Ашигт малтмалын лицензийн авлигын хэрэг задарч эхлэв
Төрийн албан тушаал ашиглаж бусдыг дарамталж хахууль нэхсэн авлигач нөхдүүд Авлигатай тэмцэх газарт түрүүчээсээ байцаагдаж эхэлсэн. Үүний нэгэн хэрэг бол Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Тамгын газрын дарга Л.Дэлгэрдалайтай холбоотой асуудал.
Өнөөдөр манайд ашигт малтмалын лицензийг наймаалцаж хэн их мөнгө хаясанд нь олгодог жишиг нэгэнт тогтож. Үүнийг жишээ баримтаар дурдъя.
Цайрын орд газар ард түмний хийгээд төрийн анхааралд орж улмаар эиэ орд газар орчим дахь, үйл ажиллагааны идэвхжилт муутай лицензийг дахин сунгахгүй байх, шииээр лиценз олгохгүй байх чиглэл Засгийн газраас гарсан байдаг. Гэтэл Өвөр Монголын иргэн Б.Далангуравын "Нонферрос металл майнинг" ХХК-ийн эзэмшихээс цаашгүй, үйл ажиллагаа явагддаггүй 7889, 7890 дугаартай лицензийг АМГТХГ-ынхан шуурхай сунгаж үйлчилжээ. Хуульд зааснаар бол дээрх компани лицензийн эрхээ дуусгавар болохоос нэг сарын өмнө өргөдөл гарган сунгуулах учиртай. Гэтэл дээрх компанийн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт байрлах цайрын орд газрын лицензүүдийг дуусгавар болохоос гурав хоногийн өмнө АМГТХЭГ-ын Тамгын газрын дарга Л.Дэлгэрдалайгийн даалгавраар хууль зөрчин өргөдөл хүлээн авч нэг хоногийн дотор 2010 он хүртэл лиценз эзэмших эрх олгожээ. Ийм жишээ зөвхөн ганц биш. Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумын нутагт орших гадаадын хөрөнгө оруулалттай,
Б.Линдсей Ричард гэгч захиралтай "ОНТРЭ" ХХК-ийн 3136Х, 3148Х, 3150Х тоот бүхий 179590 ректар талбайг хамарсан лицензийг сунгуулах өргөдөл хүлээн авах хугацаа гурван сараар хэтэрсэн байхад энэ оны долдугаар сарын 2-ны өдөр 2010 он хүртэлх хугацаатай эзэмшүүлэхээр шуурхай сунгаж өгсөн байна. Дээрх талбайд "Оюу толгойн" зэс молибдений орд газрын хүдрийн биетийн тодорхой хэсэг хамрагддаг аж.
Энэ нь "Айвенхоу Майнз" ХХК-ийн эзэмшлийн 30 хүрэхгүй мянган ректар талбайгаас хэд дахин илүү талбайг Б.Линдсей Ричард хэмээх гадны нэг нөхөрт авлигач хэдэн төрийн түшээдийн хууль бус үйлдлээр зүгээр л өгөөд туучихаж байгаа хэрэг. Угтаа энэ газар шороо Монголын бүх ард түмэнд өмчлөгдсөн баялаг. Гэвч Тамгын газрын дарга Л.Дэлгэрдалай, Кадастрын албаны дарга С.Батмандах, Зураг зүйн хэлтсийн дарга С.Пүрэвжав, Бүртгэл тооцоо хэлстийн дарга Б.Алтан-Очир нарын түрийвч түнтийж л байвал хэнийх байх нь хамаагүй бололтой.
Ашигт малтмалын лиценз эзэмшигч, шударга нэг нь эрх сунгуулахдаа дор хаяж 14 шат дамжлагыг олон хоног дамжин гүйдэг гэнэлээ. Гэтэл Б.Далангурав, Б.Линдсей Ричард нарын хүмүүс лиценз эзэмших эрхээ нэг өдрийн дотор гэрлийн хурдаар сунгуулж чадсаны хариулт маш тодорхой. Цайртминералын 30 хувийг эзэмшигч Б.Далангурав нар нь Л.Дэлгэрдалай, С.Батмандах тэргүүтэй нөхдийг авлигаар хөшүүрэгдсэн гэж яригдаж байгаа ба тэд одоо Авлигатай тэмцэх газарт асуугдаж байгаа юм байна.
Тамгын газрын даргын эрх мэдэл бол хэнийг ч халж сольж, хавчиж чадах албан тушаал. Тиймээс Л.Дэлгэрдалай дээрх албан тушаалд ирэнгүүтээ өөрийн тойрон хүрээлэгч багаа бүрдүүлэн зөвхөн лицензийн асуудлаар дагнасан үйл ажиллагааг эрхлэн мафижсан гэгддэг юм билээ. Энэ эрхмийн зараалаар "Нонферрос металл майнинг" компанийн лицензийг сунгах ажлыг Б.Алтан-Очир гэгч гардан гүйцэтгэжээ. Тодруулахад Л.Дэлгэрдалай нь УИХ-ын гишүүн Л.Гүндалайн дүү бөгөөд авлига авч, хууль бусаар хам хэрэг үйлдсэн нь өдгөө цагдаагийнханд илэрч эхлэнгүүт Л.Дэлгэрдалай "Шийдвэр гаргадаг хүн нь би биш" гээд өөрөөсөө зайлуулж орхижээ. Харин түүний оронд Л.Дэлгэрдалайн нууц олон файл хадгалсан Б.Алтан-Очир ажлаасаа халагдаж хуулийнханд илүүтэй их ээрэгдэж байгаа аж. Одоо Б.Алтан-Очирын оронд Хуулийн хэлтсийн дарга Эрдэнэ сонгогджээ. Лиценз олгосон хоёр, гурван баримт дурдахад "но" өдий төдийгөөрөө цухуйж байгаа бөгөөд энэ байгууллагатай холбоотой авлигын шинжтэй материалууд Авлигатай тэмцэх газарт ирсээр байгаа мэдээлэлтэй.