Путины орлогыг Сонгуулийн ерөнхий хороо дэлгэв
ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо “Нэгдмэл Орос” намыг сонгуульд оролцогчоор бүртгэсний дараа уг намын сонгуулийн жагсаалтыг толгойлж байгаа В.Путинээс эхлэн намын нэр дэвшигчдийн орлогын мэдээг нийтлүүлэв.
Нэр дэвшигчийн ¹1 үнэмлэхийг удалгүй Путинд намын лидер Борис Грызлов гардуулах юм. Оросын парламентын сонгуульд оролцох бүх намд “Нэгдмэл Орос” шиг аз гийсэнгүй. Тэднээс наад зах нь гурван нам сонгуульд оролцож чадахгүй бололтой. Өнгөрсөн баасан гаригт Сонгуулийн ерөнхий хороо “Нэгдмэл Орос”-ыг бүртгэн авснаар уг нам сонгуульд оролцоор бүртгүүлсэн найм дахь нам болжээ. Намын жагсаалтад есдүгээр сарын их хурлаасаа батласан 600 нэр дэвшигчийг бүгдийг нь бичсэн байв. Гэхдээ нэмэлт, хасалт байлгүй яахав. Намын төлөөлөгчийн хэлснээр намын гишүүдийн тоог тэнд нэмсэн байна. Олон нийтийн танхимын гишүүд сонгуульд нэрээ дэвшүүлж болохгүй учир уран сайхны гимнастикийн дэлхийн ба олимпийн аварга эмэгтэй Алина Кабаева спортоо орхин намын гишүүн болж сонгуульд нэр дэвшихээр шийдсэн нь үүний нэг жишээ. Хуулиар бол төрийн ажилтан сонгуулийн сурталчилгаа хийж болохгүй учир уг намын жагсаалтыг толгойлсон Путин намыг бүртгэх явцад нэр нь дурдагдсан болоод өнгөрөв. Гэхдээ харин түүний орлогыг СЕХ ил гаргаж тавилаа.
СЕХ-ны мэдээгээр Оросын ерөнхийлөгчийн орлого өнгөрсөн жилд 2 011 611 рубль 28 копеек болсон бөгөөд Хадгаламжийн банкин дахь дансандаа 3 083 219 рубль, 50 копеектай гэнэ. Мөн “Санкт-Петербург” банкны 230 хувьцааг Путин эзэмшдэг аж. Ерөнхийлөгч Москва орчимд 1500 м.кв газартай, Петербургт 77,7 кв.м талбайтай орон сууцтай ба түүний нэрэн дээр ГАЗ М-21Р, ГАЗ М-21 (1960, 1961 оны үйлдвэрийн) хоёр “Волга” машин, “Скиф3 гэдэг зүүгчтэйгээр бүртгэгджээ. Эдгээр машиныг Путин эцгээсээ өвлөн авсан гэнэ.
“Нэгдмэл Орос” нам сонгуулийн хөтөлбөрөөрөө ямар намтай өрсөлдөх нь ням гаригийн оройноос тодорч эхлэв. Ням гаригт сонгуульд оролцох бүх намууд бүртгэгдсэн байх учиртай. Өмнө нь бүртгэлээ авсан найман нам дээр энэ үеэр “Иргэний хүчин”, Хөдөө аж ахуйн нам”, “Нийгмийн шударга ёсны нам” гурав нэмэн бүртгэгдэв. Харин “Ногоонтны нам”, “Энх тайван, эв нэгдлийн нам”, “Ард түмний холбоо” гурав бүртгэгдэхгүй бололтой. Тэднийг дэмжигчдын жагсаалтыг шалгахад будлиан гарчээ.