Монголчууд лам хуврагт биш сэтгэл зүйчид хандах нь ихэсчээ

“..Амьдрал гэдэг тэр залуугийн хувьд шал утга учиргүй зүйл бай­лаа. Хэний төлөө, юуны тулд амьд­раад байгаагаа, тэр ч бүү хэл өөрөө өөрийгөө ойлгохоо больжээ. Ма­шин, байр бий. Дээрээс нь бусдын зовж олдог мөнгийг тэр гарынхаа салаагаар урсгадаг. Тэгсэн атал амьдрал түүнд хов хоосон юм шиг санагдах болж. Тиймээс тэр сэтгэл зүйчид хандахаар шийдэж. Түүний шийдвэр зөв байлаа. Сэтгэл зүйчид хандсанаар түүний бодол санаа бүгд өөрчлөгдөж. Одоо тэр амьд­ралд идэвхтэй нэгэн болж хувирсан байна.

Энд өгүүлсэн залуу шиг амьд­ралд итгэдэггүй, өөрийгөө олохоо больчихсон хүмүүс зөндөө байдаг гэнэ. Тэд “Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төвд хандсанаар өөртөө итгэх, амьдралд итгэх итгэлээ олдог юм байна.

Тус төвийн сэтгэл зүйч Б.Ууганцэцэгтэй уулзаж ярилцсан юм. Хүмүсийн дунд байдаг хэрнээ, бусдаас асууж чаддагүй олон аминчхан асуултад түүнээс хариулт авахыг хүслээ. Хэрэв та түүнтэй жич харилцахыг хүсвэл www.uugantsetseg.blog.banjig net хаягаар хандаарай. Тус төв хүмүүст сэтгэл зүйн туслалцаа үзүүлээд дөрвөн жилийг үзжээ. Энэ хугацаанд гурван настай балчраас 80 настай буурал хүртэл тэднийд хандсан байх юм. Тус төв сэтгэл зүйн зөвөлгөө өгдөг, мөн сэтгэл зүйн оношилгоо хийдэг, сургалт явуулдаг, судалгаа хийдэг гэнэ. Хэрэв танд бие хүн болоод гэр бүлийн асуудал үүсвэл лам хувраг гэж гүйхээсээ илүү сэтгэл зүйчид хандаад үзэхэд илүүдэх юун.

-Жаал хүүгээ хөтлөөд танай төвөөр үйлчлүүлээд гарч байгаа бүсгүйг харлаа. Гуравхан настай хүүд сэтгэл зүйн тусламж авах ямар шалтгаан байв аа?

-Тэр бүсгүй хүүхдийнхээ сэтгэл зүйг оношлуулаад гарсан юм. Хүүхэд нь их дуу цөөтэй юм байх. Аав нь гадаадад байгаа болохоор бэтгэрчихэж магадгүй гэж бодсон юм шиг байна. Нэг үеэ бодоход монголчууд маань их боловсон, сэтгэл зүйчдийн үнэ цэнийг мэддэг болсон байна. Манайхаар бага насны хүүхдүүд цөөнгүй үйлчлүүлдэг. Зарим хүмүүс хүүхдээ хэрээс хэтэртэл худлаа яриад байх юм гээд манай төвд ханддаг бол зарим нь хүүхэд нь бусдыг юмыг хулгайлаад байна гэх ч юм уу, эсвэл зүгээр л миний хүүхдийн сэтгэл зүй ямар байна гээд оношилгоо хийлгүүлэхийг хүсдэг.

-Сэтгэл зүйн оношилгоо гэж яг юуг хэлээд байгаа юм. Сэтгэлийг эрхтэн гэдэг ч бусад эрхтнийг бодвол хоосон зүйл болохоор оношилно гэхэд санаанд нэг л буухгүй байна?

-Сэтгэл зүйн оношилгоо бол их нарийн том арга зүй шүү дээ. Бусад эрхтнийг бол эхо, компьютер энэ тэрээр үзэж оношилж болно. Сэтгэл зүйг зүгээр л ярьж суугаад оношилчихдог гэж зарим хүмүүс боддог байж магадгүй тийм бишээ. Тэр хүний тархи, оюун бодол руу гүн гүнзгий нэвтэрч байж л оношилдог хэрэг шүү дээ. Зарим хүн сэтгэл зүйчдэд хандахдаа шүдний өвчин сугалаад авчих юм шиг л ойлгодог. Тэгж ойлгож болохгүй. Сэтгэл зүй бол олон удаагийн, урт хугацааны эмчилгээ шаарддаг юм.

-Залуучууд хэр их ирж үйлчлүүлж байна?

-Нийгэм маань залууст маань их нөлөөлөөд байх шиг. Хараад байх нь ээ, хавар намарт манай төвийн ачаалал эрс нэмэгдчихдэг. Өвөл, зун харьцангуй гайгүй. Улирал ч бас хүний сэтгэл зүйд их нөлөөлдөг юм байна. Залуус маань үлгэрлэн дууриах хүнгүй, зорилгогүй болжээ. Амьдрал утгагүй байна гэх маягийн юм ярьсан залуус ирдэг. Тэгээд “Амьдрал ямар үед чинь сайхан байдаг вэ” гэхээр “Сэтгэл санаа тайван, асуудалгүй үед” гэж хариулах нь элбэг. Тийм асуудалгүй амьдрал огтхон ч байдаггүй юм шүү дээ. Тэр асуудлаа өөрөө эвтэйхэн зохицуулаад өөртөө хүндрэл үүсгэхгүй байх нь чухал юм. Залуусын маань ихэнх нь байртай, том жиптэй болчихвол амьдрал нь утга учиртай болно гэж боддогоо нуудаггүй. Тийм биш шүү дээ, амьдрал тэмүүлэлтэй, зорилготой байж л утга учиртай болдог. Ялангуяа наяад оны сүүлч, ерээд оны ихээр төрсөн залуучуудад ийм байдал их анзаарагдаад байдаг юм.

-Зарим хүүхэд том болохоороо хэт их мөнгөнд шунадаг. Энэ юунаас болдог юм бол?

-Сэтгэл зүйд дутуугийн мэдрэмж гэдэг нэг ойлголт байдаг юм. Хүн багадаа өмсөх зүүхээр дутвал том болоод хувцас хунар л худалдаж аваад байдаг. Мөнгөөр дутвал том болоод мөнгө л хураагаад байдаг юм. Гоё гутал өмсөх юмсан гэж багаасаа мөрөөдсөн хүүхэд том болохоороо гутал л цуглуулаад байдаг байхгүй юу. Ер нь бол сэтгэл зүйн хувьд амьдрал дундуур дүүрэн байх ёстой гэдэг зарчим л хамгийн үнэн юм билээ. Хэт хангалуун байдалд өссөн хүүхэд том болоод ямар нэгэн эрсдлийг даван туулах чадваргүй болдог. Тэгэхээр нөгөө талаас нь аваад үзэхэд бас дутуугийн мэдрэмж хэрэгтэй байдаг юм. Тийм болохоор л амьдрал дундуур дүүрэн байх хэрэгтэй. Хүүхдээ тийм байлгах хэрэгтэй.

-Эцэг эх хүүхэд хоёрын харилцаанд сөрөг үзэгдэл гарах нь бий. Ялангуяа өсвөр насныхан эцэг эхдээ худлаа хэлэх нь цөөнгүй байдаг. Түүнээс болоод зөрчил үүсдэг шүү дээ.

-Хүүхдээ хайрлаад байна гээд хэт нялганах их буруу. Бас сайн хүн болгох гээд байнга загнаад, хатуулж, ширүүлээд байх нь зөв алхам биш. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ багаас нь мөнгөтэй харьцуулж сургах хэрэгтэй юм билээ. Зүгээр л нэг жишээ дурдахад 50 мянган төгрөг өгөөд “Сарынхаа хоол хүнсийг миний хүү цуглуулаарай” гээд үз л дээ. Тэр хүүхэд тэр мөнгийг хүргэх гэж яаж зовдгийг мэднэ. Бас хүүхэд чинь том итгэл дааж байгаагаа ойлгоно. Түүнээс бус чи үрчихэвээ энэ мөнгийг гэвэл хүүхэд заавал үрэхийг хүсдэг. Ялангуяа бага насныханд болохгүй, бүтэхгүй гэх үгийг эсрэгээр хүлээж авдаг. Яагаад болохгүй байгаа юм бол болгоод үзье гэж хэрэгт дурладаг. Худлаа ярихын тухайд их сонин л доо. Саяхан 20 гарсан залуугаа дагуулаад нэг ээж манайд хандсан юм. Хүүхэд нь аймшигтай худлаа ярьдаг болчихсон гэнэ. Практикаас харахад хүүхэд нэг л өдөр худлаа ярьчихдаг юм биш. Их багаар өмнө нь зөндөө ярьдаг байсан байж л таараа. Эцэг эх нь түүнийгээ анзааралгүй явж байгаад бүр “савных нь амсраар ус нь халиад” ирэхээр л мэдсэн хэрэг шүү дээ. Тэгэхээр эцэг эх хүүхдээ сонсдог байх хэрэгтэй. Хүүхдээ сонсоно гэдэг хамгийн том хүндлэл гэдгийг л ойлгоорой Read More......