Бүсгүй та тамхинаас гармаар байна уу?
Тамхи нь хортой, эрүүл мэндэд аюултай зуршил гэдгийг бүгд мэднэ. Тэгсэн ч татгалзаж чадалгүй, өдөрт хэд хэдээр нь татдаг бөгөөд стрессээ тайлж байна хэмээн өөрсдийгөө тайвшруулдаг.
Тэгвэл тамхи татах нь эмэгтэй хүний бие организмд эрчүүдийнхээс илүү их хор хөнөөлтэй байдаг аж. Тамхичин эмэгтэйн бие организмд хөгшрөлтийн үйл явц илүү хурдтай явагддаг бөгөөд төрөлтийн хувьд ч ямар нэг байдлаар хүндрэл дагуулах эрсдэл дагалдаж байдаг юм.
Эмч нарын үзэж буйгаар эмэгтэй хүнд тамхи татах зуршлаа хаях нь илүү хэцүү байдаг юм байна. Учир нь дааврын хэлбэлзлээс үүдэн стресс, сэтгэлийн хямралд илүү гүн ордог. Хэдий ийм ч тамхийг өөрийн эрүүл мэндийн төлөө, мөн эргэн тойрны хүмүүсийн тав тухын тусын тулд тамхи татах зуршлаа хаях л хэрэгтэй болно.
Эмч нарын зөвлөж буйгаар бол эмэгтэй хүн тамхи татах зуршлаа хаях хугацааг сарын тэмдэг үзэгдээд дуусах өдрөөс эхлэх хэрэгтэй. Энэ үед дааврын үйл явц тасалдах магадлал хурц өдрүүдийг бодвол харьцангуй бага байдаг юм байна.
Ингэхдээ юуны түрүүнд, тамхинаас татгалзахаас үүдэлтэй сэтгэл санааны дарамтыг давах хэрэгтэй болно. Эрүүл мэндэд хортой гэдгээс эхлээд эргэн тойрны хүмүүст таагүй, тав тухгүй байдал үүсгэдэг гээд бүгдийг нэг нэгэнгүй бичиж тэмдэглэ.
Дараа нь сэтгэл зүйч эмч нарын зөвлөсний дагуу шилэн сав авч татаж дууссан тамхины акуркийг түүндээ хий. Тамхи татах эсвэл тамхи татмаар санагдсан үедээ тэрхүү шилэн доторхи хар тортгоор бохирдсон шингэнийг харж бай.
Тамхиа хаях өдрийг тодорхой товлох нь чухал. Ингэхгүй бол “маргааш” гэсэн амлалт эх захгүй үргэлжлэх болно.
Тамхи татах хүсэл нь ямар нэг өдөөгчтэй холбоотой байдаг. Тухайлбал: “кофе уух, стресст орох гээд олон шалтгааныг дурьдаж болох бөгөөд энэ өдөөгчтэй бүх хүчээрээ тэмцэх хэрэгтэй. Өглөө кофе уудаг зуршилтай бол түүний оронд жимсний шүүс эсвэл ногоон цай уу. Тэгвэл тамхины хор гадагшлахад илүүтэй тустай байх болно.
Стресстэй тэмцэх хэрэгтэй ч ямар ч тохиолдолд никотины тусламжтай аргыг сонгох хэрэггүй. Тамхи татах хүсэл багцаалбал 10-15 минут үргэлжилдэг. Энэ үед нь анхаарлаа сарниулах ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Тухайлбал, спортоор хичээллэх, ном унших, бүжиглэх, халуун ванн, шүршүүрт орох зэргээр тамхи татах хүсэл хурц төрөх агшинд "гал унтраавал” сайн. Мөн эмч нар энэ үед амаа угаах, бохь зажилах, чихэр хүлхэх, самар чөмөхийг зөвлөдөг.
Тамхинаас татгалзах хэд хэдэн оролдлого хийсний дараа тамхи татах хүсэл аажим аажмаар багасах болно. Энэ бүх хугацаанд тамхи татдаг орчноос аль болох зайлсхийж, шарсан хуурсан хоол хүнс хэрэглэхгүй байвал зүгээр. Биеийг хоргүйжүүлэхэд туслах зорилгоор багагүй хэмжээгээр цэвэр ус уух хэрэгтэй. Тамхи худалдаж авах мөнгөөрөө өөрт хэрэгтэй ямар нэг зүйл худалдаж аван өөрийгөө урамшуул.
Ихэнх эмэгтэйчүүд илүүдэл жинтэй болохоос эмээж тамхиа хаяхаас татгалздаг. Үнэхээр ч тамхи татдаг зуршилтэй эмэгтэйчүүдийн гучин хувь нь бие организмд никотин байхгүй болсноос бодисын солилцоо удааширч илүүдэл жин хуримтлуулж эхэлдэг. Үүнийг биеийн хүчний ачааллаа нэмэх замаар зохицуулж болно.
Тамхинаас гарахад тус болох нэмэлт зүйл нь никотинтой пластырь, никотин агуулсан бохь зэргийг хэрэглэх. Үүнээс гадна эмч нар никотин агуулаагүй, тамхи татах хүслийг намжаах тусгай эм бэлдмэлийг ч бас санал болгодог.
Эхний оролдлого бүтэлгүй байж болох ч энэ нь тамхинаас гарах найдваргүй гэсэн хэрэг огт биш юм. Шантралгүй дахин оролдож үзэх хэрэгтэй. Танд амжилт хүсье.Эх сурвалж: news.mn
Read More......