НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ХДХВ/ДОХ-оос Сэргийлэх Дэлхийн Өдөрт зориулсан үг



ДОХ-ын цар тахлын тархалтыг бууруулах чиглэлээр зарим оронд нааштай үр дүн гарч байгааг дэлхий нийт харж байна. Оруулсан хөрөнгө оруулалт үр дүн авчирч, олон хүний амь аварч байна.

Гэсэн хэдий ч, шинээр халдвар авагсдын тоо ДОХ-той хүмүүсийг эмчилгээнд хамруулахаас илүү хурдтай нэмэгдсээр байгаа ба ДОХ өвчин нь эрт нас баралтын нэг гол шалтгаан хэвээр байна.

ХДХВ/ДОХ-оос сэргийлэх энэ өдөр бидний цаашид хийх ажил тодорхой байна. Үр дүнтэй нь нотлогдсон арга хэмжээг бид үргэлжлүүлэх ёстой. Гэхдээ 2010 оны эцэс гэхэд урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, халамж дэмжлэгийг бүх нийтэд хүртээмжтэй болгоно гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд арай илүү зүйлийг, нэн даруй хийх ёстой

Хэрвээ бид энэ асуудалд хүний эрхийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадвал амласан зорилтдоо хүрч чадна. Энэ нь ХДХВ-ийн халдварын улмаас бусдыг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох бүхий л хэлбэрийг эсэргүүцэх ёстой гэсэн үг. Энэ нь охид, эмэгтэйчүүдийг эсрэг хүчирхийллийг арилгах ёстой гэсэн үг. Энэ нь ХДХВ-ийн талаарх мэдээлэл, үйлчилгээг хүртээмжтэй болгох гэсэн үг.

ХДХВ-ийн халдвартай хүнийг хилээр нэвтрүүлэхгүй байх зэрэг ДОХ-ын эсрэг арга хэмжээнд саад болдог аливаа эрүүгийн хууль, тушаал шийдвэр, арга хэмжээг хүчингүй болгохыг бүх улс оронд уриалж байна. Хүнийг шийтгэдэг биш, харин хамгаалдаг арга хэмжээ илүү амжилт олдог нь нотлогдсон.

Хууль эрхзүйн орчин нь халдварт хамгийн их өртдөг бүлэг хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт үүсгэдэг байдал дэлхийн олон оронд оршсоор байна. Биеэ үнэлэгч эмэгтэйчүүд, судсаар мансууруулах бодис хэрэглэгчид, эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийг ялгаварлан гадуурхах нь тахлыг улам тараах бөгөөд тэдэнд чиглэсэн үр дүнтэй, өртөг багатай арга хэмжээ хэрэгжүүлэхэд саад болдог. ДОХ-ын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үзэл сурталд биш, харин нотолгоонд тулгуурласан байх ёстой бөгөөд уг халдварт хамгийн их өртсөн хүмүүст хүртээмжтэй байх ёстой.

ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүс урьдчилан сэргийлэлт, эрүүл мэнд болон хүний сайн сайхны төлөө илүү ихийг хийж бүтээхэд бидэнд маш сайн үлгэр дууриал болж чадна. Бид тэдний хувь нэмрийг үнэлж, ДОХ-ын эсрэг ажилд тэдний идэвхтэй оролцоог дэмжих хэрэгтэй.

ХДХВ-ийн халдвартэй амьдарч буй хүмүүс, халдвар авах эрсдэлтэй хүмүүс, уг тахалд нэрвэгдсэн хүүхэд, гэр бүлийн эрхийг ХДХВ/ДОХ-оос Сэргийлэх Дэлхийн Өдөр дээдлэн хамгаалцгаая. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед Мянганы Хөгжлийн Зорилтод ахиц гаргахын төлөө ДОХ-ын эсрэг арга хэмжээг эрчимжүүлье.

Бүгдээрээ зүтгэе.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн

Эх сурвалж: gogo.mn

Read More......