Дэлгэр Монгол нутагт хавар ирлээ
-Өчигдөр, өнөөдөр, маргааш. Буурал хорвоо хэмээгч хавар гэх энэ л цэгээс эхлэх мэт. Саатан золгохын ерөөлтэй, сайхан сэтгэлийн илэрхийлэл болохоор тэр биз ээ-
Яруу тунгалаг төрийн дуулал нь эгшиглэж, алтан соёмбот далбаа нь намирах ахуйд омогшил, туурга тусгаар улс гэртэйн бардамнал, Монгол гэдэг бахархал цээжинд бадраана. Энэ дэлхийн хаана суугаагаас үл хамааран биднийг нэгтгэдэг их хүчин Эх нутаг мину. Өвгөдийн өвлүүлэн үлдээсэн Монгол нутагт ханзрах хөрс цасны дороос яргуй цухуйн хавар цаг ирлээ.
Даян дэлхийн улс бүр түүх уламжлал, ард түмнийхээ үзэл сэтгэлгээг шингээсэн бусдаас ялгарах билэг тэмдгийг онцгойлон гаргаж туурга тусгаар, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлээ илэрхийлдэг.
Нэгэн цагт бидний хаад “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээсэн дардас бүхий хаш эрдэнийн тамга барьж төр ёсны сүрийг илтгэж явсан билээ.
Төв Азийн голт зүрхэн дээр байршдаг нүүдэлчдийн түүх хэдэн мянганаар тоологдоно. Дэлхийн сүүлчийн мөстлөгийн үед чухам энэ л хязгаар буйд нутгаас бидний өвөг дээдэс болсон анчин нүүдэлчид ан гөрөөний их нүүдлийг даган Берингийн битүү байсан хоолойг дамжин Америк тивд очин суурьсан ч гэлцдэг. Хамгийн сүүлд л гэхэд Японы эрэг орчимд живсэн монголчуудын онгоцноос Ромын легионеруудын дуулга олдсон нь 13 дугаар зууны байлдан дагуулалтаараа бидэнд тэд зүтгэж байсныг нотлох ажээ. Тийм ээ, бид их гүрэн. Аргаа барахдаа Хятад цагаан хэрэм бариулан мөнхийн дайсан нүүдэлчдээс газар нутгаа тусгаарлах оролдлого хийсэн нь өнөөдөр хүний түүхийн туршид баригдсан хамгийн том уран барилгын байгууламж хэмээн нэрийдэхэд хүргэжээ. Аугаа гайхамшигт хэрэм бариулахад хүргэсэн ард түмэн бүр ч гайхамшигтай биш гэж үү. Тийм ээ, бахархал дүүрэн бидэнтэй илчит туяагаа цацруулах наран хавартай золгууллаа.
Хаврын тэргүүн сар. Ургамал бүхэн амь орж, гол горхи сэргэн хоржигнон мяралзах уудам хөндий, нүд алдам хээр талдаа эрх дураар нүүдэллэн амьдарсаар ирсэн эрх чөлөөт нүүдэлчдэд нэгэн хавар ирлээ. Хүний түүхийн олон мянган хавартай золгон бартаа саадыг даван туулсан Монгол түмэн дахин нэгэн хавартай золголоо. Дэлгэр Монгол нутагт минь XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жил айлчлан ирлээ.
Төв Азийн нүүдэлчин. Туурга тусгаар Монгол Улс. Хэчнээн сайхан бэ. Хэчнээн яруу уянгалаг гээч.
Хамаагүй ээ, олон арван жилийн өвөр хоорондын тэмцлийн сүүлчээр Монголчууд манж угсаатанд өөрийн тусгаар тогтнолоо бүрэн алдаж хараат болсон ч, харц дээгүүр явдаг зон олон харц доогуур толгой бөхиймөл явах болсон ч гэлээ Монголын олон зоригт аавын хүүхэд олон арван удаагийн зэвсэгт бослогынхоо хүчинд өдгөө өвгөдийн үлдээсэн газар шороо, өв соёлтой батлан хамгаалж, XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилтэй мэнд амрын цацлаа өргөн мэхийн золголоо.
Өчигдөр, өнөөдөр, маргааш. Буурал хорвоо хэмээгч хавар гэх энэ л цэгээс эхлэх мэт. Саатан золгохын ерөөлтэй, сайхан сэтгэлийн илэрхийлэл болохоор тэр биз ээ. Оюунт хүн гэгч оноо алдаагаа огоорон ухаарч, ирээдүйн мөрөө эрхэст тэнгэрээ даатгадаг болохоор ч тэр буй за.
Ам мурийн гар зөрүүлсэн ч, арагш харж хараан зүхсэн ч уужим сэтгэлээр амрыг эрэн, мэндийн цэнхэр хадгаа барин, мэхийн саатан золгодог миний Монголын аугаа баяр болохоор тэр биз ээ.
Зорьсон газар холын хол ч зориод золгохоор дуулан санагалздаг харь оронд суугаа элэг нэгт Монгол хүн та сайхан хаваржиж байна уу. Алсад суугаа аавдаа амжиж очиж золгоогүй ч амрыг нь эргэн нарандаа залбирч, амьдарлаа өөд өргөхөөр хүний нутгийн эргүүлэгт хөрст нутгаа санагалзан суугаа элэг нэгт Монгол та сайхан шинэлээрэй.
Сарын газраас санагалзавч, саравчлан суугаа ижийдээ сайны ерөөл дэвшүүлэн баярын нулимстай, сайнтай муутай хүний нутгаас саймшран санаа алдан суугаа ахан дүүс та бүхэн сайхан шинэлэж байна уу. Сайны ерөөл дэвшүүлэн мэндчилж, учран золгохын өлзийт ерөөлийг өргөн сууна уу. Өвгөдийн үлдээсэн эх нутгаа өөрийн биеэр хамгаалан торгон хилийн зурваст нүд цавчилгүй манаанд зогсоо хилчин та сайн байна уу. Алсад одсон хүүгийнхээ аян замыг даатган, мэнд амрын цацлаа өргөн суугаа эжий та сайхан хаваржиж байна уу...
...Тийм ээ, бахархал дүүрэн бидэнтэй илчит туяагаа цацруулах наран хавартай золгууллаа. Дэвжин дээшлэхийг билэгдэх мэт ургах нарандаа ураг төрөл, амьдрал ахуйгаа даатган хөх монголчууд мэхийн угтлаа.
Омогшил, туурга тусгаар улс гэртэйн бардамнал, Монгол гэдэг бахархал цээжинд бадрана. Энэ дэлхийн хаана суугаагаас үл хамааран биднийг нэгтгэдэг их хүчин Эх нутаг мину. Өвгөдийн өвлүүлэн үлдээсэн Монгол нутагт ханзрах хөрс цасны дороос яргуй цухуйн хавар цаг ирлээ.
Л.НАРАНТӨГС
www.news.mn Read More......