Төрийн туг буйраа сэлгэлээ



Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан энэ өдөр Төрийн есөн хөлт их цагаан тугийг шинээр ашиглалтад орж байгаа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд Төрийн ордноос шилжүүлэн залах ёслол өнөөдөр боллоо.

Өргөөний их танхимд эх орны өнцөг булан бүрээс авчирсан рашаан ус, хөрс шорооны дээжийг хийж тусгайлан зассан гантиг сууринд төрийн тугийг байрлуулах үед их найрал хөгжимд бүрээ бишгүүр, бөмбөрийн дуу хадаж Төрийн дуулал эгшиглэхэд ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочид хурайлан угтлаа.

Төрийн тугийг хүндэтгэн залсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Баяр, УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, Монгол Улсад суугаа гадаадын дипломат байгууллагын тэргүүн нар, албаны бусад хүн есөн хөлт их цагаан тугандаа мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүллээ.

Төрийн тугийг хүндэтгэн залах ёслолын ажиллагаанд оролцсон төр, засгийн тэргүүн, хүндэт зочид дараа нь их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний энэ их танхимд цаашдаа Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадын төрийн тэргүүн, Элчин сайд нарыг хүлээн авч уулзах, баримт бичигт гарын үсэг зурах, төрийн дээд шагнал гардуулах зэрэг ёслол хүндэтгэлийн гол арга хэмжээнүүд болж байх юм байна. Төрийн тугийг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд залснаар иргэд, олон түмэн есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэх, тэнд шинээр нээх гэж байгаа төрийн тэргүүн нарын музейг үзэж сонирхох зэрэг боломж нээгдэж байгаа ажээ. Read More......