Б.Батзориг: “Аливаа асуудлаас гарах гарц байж л таараа”

batzorigХямралын энэ үед Монголоо гэсэн сэтгэлээр нэгэн зүгт харж, бие биенээ дэмжин ажиллах хэрэгтэй гэдгийг хэн хүнгүй ухаарах болоод байна. Энэ цаг үед үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэл болох “Сүү” ХК-ийн тооныг түшилцэн яваа залуухан бизнесчтэй ажил хөдөлмөрийн гараа болон үйлдвэрийнх нь ажлын талаар яриа өрнүүлсэнээ уншигч Танд хүргэж байна.
Баатарчулууны Батзориг нь МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгсжээ. Тэрбээр олон улсын эдийн засагч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр аж. Б.Батзориг Их Британийн Англиа-Раскиний Их сургууль болоод Нидерландын Гронингений Их сургуулийг мөн дүүргээд авсан нэгэн.

Ном, спорт, аялал түүний хобби нь, харин хэлэх дуртай үг нь эзэн хичээвэл заяа хичээнэ, шударга болон зарчимч чанарыг амьдралд баримталдаг гэсэн. World is Flat, Г.Аюурзаны номууд нь түүний ширээний ном байдаг юм байна.

- Юуны өмнө танаас ажлын гараагаа яаж эхэлж байсан болон энэ үйлдвэртэй хэрхэн холбогдсон тухай яриагаа эхэлье гэж бодлоо.

- Би анх их дээд сургуулиа төгсөөд төрийн байгууллагад ажиллаж байгаад Нидерландын Засгийн газрын тэтгэлэгтэйгээр Европт суралцсан юм. Тиймээс эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах сонирхлын дагуу бизнесийн салбарт хүчээ үзэхээр шийдэж “Сүү” ХК-д орсон. Харин энд орохоосоо өмнө Дэлхийн Банкны төсөл дээр ажиллаж байлаа.
ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг үзэхэд хүнсний үйлдвэрүүд цөөхөн харагддаг юм билээ. Энэ нь манай улсад хүнсний үйлдвэрийн хөгжил ямар түвшинд байгааг харуулж буй үзүүлэлт байх. Ийм ч учраас хүнсний үйлдвэрлэл миний анхаарлыг татаж энэ салбарт ажиллах нэгэн хөшүүрэг болсон гэж үздэг.

-Өнөөдөр Монгол Улс мал аж ахуйн орон гэгддэг. Гэтэл сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр байна. Энэ тухай Таны бодлыг сонсох байна?

- Бид малчдаас сүүг газар дээрээс нь бэлэн мөнгөөр татаж авдаг. Нийслэл хотын хэмжээнд ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээ, шинжилгээгүй сүүг өдөр тутам худалдаалдаг 800 гаруй хараа хяналтгүй ченжүүд бий. Эдгээр хүмүүсийн үйл ажиллагаа сүүний үнэд шууд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, сүүний эрэлт хэрэгцээ ихтэй үед ченжүүд үйлдвэрлэгчдээс өрсөж малчдаас өндөр үнээр худалдан авдаг. Энэ асуудалд ямар нэгэн зохицуулалт байхгүй. Мөн сүү татан авах, боловсруулах процесс нь зардал өндөртэй, эрсдэл ихтэй, улирлын хамаарал ихтэй учир эцсийн бүтээгдэхүүний өртөг өндөр, үнийн хэлбэлзэл ихтэй байдаг.
Тиймээс сүүний салбарыг бодлогын чанартай асуудал болгож фермерийн аж ахуйг цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай гэж би үздэг. Энэ нь гадны улсаас манай нөхцөлд тохирох, тохирохгүй үйлдрийн үнээг тендер зарлаад ферм хөгжүүллээ гээд орхих бус идэш тэжээл, үржлээс нь эхлүүлээд цогц бодлого хэрэгжүүлэх ёстой.

- Танай үйлдвэрийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох сүү нь цэвэр үнээний сүү гэж ойлгож болох уу? Танай бүтээгдэхүүнд хуурай сүү ашигладаг уу?

- Сүү бэлтгэл нь салбарын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа ч манайх 100 хувь эх орны экологийн цэвэр, монгол малын сүүгээр бүхий л бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаагаа хэлэхэд тун таатай байна. Манай үйлдвэрийн хувьд хотын ойр орчмын 2500-аад малчид фермерүүдтэй хамтарч ажилласаар ирсэн бөгөөд гол түүхий эд болох сүүгээ зуны саруудад өдөртөө 100-120 тонн, өвөлдөө 15-30 тонноор татаж авдаг. Зундаа татаж авсан сүүнийхээ 30 тонн орчмоор нь боловсруулалт хийж, үлдсэн хэсгийг нь хуурай сүү болгон нөөшилж, өвөлдөө дахин сэргээж боловсруулалт хийдэг. Манай компани нь улсдаа цорын ганц орчин үеийн дэвшилтэт технологи бүхий Дани улсын хуурай сүүний үйлдвэртэй, Ойрын ирээдүйд бид өөрийн гэсэн сүүний ферм байгуулахаар шургуу ажиллаж байгаа.

-Өнөөдөр “Сүү” ХК-ийн сүү, сүүн бүтээгдэхүүний чанар импортыг орлохуйц байж чадах уу?

-Манай үйлдвэрийн бүтээгдэхүүн нь чанарын хувьд импортын сүү, сүүн бүтээгдэхүүнээс илүү шүү. Бид дэлхийн жишигт нийцсэн хадгалалт, тээвэрлэлтэнд зориулж ямар нэгэн нэмэгдэл химийн бодис оруулаагүй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг илүүд эрхэмлэдэг. Зарим нэг талаараа сав баглаа боодол, гадаад өнгө үзэмжний хувьд импортын бүтээгдэхүүнээс дутагдалтай тал байгаа ч гол түүхий эд, орц найрлага харьцангуй баталгаатай. Түүнчлэн хугацааны хувьд ч өдөр бүр шинээрээ үйлдвэрлэлээс хэрэглэгчдийн гарт хүрч байгаа нь давуу талтай.
Импортын сүүг орлож чадах” Аврага чанар” сүүг бид зах зээлд нэвтрүүлээд байгаа. Ингэснээр хотоос гадна хөдөө орон нутгийн хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлийн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх эхлэлийг тавьж байгаа юм.

- Сүүлийн үед импортын зарим сүүн бүтээгдэхүүний нэр хүнд манай зах зээлд унасан нь дотоодын бүтээгдэхүүний борлуулалт осөхөд нөлөөлж байна уу?

- Бага хэмжээгээр нөлөөлсөн. Нөгөө талаар хэрэглэгчдийн үндэснийхээ үйлдвэрлэлд итгэх итгэл нэмэгдсэн. Ингэхлээр энэ нь одоо дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанар стандарт, эрүүл ахуйн баталгааг улам сайжруулах шаардлагатайг сануулж, ингэснээр хариуцлагыг илүү өндөржүүлж байна гэж ойлгож байгаа юм.

- Аливаа нэгэн үйлдвэр томрох тусам бүтээгдэхүүний өртөг өндөр болдог. Тэгвэл нэг том үйлдвэрээс олон жижиг үйлдвэр байсан нь дээр гэж үзэх хүмүүс ч байдаг. Энэ тал дээрх Таны байр суурийг сонсоё?

- Харин ч эсрэгээрээ. Үйлдвэрлэлийн тоо хэмжээ нэмэгдэх тусам нэгж бүтээгдэхүүнд ноогдох тогтмол зардал буурч өртөг багасдаг. Зах зээлийн хууль өөрөө өрсөлдөөн дээр тогтдог. Өрсөлдөгчидтэй байна гэдэг нэг талаасаа тухайн үйлдвэрлэл, үйл ажиллагаа илүү сайжирч хөгжих нэг хөшүүрэг. Гэхдээ зах зээлийн хуулиараа шударга өрсөлдөөн байх хэрэгтэй. Ингэснээр улс ориы хэмжээнд салбарын бүтээмж нэмэгдэж, хөгжил нь хурдсах юм. Хүнсний үйлдвэрлэл явуулна гэдэг бол асар том хариуцлага. Учир нь үүний цаана хүний амь нас, улс орны аюулгүй байдалтай шууд хамаатай. Тиймээс хэдий жижиг үйлдвэрлэлбайлаагээдстандарт бус газар сүү, сүүн бүтээгдэхүүн болон бусад хүнсний үйлдвэрлэл явуулж болохгүй гэдгийг хатуу бодох хэрэгтэй.

- Танай компани нийгмийн хариуцлагын талаар хэр ажил зохион явуулдаг вэ?

- Нийгмийн өмнө хариуцлага хүлээх нь байгууллага төдийгүй хувь хүний үүрэг. Манай компани сүүлийн жилүүдэд нийгмийн хариуцлагаа улам өндөржүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд нэлээд томоохон үил ажиллагааны нэгээхэн хэсэг нь “50 жилийн чанар-50 саятан” сугалаат худалдаа, нийслэлийн дунд сургуулиудын сурагчдын дунд зохион явуулсан “Мөрөөдлийн гараа” гүйлтийн тэмцээн, 20 гаруй сургуулиудад “1000 зайрмагны баяр”, 7 дугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой хандив гээд дурьдаад байвал нэлээд ажлыг амжууллаа.
Энэ бүгдийн илэрхийлэл болж манай байгууллага ТОП-100 аж ахуй нэгжийн нэг болж чадсан. Хэдийгээр хямрал биднийг тойроогүй дайрч байгаа ч, цаашид нийгмийн хариуцлагаа улам нэмэгдүүлэх болно.

- Төр болоод хувийн хэвшлийн түншлэлийн харилцаа өнөөдөр ямар байна? Энэ талаар Та саналаа хэлэхгүй юу?

- Зах зээл бол төрөөс баталсан хуулийн хүрээнд эрэлт, нийлүүлэлт өрсөлдөөний жамаар оршин тогтнодог. Төрөөс хувийн хэвшлээ дэмжиж, татвараас зуун хувь чөлөөлөх, мөнгөн дэмжлэг үзүүлэх зэрэг зах зээлээс гажууд үйл ажиллагааг шаардах нь утгагүй. Гэхдээ бодлогын чанартай асуудалд зөв шударга зохицуулалт хийх хэрэгтэй. Тухайлбал, цөөн тооны үндэсний үйлдвэрлэгч нар үйлдвэрлэлийн шинэчлэл хийх зорилгоор импортоор оруулж ирж буй тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлөх, импортын сүүн бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх зэрэг бага хэмжээний бодлогын чанартай дэмжлэг үзүүлэхэд л болно.
Сүүний салбарын хувьд төрөөс фермерийн аж ахуйг хөгжүүлэх цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай
байна. Энэ нь зөвхөн үйлдвэрлэгч нарт бус малчид фермерүүд, хэрэглэгч нарт болон нийт зах зээлд хэрэгтэй.

- Танай компани эдийн засгийн хямралын үед хэрхэн амьдарч байна?

- Энэ жил бид үйлдвэрийнхээ шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн хийж, шинэ шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөөд байгаа. Мөн компанийн нийгмийн хариуцлагыг улам дээшлүүлж, компанийн сайн засаглалыг хөгжүүлэхийн төлөө ажиллана. Хямрал гээд хойшоо суугаад байх биш, харин цаг хугацаатай уралдан зөв бодлого хэрэгжүүлбэл бид энэхүү бэрхшээлийг алдагдал багатай дав-чих боломжтой гэдгийг хараад байна. Энэ жилийн дүр төрх нэлээн хүнд байх ч, аливаа зүйлээс гарах гарц заавал байдаг. Гэхдээ гарах гарцаа зөв л тодорхойлох хэрэгтэй.

Read More......

ICT EXPO-2009




МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН

ААН, ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН

БУС БАЙГУУЛЛАГУУДАД

Үзэсгэлэн худалдаанд урих тухай

Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр-ийг /5 дугаар сарын 17/ тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мишээл ЭКСПО төв хамтран 2009 оны 5 дугаар сарын 15-19-ны өдрүүдэд Мишээл ЭКСПО төвийн үзэсгэлэнгийн танхимд ICT EXPO-2009 үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.

4 дэхь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй дээрх үзэсгэлэн худалдаа улам бүр өргөжин тэлж энэ жил мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технололгийн салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн жилд зохион байгуулах гэж буйгаараа онцлог болж байна. Энэ жил үзэсгэлэн тус салбарын 100 гаруй байгууллага аж ахуйн нэгжүүдийг хамран зохион байгуулана гэж найдаж байна. Энэ жилийн "ICT EXPO-2009" үзэсгэлэн худалдааны ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар үүрэн холбооны Юнител ХХК оролцож байна.

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарын хөгжил дэвшил болон тус салбарт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын шинэлэг үйлчилгээ, энэ чиглэлийн гадаад дотоодын компаниудын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг олон нийтэд таниулан сурталчлах төдийгүй тэдний ажил хэргийн харилцаа холбоог сайжруулахад үзэсгэлэн яармагийн гол зорилго оршиж байгаа юм.

Үзэсгэлэнгийн үеэр тухайн жилийн хамгийн шилдэг компани, үйлчилгээ үзүүлэгчдийг тодруулах, байгууллагуудын сонирхолтой танилцуулга, азтай хэрэглэгчдийг тодруулах зэрэг олон арга хэмжээ шинээр зохион байгуулагдах болно.

Иймд танай байгууллагыг уг үзэсгэлэнд оролцож өөрийн бизнесээ өргөжүүлэн, сурталчлахыг бид урьж байна.

Хүндэтгэсэн,

МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ МИШЭЭЛ ЭКСПО

ХАРИЛЦАА ХОЛБОО, ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТӨВИЙН ЕРӨНХИЙ

ТЕХНОЛОГИЙН ДАРГА ЗАХИРАЛ

ГАЗРЫН ДАРГА

Ж.САНСАР Б.БОЛДБААТАР Б.ЭНХ-АМГАЛАН

Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2009 оны 04 сарын 10 )
Read More......