татамхайг сайн мэднэ. Миний ямар алхам, үйл ажиллагаанаас болгоомжилдог, эс болгоомжилдогийг ч мэднэ. Зарчим бол зарчмаараа, ажил бол ажлаараа явсан нь аль аль талдаа өлзийтэй байдаг. Би аль болох хуулийн болон тогтолцооны өөрчлөлтөөр асуудлыг шийдэхийг эрмэлзэж байгаа. Нийгэмд урт удаан амьдрах шударга ёсны зарчим, хуулийн хэлбэрэлтгүй хэрэгжилтийг хангахыг зорьсон миний санал санаачлагыг энэ Их Хурал, Засгийн газар дэмжээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ бол одоо миний хувийн биш, Монголын ард түмний хууль ёсны сонголтоороо бататган нотолсон нийтлэг хүсэл эрмэлзлэл юм шүү. Бид бүгдээрээ энэ л дээд эрх ашигт дуулгавартай үйлчлэх ёстой. - Хууль, шударга ёсыг сэргээн сахиулах нь бидний амьдралд ус агаар мэт хэрэгтэй байна гэсэн ард түмнийхээ захиасыг өглөө бүр Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн бүх албан хаагчид санаж босдог, түүнийг бас биелүүлэхийг хичээдэг байх ёстой. Би үүнийг л хүсэж байна.

Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Ерөнхийлөгчийн хувьд Их Хурлын, Засгийн газрын энэ бүрэлдэхүүнтэй ажиллаж болно гэсэн миний итгэл бүрэн унтраагүй. Иймээс би тодорхой санал санаачлага дэвшүүлж, хүндрэлтэй асуудлуудын шийдлийг хамтдаа олохыг хичээж байна. Ингэхийн тулд би та бүхний өмнө явж гал барихад ч бэлэн. Төрийн албыг шинэ цагийн шаардлагад нийцүүлж, төрийн албаны хуучин тогтолцоог өөрчлөх тухай би өнгөрсөн хаврын халуун өдрүүдэд эхэлсэн чуулганы нээлтэд хэлсэн. Энэ чиглэлд дэвшил гарсангүй. Энэ асуудлаар өргөтгөсөн ажлын хэсэг гаргаж ажиллуулах бодолтой байгаагаа хэлье. Улс төрийн намын, сонгуулийн хууль, сонгуулийн амлалтын тухай бид бас ярьцгаасан. Би тодорхой санал дэвшүүлсэн. Мөнгөний амлалтыг хэрэгжүүлэх зарим ажил явж байна. Гэхдээ зарчмын олон асуудлыг шийдэх хугацаа улам богиноссоор байна. Иргэдэд, орон нутагт эрх мэдэл шилжүүлэхтэй холбогдсон ажил өргөн далайц авч чадахгүй байна. УИХ, Засгийн газар эрх мэдлийг төвлөрүүлж биш шилжүүлж асуудал шийдэх хэрэгтэй. Тэгвэл өнөөгийн маш олон асуудал гольдролдоо орж төв Засгийн газрын ачаа, түүнийг дагасан олон завхрал арилна. Монгол оронд улс төр, эдийн засгийн эрх хаана байгааг бид гаднаас биш Их Хурал, Засгийн газрын тогоон дотроос хайх хэрэгтэй. Манжийн үед Бээжинд, коммунизмын үед Москвад байсан Монголын ард түмний эрх мэдэл үндэсний эрх чөлөө, ардчилсан хувьсгалын ачаар Улаанбаатарт ирсэн боловч манай Улсын Их Хурал, Засгийн газрын халаасанд гацчихаад байна. Ард түмний төр юм бол ард түмэндээ эдлэх эрхийг нь өгөөч гэж би та бүхнээс дахин гуйя. Хуулиар булаасан эрхийг чинь хуулиар буцааж өгнө гэсэн үгийг манай иргэд, орон нутгийнхан дахиад хэдэн чуулган дамжиж сонсох ёстой юм бэ! Дахиад хэдэн жил тэд эрхээ ирэхийг харж шилний цаанаас чихэр долоох юм бэ! Хүмүүс гол юмаа төрөөсөө аваагүйгээ мэдээд байна. Тэгээд л бухимдаад байгаа юм. Тэр нь тэдний үндсэн эрх, эрх чөлөө. Эрх чөлөөгөө бүрэн эдэлж байж аливаа хүн үүрэг хариуцлагаа үүрэх соёлд суралцдаг. Үнэндээ тэд бол төрөөсөө илүү юм нэхээд байгаа юм биш. Зүгээр л эрхээ нэхээд байна. Эдийн засаг улс төрийн эрх нь иргэддээ очвол тэд эдийн засаг, улс төрийн асуудлаа өөрсдөө шийдээд л явна. Төрөөс юм горьдохгүй. Хүн эдэлдэггүй хүний эрх байж болохгүй. Иргэн оролцдоггүй иргэний нийгэм байж болохгүй. Ийм ойлгомжтой юмыг шийдэж чадахгүй төр л иргэдийнхээ үзэн ядалтын бай болдог. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хуулийн заалтыг түдгэлзүүлэх миний саналыг УИХ-аас дэмжсэн. Харин Засгийн газраас энэ талын харилцааг орчин цагийн шаардлагад нийцүүлж шийдвэрлүүлэх саналаа бас л гаргаагүй байна. Шаардлагатай бол би ажлын хэсэг гаргаж, санал боловсруулахад бэлэн байна. Ашигт малтмалын хайгуул ашиглалттай холбоотой санаа зовоосон асуудлууд гарсаар байна. Энд дахиад орон нутаг, иргэний эрхийн асуудал хөндөгдөж байна. Өнөөдөр Монгол Улсын иргэн, иргэд байгаа суугаа газрынх нь гол, ус ширгэсэн байхад шүүхэд хандаж хохирлоо төлүүлэх эрхгүй байна. Мөнгөний хойноос улайрагчдын балмад үйл ажиллагаанаас болоод "Хүн малгүй бидний ундаалдаг гол ус ширгэлээ, бохирдлоо" гээд иргэд гомдол гаргаад явахаар хуулийнхан, эрх мэдэлтнүүд өөдөөс нь "Тэр ус гол чинь үнэгүй юм байна. Танайд хохирол учирсан гэх үндэсгүй байна" гэж хэлсэн тохиолдол ч бий. Үнэ цэнэтэй хүний эрх эзэндээ очоогүй учраас, үнэ цэнэтэй баялагтаа үнэ тогтоох эрхээ манай иргэд эдэлдэггүй учраас манай орны үнэ цэнэтэй бүхэн үнэ цэнэгүй байна. Үнэ цэнэтэй баялгаа үнэлэх эрхийг орон нутагт, иргэддээ өгье. Билчээрээ үнэлэг, гол усаа үнэлэг. Говьд худгуудаа үнэлэг, баян бүрд, заг, бударганаа үнэлэг. Хангай нутгийнхан халзан хүн шиг болсон монголын толгойд байгаа хэдэн модоо үнэлэг, ан амьтнаа ч үнэлэг. Баялаг гэж үзсэн бүхнээ үнэлэг. Ийм эрхийг нь иргэддээ өг л дөө. Энэ эрхээ эдлээд орон нутагтаа эрх ашгаа хамгаалж, хууль шударга ёсыг сахиулж тэд хүн шиг, эзэн нь шиг амьдарцгааг. Эрх нь зэвсэг болоогүй иргэд тэмцлийн өөр хэлбэр хайж хэрэгт орчих гээд байна. Бид чинь иргэн бүрээ боломжит гэмт хэрэгтэн гэж хардаг биш, иргэн бүрээ улс үндэснийхээ гол баялаг гэж хардаг нийгэм байгуулж байгаа төр засаг шүү дээ. Дээрхи зарчмаар иргэд нь эрхээ эдэлж үүргээ хэрэгжүүлэх ёстой. Манай хууль шүүхийн байгууллага ч иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хатуу манах ёстой. Ингэж Монгол Улсад хууль шүүхийн байгууллага иргэншиж, иргэндээ үйлчилдэг нийгэм төлөвшиж, төр тойрсон хэл ам, авлига хүнд суртал арилна. Би саяхан Төв аймгийн Баянчандмань суманд манай иргэд сайн дураараа хэлэлцэж ярилцаад, нэгдэж нийлээд өөрсдийнхөө өмнө тулгамдаж буй олон асуудлаа шийдвэрлэж байгааг харлаа. Тэтгэврийн ахмадууд, санаачлагатай иргэд хоорондоо 100, 200 төгрөг нийлүүлээд нэгэндээ туслаж ногоо тариад, хадлан тэжээл бэлдээд, хашаа гудамжаа тохижуулаад, мод тарьчихсан, сүүдрэвч барьчихсан, усан оргилуур хийчихсэн байж байна. Гудамжиндаа зүлэг ногоотой, хүүхдийн тоглоомын талбайтай болчихож. Ийм санаачлага олон аймаг, хот суурин, сумдад өрнөж байна. Би бүр эдгээр иргэд, "Хуримтлалын бүлэг"-ийн үйл ажиллагааг дэмжиж орон даяар өрнүүлэх тухай зарлиг гаргасан. Тэдний хийж байгаа ажил, гаргаж байгаа санаачлага, бие биенээ дэмжиж байгаа дэмжлэг бол сонгуулийн үеэр нэр дэвшигчид уралдаж хийдэг кампанит тохижилтоос хүмүүст хамаагүй өгөөжтэй үлдэцтэй байна. Учир нь тэд өөрсдөө өөрсдийнхөө гараар санаачлагаар юм бүтээж байна. Ажил хийж байна. Тэнд хаягдалгүй бие засах газраас авахуулаад утаагүй түлш хүртэл хийж хэрэглэж байгаагаа харуулж байна. Энэ бол эрх чөлөөт нийгэмд эрх чөлөөт иргэд нэгдэж гайхамшиг бүтээж болдгийн нэг л жишээ. Суурин иргэншилд байдаг хоршиж ажиллах соёлоос манай иргэд жаахан хөндий нь үнэн. Нэгэнт олон хүнтэй суурьшил бий болбол тухайн орчинд үүсэж буй харилцааг зохицуулах дүрэм, нийтийн гэрээ хэрэгтэй. Манай улсын засаг захиргааны анхан шатны нэгжээс энэ соёл эхэлбэл сайн. Хотод гудамж, хороо бүр, хөдөө баг сум бүр иргэд нь хэлэлцэж баталсан дүрэмтэй байвал сайн. Энэ нь тосгон суурин, дүүрэг, аймаг, хот, нийслэлийн хэмжээнд хэвштэл удах байх. Нийгмийн бүх харилцаанд хууль хүрч, зохицож үйлчлэх амаргүй. Харин хүний суурьшлын харилцааг хүмүүсийн тогтоосон дүрэм журам, гэрээгээр зохицуулж болно. Тэнд хаана хашаа, гэр байшин барих, зам харгуй яаж явах, ямар баялгаа яаж ашиглах хамгаалах, юу нь хувь хүний, юу нь нийтийн эрх ашиг болох бүх л харилцаа байдаг. Иргэд ингэж сурвал эрхээ ч хамгаалж, үүрэг хариуцлагаа ч үүрч чадна. Иргэдээ хамгаалсан ийм дүрэм хамгийн сайн хэрэгжинэ. Зарим хуулийн хэрэгжилтээс замын дүрэм арай дээр байдаг гэдэг. Дүрэмгүй амьдрал утгагүй. Сум, суурин бүрийг дүрэмтэй байхыг төрөөс дэмжих хэрэгтэй. Та нар иргэншсэн аль нэг оронд очоод "манай хот аймаг, сум, тосгон дүрэмгүй" гээд хэлээд үз. Нэг л хариу сонсох байх. "Жинхэнэ зэрлэгүүд" гэсэн. Ардчилсан, иргэншсэн орон юм бол бид иргэдийнхээ гарт ингэж иргэнших, иргэд өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг зохион байгуулах эрхийг нь өгч аргыг нь зааж туслах ёстой. Болж өгвөл таарсан санхүүгийн дэмжлэг бүр нүдээ олно. Иргэддээ иргэншсэн соёлтой байдлаар амьдрах боломжийг нь эдлүүлэхийн тулд эхлээд үндсэн хөрөнгийн татварын хувь хэмжээг уян хатан тогтоож тэр мөнгөө олж авах эрхийг нь тэдэнд өгчих. Орон нутгийн захиргаанд нь зарим зардлаа тэндээс санхүүжүүл гэж ч хэлж болно. Тэд хүн унтдаг байр байтугай, нохой хэвтдэг хайрцгийг хүртэл бүртгээд татвар авна. Том хөрөнгөтэй нь том байшинтай нь өндөр, бага хөрөнгөтэй нэг амбаартай нь бага л татвар төлнө. Байршлаар нь татвараа тогтоочих. Тухайлбал Улаанбаатарын төв, ашигтай байршилтай үнэтэй өндөр байшинтгууд өндөр татвар төлөг. Зах руу болоод, хэн ч сонирхдоггүй газар хөрөнгөтэй бол билэгдлийн шинжтэй татвар төлөг. Сургууль, эмнэлэг спортын барилгууд татвараас чөлөөлөгдөг. Зөвхөн ийм бүртгэл, ийм систем бүрэн ажиллаад эхэлбэл хотын төвлөрөл түгжрэл, авлига хүнд суртал тойрсон олон ужиг асуудал өөрөө шийдэгдэнэ. Орон нутаг, хүмүүс удирдлага нь татвартай мөнгөтэй харьцаад ирэхээр хариуцлагатай болно. Асуудлаа өөрсдөө шийднэ. Төв рүү, дарга руу харж бухимдахаа байна. Би асуудлын шийдлийг ингэж харж байгаа. Төрийг тойрч, засаг захиргааны нэгжийг тойрч асуудал төлөвлөхөө боль. Бүхнээ хүн тойрч төлөвлө. Засаг даргын Тамгын газар бол Засаг даргад үйлчилдэг газар биш. Иргэдэд үйлчилдэг Засаг даргын үйлчилгээний газар. Цаашдаа бид засаг даргаас захирагчийн тогтолцоо руу, засаг захиргааны нэгж, төрийн төв байгууллага тойрсон тогтолцооноос хүн тойрсон, иргэнээ тойрсон, тэдэнд үйлчилдэг тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Төр, засгийн бүх байгууллага, хууль шүүхийн байгууллага ч энэ тогтолцоо, энэ тойрогт орох хэрэгтэй. Асуудлыг ингэж харвал бид биесээ асуудал гэж харахаа болино. Хэн нэгний барьцаанд байгаа юм шиг ядаргаатай, яршигтай байдлаар ажиллаж амьдрахаа болино.

Эрхэм гишүүд ээ!

Ам нээвэл уушиг нээ гэдэг. Та нараас би МАХН, АН-ын 2008 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-г олж авч үзэхийг хүсье. Анх ямаршуухан бодол байр суурьтай, юу бүтээж ямар асуудлууд шийдэх гэж хамтарснаа харцгаа. Одоо хүртэл хүчин төгөлдөр энэ баримт бичигт хүмүүсийн хүсэн хүлээгээд байгаа нилээд зүйлийн санаа ажил хэрэг болохоор туссан байгаа. Ойрын 10 жилд Монгол Улсын үндэсний нийт бүтээгдэхүүн жил бүр доод тал нь 10 хувиас доошгүй өсөж магадгүй байна. Монгол Улсад мөнгө хурц асуудал биш болох нь. Харин тэр мөнгө хэний сайн сайхны төлөө зарагдах нь асуудал. Гэхдээ энэ боломжоос манай ард иргэд л хожих ёстой. Бид хүндээ хөрөнгө оруулалт хийх ёстой. Юуны түрүүн иргэнийхээ эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийе. Шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгээ барих, засвараа хийх мөнгийг нь өгье. Энэ ажлыг орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжээр нь хийлгэе. Хөвсгөлийн нэг суманд эмнэлэг барих тендерийг тэнд байгаа иргэд, аж ахуйн нэгж мэдээгүй байхад Улаанбаатарт нэг компани авсан байдгийг зогсоо. Монголын алс хязгаар хөдөө нутаг эзгүйдээд хүмүүсийн ажил амьдрал дордоод байгаа нэг л шалтгаан бий. Тэнд ажлын байр бий болгодог, хүмүүс ажилтай, орлоготой болдог тэр бизнесийг нь төвөөс дэмжихгүй байна. Орон нутаг, алс хязгаарт бизнес амиллахгүй байна. Тэнд мөнгө очихгүй байна. Боломжийг нь бүрдүүлэхгүй байна. Монголд мөнгө дагасан амьдрал яваад байна. Мөнгөө дагаад эрх мэдэл нь төвлөрөөд байна. Мөнгөө иргэд рүүгээ, орон нутаг руу шилжүүл. Мөнгөө дагуулаад эрх мэдлийг шилжүүл. Монголд байгаа 5 төгрөг тутмын 5 төгрөг Улаанбаатарт яригддаг биш 5 төгрөг тутмын 4 төгрөгнийх нь хувь заяа орон нутагт шийдэгддэг байг. Мөнгө, эрх мэдэл дагасан төвлөрсөн завхрал, түүнийг дагасан бухимдал, муу хэл ам ч сарнина. Хэдэн оюутнаа цалинтай болго. Эмч, багш нараа бүгдийг нь байртай болго. Тэр байраа тухайн эмч, багшийн байгаа суугаа газрынх нь хүмүүс, аж ахуйнууд бариг. Мөнгө байгаа. Мөнгийг нь өг. Жил бүр Монголд монгол хүний хөгжил, Монгол улсын нэр хүндэд хамаатай нэг том бүтээн байгуулалт хийе. Нэг жил стадион баръя. Нөгөө жил номын сан, театр баръя. Бас спортын иж бүрэн ордонгууд баръя, эмнэлэг сургууль, цэцэрлэг, дотуур байр баръя. Түүх дурсгалаа дээдэлсэн цогцолбор баръя. Энэ жилээс эхлээд нэг нэгээр нь төсөвт суулгая. Наад зах нь энэ жил бүгдийнх нь зургийг чанартай хийх мөнгийг суулга. Ингэж мөнгийг цөөн хүнд сурталтнуудын халаасанд биш хүмүүсийнхээ сайн сайханд зарцуулж байж Монгол улс хөгжинө, дэвжинэ. Удахгүй Их Хурал төвлөрсөн төсвийн хэлэлцүүлэг хийнэ. Манай төр засгийг шоолдог баалдаг олон шог үзэгдлийн үндэс энд байдаг юм. Нэг л их буян амалсан, ард түмнээ бодсон яриа өрнөнө. Бас биесээ буруутгана. Үүрэг өгнө. Хууль тогтоол батална. Удахгүй сайхан болно гэж ярина. Гишүүд засгаас юу шаардахаа мэднэ. Засаг яаж аргалахаа мэднэ. Зальжин сайд нь хаана ямар мөнгө нууснаа, яаж ашиглахыг нь хэлж өгнө. Төсвийн хэлэлцүүлгээс сайн зүйл, том дэвшил хүлээхэд хэцүү. Хориг тавиад ч үг сонсох биш. Гэхдээ та нарт нэг юм хэлье. "Улсын мөнгө идчих бий" гэж эх эцэг чинь, сонгогч иргэд чинь санаа нь зовж ярьж байдгийг сонсоорой. Увсын Түргэн сумын хүн эмнэлгийн тэрэгний хэдэн дугуй ирэх жил хагарах, түүнийг яаж нөхөх, сэлбэх тухай энэ танхимд ярихаа боль. Ийм ярианаас ард түмэн залхаж байна. Төсвийг төвлөрүүлж төлөвлөж байгаа, хувиарлаж байгаа нэрээр ил далд төсвөөс, ард түмнээсээ хулгай хийхээ Их Хурлын гишүүд өөрсдөөсөө эхэлж зогсоо. Тэр ярих, хувиарлах, зарцуулах, хянах эрхийг нь иргэддээ өг, орон нутагт өг. Ард түмэндээ, эд баялагтаа ч эзэн, эрх үүрэгтээ ч эзэн байх боломжийг олго. Эрдэнийн хувиа эзэмших эрхийг нь иргэддээ нээж өгөөрэй. Энэ бол мал, газар, орон сууцны хувьчлалын дараахь иргэн хүн хамгийн чухал өмчдөө эзэн байх боломж юм шүү. Монгол оронд мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулдаг нийлүүлдэг орчин цагийн тогтолцоо бүрдүүлэх рүү хөрөнгө хий. Малчид, иргэдийнхээ хоршиж ажиллах боломжийг нээ, урамшуул. Хөдөө хотгүй иргэдийг үнэ хөөрөгдсөн ченжүүдийн гараас салга. Ирэх оны өдийд гэхэд ажил хийе гэж хүссэн Монгол Улсын иргэн бүр ажилтай болсон байх ёстой. Цаашдаа иргэддээ төр нэг бодлогыг тодорхой зарлая. "Та ажил хий, ажил хийсний чинь төлөө мөнгө өгье" гэж хэлье. Иргэн хүн ганц нэгээрээ ч, нийлээд ч ажил хийж л байгаа бол мөнгө авдаг байг. Монгол улс нийгэмдээ шударга ёсыг бэхжүүлэх, иргэдээ эрх мэдэлжүүлэх, ардчиллынхаа чанар чансааг сайжруулахад мөнгө зарах цаг болсон. Цаашдаа төрийн байгууллагын төсвийн санхүүжилт багасаж, төрийн бус байгууллагын төсвийн дэмжлэг өсөх ёстой. Нийтэд тустай үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааных нь зардлыг төр өгөх хэрэгтэй. Зүүн аймагт гараад байгаа шүлхий өвчний асуудлыг шийдэхийн тулд тэнд байгаа төрийн бус байгууллага, иргэдийн санаачлагыг төр дэмжиж тэр их мөнгөнөөсөө өгч, үр дүн шаардсан бол өөр дүр зураг харагдах ч байсан байж магадгүй. Манай төр улаан гараараа өвчин, зовлонтой тулж хүнд ажил хийж байгаа иргэддээ гар татдаг атлаа, чанаргүй бүтээгдэхүүн, вакцин шахагчдыг уралдуулж мөнгө цутгах юм. Иймэрхүү увайгүй үйлдлийг хүмүүс хараад үзэн ядаж байна. Өнөөдрийн төрийн ачааны 80 хувийг манай иргэд, иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагууд үүрээд явж чадна. Төрийн хийж чадаад, оролцоод байгаа ажлыг иргэдээ хийж чадахгүй гэж хардаг төр бол харалган төр. Энэ байдлыг өөрчлөх хуулийг би санаачилна. Дэмжиж өгөөрэй. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нь чухал гэж манай засаг ойлгожээ. Ингээд түүнийг дэмжих төв байгуулжээ. Төв байгуулах мөнгөө гаргасан атлаа, төвийн үйл ажиллагааных нь зардлыг хэмнэж гар татжээ. Түүний оронд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв байгуулахыг иргэддээ уриалаад сайн чанартай үйлчилгээ үзүүлж байгаа төвд нь шалгуур тогтоогоод үйл ажиллагааных нь зардлыг төрөөс өгчих. Би төрийн нэр хүнд нийгэмд унаж байгаад Та бүхэнтэй адил санаа зовж байна. Төр өөр аргаар ажиллаж болно. Төр нэр хүндтэй байж болно. Тийм боломж байна, тийм шийдэл байна гэдгийг л би хэлээд байгаа. Иргэддээ, үүсгэл санаачлагынх нь болон мэргэжлийнх нь байгууллагууддаа төр засаг ажил өгөхгүй бол тэд ажил хийж сурахгүй. Манай нийгэмд хариуцлагын тогтолцоо, иргэншсэн харилцаа тогтохгүй. "Бизнесийн орчинг сайжруулах жилд" бизнесийн орчин муудаж байгаа тухай Худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдэгджээ. Бодит байдал ийм л байна. Э.Бат-Үүл гишүүн 2 жилийн өмнө ярьж байсан. Манай авлигачид өнгөрсөн хугацаанд ард түмэндээ очих байсан 3 тэрбум долларын хөрөнгө завшжээ. Энэ бол 40 жил Монголын бүх хүүхдэд өгөх мөнгөтэй тэнцэнэ гэж. Хэрэв төрийн энэ хүнд суртал нүсэр бүтцийг өөрчлөхгүй бол ойрын жилүүдэд авлигач төр, түшмэдүүддээ төлж ирсэн монголын ард түмний төлбөр олон дахин өснө шүү. Төр улсынхаа бүх ажлыг хийх албагүй. Иргэд нь ажлаа хийдэг, төр түүнд үйлчилдэг л байх ёстой. Ингэх юм бол төр өөрөө 5 тэрбум төгрөгний ээмэг барьчихсан мал руугаа гүйж явах хэрэггүй. Гэтэл сумынх нь эмнэлэгт боломж байхгүй учир малчин шингэнээ барьчихсан шинжлүүлэх гээд аймгийн төв рүү явж байна. Хаана хэнд хөрөнгө мөнгө хэрэгтэй байгаа нь эндээс харагдаад байгаа юм. Төрийн олгодог бүх зөвшөөрлийг олгох, цуцлах эрхийг мэргэжлийн болон иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагад өгчих. Тэдэнд төрөөс тавих шаардлага, стандартын тухай сургалт явуул. Үйл ажиллагааных нь зардлыг төр тодорхой, ил тод шалгуурын үндсэн дээр өг. Маргаашаас эхлээд төрийн тэр эрх мэдэл тойрсон авлига, хүнд суртал алга болно. Монголын ажил хэрэгч хүмүүс, иргэд төрдөө баярлана. Төрийн нэр хүнд өснө. Төрийн стандарт, ил тод шалгуур нь хөгжлийн хөшүүрэг болж хувирна. Монгол улс эрх ашгаа тухайн ажил үүрэг гүйцэтгэж байгаа иргэдээрээ, тэр шударга шалгуур стандартаараа дамжуулаад хамгаалчихна, илэрхийлнэ. Төрийн үйлчилгээ, нэр хүнд бүх газар сайжирна. Иргэдийн эрх ашиг хангагдана. Аюулгүй байдал хангагдана. Ноднин 2010 оны төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Д.Дэмбэрэл дарга парламентын сэтгүүлчдийн нэрлэснээр "бүсээ чангалах" захирамж гаргаж байсан. УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтэй ажлын хэсэг гарч төсөвт байгууллагуудын орон тоо, зардлыг танах, дэд сайдууд, яам агентлагийн давхардсан орон тоо албан тушаалтнуудыг цомхотгох тухай санал ч гарч байсан. Нөгөө найр тавьсан, хяналтгүй засаг нь түүнийг хэрэгжүүлэхээс зүрхшээсэн. Одоо бүр "Монгол мал" хөтөлбөрийн дагуу мянга мянгаар нь төрийн албан хаагчдын тоог нэмэх эсрэг саналыг Засаг гаргаж байгаа сурагтай. Дэлхий даяар засгийн газрууд төрийн албыг цомхон болгох зоримог шийдвэр гаргаж байхад манайх яаж байна! Ер нь манай Засгийн агентлагууд дотроос Тагнуул, цагдаа, хилийн цэрэг, зэвсэгт хүчнээс бусад төрийн агентлагуудын бүтэц санхүүжилтийг орвонгоор нь өөрчилж, тэдгээрийн олонхи нь мэргэжлийн холбоод, нийгэмд үйлчилдэг иргэдийн байгууллагуудтай өрсөлдөж үйл ажиллагааныхаа зардлаа төрөөс олж авдаг, эс чадвал татан буугдах зарчимд шилжих ёстой. Төрд өөрт нь байгаа төсвөөс санхүүждэг бүх үйлчилгээ гэрээнийх байж болно. Хэрэв энэ удаагийн Их Хурал, Засгийн газар төрийн байгууллагуудын бүтэц, санхүүжилтэд эрс өөрчлөлт хийж амжимгүй бол тэр тухай хуулийг нь гаргаад 2012 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлж болно. Нийгэм, төр, хүмүүстээ уг өөрчлөлтөд бэлдэх ийм хугацаа өгье. Төсөв, төрийн байгууллага гэснээс Хөрөнгийн бирж, МИАТ хоёрынхоо асуудлыг хурдан шийдээрэй. Монгол улсад нээгдэж болох олон боломжийн хаалгыг энэ хоёр байгууллага тагласаар байна. Мөн 5 дугаар цахилгаан станцаа хурдан барьж эхлэхгүй бол эрчим хүчний ноцтой дутагдалд бид орж магадгүй байна. Манай Их Хурал, Засгийн газар өнөөдрөөр парламентын 20 жилийн хүндэтгэлээ өндөрлөөд, маргаашаас ирэх 20 жилийн улс орныхоо хөгжлийн суурийг тавьж эхлэхийг хүсье. Үүнд зориулж би түрүүчийн зарим санааг хэллээ. Хөгжиж байгаа орнуудад ойрын жилүүдэд нэг хүндрэл бий болох нь. Арай гэж хөл дээрээ зогсож ядаж байгаа дундаж анги, амьдралаа болгоод байгаа иргэдэд ирэх ачаалал нэмэгдэх нь. Хамгийн ашигтай бизнесийг төр засаг эсвэл үндэстэн дамнасан корпорациуд хийх нь. Харин хамгийн өндөр хүүтэй зээл, хамгийн үнэтэй мөнгө, хамгийн ашиггүй ажил жирийн иргэдэд, үйлдвэр үйлчилгээ, жижиг дунд бизнес эрхлэгчдэд ноогдох нь. Өрмийг нь төр, гадныхан хоёр хамтарч хамж, хусмыг нь ядуу жижгүүд булаацалдах нь. Ингэж нийгмийн хөгжил дэвшил, тогтвортой байдлыг бүрдүүлэгч дундаж анги төр том аж ахуйнуудад хоёр талаасаа шахагдаж агших нь. Энэ бол баялагтай бөгөөд нээлттэй ядуу буурай, хөгжиж байгаа орнуудад тохиолдож байгаа шинэ асуудал. Үүнийг бид онцгой анхаарч, үндэснийхээ хууль тогтоомж, бодлогодоо тусгах хэрэгтэй. Энэ үгийг би Европын төв Брюселльд сарын өмнө хэлсэн. Одоо энэ танхимд хэлчихье.

Эрхэм гишүү дээ! Би үгээ сайн мэдээгээр өндөрлөе. Саяхан ОУВСангийн төлөөлөгчид надтай уулзсан. Манай оронд валютын сангийн хөтөлбөр иж бүрнээр амжилттай хэрэгжиж дууссан тухай мэдээлсэн. Монголын энэ амжилт манай бүс нутагт, өнгөрөгч хориод жилд шилжилт хийсэн улс орнуудын дотор ч ховорхонд тооцогддог юм байх. Юу ч болов Монголчууд улс орныхоо цаашдын хөгжлийн асуудлыг олон улсын санхүүгийн байгууллагын хөтөлбөр туслалцаагүйгээр бие даан шийдээд явах чадвартай болсон гэдэг үнэлгээ бол яах аргагүй сайн мэдээ. Өөрөө өөрийгөө толгой даагаад аваад явах чадавхи манай нийгэм, эдийн засаг, хувийн хэвшил, мөнгө санхүүгийн орчинд бүрэлдэн бий болж байна. Ойрын өдрүүдэд тэрбум доллараар тооцогдох хөрөнгө эргэлдүүлэх боломжтой хувийн аж ахуйн нэгж манай улсад гарч ирж байна. Шалгуур өндөртэй олон улсын банк, санхүүгийн байгууллагаас манай үндэсний компаниуд дэмжлэг авч тийм стандарт түвшинд хүрсэн нь сайн хэрэг. Монголчуудын, ялангуяа манай залуу үеийнхний сэтгэхүйн цар дэлхийн дундажаас дутахгүй болжээ. Ирээдүйдээ итгэх, өөртөө итгэх, амжилт дэвшилд хүрэх хүмүүсийн урам зориг итгэл нэмэгдэж байна. Спортын, бизнесийн, урлагийн шинэ шинэ амжилтууд сонор мялаах боллоо. Хамгийн гол нь монголчууд шинэ сонголтынхоо 20 жилийн өндөрлөгт гарчихаад амжилт ололт, алдаа дутагдал, зовлон бэрхшээл, тэдгээрийн шийдэл гаргалгаа, шинэ шинэ боломжуудын тухай зовхи өөдрөг хэлэлцэж байна. Би улс орныхоо, ард түмнийхээ ирээдүйд итгэлтэй байна. Манай орны бүх сайн сайхан, хөгжил дэвшлийн баталгаа бол эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч Монголын ард түмэн. Өөрийн хүч боломждоо итгэсэн, нийтлэг үнэлэмж эрх ашигтай, чөлөөт нийгмийн мөн чанарыг мэдэрсэн, тэнд байх байр сууриа таньсан хүмүүс бол манай нийгмийн хамгийн том хүч. Тийм ард түмний өмнө ямар ч хүнд суртал, ямар ч мугуйд албан тушаалтан, бурангуй систем хүчин мөхөсдөх болно. Анхны ардчилсан байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны түүхт ой тохиож байгаа энэ өдрүүдэд би Монгол улсын төрийн тэргүүний хувьд нэг дүгнэлтийг нүүр бардам хэлж чадна. Энэ бол "Монгол улсад парламентат ёс төлөвшин тогтож чадлаа. Парламентат ёс бол монгол түмний нийтлэг эрх ашигт нийцтэй болох нь нотлогдлоо. Парламентын ардчилал нь иргэдийн төлөөллөөс иргэдийн оролцоогоор улам төгөлдөршинө" гэсэн дүгнэлт юм. Монголчууд төрт ёсны ариун баялаг уламжлалтай. Тэр тусмаа "бүгдээрээ хэлэлцвэл буруугүй" гэдэг иргэнлэг, шалгагдсан зарчимтай. Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг бид ирэх 2011 онд тэмдэглэнэ. Бид тулгар төрийнхөө мянганаар тоологдох түүхийн сүүлийн 20 жилийн тухай энэ өдрүүдэд хэлэлцлээ. Ард түмэндээ амжилт хүсье.

Монголын тулгар төр мөнх орших болтугай. 2010.10.20.

Read More......