Мэдээлэл, Харилцаа холбоо, Технологийн салбарт хүчин зүтгэгч Та бүхэнд 87 жилийн ойн баярын мэнд хүргэе
Монгол түмэн бид мэдээллийн салбартаа тэртээ 13-р зуунаас улбаалсан түүхэн хөгжилтэй улс билээ. Хожим Ардын хувьсгалын ялалт, Монгол төрийн тусгаар тогтнолтой хамт эхэлсэн энэ салбарын хөгжил нь манай улсын хөгжилтэй нягт уялдан иржээ.
Мэдээлэл, Харилцаа холбоо, Технологийн салбар дэлхий дахинаа төдийгүй Монгол улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна.
Өдгөө манай улсын хүн амын үүрэн телефон хэрэглэгчдийн тоо нэг саяас хол давж, бүх сум, суурин газарт үүрэн холбооны сүлжээ хүрчээ. Мөн 80 гаруй сум шилэн кабельд холбогдсон байна. Байнгын үйл ажиллагаатай телевиз, радио өдөр ирэх тусам нэмэгдсээр, чанар нь сайжирсаар.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол хөтөлбөр”-ийн хүрээнд интернэт хэрэглэгчдийн тоо ч өдөр ирэх тусам нэмэгдэж тэр хэрээр интернэтийн орчинд үйл ажиллагаа явуулах байгууллагын тоо ч өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Дэлхий ертөнцийг хэрэн холбодог интернэтийн орчинд Монгол залуус чөлөөтэй нэвтэрч, мэдлэг мэдээллээ солилцох боломж улам бүр өргөн дэлгэрсээр байгаа нь сайшаалтай.
Ингээд Мэдээлэл, Харилцаа холбоо, Технологийн салбарт хүчин зүтгэж, түүнийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг нийт Мэдээлэл технологийн салбарын ажилтнууд, инженер техникийн ажилтнууд, холбоочид, эрдэмтэн багш нар, өдөр тутмынхаа хэрэгцээ болгон ашигладаг Монгол улсын иргэн Та бүхэнд тус салбар байгуулагдсаны 87 жилийн ойн баярын мэндийг Үндэсний портал GoGo.mn-ийн хамт олны зүгээс хүргэж, халуун мэндчилгээг дэвшүүлж байна.