МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС ЯАМНЫ САЙД, АГЕНТЛАГИЙН ДАРГА, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ ХҮРГҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖ
Зөвлөмж хүргүүлэх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж Улсын Их Хурал баталсан "Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль" 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон билээ.
Зарим яам, агентлаг, аймгийн эрх бүхий албан тушаалтнууд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх болон төрийн алба улс төрийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчмуудыг зөрчин тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдыг хууль зүйн үндэслэлгүй, дур мэдэн халж, төрийн албаны шалгалт, сонгон шалгаруулалтад хамрагдаагүй хүмүүсийг томилон ажиллуулж байгаа тухай мэдээлэл, өргөдөл, гомдол Төрийн албаны зөвлөлд ирэх нь элбэгшиж байна.
Үүнтэй холбогдуулан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хангах талаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн тулд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
1.Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т "төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах" гэж заасныг чанд баримтлан асуудлыг шийдвэрлэх,
2.Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох"-оор заасныг баримтлан ажиллах,
3.Төрийн албаны тухай хуулийн 27.2.1-д заасан ёсоор төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах гэснийг болон мөн хуулийн 27.2.2-т зааснаар "Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх" гэж заасныг төрийн захиргааны төв, нутгийн захиргааны бүх шатны байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх.
Төрийн албаны тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг агуулгын дагуу нэг мөр ойлгож хэрэгжүүлэх нь төрийн албыг хуулийн хүрээнд ажиллуулахад нэн чухал ач холбогдолтой болохыг анхаарна уу.