Ц.Элбэгдорж:Ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний хамтын бүтээл, түүхэн бахархал

 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрх чөлөөт Монголын ард иргэд ээ,

Эрхэм төрийн түшээд, хүндэт зочид оо,

Монголын ард түмний нийтлэг ололт болох Ардчилсан Хувьсгалын ойн баярын мэнд хүргэж ардчилал, эрх чөлөөний үйл хэрэгт бие сэтгэлээ үл хайрлан зүтгэгч нийт иргэддээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.

Одоогоос яг 20 жилийн өмнө энэ цаг мөчид Монгол оронд ардчилсан хөдөлгөөн үүссэнийг тунхаглаж зорилго, үйл ажиллагаагаа олон нийтэд зарлаж байсан. Ардчиллын төлөө тэмцэл амар хялбар байгаагүй. Харин ололт амжилт нь нийтлэг байсан. Ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний хамтын бүтээл, түүхэн бахархал.


Монгол Улсын сайн нэр төрөөс ардчиллыг ангид авч үзэх аргагүй болжээ. Манай нийгмийн үнэт зүйл бүхэн ардчилалтай, хүний эрх, эрх чөлөөт байдлын хэрэгжилттэй уялдан үнэлэгдэж байна. Ардчилсан сонгууль, хувийн өмч, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, олон намын тогтолцоо, шүтлэг бишрэлтэй байх эрх чөлөө, иргэдийн оролцоо, санал бодол гээд. Эдгээр нь аль нэг нам хүчний өмчлөл санаачлага, удирдамжийн хүрээнээс хальж Монголын нийгмийн нийтлэг үнэлэмж болж чадсан. Ийм учраас өнгөрөгч хорин жилийн үйл явцыг Монголын ард түмний нийтлэг ололт амжилт гэж дүгнэж байгаа юм.

Хүмүүний нийгмийн аливаа өөрчлөлт, хувьсал, хувьсгал явж явж хүнтэйгээ л холбогддог. Хүн тухайн байгууламжийн эрэг шураг, эсвэл эзэн байхаас тухайн нийгмийн, мөн үзэгдлийн мөн чанар илэрхийлэгддэг. Өнгөрөгч 20 жилийн Монголын нийгэмд өрнөж буй үйл явцын агуулга нь хувь хүнээс өөрөөс нь, тухайлж хэлбэл хүний эрх, эрх чөлөөт байдлаас үүсэлтэй, түүний хэрэгжилттэй шууд уялдаж байгаа учраас “ардчилсан” гэдэг тодотголыг зүй ёсоор авдаг.

Хувьсгал гэхийн учир бол манай нийгмийн үнэлэмж, шийдвэр гаргах үйл явц, хүн бүрийн ажил амьдралд чанарын өөрчлөлт гарсанд оршино. Иргэн үзэл бодлоо илэрхийлбэл “цуурлаа” гэж, шүтлэг бишрэлтэй бол “буруу номтон” гэж шийтгэгдэхээ больсон. Худалдаа хийвэл “дамын наймаачин” гэж мөрдөгдөхөө байсан. Гадагшаа дотогшоо ч манай иргэд “зам явах”-гүй чөлөөтэй зорчдог болжээ. Өмч хөрөнгөтэй болбол “хувийн сонирхолтой” гэж ад үзэгдэхээ байжээ. Энэ бол зөвхөн энгийн ухамсрын төвшний өөрчлөлт. Харин ч энэ бүхэн байхгүй гэвэл монголчууд бүр гайхах түвшинд хүртлээ манай нийгэм өөрчлөгджээ. Хүний унаган эрх төрөлх эзэндээ идээшнэ гэдэг л энэ байх.

Монголчуудын хувьд ардчилсан хувьсгал бол зөвхөн дотоод асуудал байгаагүй. Улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөт, бүрэн эрхт байдлаа жинхэнэ ёсоор баталгаажуулж, түүндээ эзэн байх түүхэн боломжийг нээсэн юм. Нөгөөтэйгүүр өнгөрөгч 20 жилийн Монголын нийгэмд өрнөсөн үйл явц нь зөвхөн тухайн он жилүүдийн ололт амжилт төдий зүйл биш юм. Төр улсын удаан жилийн зузаан түүхтэй, Монгол түмний олон зуун дамжсан тэмцэл зүтгэлийн үр дүн юм. Найман зууны тэртээ морио унаад гарсан Монгол цэргийн ар гэр, үр сад их ч юм үзэж, их ч юм бүтээсэн байж таарна. Их түүхээрээ бахархаж, эрх чөлөөгөө олж, хувь заяандаа эзэн болох тэр л түүхэн боломж бүрдсэн, тэдгээрийг улам баталгаажуулах үйл явц үргэлжилж байна гэж өнгөрөгч, өнө, ирээдүйн өрнөлийг холбон дүгнэвэл зохилтой.

Товчхондоо өнгөрөгч 20 жилийн сонголт нь манайхны хэлдгээр “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэсэн агуулгад илүүтэй нийцнэ. Монголын ард түмэнд үндэсний бахархал уламжлал, соёл, түүх бий. Бас нийтийн жишгээр ажиллаж амьдрах, амжилт бүтээлээ ч, алдаа дутагдлаа ч тийм л жишгээр дүгнэж цэгнэх нөхцөл боломж бүрдэж чаджээ.

Өнгөрч буй хорин жилд Монголчууд бахархам түүх бүтээж чадсан. Бахархам олон амжилтын эзэн болцгоосон. Нийгэм нь ардчилсан үнэлэмжтэй, хүн нь хувь заяандаа эзэн ардчилсан улс болсон. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа завхрал, хар бараан зүйлс ч их бий. Тэртээ тэргүй энэ тухай өдөр бүр ярьж байна. Бид ч сүүдрээ нуудаггүй нийгмийг сонгосон улс. Гэхдээ гэрэл гэгээтэйгээ илүү дэмжиж, муугаасаа сургамж авч урагшилдаг нь хүний нийгэм дэх сайны ёс. Хийх бүтээх сайн үйлээ ерөөж бүтээдэг нь Монголчуудын ёс.

Нийгмийн аливаа үзэгдэл түүний дотор томоохон өөрчлөлт, хувьсгал хүртэл өөрийн санаачлагч, манлайлагч, хөдөлгөгч хүчтэй. Гэхдээ тухайн хувьсгалын тулсан тулга нь халуунаараа, гаргасан зам мөр нь шинэхэнээрээ байхад тэр бүхэнд бодит үнэлэлт дүгнэлт өгөх нь амаргүй байдаг. Харин өнөөгийн сайн сайхныг бий болгохын төлөө зүтгэсэн одоо бидний дунд байхгүй байгаа олон хүнийг бид хүндэтгэх учиртай.

Сайн зүйлийг бүтээхэд нэг насны амьдрал багадах нь бий. Сайн сайханд итгэгчид, түүнийг бүтээн бий болгохын төлөө зүтгэгчдийн үйл хэрэг байнга үргэлжлэлтэй байдаг. Түүнийг үргэлжлүүлэх нь үлдэгсэдийнх нь, цаг цагийн залгамж үеийнх нь хүндтэй үүрэг, хариуцлага болж хувирдаг. Иймээс эрх чөлөөт, шударга, сайхан нийгмийн төлөө ажил, зүтгэл, тэмцэл бол хүн бүрийн нийтийн төлөө хүлээсэн үүрэг нь юм.

1989, 1990 оны түүхэн цаг үеийн ээдрээт, хүнд сорилтууд, тэдгээрийн шийдэл тайлал үнэхээр амар байгаагүй. Тэр үйл явдалд оролцогч хүн бүр л, байсан суусан газар бүрнээ хувьсгалч, ухуулагч, тэмцэгч, шүүмжлэгч, хэлэлцэгч, удирдагч байсан. Гэхдээ тэр их үйл хэргийн бодит төлөөлөл болсон одоо бурханы орноос биднийг харж байгаа хоёр зүтгэлтний тухай онцгойлон дурдах нь зүйтэй гэж би үзэж байна. Нэг нь тухайн үед нам төрийг удирдаж байсан Жамбын Батмөнх гуай. Нөгөө нь ардчилсан хөдөлгөөнийг удирдсан Санжаасүрэнгийн Зориг.

Хуучин нийгмийг донсолгосон тэр үйл явц хувьсгал гэж нэрлэгдэх, түүний өрнөл шийдэл нь тайван, үргэлжлэл нь ардчилсан байх нөхцөл бол дээрхи хоёр удирдагчийн оролцоо, үйл хэрэгтэй салшгүй холбоотой. Ж.Батмөнх гуай, С.Зориг хоёроор төлөөлүүлж тэртээх цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын ололтууд бүтэн болж чадсан. Дээрхи хувьсгалын үр шим нь нийтлэг шинж чанартай, манай өнөө болон ирээдүй үеийнхний бахархал, нийгмийн үнэт зүйл болон өвлөгдөх хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх болсон. Энэ нь чухамхүү тэр түүхэн шийдэлд оролцогчдын залуу, ахмад үеэ хүндэтгэх хүндэтгэл, итгэл үнэмшил, эцсийн эцэст улс Монголоо гэх сэтгэлийн хатаас үүдэлтэйг өнөөдөр тэмдэглэхэд таатай байна.

Аливаа ард түмэн, улс орон бүхэнд нийтээр бахархан тэмдэглэдэг түүхт ой, түүхэн үйл хэрэг гэж байдаг. Монголчуудын хувьд ийм түүх хорин зуунаас ч урт. Бас мянганаар, зуунаар тоологдон өртөөлсөн олон бахархал бидэнд бий. Гэхдээ түүхэн, содон үйл явц бүхэн жил бүр тохиогоод, өрнөөд байдаггүй. Нэг үеийнхний амьдралд нэг тохиох нь ч бий. Огт тохиохгүй нь ч бий. Цаг үеийн шалгарлаар түүхэн үйл явдлууд зарим нь тодордог. Зарим нь бүдгэрдэг. Зарим нь нэг нэгэндээ уусдаг. Гэхдээ өнгөрөгч 20-р зуунд бол Монголчуудын хувь заяанд түүхэн, эргэлтийн, дэвшилтэт гэж хэлж болох содон үйл явдлууд цөөнгүй тохиосон. Зөвхөн 20-р зууны эхний хагас гэхэд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, ардын хувьсгал, бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлж хөршүүдтэйгээ дипломат харилцаа тогтоосон түүхт үйл явдлууд болжээ. Хоёрдугаар хагасаас Монгол Улс НҮБ-д элссэнийг, ардчилсан хувьсгал өрнөснийг дурьдахад хангалттай.

Улс үндэстнийхээ амьдралд тохиосон түүхэн үйл явцад хүндэтгэлтэй хандаж, нийтлэг үнэлэмжийг нь өвлөн хамгаалж, баяжуулан хөгжүүлэх нь үе үеийнхний журамт үүрэг юм. Өнөөдөр Монголын ард түмний хууль ёсны төлөөлөл болсон УИХ Ардчилсан Хувьсгалын ойд зориулан хүндэтгэлийн чуулган хийж байгаа нь гүн учир утгатай, их хүндэтгэлтэй төрийн ёслол юм. Энэ үйл явдлаар Монголчууд 20 жилийн хуваагдалдаа цэг тавьж чадлаа. Нэг нь ардчиллыг “гавъяа” гэж нөгөө нь “гай” гэж үнэлдэг юм шиг ойлголт ард хоцорлоо. Төрийн дээд түвшиндээ ардчиллыг, ардчилсан хувьсгалыг Монгол хүн бүр нийтлэг ололт гэж хүлээн зөвшөөрч чадлаа. Өнөөдрөөс эхлээд Монгол хүн бүр ардчилагч боллоо. Ардчилагчгүй ардчилал гэж байхгүй. Бүгдээрээ бид ардчилагчид боллоо. Баяр хүргэе монголчууддаа, ардчилагчиддаа.

Үе үеийн бодлого тодорхойлогчдод улс орныхоо хувь заяанд нөлөөлөхүйц шийдвэр гаргах боломж байдаг. Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Монгол түмний түүхэнд тэмдэглэгдэн үлдэх түүхэн шийдвэр гарах боломж байгааг бас дурьдах нь зүйтэй. Зөвхөн цаг хугацааны талаас нь авч үзэхэд ХХ зуунд Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн зарим содон үйл явдлууд нь ойролцоогоор 20-иос 30 жилийн давтамжтай байгаа юм. Хорин жилийн сургамжаа Монголчууд чулуу болгож, хорин нэгдэх зууны буурал түүхэндээ үсрэнгүй дэвшил хийх үү, эсвэл бахь байдгаараа үлдэх үү гэдэг түүхэн шийдлийн гол гогцоо энэ танхимд, энэ парламентын өнгө дээр шийдэгдэх боломж бий гэж би хувьдаа итгэдэг.

Энэ Их Хуралд Монгол Улсыг эдийн засгийн хувьд урьд хожид байгаагүйгээр хүчирхэгжүүлэх, ардчилал, шударга ёсны зорилтыг агуулгын хувьд төгөлдөржүүлэх түүхэн шийдлүүдийн эх баригч болох бүрэн боломж бий. Юутай ч болов өнгөрсөн жил гаруйнхны хугацаанд энэ Их Хурлын түүх бичлэгт тод үлдэх хоёр үйл явдлыг нэрлэж болно. Нэг нь Оюутолгойн ордыг ашиглах гэрээ, нөгөө нь хүний эрхийн дэд хорооноос ойрмогхон зохион байгуулсан “Нээлттэй сонсгол”. Хууль журмаа төгөлдөржүүлээд үргэлжлүүлж чадвал дээрхи хоёр үйл явдал хоёулаа Монголчуудын шинэ сонголтыг баталгаажуулах, түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чухал ажлууд.

Өнгөрч буй 20 жилийн тухай бид их ярьсан. Цаашид ч ярина, шүүнэ, тунгаана. Магадгүй нийтийн хэлэлцүүлэгт хамгийн их өртсөн, өртөж байгаа Монголын түүхийн нэгэн содон үйл явдал ч энэ мөн байх. Зөвхөн өнөөдрөөр ардчилсан хувьсгалын ойг тэмдэглэх үйл явц өндөрлөхгүй. Харин эхэлж байгаа юм. Бүтэн жил бүгдээрээ өнгөрснөө дүгнэж ирээдүйгээ төлөвлөнө, хийх ажлаа ч хийнэ.

Дараачийн 20 жилд бид юу хийх вэ?

Дараачийн 20 жилд бид юу хийх вэ! Энэ бол өнгөрсөн 20 жилд юу хийснээс ч илүүтэй, өнөөгийн бидэнтэй, шийдвэр гаргагчидтай уялдах асуудал. Хийх ажлаас илүүтэйгээр ирэх 20 жилд нүүрлэх сорилтууд, хүндрэлүүд, улс төрийн хэллэгээр “хэцүү асуудлууд” одоо ч мэдрэгдэж байна.

Өнгөрсөн 20 жил магадгүй түүнээс ч олон жил биднийг зарим талаар тойрч байсан геополитикийн шинэ асуудлуудтай бид тулна. Монголд хөрөнгө мөнгө урьд хожид байгаагүйгээр нэмэгдэх төлөв бий. Мөнгө дагасан сонирхол ч нэмэгдэнэ. Эрх ашгийн зөрчил ч нэмэгдэнэ. Асуудлыг шийдэхэд улам төвөгтэй болно. Иргэнд ч, төрд ч дээрхи хүндрэлүүд тусна.

Нөгөөтэйгүүр олон зүйл эрчимтэй өөрчлөгдөж байна. Байгаль цаг уур хүртэл өөрчлөгдөж байна. Хүний мэдлэг мэдээлэл өөрчлөгдөж байна. Нийгэм төрийн үүрэг ч өөр болж байна. Улс орон, бүс нутаг, дэлхийн хөгжил хөдөлгөөн ч өөр боллоо. Нэг юм ойлгомжтой байна. Ирэх 20 жил өнгөрсөн жилүүд шиг байхгүй нь ойлгомжтой. Дахиад асууя. Ирэх 20 жилд бид юу хийх ёстой вэ!

Хамгийн ойрхоноос эхэлье. Эдийн засгаасаа эхлэе. Би энэ намрын чуулганд хөгжлийн тухай ярихдаа бусдын сайн жишиг, стандарт, шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэхийг чухалчилсан. Монгол Улс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэйг онцолсон. Монгол Улс том эдийн засагтай болъё гэвэл том сэтгэх хэрэгтэй. Хилээсээ гарч сэтгэх хэрэгтэй. Наад зах нь гэрийнхээ эдийн засгийг сумынхаа хэмжээнд, сумынхаа эдийн засгийг аймгийнхаа хэмжээнд, аймгийнхаа эдийн засгийг бүсийн хэмжээнд, улсынхаа эдийн засгийг дэлхийн хэмжээнд харах хэрэгтэй.

Хорьдугаар зууны эхэнд Дашдоржийн Нацагдорж хөмөрсөн тогооны тухай хэлсэн. Нэг аж ахуйн нэгж эсвэл нэг үйлдвэр байгуулахдаа хүрэх газраа харж ажлаа төлөвлөцгөөе. Түүнээс биш хажуу айлтайгаа, хажуудахтайгаа талбар булаацалдах биш, өрсөлдөх биш. Даяаршилын ачаар Монголын хүрч болох талбай их өргөссөн. Бусдын хийсэн бүтээсэнтэй, эсвэл бусдад байгаатай, бүр өөрт байхгүйгээ бий болгож байж дэлхийн дэвжээ хайна гэвэл цаг алдана.

Монголчууд газрын баялгаараа дэлхийд гарч болно. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ гарч болно. ХХ зууны далаад онд Явуухулан “Надад дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж бичиж байсан. Монгол хүний оюуны чадавхид дэлхийн дэвжээ хэрэгтэй. Монголын зэсэнд, нүүрсэнд, уранд, ноолууран бүтээгдэхүүнд дэлхий дэвжээ хэрэгтэй. Дэлхийг дэвжээгээ гэж харвал Монголчууд бие биендээ нөхөр болно. Хөмөрсөн тогоон дотроо байгаад байвал бие биенээ урна, тамираа барна, татаж унагана.

Ардчилсан хувьсгалын нэг ач бол тэр тогоог авч хаясанд оршино. Бид нийгмээ бүрхсэн тогоог авч хаясан атлаа, сэтгэл доторхи тогооноосоо салаагүй явна. Бид ойрын жилүүдэд дэлхийд гарах учиртай. Хийж чадах, боловсруулж чадах, үйлдвэрлээд борлуулж чадах бүтээгдэхүүнээрээ бид дэлхийн зах зээл дээр өрсөлдөгч болох ёстой. Эдийн засгийн хувьд баталгаажаагүй, олны хүртээл болоогүй ямар ч үнэт зүйл, ололт амжилт түр зуурынх л байх болно.

Бид бодитой юм хийж бүтээж, түүнийгээ хэрэглээ болгож улс орынхоо ч, хүн төрөлхтөний ч хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах ёстой. Ингэж Монголоос хамаарах бусдын хамаарлыг нэмэгдүүлэх нь бидний зорилго. Аливаа улс орон ялангуяа манайх шиг улс бусдад хамаарлаа багасгаж биш нэмэгдүүлж бие даасан байдал, хөгжил дэвшлээ баталгаажуулдаг эрин үе ирж байна. Ардчиллын жилүүдийн Монголын хамгийн агуулга сайтай, бодит ололтын нэг нь манай улсын гадаад бодлогын салбарт гарсан гэвэл олон хүн санал нийлэх байх. Одоо манай Засгийн Газрын хэлээд байгаа гадаад харилцааг эдийн засагжуулах гэдэг ойлголт бол хүрч болох зах зээлдээ, борлуулж болох бүтээгдэхүүнээ боловсруулж хүргэх тухай л санаа юм. Сайн түнш олж байгаа боломжийг хамтарч ашиглах бодлого юм. Ингэснээр манай үндэсний эрх ашиг бусдын эрх ашигт хүргэх нөлөөгөөр, сайнаар хэлбэл бусдын хөгжилд оруулж байгаа хувь нэмрээр, ач тусаар улам баталгаажна гэсэн үг.

Ирэх 20 жилд Монгол Улс эдийн засаг нь үсрэнгүй хөгжсөн, үйлдвэржсэн, эрх ашиг нь улам баталгаажсан орон болох ёстой. Монголчууд гаднаа сайн нэртэй болохын тулд дотроосоо гэрэлтэж байх учиртай. Бид гадагш хичнээн гүйгээд дотооддоо ажил маань өөдлөхгүй бол улсаараа урагшилж чадахгүй. Дотооддоо хууль биелдэггүй, шүүх хуулийн байгууллага нь шударга биш, төрийн ажил нь хүнд суртал авлигатай, түмэн олондоо нэр хүндгүй бол ямар ч ажил бүтэхгүй. Монгол улс өнгөрөгч 20 жилд нэр томъёо, гарчиг, таних тэмдгийн өөрчлөлтийг хангалттай хийсэн. Одоо бидэнд агуулгын өөрчлөлт л хэрэгтэй байна. Энэ байдал ч статистикаас харагдаж байна. Монголын хүн амын 90 орчим хувь нь ардчиллыг дэмждэг гэж хариулдаг. Гэтэл тодорхой төрийн байгууллагын ажлын тухай асуухад тэр дэмжлэг хүн амын дотор гуравны нэг хувьд ч хүрэх үгүйтэй байна. Энэ бол өнгөрсөн 20 жилийн та бидний ажлын үр дүн хөрсөн дээрээ сайн буугаагүй, очих эзэндээ бүрэн очоогүй, хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхгүй байгааг л харуулж буй үзүүлэлт.

Иргэддээ эрхийг нь өгье

Дээрхи хэцүү мэт асуудлын шийдэл бол маш энгийн. Манай нийгэмд болохгүй бүтэхгүй байгааг, олон юмыг засах, өөрчлөх шийдэл бол ганц. Энэ бол-иргэний оролцоо. Иргэддээ эрхийг нь өгье. Тэгээд л гүйцээ.

Монгол бол эрх чөлөөний суурьтай орон. Монголын төрд ч иргэнийхээ оролцоог урамшуулж ирсэн уламжлал бий. Хот айлынхаа асуудлыг ах дүүгээрээ цуглаж ярилцдаг. Хошуу нутгийнхаа нийтлэг эрх ашгаа бултаараа чуулж хуралдаж, дүрэм журам гаргаж шийддэг л байсан. Бид чинь дэлхийд нэртэй эзэн хаанаа хүртэл Их хурилдай хийж сонгосон ард түмэн.

Хүний оролцоогүй хүний нийгэм байж болохгүй. Иргэний оролцоогүй иргэний нийгэм ч байх боломжгүй. Иргэний оролцоо асуудлын шийдлийг хүндрүүлдэг биш тухайн шийдлийн амьдрах чадвар, хэрэгжилтийг нөхцөлдүүлдэг. Хүн оролцож шийдсэн юмандаа дуртай байдаг, биелүүлэмтгий байдаг. Манай төрийн байгууллагын гол зовлон бол шийдвэр, хууль дүрэм, тушаал заавар гаргаж чадахгүйд биш, харин гарсан нь муу биелдэг, дутуу хэрэгждэгт байгаа юм.

Ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн шийдвэр гаргахад оролцсон, наад зах нь тийм шийдвэр гарах гэж байгааг мэдсэн байхад л хангалттай. Тийм шийдвэрийг иргэн ч биелүүлдэг, зөрчвөл төр нь ч биелүүлүүлдэг. Ингэж төрийн шийдвэр хэрэгжих ёс суртахууны хүрээ бүтэн болдог. Манай төрийн ажлын өөр нэг гачлан бол хэсэг хүн нууцаар асуудал шийддэг юм шиг, түүнийг нь нэг хэсэг шударга хүн илрүүлдэг юм шиг, тэгээд ямар ч шийдвэр утга учраа алдаж дуусдагт л байна.

Иргэний оролцоо энгийн гэж би хэлсэн. Сумын төсвийг энд биш сумандаа л олон хоног хэлэлцэж шийддэг байг. Тэр хэлэлцүүлэг нь сумынхаа иргэдэд нээлттэй байг. Сумын нутаг дахь байгалийн баялгийн ашиглалтыг Улаанбаатарт биш иргэд нь цуглаж хэлэлцээд л шийдэг. Шийдэл нь ч эзэндээ ойрхон болно, хэрэгжилт нь ч хүнд ойртоно.

Иргэний оролцоогүйгээр энэ нийгэмд бүтэх зүйл байхгүй. Харин шууд төрийн оролцоо шаардлагагүй зөндөө олон салбар, харилцаа байна. Иргэн оролцоогүй бол хэдэн зуун тэрбумаар нь амьжиргааны түвшинг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлээд ядуурал буурахгүй байна. Иргэний оролцоогүйгээр газрын, баялагийн хувьчлал, хуваарилалт хулгай л болж хувирч байна. Иргэний оролцоог хангахгүй бол 20 жил ардчилал, шударга ёс яриад, тэмцээд тэр үнэлэмжүүд монголд жинхэнэ ёсоор идээшихгүй байна. Иргэний оролцоогүйгээр засаглал сайжруулах төсөл хэрэгжүүлээд, төсвөө шинэ аргаар хуваадаг болоод ч улсын ажил өөдтэй сайжирсангүй. Иргэний оролцоогүйгээр байгалиа хамгаалах гээд байгалиа сүйтгэж дуусах нь.

Иргэний оролцоо гэхээр би дахиад дааж давшгүй юм эсвэл дахиад нэг хувьсгалыг нийгмээс, энэ төрөөс нэхээд байгаа юм биш. Ус авахдаа саваа угаагаад гардаг тэр сайхан уламжлалыг ус булгаа хамгаалах иргэний оролцоо гэж байгаа юм. Гэрийн эзэгтэй дэлгүүр зах явахдаа худалдаж авах юмаа жагсааж бичээд, мөнгөө тааруулж тоолж бариад гардгийг л иргэний оролцоо гээд байгаа. Улсын төсөв мөнгө хэлэлцэхдээ ийм эрхийг, ийм хариуцлагыг иргэддээ байгаа суугаа газар бүрт нь өгье гээд байгаа юм. Дэлгүүрээс талх авсан хүүхэд аав ээждээ хариулт мөнгийг нь бариад ирдэг байхад төрөөс олон тэрбумын тендер зувчуулсан төрийн ажилтан, аж ахуйн эзэн хоёр тал мөнгийг нь гарынхаа салаагаар гоожуулчихаад сууж байна.

Энэ төрийн эрх ард түмнээс үүсэлтэй юм бол, энэ улсын эзэн нь, нийгмийн баялгийн эзэн нь Монгол Улсын иргэн юм бол эзэндээ тэр эрхийг нь аль болох өгье, ойртуулъя гэж л би уриалаад байгаа юм. Эзэн нь эзэн нь шиг байж, үйлчлэгч нь үйлчлэгч шиг л байя. Ингэвэл бидний зорьж байгаа нийгэм, ард түмний сонголт зөв болох гээд байна.

Ардчилсан хувьсгал болсон оронд төр ч өөрчлөгдөх ёстой. Хүн ч өөрчлөгдөх ёстой. Ардчилсан хувьсгалаас хойш зурагтын удирдлага, хэд өөрчлөгдөв. Гэтэл тэр үеэс хойш төрийн тухай иргэдийн ойлголт, иргэний тухай төрийн ойлголт бахь байдгаараа л байна. Би энэ өөрчлөлтийг нийгмийн болон иргэний шинж чанартай асуудлын шийдлийн хүрээнд л ярьж байна.

Төрийн үүрэг захирахаас зохицуулах руу шилжиж байна. Зохицуулахаас иргэнд үйлчлэх рүү, үйлчлэхээс төр иргэндээ туслах нь илүүтэй болж байна. Тусламж хүсээгүй байхад нь бүү тусал гэдэг шаардлага ч төрд тавигдаж байна.


Ардчилсан хувьсгалын ачаар нийгмийн ачааг төр бүхэлд нь үүрэхээ больсон. Манай нийгмийн ихэнх ачаа чөлөөт, бүтээлч иргэдийн маань нуруун дээр очсон. Малчдыг хар, тариаланчдыг хар. Нийтийн хоолны газар, дэлгүүр хоршоогоо хар. Худалдаа наймааг аваад үз. Уран бүтээлчид, хэвлэлийнхнийг хар. Амьдралаа аваад явж байгаа айл гэрийг хар. Төр ачаагаа ард түмэндээ үүрүүлсэн атал эрхийг нь яагаад өгөхгүй байна. Ийм байдлаасаа Монголын эрх баригчид бид бүгд ичих ёстой. Ичихэд ч багадна. Шийдвэр гаргах эрхийг нь, шийдвэр гаргахад оролцох эрхийг нь иргэддээ өгье.


Би сая манай төрийн хийх дургүй байгаа ажил, шилжүүлэх дургүй байгаа эрхийн тухай хэллээ. Одоо иргэддээ хандаж нэг зүйл хэлье. Ерөөс ардчиллын жилүүдэд хүмүүс бидэнд нэмэгдсэн нэг зовлон бол өөрөө өөрийгөө хариуцдаг болсонд л байгаа юм. Тэр бол хүн төрхөндөө орж хүн шиг амьдрахын тулд хүнээс өөрөөс нь гарах төлөөс, хариуцлага юм. Монголчууд гэр бүл болохдоо галаа өөрөө асаадаг, гэрээ өөрөө барьдаг. Амьдрах байрныхаа тоосгыг өөрөө цохиж, өөрөө өрөх л хэрэгтэй. Тэгэхээр иргэн төрийн харилцаа, ойлголтод эргэлт гаргахад ардчилсан хувьсгалын утга учир оршиж байгаа юм.

Аль ч улс орон ард түмнээрээ дамжиж хөгждөг. Хааны сайнд, төрийн сайнд улс орон хөгждөг хөг өнгөрч байна. Үүнийг төр ч, иргэн ч аль аль нь ойлгох хэрэгтэй. Бүх ард түмний хайр бол төрийн, эсвэл аль нэг удирдагчийн, даргын ажлын шалгуур биш. Харин бүх ард түмний амжилт бол төрийн ажлын шалгуур.

Хорин нэгдүгээр зууны ардчиллын тухай ойлголт, онол хорьдугаар зууны эхэн үеийнхээс ч өөр болсон. Ардчиллын тухай Черчилийн томъёолол ч хуучирсан. Тэр үед ардчиллын тухай ойлголт илүү эрх мэдэлтэй, түүнийг хуваан хэрэглэхтэй холбогдож байсан. Одоо бол хувь хүнтэй, хувь иргэний эрх үүрэгтэй, нийгмийн шударга ёстой илүү холбоотой болж байна.


Хуулийн тухай ойлголт ч өөр болж байна. Хуулийг байгуулага тойруулж биш, хүн тойруулж хийх нь зөв болж байна. Манай эрүүл мэндийн хууль бол эцэстээ Эрүүл мэндийн яамны л тухай хууль болж гардаг. Гэтэл иргэний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хэрэгжүүлэх тухай хууль батлагдах нь зүйд нийцэхээр болж байна. Жишээ нь: хэвлэл мэдээллийн байгууллагын тухай хууль биш, иргэний мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах тухай хууль илүүтэй хэрэгтэй байна. Манай хууль тогтоох байгууллагаас байгууллагын тухай хууль гаргахаа түр тэвчиж, иргэнийхээ тухайн эрхийг хэрэгжүүлэх талаар хууль батлаад эхэлбэл Монгол Улс ардчиллыг агуулгын хувьд хэрэгжүүлж байгаа орон болоход алхам дөхлөө гэсэн үг. Хуулийг төрийн хувьд эрх мэдлийн баталгаа биш, эрх үүргийнх нь зохицуулалт, харин иргэний хувьд эрхийнх нь баталгаа байдлаар томъёолбол зөв болно.


Манай зовлон мөнгөгүйдээ биш

хариуцлагагүйдээ байна.


Ардчиллын үйл явцыг холын зайн гүйлттэй зүйрлэх нь бий. Гарааны эхний хэдэн километр маш хэцүү. Цаашаа бол байнгын, өдөр тутмын амьдралын үйл явц болдог. Уг нь бид хэцүү даваагаа давчихаад, амар дээрээ ирээд хий эргээд байх шиг санагдах юм.


Шилжилтийн үеийн хамгийн хэцүү хүндрэлийг “Сэтгэлгээний өөрчлөлт” гэх нь их тааралддаг байсан. Харин дарга нар өөрсдөө хуулиа хэрэгжүүлдэг, биелүүлдэг байх нь өнөө цагийн манай нийгмийн хамгийн ярвигтай асуудал болжээ. Дээр нь хөрөнгө мөнгөтэй, танил талтай хүмүүс гээд үргэлжилнэ. Ийм хялбархан юман дээр том гацаа үүсчихээд байна. Бүгд хуулиа тэгш биелүүлдэг л болчихвол том асуудал шийдэгдэх гээд байна.


Манай төрийн ажилд зарим талд агуулгын өөрчлөлт хэрэгтэй байгаа бол зарим талд нэр томъёоны өөрчлөлтийг хуульчлан хэрэгжүүлэх шаардлага байх шиг. Төрийн алба гэдэг нэр томъёог түмний үйлчилгээ, нийтийн үйлчилгээ гээд сольчих. Төрийн албан хаагч гэх нэрийг түмний үйлчлэгч гээд өөрчилчих. Төрийн албан хаагчид ажлынхаа тухай ярихдаа төрд зүтгэж байна гэх биш түмэн олонд, иргэддээ үйлчилж байна гэж хэлээд хэвшчих. Иймэрхүү энгийн өөрчлөлтүүд өнөөдөр Монголд төрийн албаны тангаргаас ч илүүтэй чухал байх шиг санагдана.


Ардчиллын өнөөгийн энгийн шаардлага бол хүн төрхөндөө орж нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ойлгож эрхээ эдлэх, төр төрхөмдөө орж хүнд үйлчлэх ажлаа хийхэд л оршиж байна. Тэгээд нийгэмд мөрдөж байгаа хууль дүрэм төрд ч, иргэнд ч ижил тэгшээр үйлчилдэг байх явдал. Эндээс үүдээд шүүх эрх мэдлийн хүрээний шинэтгэл яригдана. Энэ салбар хуулийн хувьд ч, тогтолцооны хувьд ч, шалгуур үнэлэмжийн хувьд ч хувьсгалаа хүлээж байгаа юм. Энэ тухай уг салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг УИХ-д танилцуулахдаа тодорхой ярина. Мөн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, түүний хэрэгжилтийн асуудал чухал байгаа. ҮАБЗөвлөлөөс улс орны аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах шийдвэр гарч, ажлын хэсэг байгуулагдсан. Энэ чиглэлд хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээ олон бий.


Би түрүүн шинэ зуунд гарч ирэх сорилтын тухай хоёр санаа хэлсэн. Одоо гуравдахийг нь хэлье. Нийтийн баялгийн тэгш бус, шударга бус хувиарлалтын асуудал. Энгийнээр баян хоосны ялгаа. Хэрэв энэ оронд 10 хүний 8 нь ядуу зүдүү байх юм бол ямар ч цэцэг тариад нэмэргүй. Хэрэв нийт хүн амын 5 хувь нь нийт баялгийнхаа 90 хувийг эзэмшбэл бас л нэмэргүй. Ийм байдал үргэлжилбэл цөөхөн чинээлгээ ядуу олноос ядуу олноо цөөхөн чинээлгээс өмөөрөх хүндрэл үүснэ. Энэ байдлыг даван туулахын тулд түрүү миний хэлсэн 2 асуудлыг шийдэх ёстой. Иргэдийнхээ эрх чөлөөндөө эзэн байх, эд баялагтаа эзэн байх эрхийг нь л хангаж өгөх ёстой.


Хүн төрөлхтний түүхэнд гарсан хувьсгал нэртэй зарим сүйтгэлүүд гинжнээсээ өөр алдах юмгүй, ажилгүй, амьдралгүй хүмүүсийн улс нийгмээ устгасан бүтээл байдаг. Нөгөө талдаа асуудлыг агуулгаар нь харж шийдэх чадваргүй зөвхөн өөрсдөдөө зөв түшмэдүүдийн хөшүүн засаглал тийм сүйтгэлийг дууддаг. Мэдээж ямар ч төр ямар ч хүнд нөхцөлд гаргасан бодлого, хуулиа хэрэгжүүлэх гэж оролддог. Харин ардчилсан төр л хуулиа ч хэрэгжүүлдэг, муугаа ч сайжруулж засаж чаддаг. Төр хүчтэй байх ёстой гэж үзэгсэд бий. Би ч тэр ойлголтыг хуваалцана. Ардчилсан нийгэмд төрийн хүч бол иргэдийн итгэл, тэдний оролцоонд, хуулийн хэлбэрэлтгүй хэрэгжилтэд байдаг. Ийм шалгуураар та бид ажлаа харж дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх цаг болсоныг энэ ойн өдөр зориуд тэмдэглэе.


Эцсийн эцэст манай нийгэм дэх олон хүндрэл бэрхшээл Монгол улс мөнгөгүйдээ биш Монгол Улсад хариуцлагын тогтолцоо бүрэн төлөвшиж чадаагүйгээс үүдэж байгаа юм. Товчхондоо манай зовлон мөнгөгүйдээ биш хариуцлагагүйдээ байна. Ард иргэд ч төрөөс юуны түрүүнд мөнгө биш, шударга ёсыг л нэхэж байгаа. Монголчуудын олонхи нь амьдралдаа тохиож байгаа хүндрэл бэрхшээлийг мөнгөтэй биш харин нийгмийн шударга ёс, бүр нарийвчилж хэлбэл хуулийн ижил тэгш хэрэгжилттэй холбож үздэгийг маш эрүүл үзэгдэл гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Би энэ эрүүл үзэгдлийн тухай хэлэхдээ үдэш бүр зурагтаар “Төрөөр дүүрэн луйварчид” гэж ярих атлаа төр лүү талимаарагчдыг төлөөлж хэлсэнгүй.


Ардчилсан нийгэмд ямар ч үр дагавартай бай сонгогдож гарч ирсэн хүмүүс л төр, нийгмийн харилцааны асуудлыг шийдэх нь зөв. Гэхдээ эрхийг төвлөрүүлж биш шилжүүлж, иргэддээ чихээ нааж, тэдний оролцоог газар бүр өргөтгөж асуудлыг шийддэг байхыг л би хүсэж байна. Дахин хэлье. Яг л саяхны УИХ-ын хийсэн нээлттэй сонсгол шиг асуудлыг газар бүр, тийм байдлаар шийддэг, сонсдог дэг жаяг тогтоохыг л би төрийн бүх шатны байгууллагаас шаардаад байгаа юм.


Манайд нийгмийн хөгжлийн хандлага ардчиллаас алба тушаал шүтсэн, төр шүтсэн чиглэл руу явбал буруу болно. Харин албан тушаалаас ардчилал руу чиглэсэн шилжилт хийвэл зөв болно. Хэрэв Их Хурлаас, Засгийн газраас ч ялгаагүй, орон нутагт ч адилхан ардчилал иргэний эрхийг бэхжүүлсэн, шударга ёсыг хангах чиглэлд улс төр, эрх зүйн томоохон шинэчлэл хийе гэвэл Ерөнхийлөгчийн хувьд түүнд идэвхийлэн оролцож тус дэмжлэг үзүүлэх болно гэдгээ энэ дашрамд илэрхийлье.


Өмнө дурьдсан бүхнийг базаад ганц санаа хэлэхэд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, орон нутгийн эрх, шударга ёс, иргэний оролцоо хэмээх чөлөөт нийгмийн маань тоотой үнэлэмжүүдийг төрийн бүх шатанд ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс цээжээр хэлдэг байх нь хангалттай биш. Эдгээр үнэлэмжүүд төрийн түшээдийн тархинаас биш зүрхнээс гардаг байх ёстой. Нэг үгээр хэлбэл ардчилсан нийгэмд дээрхи үнэт зүйлс нь төрийн түшээ хүний албан үүргээ гүйцэтгэх хэв заншил, соёл болсон байх ёстой. Сэтгэлд нь шингэсэн байх ёстой. Сэтгэлд шингэсэн үнэлэмж л хүний үйлдлээр, шийдвэрээр илэрдэг юм.


Ирэх 20 жилд Монгол Улс маань ийм болоосой, ийм юм хийчих юмсан гэж ард иргэд маань дор бүрнээ бодож байгаа. Ирэх 20 жилд хийх ажлын жагсаалтаа бүгд гаргацгаая. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө дор бүрдээ, газар бүр зүтгэцгээе. Эцсийн эцэст Монголын хувь заяа Монгол Улсын иргэн танаас л шалтгаална. Ерөөс улсын хөгжил ч, айл гэрийн ажил амьдрал ч өөдлөж дэвжих нь иргэн Танаас өөрөөс чинь хамаарна. Иргэн Танаас шударга ёс эхэлнэ. Иргэн Танаас төрийн ажил эхэлнэ. Иргэн танаас улсын хөгжил дэвшил эхэлнэ. Ийм ч учраас Үндсэн хуулиндаа бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг зорилгоо болгосон.


Баярын өдөр, хүндэтгэлийн чуулган дээр олон зүйлийг хэлж болно. Гэхдээ нэг зүйлийг бахархан тэмдэглэе. Монголчууд өөдрөг байна. Сант Марал сангаас өнгөрөгч 10 дугаар сард явуулсан судалгааны дүн үүнийг нотолж байна. Олон аймаг хотод судалгаанд хамрагдсан хүмүүсийн 84 хувь нь “Ойрын ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж байна” гэж хариулжээ.


Монголчууд бол зовхи нь босоо ард түмэн, холыг харж чаддаг хүмүүс. Өнгөрсөн 20 жилд ихийг хийж чадсан. Ирэх 20 жилд ч ихийг бүтээнэ. Бид чадна. Монгол Улс улам хөгжих ёстой. Монголчууд улам олуулаа болох ёстой. Монголчууд сайхан амьдрах ёстой.


Найман зууны тэртээ морио унаад гарсан Монгол цэргийн тухай түрүүн би дурьдсан. Тэр цэрэг гэрийнхээ гадаа ирээд мориноосоо бууж байна гээд төсөөл. Монголчууд бидэнд бахархах их түүх бий. Монголчууд мориндоо мордоод ихийг үзсэн. Мориноосоо буугаад ихийг бүтээсэн. Туурга тусгаар эх орноо, эрх чөлөөт ард түмнээ бидний өвөг дээдэс харж байгаа. Цовоо сэргэлэн ирээдүй үе маань ч энэ бүхнийг угтан өсөж байна. Бидэнд үүнээс өөр юу хэрэгтэй юм бэ. Одоо бид үе үеийнхний мөрөөдлийг биелүүлэхийн төлөө, эрх чөлөөтэй сайхан амьдрахын төлөө, хөгжил дэвшилд хүрэхийн төлөө дор бүрдээ хичээх л үлдлээ.


Монголын их түүх, эрх чөлөө, ардчилал бол баатартай. Энэ баатрууд бол Монголын ард түмэн. Дэлхийн тал улаан байхад Монголын талд эрх чөлөөний туг барьж боссон, эрх чөлөө, ардчиллынхаа ололтыг өдий олон жил хамгаалж, бэхжүүлж ирсэн ард түмэндээ, баатрууддаа энэ хүндэт индрээс дахин баяр хүргэж чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Миний Монгол мөнх оршиг.


Баярлалаа.

Read More......

[Ict] Оны хүн 2009 урьдчилсан шалгаруулалтын дүн

Монголын Хөгжлийн Гарц төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр зохион
байгуулж буй Мэдээллийн технологийн “ОНЫ ХҮН” шалгаруулалтын нэр дэвшүүлэх ажиллагааг 2009 оны 12-р сарын 8-ныг дуустал явууллаа.
Шагнал санаачлагчдын хороо урьдчилсан шалгаруулалтыг явуулж, дараахь нэр дэвшигчдийг төгсгөлийн сонгон шалгаруулалтанд оруулахаар
тогтлоо. Үүнд:

Манлайлагч
1. Н.Баттулга, М-Си-Эс Электроникс ХХК, Орбитнэт ХХК-ийн гүйцэтгэх захирал
2. Б.Ганболд, Грэйпсити Монгол ХХК-ийн ерөнхийлөгч
3. Ж.Ихбуян, Мигма Электроникс ХХК-ийн дэд захирал
4. Б.Ууганбаяр, Интерактив ХХК-ийн CEO
5. М.Эрхэмбаатар, Трай Медиа ХХК-ийн техник хариуцсан захирал

Програм зохиогч
1. А.Амарсанаа, Грэйпсити Монгол ХХК-ийн техник хөгжлийн хэлтсийн дарга
2. С.Ганболд, Юнител ХХК-ийн програмист инженер
3. Ө.Зоригт, Мобиком корпорацийн ахлах систем администратор
4. Ц.Наранцогт, УБТЗ-ын програм зохиогч, инженер
5. М.Отгонжаргал, Интерактив Би Ай ХХК-ийн програм хангамжийн инженер

Судлаач
1. Д.Амарсайхан, ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч
2. Д.Гармаа, МУИС-ийн МКС-ийн програм хангамжийн тэнхимийн эрхлэгч
3. Г.Оюунбаяр, Энх-Орчлон дээд сургуулийн багш
4. Ж.Пүрэв, МУИС-ийн МТС-ийн компьютер, мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч

Инженер
1. Б.Амгалан, Ус сувгийн удирдах газрын МТ-ийн инженер, програмист
2. Н.Баатарзориг, МШХХТГ-ын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн
3. Б.Мөнх-Эрдэнэ, Мобинет ХХК-ийн системийн ахлах инженер
4. Т.Цогжавхлан, М-Си-Эс Электроникс ХХК-ийн систем интеграцчлалын хэлтсийн ерөнхий инженер
5. Н.Эрдэнэзориг, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн технологийн автоматик ба тооцоолон бодох техникийн цехийн инженер програмист

Техникч
1. Б.Баттуул, М-Си-Эс Электроникс ХХК-ийн систем интеграцчлалын хэлтэст техникч
2. Ө.Цогзолмаа, ХХЗХ-ны РДЗХА-ны радио төхөөрөмж, давтамж хяналтын шинжээч, инженер
3. Д.Энхтүшиг, Юнител ХХК-ийн дата сүлжээний төлөвлөлтийн инженер

Анхдагч
1. Л.Дорж, Бит-ТНН ХХК-ийн захирал
2. Б.Жамбиймолом, Мөнхжаргалант ХХК-ийн захирал
3. Р.Лхагвасүрэн, МҮЭ-ийн холбооны санхүүгийн ерөнхий менежер
4. Л.Чойжоованчиг, МУБИС-ийн КМТС-ийн захирал

Төгсгөлийн сонгон шалгаруулалтанд олон нийтийн саналыг 2009 оны 12-р сарын 21-ний 18.00 цаг хүртэл ажлын албанд онлайн буюу
бичгээр хүлээн авна.

Нэр дэвшигчдийн 2009 онд хийсэн ажил бүтээл, үр дvнгийн талаарх тодорхойлолтыг www.mongolcampus.org/itprize/ вэбд байрлуулан
танилцуулна.

Хувь хүн онлайн хэлбэрээр, байгууллага албан бичгээр саналаа өгнө. Онлайн санал хураалтыг http://www.mongolcampus.org/itprize
хаягаар хандаж өгнө. Санал хураалтанд оролцогч тухайн номинацид нэр дэвшигчдийг дотор нь байр эзлүүлэн эрэмбэлүүлэх зарчим
баримтална. Онлайн санал хураалтанд оролцогч тухайн нэр дэвшигчийн холбогдох талбарт харгалзах байрыг оруулна. Бичгээр санал
хураалтанд оролцогч байгууллага нэр дэвшигчдийг 1-5 дугаар байр эзлүүлэн эрэмбэлсэн жагсаалтыг ирүүлнэ. Санал хураалтанд оролцогч
тухайн номинациар зөвхөн нэг удаа саналаа өгнө. Байгууллагын саналыг 10 хүний саналтай тэнцэхээр тооцно. Оны хүн-д цом, гэрчилгээ
олгоно.


ШАГНАЛ САНААЧЛАГЧДЫН ХОРОО

Ажлын албаны хаяг:

Монголын Хєгжлийн Гарц ТББ
Хаяг: Бага тойруу 49, Мэдээллийн технологийн үндэсний паркийн байр, 113, 305 тоот
Утас/Факс: 319367
Вэб: http://www.mongolcampus.org/itprize, Э-шуудан: info@mongolia-gateway.mn
_______________________________________________
Ict mailing list
Ict@lists.ict.mn
http://lists.ict.mn/mailman/listinfo/ict

Read More......