2011 оны нэгдсэн төсвийг баталлаа
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдааныг 21.30 цаг хүртэл үргэлжлүүлснээр Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийг баталлаа. Баталсан төсөвт Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн нийт орлогыг 3 их няад 304.6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг 4 их наяд 84.1 тэрбум төгрөгөөр тооцлоо. Ингэснээр нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг болж, ДНБ-ийн 9.9 хувь болж, өргөн барьсан төсвийн төслөөс алдагдлын хэмжээ 1.3 хувиар нэмэгдсэн юм.
Жил бүрийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд гол цөм болж ирсэн зэсийн үнийг нэг тонн тутамд 8425 ам.доллараар тооцсон нь нэлээд өндөр үзүүлэлт болов. Ирэх жилд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ дээрх хэмжээнээс буухгүй байвал монголчуудын хувьд идэх хоол, өмсөх хувцастай гэдэс цатгалан, мөр бүтэн байна. Хэрвээ дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унавал, Засгийн газар, УИХ нэгдсэн төсвөө дахин тодотгохоос эхлүүлээд төсвийн орлогыг бүрдүүлэх өөр эх үүсвэрийн эрэлд мордох хэрэгтэй болно. Одоогийн төвшинд нэг тонн зэсийн үнэ зарим өдөр 8900 ам.долларт хүрч байна. Гэсэн ч унахгүй гэх газаргүй. Өнгөрсөн түүхийг эргэн харвал, хоёр жилийн өмнө шахам нэгэн үе Лондонгийн бирж дээр 9000 ам.долларт хүрэн, гялалзаж, бусад металлудын хажууд хамгийн үнэ цэнэтэй нэгжид тооцогдож байсан зэс энэхүү ноёрхолоо удаан хадгалж чадалгүй, 4200 ам.доллар руу бууж байв. Золоор өмнөд хөрш зэсийг маш их хэмжээгээр татан төвлөрүүлж байсны хүчинд Монгол Улс зэсийн үнийн уналтаас үүссэн хямралыг бага амссан билээ. Тиймээс ирэх жил дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэг тонн нь 8425 ам.доллараас буухгүй байх болтугай гэсэн ерөөлийг өргөж суух л үлдлээ.
Мөн төсвийн орлого бүрдүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг алтыг нэг унци тутамд нь 1350 ам.доллараар тооцсон бол боловсруулсан нүүрсийг 98.8 ам.доллар байхаар тусгажээ.
Түүнчлэн Оюутолгой ХХК-иас 163.2 тэрбум төгрөгийн татварын орлого орж ирнэ гэж урьдчилан тооцоолоод байгаа бол Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татвар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлснээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр жилдээ улсын нэгдсэн төсөвт 207.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүргийг УИХ-аас авлаа. Мөн 2011 оны нэгдсэн төсөвт тусгаснаар татварын бус орлогоор 385.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрөх бол газрын тос олборлолтын орлогоос 69.8 тэрбум төгрөг, далайн тээврийн хураамжаас 300 орчим сая төгрөг, Монголбанк таван тэрбум төгрөгийг тус бүр төвлөрүүлэх болж байна.
Өмч хувьчлалын үндсэн чиглэлд тусгасны дагуу 2011 оны төвшинд төрийн өмчийн зарим обьектыг хувьд шилжүүлснээр 98.4 тэрбум төгрөг “босгохоор” тооцоолсон бол гадаадын тусламжийн орлогоос найман тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ.
Харин дээрх замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 532.2 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгасан юм. Тухайлбал, энэхүү 532.2 тэрбум төгрөгийн 86.2 хувийг нь барилга байгуулам барих болон өргөтгөл шинэчлэл хийхэд зарцуулах бол 5.6 хувийн хөрөнгийг барилгын их засвар хийхэд үрэх ажээ. Мөн энэхүү хөрөнгөөс 8.2 хувийг нь тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах юм.
Хоёр намын амлалтыг хэрэгжүүлэх хүрээнд 2011 оны нэгдүгээр сараас эхлэн иргэн бүрт сар тутамд 21 мянган төгрөг, жилд 252 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу нийт дүнгээрээ энэ арга хэмжээнд зориулж Хүний хөгжил сангаас 702.5 тэрбум төгрөгийг иргэдийн гар дээр бэлэн хэлбэрээр “цацахаар” тусгасан бол төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа 160 мянган оюутны сургалтын төлбөрт тус бүр 500 мянган төгрөгийг олгоход сангаас 82.5 тэрбум төгрөг гаргана. Эдгээр нь нийт дүнгээрээ 805.2 тэрбум төгрөг болж байгаа юм. Ингэхдээ энэхүү мөнгийг Монгол Улсын Засгийн газар ирээдүйд олох орлогоосоо иргэд болоод оюутнуудад олгох болчихоод байгаа нь хамгийн шог үзэгдэл болоод буй. Учир нь Хүний хөгжил санд ирэх оны төвшинд 329.6 тэрбум төгрөг төвлөрөх нь тодорхой ч, үлдсэн нь ирээдүйд олох орлогоос гэсэн гоё нэртэй тодорхой бус гаргалгаатайгаар энэхүү Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг 2011 оны нэгдсэн төсөвтэй хамт баталлаа. Read More......