Оросын угсаатны зүй судлаачид Монгол генийн “эрэлд”



Европчууд тэр дундаа оросууд Азийн нүүдэлчидтэй олон зууны турш хөрш зэргэлдээ, байнгын хэлхээ холбоотой явж ирсэн ч “өндөр хамартнууд”-ын ген-фондод “өргөн шанаатны” ул мөр бараг үлдээгүй гэжээ. ОХУ-ын анагаах ухаан-генетикийн судалгааны төвийн эрдэмтэд ийм нотолгоог саяхан хийгээд байна. Орос газрын хүүхнүүд энгэр чангатай байсных уу эсвэл Азийнхан тэднийг сониуч харц, таалал хүслийнхээ гадна үлдээсний аль нь болох нь тодорхой бус.

Азийн нүүдэлчид, Монголын байлдан дагуулагчид уг нь энэ нутагт үр удам байтугай ул мөрөө үлдээж байсан нь тов тодорхой зүйл. Гэвч өргөн уудам нутаг, зуун саяар тоологдох хүн амын дунд энэ бүхэн саармагжин сарнисан бололтой. Генетикийн энэ “цагаачлал”, өв үлдэгдлийг тогтоохын тулд Оросын эрдэмтэд Ү хромосомын дарааллыг удтал судалжээ. Гэхдээ эрдэмтэд зөвхөн эрчүүдэд л энэ судалгааг хийсэн гэнэ. Учир нь ийм хромсом эмэгтэйчүүдэд байдаггүй.

Ү хромосом бол үндсэндээ хүний ураг төрлийн мэдэллийн сан гэсэн үг. Нүүдэлчин байлдан дагуулагчдаас нь үлдсэн өв энд хадгалагдан байх учиртай. Гэвч санаснаас бага байж. Энэ нь орос цус цэвэр хэвээрээ байгаагийн нотолгоо болж байгаа юм.

Москвагийн генетикч эрдэмтэд энэ судалгаагаараа нэг зүйлийн дүр төрхийг тогтоосон гэнэ. Тэр нь Төв Азийн генфонд халимагуудад их ажиглагдсан явдал. Энэ ч зүй ёсны үр дүн. Халимагууд тун саяхан, тухайлбал 17 дугаар зууны үед л Европод шилжин суурьшсаныг дурдах хэрэгтэй.

Газар нутгийн байршлын хувьд Ази Европын зааг нутгаар оршин амьдардаг Башкирчуудад “тал нутгийнхан”-ы Ү хромосом илэрдэг ч тэгтлээ давамгайлдаггүй. Тэр ч бүү хэл Казанийн татарчуудад генетикийн ийм ижил төстэй шинжийн илрэл бүр бага байдаг нь гайхал төрүүлдэг. Татарчуудыг Монгол цусных гэсэн ойлголт хэзээ язааны зүйл. Оросуудын сэтгэхүйд бол бараг теором болтлоо тогтчихсон ойлголт шүү дээ. Гэхдээ энэ бол учир шалтгаантай байж таарна. Татарчуудын Ази ген нутгийн фин-угорчуудын овгийнхонтой ижилссэнийг эндээс анзаарч болно.

Ижил мөрний Оросууд болон энэ нутгаас Европод нүүдэллэн суурьшсан ард түмний генид Төв Азийнхны Ү хромосом зөөгдөн хадгалагдсан нь бага байдаг. Тэгэхээр талын нүүдэлчдийн Ү хромосом Дорнод Европын ард түмнүүдийн генфондод тун шалихгүй нөлөөлсөн байж таарах гээд байна. Эндээс Оросуудыг үндсэн. Европ шинж төрхтнүүд хэмээн тодорхойлж болно гэсэн үг гэнэ.

Үүнээс өмнө Орос, Эстоны генетикчид энэ чиглэлээр судалгаа хийжээ. Энэ судалгаагаар оросын хүн ам зүйн генийн удамшлыг хоёр үндсэн хэсэгт хуваан үзсэн байдаг. Тэдгээр нь Төв болон өмнө зүгийн славян хэлтэн, умар зүгийн фин-уграмчууд юм. Эдгээр нь гарал угсаа нэгтэй ард түмэн.

Харин жинхэнэ Ази хэв төрхтөн тэр дундаа Татар-Монголчуудын ген оросуудын генийн тархалтад мэдэгдэхүйц хэмжээнд ажиглагдаагүй гэжээ. Гэхдээ татарчуудын ген оросуудынхаас тун бага ялгаатай. Гагцхүү Төв Азиас гаралтай монгол генфондын шинж төрх бага хэмжээгээр ажиглагддаг. Хэдий ийм ч угсаатан зүй судлаачид Төв Ази болон Европчуудын генийн харилцан уялдаа холбоог үргэлжлүүлэн судлахаар төлөвлөж байна.

А.Цэлмэг
www.gogo.mn Read More......