Өчигдөр
Монгол Улс 1990-ээд оноос эхлэн ардчилсан нийгмийн чиг баримжаатай, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх хувьсгалт өөрчлөлтүүдийг хийж, улсын өмчийг хувьчлаж, хувийн хэвшлийн аж ахуйг хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан зарчмыг нийгэм эдийн засгийн хөгжлийн үндэс суурь болгон тавьсан билээ. Өмч хувьчлалтай холбогдон 1991 онд үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагууд болох хөрөнгийн бирж, үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллага болон хот, хөдөөд ажил үйлчилгээ үзүүлэх 29 брокер-дилерийн компаниуд анх үүсэн бий болж, 1991-1995 онуудад хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн тараалт, бичилтүүдийг хийж, нийт 475 ХК-ийн хувьцааг үнэт цаасны анхдагч зах зээл дээр байршуулан 1,3 сая хувьцаа эзэмшигчдийг бий болгож төр, засгийн бодлого, зорилтыг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжихдээ өмч хувьчлалын нэг арга зам болгон үнэт цаасны зах зээлийн гол бүтээгдэхүүн болох хувьцаа гарган хялбаршуулсан байдлаар хувьцаат компани, хувьцаа эзэмшигчдийг бий болгосон боловч, хувьцаа гаргагч компани нь нийтийн өмчин дээр суурилсан, нээлттэй мэдээ, тайлан, ил тод үйл ажиллагааг эрхэмлэх эрх, үүргээ төдийлөн сайн ёсчлон биелүүлээгүй бол хувьцаа эзэмшигч нь өөрийн өмч хөрөнгө болсон хувьцааныхаа мөн чанар, өөрийн эрх, үүрэг, ач холбогдлыг мөн төдий чинээ сайн ухамсарлан ойлголгүй байсаар өдий хүртэл үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ та бидний өдөр тутмын хэрэглээ болж чадсангүй. Энэ байдалд дөнгөж шинээр үүсч байсан зах зээлд элдэв эрсдлийг урьдчилан харах, тооцох арга туршлага дутсанаас болсон том алдагдал ч хүчтэй нөлөөлсөн билээ. Тухайлбал, төрийн байгууллага болох МХБ-ээс 1998 онд 1 сая шахам хувьцаа эзэмшигчдийн 1,1 тэрбум орчим төгрөгийг дампуурч буй банкинд байршуулан том алдагдал хүлээснээс болж өнгөрсөн 10 шахам жил үнэт цаасны арилжааны идэвхи эрс суларч, үнэт цаасны зах зээлийн нэр хүнд унаж, үнэт цаас гаргагч компаниудын хариуцлага, тайлан мэдээлэл багасаж, зах зээлд үйлчлэгч брокер-дилерийн компаниуд болон хот, хөдөөгийн харилцагч нарын тоо 2 дахин буурч хүнд гарз хохирол болсныг дараахь судалгааны хүснэгтүүд нотлох болно. Харин Засгийн газраас 2002 онд 490 сая төгрөг, 2006 онд 560 сая төгрөгийн нөхөн олговор өгч дээрхи алдагдлыг хааснаар сүүлийн жилүүдэд үнэт цаасны зах зээл хэвийн байдалдаа эргэн орох аятай боломж бүрдэн өнөөдрийг хүрсэн билээ. Гэхдээ 2000 оноос хойш Засгийн газар болон барилгын компаниуд хэд хэдэн удаа үнэт цаасны зах зээл дээр бонд гаргаж байсан нь зах зээлийн нэр хүндийг өргөж, өргөн боломжийг нь нийтэд нээж өгөхөд чухал үр нөлөөлөл үзүүлсэнийг дурьдах нь зүйтэй.
Монголын үнэт цаасны зах зээл дээр өнгөрсөн 15 жилд нийтдээ 300 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс 1/3 нь буюу 103 тэрбум төгрөгийн арилжаа нь зөвхөн өнгөрсөн 2007 онд хийгдэж, түүхэн амжилт гаргалаа. Сүүлийн 2 жилд 15 компани шинээр болон нэмэлт хувьцаануудаа гаргаж үнэт цаасны зах зээлээс санхүүжилт авснаас гадна арилжааны банкууд хүртэл нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт орж үйл ажиллагаагаа амжилттай явуулдаг боллоо. Жишээ нь, Зоос банк анхлан хувьцаат компани болж 1 ширхэг нь 1000 төгрөгийн үнэтэй хувьцаа гаргаж байсан бол хувьцааных нь зах зээлийн үнэ 2 жилийн хугацаанд 4-7 дахин өсөж, өндөр үнэлэмжтэй компаниудын нэг боллоо. 2008 он гарсаар Анод банк, Гермес центр, Накотүлш, Хөх ган, Бидисек, Ремикон зэрэг компаниуд шинээр хувьцаа гаргаж арилжаалсан бол удахгүй Монфреш жүүс компани ч мөн үнэт цаасны зах зээлд орж ирэх гэж байна. Хэдийгээр энэ он инфляц өндөртэй, өргөн хэрэглээний бараа болон шатахууны үнийн гэнэтийн өсөлтөөд, ноолуурын үнийн бууралт, сонгууль, олимп гэх мэтээр гадаад дотоодын томоохон үйл явдлууд ихтэй өдрүүд болж, МХБ-ийн үнэт цаасны ТОП-20 индекс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3,0-иар буурч 8125,52 болсон хэдий ч 60 шахам тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа оны эхнээс хийгдлээ. Энэ жилийн өндөр инфляц, үнийн хөөрөгдлөөс шалтгаалан хүү багатай Засгийн газрын бондууд арилжаалагдаж чадахгүй байна. Ийнхүү үнэт цаас шинээр гаргах хандлага нааштай эргэж байгаа бол үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагуудын тоо сүүлийн жилүүдэд бараг 2 дахин өсөж одоо 50 шахам андеррайтер, брокер, дилер, зөвлөх компаниуд бий болоод байгаагийн 30 гаруй нь МХБ дээр суудлын эрх авч өдөр тутмын арилжаанд оролцож байна. Эдгээрийн дотроос үнэт цаасны анхдагч ба хоёрдогч зах зээл дээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий андеррайтерийн компаниуд ч 20 шахам бий болсон нь шинээр үнэт цаас гаргах, мэргэжлийн зөвлөгөө, үнэлгээ, эрсдлийн шинжилгээнүүд хийгдэхэд дөхөмтэй болж үнэт цаас гаргагчдад таатай боломжийг бүрдүүлэх боллоо. Үүнээс гадна МХБ, төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн байгууллагуудын техник, программ хангамжууд шинэчлэгдэн сайжирч, гадаад харилцаа эрс өсөж байна. Үнэт цаасны зах зээлийн гол оролцогч болох үнэт цаас худалдан авагч нар буюу хөрөнгө оруулагч нарын хувьд зах зээлд итгэл найдвараа өгч арилжаа наймаанд боломжийн хэрээр оролцож энэ онд 60 тэрбумын арилжаа хийснийг дээр дурьдсан. Худалдан авагчдын дунд шинээр гарч буй үнэт цаасыг худалдан авах сонирхол ихээхэн давамгайлж байгаа бөгөөд эдгээрийн дотор гадаадын хөрөнгө оруулагч нар ч багагүй хувийг эзлэж байна. Үүнээс гадна МХБ, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо гэх мэтийн төрийн болон төрийн бус байгууллагуудаас сүүлийн 2 жилд үнэт цаасны зах зээлийн анхан шатны болон гүнзгийрүүлсэн сургалт, семинаруудыг гадаад, дотоодын их дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудтай хамтран багагүй зохион байгуулж байгаа нь хөрөнгө оруулагчдыг зах зээлд татах, мэргэжилтэй боловсон хүчнээр мэргэжпийн байгууллагуудыг нөхөн хангахад ихээхэн тус дэм болж байна. Гэвч эдгээр нааштай үр дүнгүүд байгаа боловч манай нийгэм, эдийн засгийн хурдацтай хөгжилд үнэт цаасны зах зээлийн оруулах хувь нэмэр, үр ашигтай нөлөөлөл хоцрогдонгуй, магадгүй чөдөр тушаа болох хандлагатай байсаар байна.
Тухайлбал,
1.Эдийн засгийн хурдацтай хөгжлөөс компани болон үнэт цаасны зах зээлийн тухай хууль эрх зүйн үндэслэл, зохицуулалт хоцорч байна.
2.Үнэт цаас гаргагчдын нээлттэй ил тод тайлан, мэдээллийн хоцрогдол шударга тогтолцоо, гишүүнчлэл, компанийн сайн засаглалын зарчмын хэрэгжилт хангалтгүй байна.
3.Үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдийн эрх ашиг, орлогын шударга хуваарилалт, нэгдмэл зорилго, байр суурь, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн хамгаалалт сул
4.Үнэт цаасны зах зээлд оролцогчид /үнэт цаас гаргагч, үнэт цаас худалдан авагч, мэргэжлийн байгууллагууд/-ыг дэмжих төрийн бодлого, шийдвэрүүд дутмаг
5.Үнэт цаасны зах зээлд нэвтрүүлэх шинэ төрлийн үнэт цаас, ажил, үйлчилгээний талаархи санал, санаачлага дутмаг, хөхүүлэн дэмжих үйл ажиллагаа байхгүй
6.Үнэт цаасны ач холбогдол, хүртээмжтэй хэлбэрийг өргөнөөр сурталчлан таниулах, сургах, мэдээлэх, өдөр тутмын хэрэглээ болгох ажилд ахиц муутай байна.
7.Үнэт цаасны зах зээлийн удирдлага, хяналт, зохицуулалтын шийдвэр гаргах түвшинд төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо, төлөөлөл байхгүй зэрэг наад захын шийдвэрлэх асуудлууд хуримтлагдсаар байна.
Маргааш
Монголын үнэт цаасны зах зээл хөгжлийнхөө эхэн шатанд байгаа хэдий ч ойрын үед үсрэнгүй өөрчлөгдөн хөгжих үе шатандаа тулчихаад байна. Дэлхийн үнэт цаасны зах зээлүүдэд үнэ ханшны уналт нүүрлээд байгаа боловч манай үнэт цаасны зах зээл дотоодын улс төр, нийгэм эдийн засгийн шинэ бодлогын эхлэлийг хүлээсэн байдалтай байна. Энэ нь юуны Ашигт малтмалын тухай хууль, стратегийн орд газруудын цаашдын ашиглалт, ялсан намуудын амалсан 1 ба 1,5 сая төгрөгийн амлалтуудыг хэрхэн шийдвэрлэх арга замуудын талаархи улс төрийн шийдлүүдийг хүлээж байна. Нэгэнтээ К.Маркс: "Хэрвээ хувьцаа, үнэт цаас гараагүй бол хүн төрөлхтөн төмөр зам, галт тэргийг мэдэхгүй байх байсан" гэж хэлсэн байдаг нь олон түмний "карманы" мөнгийг хувьцаагаар татан төвлөрүүлж чадвал ямар ч том бүтээн байгуулалтыг хийж чадна гэсэн үг билээ. Хэрвээ стратегийн орд газруудыг хэд хэдэн хувьцаат компани болгон нийт ард түмэнд хүртээвэл аль 15-16 жилийн өмнө өмч хувьчлахад ажиллаж байсан аймаг, хотын брокер-дилерийн компани, түүний ажиллах хүчин, бүтэц зохион байгуулалт бэлэн байна. Харин ч одоогийн нөхцөлд шинэ арга, техникээр хялбархан хэрэгжүүлж чадна. МХБ өөрийн арилжааны программ, техник хангамжийг сайжруулан өргөтгөх төслүүд дээр ажиллаж байгаа бол NASDAQ гэх мэтийн аварга том биржүүдийн арга туршлага, хамтын ажиллагаагаар дилерүүдийн арилжааны төвийг бий болгох санал санаачлага, судалгаанууд ч үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагуудын дунд явагдаж байна. Ингэснээр цаашдаа зөвхөн хувьцаа, бонд биш бусад үүсмэл үнэт цааснууд, вексель, облигацууд, хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын хувьцаанууд, таваарын болон валютын биржүүд ажиллах өргөн боломжууд бий болно. МХБ дээр одоо бага боловч гадаадын хөрөнгө оруулагч нар үнэт цаасны арилжаанд оролцож байна. Харин цаашдаа стратегийн орд газруудыг түшиглэсэн хувьцаат компанийн хувьцааг худалдах үед ихээхэн хөрөнгө оруулагч нар орж ирэх магадлалтай бөгөөд үүнийг дагаад манай банкуудын гадаад харилцааны актив хөрөнгөө ч нэмэгдэх учиртай. Ипотек барьцаалсан моргейжийн анхдагч ба хоёрдогч зах зээлийг хөгжүүлснээр айл өрхийг орон сууцжуулах хөтөлбөрүүд хэрэгжиж, агаарын бохирдлыг багасгахад ч тус дөхөм болно. Одоо Монгол Улсын Засгийн газар, Монгол банкнаас мөнгөний хатуу бодлого баримтлаж, зөвхөн банкны систем өөрөө мөнгө татах бодлого баримтлаад байхын оронд үнэт цаасны зах зээлд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжиж, түүгээрээ дамжуулан үйлдвэржилтийн бодлогоо хэрэгжүүлж, вексель гэх мэтийн үр, төлбөрийн үнэт цааснуудыг аж ахуйн эргэлтэнд оруулбал бас ч гэж бэлэн мөнгөний хэрэгцээг багасгах талтай билээ.Үнэт цаасны зах зээлээс санхүүжилтийн хямд төсөр эх үүсвэр олох боломжийг мэдэрч эхлэж байгаа бизнес эрхлэгчдийн хүсэл эрмэлзлэлийг Засгийн газраас татварын бодлогоор зөв талаас нь дэмжин ажиллавал мөнгөний эрэлт нийлүүлэлтэнд нааштай нөлөө үзүүлж чадах юм. Бид 80 гаруй жил бараг зөвхөн банкны үйлчилгээ, зээлэнд дулдуйдаж ирсэн бөгөөд үүнээс өөр арга замгүй мэт гүн бат ойл гоцод автаж тэр төөрөгдөл ойл гоц инерцээрээ явсаар зах зээлийн эдийн засагт шилжсэн 20 шахам жилийг үдэж байна. Манай бизнес эрхлэгчид ихийг хийх хүсэл сонирхол маш их байна. Харин хэн түүнийг дэмжиж хүү багатай удаан хугацааны зээлийг хэзээ, хэр зэрэг хүртээмжтэй олгочихвоо, банкны барьцааны үнэлэмж, шаардлагыг хангах барьцаа, үл хөдлөх хөрөнгөтэй хүмүүс хэр зэрэг олон байгаа билээ гэх мэт зүйлүүдэд гайхуулчих тоо баримтууд тун ховор байгаа билээ. Уудам өргөн эх оронд маань хийх ажил их байгаа учраас дэлхий нийтээрээ үр шимийг нь хүртээд өч төчнөөн жил хөгжиж ирсэн үнэт цаасны зах зээлийн арга, туршлагуудаас судлан хэрэгжүүлж амжилтанд хүрэх боломж байсаар байна. Сайн хүн бусдын амжилт, алдаанаас суралцдаг, харин муу хүн өөрийн алдаанаас сурдаг гэдэг үг байдаг билээ.
Read More......