Зорилготой байхын ач тус

Хүмүүс хүссэн амьдралаа бүтээхийн тулд сайн ажиллах хэрэгтэй хэмээн ярьдаг. Энэ үнэн л дээ. Гэхдээ та хаа хүрэхээ мэдэхгүйгээр хаашаа ч явж чадахгүй шүү дээ. Жишээ нь та нэг ресторанд хоол идэхийг хүслээ гэж бодьё. Гэтэл хаана байгааг нь мэдэхгүйгээр яаж очих юм бэ? Тийм биз дээ? Зүгээр очихыг хүссэнээр тэнд хэрхэн очихоо мэднэ гэсэн үг биш юм. Мэдээж хүмүүсээс асуугаад хайгаад явбал олох нь мэдээж. Гэхдээ л цаг хугацаа дэндүү их алдана. Гэтэл та очихоосоо өмнө хаана байгааг нь мэдээд, хэрхэн очихоо төлөвлөчих юм бол хурдан, бас өөрийгөө зовоохгүйгээр очино шүү дээ.

Тэгэхээр энэ зорилготой яг адил. Та зорилгоо тодорхойлсоноор хаа хүрэхээ мэдэх ба тэр газраа очихын тулд юу хийхээ мэдэж байна гэсэн үг.
Хамгийн гол нь та одоо, өнгөрсөн хугацаанд ямар байсан, байгаа нь хамаагүй. Та өөрөө хүсвэл амжилтанд хүрч чадна гэсэн үг. Харин таны хандлага зөв байх хэрэгтэй. Зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэх аялалаа төлөвлөх хэрэгтэй юм.
Хамгийн сайн төлөвлөгч байх нь хүний амьдралд эзэмших ёстой хамгийн чухал чадвар. Яг үнэндээ хүмүүс төлөвлөгөөний дагуу амьдрах нь маш ховор байдаг. Гэтэл та амжилтанд хүрч, хүссэн амьдралаа бүтээе гэвэл амьдралынхаа талбар бүрийг ямар байлгахаа шийдэж, зорилго тавин төлөвлөх ёстой.

Зорилготой байхын ач тус нь таны амьдралын зүг чигийг зааж, амжилтанд хүрэхэд нь тусалж, аливаа зүйлийг сөргөөр хүлээн авахаас сэргийлж, тодорхойгүй байхаас хамгаалдаг явдал юм.
Та өнгөрсөндөө болсон зүйлийг хянаж чадахгүй ч ирээдүйд болох зүйлсийг харин хянаж болно шүү дээ. Түүнчлэн зорилготой болсоноор өөртөө илүү итгэлтэй болох болно.

Тэгвэл хэрхэн төлөвлөх вэ?
Зорилгыг хэд хэдэн түвшинд хийх хэрэгтэй байдаг аж. Эхлээд амьдралынхаа турш юу хийхээ бодох хэрэгтэй. Харин дараа нь үүнийгээ жижиг хэсгүүд болгон задал.

Эхлээд амьдралынхаа туршид хэрэгжүүлэх зорилгоо төлөвлө.
Гэхдээ олон хэсгүүдэд хуваах хэрэгтэй. Амьдралын зорилго нь хамгийн багадаа 10 жил байх хэрэгтэй. Тэгээд амьдралынхаа турш хийж бүтээхийг хүсэж байгаа зүйлсээ бичнэ.

Урлаг
Та ямар нэг урлагийн бүтээл хийе хэмээн бодож байсан уу? Яг юуг?
Хандлага
Таны сэтгэл санааг сөрөг болгодог, таны хүслийг унтраадаг бодол танд бий юу? Хэрвээ байгаа бол түүнийг олж илрүүлээд, учир шалтгааныг нь олж, санаа сэтгэлээ засах хэрэгтэй.
Карер
Та ямар түвшинд хүрэхийг хүсэж байна вэ?
Боловсрол
Та ямар чадвар, мэргэжлийг эзэмшихийг хүсдэг вэ?
Гэр бүл
Та эцэг, эх болохыг хүсдэг үү? Хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ? Таны хань ямар хүн байх вэ?
Санхүү
Та ямар түвшинд, ямар хэмжээний мөнгө олохыг хүсэж байна?
Биеийн
Та ямар спортоор хичээллэхийг хүсдэг вэ? Танд тодорхой оролцохыг хүсдэг уралдаан тэмцээн бий юу?
Нийгмийн ажил
Та хорвоо дэлхийг илүү амар амгалан болгохыг хүсдэг үү? Яаж?
Чөлөөт цаг
Та өөрийгөө хэрхэн хөгжүүлэхийг, өөрийгөө хэрхэн амрааж зугаацуулахыг хүсдэг вэ?

Ингээд та бүхэл амьдралынхаа зорилгыг гаргасан бол дараа нь цаг хугацааг нь багасгаж, 10 жил, 5 жил, 1 жил, 6 сар, 3 сар, 1 сар, 1 долоо хоног гэх мэтээр зорилго дэвшүүлэх хэрэгтэй. Ингэснээр та зорилгоо хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг.

Зөв зорилго дараах хэдэн шинж агуулсан байх ёстой байдаг байна.
• Тодорхой
• Хэмжиж болмоор, үр дүнг нь харж болмоор
• Боломжтой
• Тодорхой учир шалтгаантай байх
• Цаг хугацаатай байх

Хэзээ биелэх нь мэдэгдэхгүй зорилгыг зорилго гэж хэлэх хэрэггүй юм. Энэ яг л зорилгогүй байгаатай адил. Мөн биелэх боломжтой байх хэрэгтэй. Эс тэгвээс та хэт өндөр, биелүүлэхэд хэцүү зорилго тавьчихвал та өөрөө халшрах, үл итгэх, идэвхгүй байх магадлалтай. Гэхдээ та өөрөө итгэж, хийж чадна гэж бодож байгаа л бол зорилго том байх тусам сайн гэдгийг санаарай.
Мөн ямар нэг зорилго тавихдаа өөртөө байнга чадна гэж хэл. Би 20 кг турж чадна гэсэн хүн турж чаддаг. Харин чадахгүй гэсэн хүн чаддаггүй.
Мөн өөртөө яагаад ийм зорилго тавих болсоноо байнга хэл. Таны зорилго хэрэгжвэл ямар үр дүн гарах, хэрэгжсэнээрээ танд ямар хэрэгтэй болохыг тодорхойл. Ингэсэн цагт та зорилгоосоо ухрахгүй байх болно.

Зорилгогүй хүн салхинд хийсэх хамхуултай адил.

Read More......