Дараа жилийн наадам даан ч хол байна даа



Нар, хур тэгширсэн сайхан наадам болж өндөрлөлөө. Үндэсний портал GoGо.mn дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт Монголчууддаа баяр наадмын үйл ажиллагааг цаг алдалгүй дамжуулсаар ирсэн билээ.

Энэ жил өмнөх наадмуудыг бодвол харьцангуй зохион байгуулалт өндөртэй элдэв будилаан бага сайхан наадам болж өнгөрлөө.

Хэдийгээр дэлхийн олон улсад гахайн томуу дэгдэн улс бүрт жуулчлалын тоо эрс багассан үзүүлэлт гарч байгаа ч манай улсын баяр наадмыг үзэхээр ирсэн жуулчдын тоо өнгөрсөн жилийнхээс буураагүй байна.

Манай сурвалжлах хэсэг жуулчидтай уулзан сэтгэгдлийг сонсоход тэдний ихэнх нь манай баяр наадамд сэтгэл хангалуун, Монголын ард түмний найрсаг сайхан харилцааг гайхан ярьж байлаа. Жуулчдын сэтгэгдлийг та энд даран үзнэ үү.

Мөн энэ жил манай Үндэсний баяр, наадмыг сурвалжлахаар гадны 20 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөгчид ирсэн байсан юм.

Манай иргэд ч наадмын зохион байгуулалт, үйлчилгээнд сэтгэл өндөр байсан.

Есөн хөлт цагаан тугийг Засгийн газрын ордноос Төв цэнгэлдэхэд залах хүртэл үйл ажиллагааг наадамчин олон сонирхон үзэж байлаа.

Түмнээ баярлуулсан хурдан хүлэг Шарга азарга улсын баяр наадамд зургаа дахь түрүүгээ авч түүхэн амжилтыг тогтоон Монгол адууны хурдан удам үргэлжилж буйг сануулсан бол Далай аварга Г.Өсөхбаяр өвөө аав “Буур” Н.Жамьяан аваргын амжилтыг давтан Даян аварга болсон.

Сур харваанд өмнө нь Улсын баяр наадамд түрүүлж байгаагүй эрхий мэргэн харваачид түрүүлж Үндэсний уламжлалт спортын залуу халаа төрөн гарч ирж буйг түмэнд зарлалаа.

Үндэсний Их баяр наадмын нээлтийн ажиллагаа, шандас хурдан хүлгийн уралдаан, хүчит бөхийн барилдаан, эрхий мэргэн харваачдын сур харваа гээд Эрийн гурван наадам наадамчин олны уухайн дор ийнхүү болж өндөрлөлөө.

Дараа жилийн наадам даан ч хол байна даа.

Эрхэм уншигчид та бүхэн Их Монгол улс байгуулагдсаны 803, Ардын хувьсгалын 88 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын торгон агшингуудыг тоймлосон видео болон бусад сурвалжлагыг манай Холбоотой мэдээ- нээс хүлээн авч үзнэ үү.

Эх сурвалж: www.gogo.mn
Read More......