Иргэний танхим иргэнд үйлчлэх үү?
-Ардчилал, шударга ёс, хүний эрх , эрх чөлөөг дээдэлсэн шинэ нийгэмд хүн шиг амьдрах гэсэн хүсэл эрмэлзэлтэй Монголын 2,6 сая иргэнийг гутааж, парламентыг улам бүр муухай харагдуулж байгаа гишүүдийн авлигыг зогсоох нь одоо хэлэлцүүлж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиас хавьгүй чухал, тулгамдсан асуудал болоод байна-
Иргэний танхим буюу "citizen hall" гэдэг ойлголт анх АНУ-д үүссэн нь одоо ардчилсан гэгддэг бүх оронд жишиг болоод байгаа. Мужийн захиргаа ч юм уу шийдвэр гаргах эрх мэдлийн байгууллагуудын дэргэд ихэнхдээ байгуулдаг. Захиргааны байгууллагууд аливаа асуудлаар шийдвэр гаргахаасаа өмнө өөрийн дэргэдэх иргэний танхимаар дамжуулан иргэдийн санаа бодлыг сонсч, түүнийг нь шийдвэртээ тусгадаг шууд ардчиллын нэг хэлбэр. Ухаандаа саяхан манайд дэгдсэн гахайн томуугийн вирус идэвхжих үеэр Засгийн газар баар, ресторануудын хаалгыг барих шийдвэрийг яаран гаргахаасаа өмнө энэ туршилтыг нь нь бие дээрээ мэдэрдэг иргэд болоод бизнес эрхлэгчдийн саналыг сонссон бол үр дүн нь арай илүү гарах байжээ гэсэн үг. Харин парламент бол иргэдээс шууд сонгогддог төлөөллийн ардчиллын байгууллага учраас парламентын дэргэд ийм байгууллага бараг байдаггүй.
Тиймээс анх сонгуульд нэр дэвшсэн цагаасаа эхлэн "ардчилсан Ерөнхийлөгч" гэдэг имижийг бүрдүүлээд байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тамгын газрынхаа харьяанд Иргэний танхим байгуулан, үүгээр дамжуулж иргэдийн санал бодлыг төр засгаас гарч байгаа шийдвэрт тусгуулахаар амлаад байгаа. Анхны хэлэлцүүлэг ч яваад эхэлчихсэн. Ерөнхийлөгчийн Хүний эрх, олон нийтийн оролцооны бодлогын зөвлөхийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөр иргэдээс саналыг нь авч эхлээд байгаа. Үүнд зориулж саяхан Ерөнхийлөгчийн тамгын газраас Иргэний танхимын үйл ажиллагаа явуулах журмыг боловсруулан олон нийтэд танилцуулсан. Уг журамд зааснаар иргэд Иргэний танхимаас санал болгосон буюу УИХ дээр хэлэлцэгдэх гэж байгаа хуулийн төслүүдээр өөрсдийн саналыг бичгээр болон биеэр ирж өгөх ёстой. Гэхдээ иргэдийн оруулсан санал болгон хуульд тусгагдах албагүй гэдгийг бас сануулсан байна лээ.
Гэвч иргэдийн саналыг сонсохгүй байхын аргагүй нэг сэдвийг Ерөнхийлөгчийн тамгын газрынхан болон Иргэний танхимын ажлын албаныханд санал болгох хэрэгтэй болоод байна. Энэ бол саяхан УИХ-аар татлагдсан ирэх оны төсвийн хууль буюу гишүүдийн 76 тэрбум төгрөг. 2000 оноос хойш 10 дахь жилдээ үргэлжилж байгаа энэ тойргийн авлигыг таслан зогсоож, УИХ-ын гишүүд төсвийн мөнгөөр санал худалдаж авдаг жишгийг халахын тулд юу хийж болох байна тэр бүхнийг хийж, ямар л гарц байна гарц бүхнийг ашиглаасай, одоохондоо интернэтэд сэтгэгдэл бичихээс өөр гарцгүй мухардалд ороод байгаа иргэдийн байр суурийг сонсож, шийдвэр гаргагчдад хүргээсэй гэдэг үүднээс. Ардчилал, шударга ёс, хүний эрх , эрх чөлөөг дээдэлсэн шинэ нийгэмд хүн шиг амьдрах гэсэн хүсэл эрмэлзэлтэй Монголын 2,6 сая иргэнийг гутааж, парламентыг улам бүр муухай харагдуулж байгаа гишүүдийн авлигыг зогсоох нь одоо хэлэлцүүлж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиас хавьгүй чухал, тулгамдсан асуудал болоод байна.
Хэрэвзээ Иргэний танхимын үйл ажиллагааг үнэхээр иргэндээ хүрсэн ажил байгаасай гэж хүсч байгаа бол өнгөрсөн 2004 оны их хурлаас хойш ярианы сэдэв болсоор ирсэн ч өнөөг хүртэл УИХ-ын босгыг давж чадахгүй гацчихаад байгаа Сонгуулийн хуулийн өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцооны асуудлаар иргэдийнхээ саналыг аваасай гэж хүсэх байна. Мөн Монгол улсын 2,6-хан сая хүн амыг 21 аймаг, 350 гаруй сумдад тараан цацсан засаг захиргааны нэгжийн энэ харалган, үрэлгэн хуваарийг засч залруулах, хорь шахам жил засваргүй явж ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх асуудлаар иргэдийнхээ байр суурийг сонсоосой. Тэртэй тэргүй сонгогчдоосоо тасарч, нүд чихээ таглачихаад байгаа энэ парламентад үүнээс өөрөөр нөлөөлөх боломж алга. Үйл явдал болоод өнгөрсөн хойно араас нь хөөж гүйцэх, засч залруулах гэж тэнхээгээ бар, аль муугаа үзэж байснаас болохоос нь өмнө санаа оноогоо шургуулчих нь дээр. Хэрэвзээ Иргэний танхимыг үнэхээр иргэний танхим хэвээр нь ажиллуулахыг хүсвэл, хэрэвзээ Иргэний танхим аль нэг Ерөнхийлөгчийн хувийн имиджийг бий болгох хэрэгсэл төдий зүйл, хэнд ч хэрэггүй илүү булчирхай битгий болчихоосой гэж хүсч байвал шүү дээ. Ямар ч сайн зүйлийг муу хийхээс ямар ч муу зүйлийг сайн хийх нь илүү дээр байдаг. Ялангуяа монголчуудын хувьд эхнийх замыг илүүтэй сонгочих гээд байдаг учраас сануулж байгаа хэрэг.
Б.СЭМҮҮН
www.news.mn