Бид яагаад сэтгэл зүйчдэд ханддаг вэ?

Энэ ертөнцөд эргэлзээтэй асуудлууд их олон байдаг. Хүүхэд байхаасаа л энэ их эргэлзээ бүрийн цаадах учир шалтгаан түүний хариултуудыг олох гэсэн эрмэлзлэлээр дүүрэн байж дээ. Юмс бүрийн нарийн учрыг олох гэсэн хүсэл эрмэлзэл хүүхэд бүрт л адилхан байдаг зүйл шиг. Харин бид насанд хүрсэн хойноо энэ их олон эргэлзээнийхээ нэгээхэн хэсгийг ч болов “ тайлж” чадсан болов уу? гээд бодохоор үгүй ч юм шиг. Ертөнцийг танин мэдэх гэсэн оролдлого хүүхэд наснаас насанд хүрэх үе хүртэл “эрийн цээнд хүрч ”эргэлзээ бүрийн “тайлал” тайлбарууд бэлэн байх мэт санаж явсан бодол санаанууд хүртэл одоо ч эргэлзсэн хэвээр.
Өөрийгөө олохгүй шахам байсан өсвөр нас хүн бүрийн ард үлдсэн ч үнэндээ өөрийгөө ч, өөрөөл бусдыг ч танин мэдэж чадсан гэх бодол, санаанууд нь бас л үнэнээс холуур явж байжээ. Сэтгэл зүйн энэ их зөрчил, бодол санааны асар их ялгаанууд нэг л мэдэхэд бид бүхнийг “би чухам хэн бэ? би яах гэж энэ хорвоод төрсөн юм бол..?” гэсэн олон олон асуултуудыг хариултгүй үлдээгээд өөрөө сэтгэлийн минь хаа нэгтээ, далдын далд нуугдчихаад бид бүхний оюун санааг зовооно.
Гудамжаар зөрж өнгөрөх хүмүүсийг харах зуураа ийн бодож суух... Тэд ч бас эдгээрийн нэгэн адил “ би........” гэсэн бодол тээж яваа болов уу? үгүй болов уу?
Бодол санаа бүрийн цаадах хоёрдмол агууллага бүр хүнийг 2 хэсэгт хуваан бие, сэтгэл нь энэ хоёрын алийг нь дагахаа шийдэж ядан зөв, буруу гэсэн хэмжүүрт сэтгэлээ дэнслэх бүрт зовлон ирэх...”Гэрлэх үү, болих уу? Яаж мөнгө олох вэ? Өөрийнхөөрөө явах уу? бусдын зөвлөгөөг дагах уу? ...” гэх мэтээр сонголт бүрээс зөвийг нь олохыг эрмэлзэн, эцсийн эцэст энэ бүхэн эргэлзээ болж улам улмаар даамжирсаар учраа олохгүй байх нь элбэг тохиолдох.
Хотжилт ихсэх тусам хүмүүс хоорондын харилцаа холдож, харилцаанд эргэлзээтэй, алдаатай зүйл гарах нь ихэсдэг. Энэ бол өнөөдрийн хувьд надад, харин маргаашийн хувьд танд ч тохиолдож болох асуудлын нэг нь. Магадгүй чадамжтай хүмүүст /өөрөө өөртөө катарсис хийж чаддаг хүнд / ийм асуудал тохиолдохгүй байхыг үгүйсгэх аргагүй ч массын хувьд энэ нь эсрэг үзэгдэл юм. Бид ийм нөхцөл байдалд хэнд хандах вэ?
Улс төрчдөд юм болов уу? Урлаг соёлынхонд юм болов уу? аль эсвэл хэн ч үүнийг хийх боломжгүй юм болов уу..?
Энэ бүх хариултыг эрж хайсаар хүмүүс хүмүүс дээрээ л ирдэг. Хүний асуудлыг хүнээс өөр хэн ч шийдвэрлэж чадахгүй. Бид энэ тохиолдолд / дээр зөвхөн нэг л жишээг дурьдсан болно /сэтгэлзүйчдэд хандах л хэрэгтэй. Амьдрал бүх юмсад таарсан бэлэн зүйлийг хүн бүрт бэлдэж өгдөггүй. Хэн нэгэн хүний хувьд хэзээ нэгэн цагт алдзаа гаргасан л байдаг. Харин түүнээсээ суралцаж өөрийгөө хөгжүүлсэн нь хэд байгаа бол? Биднийг амьдралын энэ олон бартаа, давааг туулахад хэн нэгний оролцоо, тусламж дэмжлэг зайлшгүй чухал байдаг. Их далайн хөл алдам уудам энэ их орон зайд хүний амьдралын бичсэн түүх түүнээс ч илүү гүн ул мөр үлдээдэг.
Бидний энэ их аялалыг зөв чиглүүлж, үнэнд ойртуулах хүмүүс бол сэтгэл судлаачид юм. Хүмүүс бид зөвхөн сайн сайхан, аз жаргалтай амьдрахыг л боддог. Харин бид өчүүхэн төдий зовлон гуниг, эргэлзээ, төөрөгдөлдөө бүдэрчихээд яаж босохоо мэдэхгүй дэмий л сэтгэлээ шаналгах нь цөөнгүй. Амьдралын аз жаргал, зовлон гэсэн дэнсийг тэнцвэржүүлэн барьж байхад асар их урам зориг, сэтгэлийн их тэнхээ, өргөн цар хүрээтэй сэтгэх, боломж бүрийг харах эрүүл саруул ухаарлыг хүмүүс бидэнд сэтгэл судлаачид л өгдөг. Ингэснээрээ тэр хүнд байх дотоод нөөц, боломж бололцоо, сонголтыг хийх тэр нөхцлийг нь бүрдүүлж өгдөг. Эргэлзээ бүрийг сонголт хийх ямар нэгэн хувилбарууд хүлээж байдаг. Бид тэр боломжийг л алдалгүй олох хэрэгтэй.

Сэтгэл судлаач Г.Алтанзагас Read More......