Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр



Гуравдугаар сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт өргөн дэлгэр тэмдэглэж байгаа. Түүх сөхвөл 99 жилийн өмнө анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг зарлаж байжээ. Дараа нь энэ өдрийг цагаач эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгосон гэдэг. Тэр цагаас өнөөдрийг хүртэл эмэгтэйчүүд энэ өдөр жагсаал цуглаан зохион байгуулж, ажил хаялт зарлаж эрхээ хамгаалан тэмцэх өдөр болгон тэмдэглэсээр ирсэн байна. Ийнхүү тэмцэж байсан эмэгтэйчүүдийн ихэнх нь Орос, Итали, Польшоос ирсэн цагаачид байжээ. Тэд өдөрт 15 цаг тасралтгүй хөдөлмөрлөдөг байсан ч үүнийхээ төлөө хангалтгүй цалин авдаг байсан аж. 1908 онд оёдлын үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд ажлын цагийг багасгах, илүү цаг ажилласны нэмэлт хөлс олгохыг шаардан, ажил хаялт зарлаж байсан юм. Гэвч тухайн нийгмийн цаг үеэс шалтгаалан эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүлээж авч тоодоггүй байсан учир эмэгтэйчүүд өөрсдийн тэмцлийг олон улсын хэмжээнд болгон өргөжүүлж, 1909 оны арваннэгдүгээр сарын 22-нд “20 мянгын бослого” нэртэй олон улсыг хамарсан эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах аян өрнүүлжээ. Энэ жагсаал цуглаан хоромхон зуурт хүрээгээ тэлж, хэдэн сараар үргэлжилсээр байсан юм. Энэ бүх хүчин чармайлтын үр дүнд цагаач эмэгтэйчүүд өөрсдийн дуу хоолойг хүргэж, эрх ашгаа тодорхой хэмжээгээр хамгаалж чадсан гэдэг. Үүнээс хойш 1910 онд болсон социалист, коммунистуудын олон улсын чуулга уулзалтаар гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарлажээ.

Хацар гоо охид, хатан заяат ижий нартаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн гал цогтой мэндийг хүргэе. АУЗ Ш.Сүрэнжав гуай “Эмэгтэй хүн гэдэг тарни юм” хэмээсэн байдаг. Үнэхээр тарни лугаа их увидастай Монгол нутгийн эмэгтэйчүүд маань үргэлж аз жаргалаар бялхаж явахыг хүсэн ерөөе. Read More......

Бүсгүй хүн...



Хорвоод хүн болон мэндлэнэ гэдэг зүүний үзүүр дээр будаа тогтох лугаа ховорхон тохиол гэдэг. Тэгвэл хүмүн заяаг олохын зэрэгцээ үрийн зулай үнэрлэж, бүүвэйн дуу аялах бүсгүй хүн болж төрнө гэдэг юутай гайхамшигтай.

Зөөлөн дулаан үг, сэтгэл татам инээмсэглэл, энхрийлэн халамжлах туяхан гар, хайр шингэсэн намуухан харц... энэ бүхэн бүсгүй хүнийх. Бүсгүй хүн үгүй бол эрчүүд бид яанам билээ. Энэ хорвоо дан ганц эр боргил дуугаар эгшиглэж, дан ганц эрэлхэг зоригт хөвгүүдээр дүүрэн байх аваас хэн биднийг уяраан хайрлаж, хэн бүүвэйн дуу аялж, хэн хайрын шүлэг тэрлэх онгодыг хөглөх билээ.

Энэ хорвоо дээрх арга билгийн тэнцвэрийг хадгалж, тулах багана, хайлах эгшиглэн болж байдаг бүсгүй хүн гэдэг хайрын дээдийг амсах эрхтэй эмзэг булбарай цэцгийн дэлбээ билээ.

Бидний хэлсэн ганцхан тоомжиргүй үг булбарайхан тэднийг гомдоож хөөрхөн алаг нүднээс нь нулимс дуслуулдгийг санаарай, эрчүүд минь. Буруу үгэнд гомдож, бодлогогүй үйлдэлд хиртэж мэдэх эмзэг ариухан бүсгүйчүүдээ хайрлаж яваарай.

Сэтгэл гижигдэн аальгүйтэх цагаахан инээмсэглэл нь амьдралд гэрэл нэмж, дотор уужраан цэлмээх аядуу зөөлөн үгс нь бодолд ухаан нэмдэг бүсгүй хүн өөрөө харц татан хайр хүргэх энхрий ялдам учраас энэ хорвоо ийм өнгөлөг байдаг биз ээ.

Тэр дундаа Монгол эмэгтэй бүр ч онцлог. Тэд аавдаа ачлалтай, нөхөртөө үнэнч, халамжтай, амьдралын төлөө гэсэн чин сэтгэлтэй байдаг нь үнэхээр бахархалтай.

Ингээд хийморь өөдөө Монгол эр хүн та Олон улсын эмэгтэйчүүдийн энэ өдөр дэлхийд хосгүй Монгол бүсгүйчүүдээ баярлуулаарай.

Монголын нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэхийн ялдамд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн сайхан баярлаарай. Read More......

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр



Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр. Харин бидний нэрлэж заншсанаар Эмэгтэйчүүдийн баярын өдөр болжээ.

Энэ өдрийн зорилго нь олон улсад улс төр, эдийн засаг, нийгмийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжихэд оршдог. Анх Зөвлөлт холбоот улс/түүний бүрэлдэхүүнд багтдаг улсууд/-д тэмдэглэж эхэлсэн байна. Харин барууны орнуудад энэ өдрийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд түлхүү анхаардаг.

Хамгийн анх 1909 оны арванхоёрдугаар сарын 28-нд Америкт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг санаачилжээ. Улмаар 1910 онд анхны Олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал Копенгагенд зохиогдож байжээ.

Жил бүрийн олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг ямар нэгэн уриан дор, голлох сэдэвт анхаарлаа хандуулан тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Улаан загалмайн Олон улсын хорооныхон орон гэргүй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр анхаарлаа хандуулж байна. Улс оронд нь дайн, зэвсэгт мөргөлдөөн болсны улмаас орон гэргүй болсон хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг ажээ. Ганцаараа эсвэл хүүхэдтэйгээ байх энэ төрлийн эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад, ядууралд өртөх нь элбэг.

М.Жаргал
www.gogo.mn Read More......