Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр



Гуравдугаар сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт өргөн дэлгэр тэмдэглэж байгаа. Түүх сөхвөл 99 жилийн өмнө анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг зарлаж байжээ. Дараа нь энэ өдрийг цагаач эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгосон гэдэг. Тэр цагаас өнөөдрийг хүртэл эмэгтэйчүүд энэ өдөр жагсаал цуглаан зохион байгуулж, ажил хаялт зарлаж эрхээ хамгаалан тэмцэх өдөр болгон тэмдэглэсээр ирсэн байна. Ийнхүү тэмцэж байсан эмэгтэйчүүдийн ихэнх нь Орос, Итали, Польшоос ирсэн цагаачид байжээ. Тэд өдөрт 15 цаг тасралтгүй хөдөлмөрлөдөг байсан ч үүнийхээ төлөө хангалтгүй цалин авдаг байсан аж. 1908 онд оёдлын үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд ажлын цагийг багасгах, илүү цаг ажилласны нэмэлт хөлс олгохыг шаардан, ажил хаялт зарлаж байсан юм. Гэвч тухайн нийгмийн цаг үеэс шалтгаалан эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүлээж авч тоодоггүй байсан учир эмэгтэйчүүд өөрсдийн тэмцлийг олон улсын хэмжээнд болгон өргөжүүлж, 1909 оны арваннэгдүгээр сарын 22-нд “20 мянгын бослого” нэртэй олон улсыг хамарсан эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах аян өрнүүлжээ. Энэ жагсаал цуглаан хоромхон зуурт хүрээгээ тэлж, хэдэн сараар үргэлжилсээр байсан юм. Энэ бүх хүчин чармайлтын үр дүнд цагаач эмэгтэйчүүд өөрсдийн дуу хоолойг хүргэж, эрх ашгаа тодорхой хэмжээгээр хамгаалж чадсан гэдэг. Үүнээс хойш 1910 онд болсон социалист, коммунистуудын олон улсын чуулга уулзалтаар гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарлажээ.

Хацар гоо охид, хатан заяат ижий нартаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн гал цогтой мэндийг хүргэе. АУЗ Ш.Сүрэнжав гуай “Эмэгтэй хүн гэдэг тарни юм” хэмээсэн байдаг. Үнэхээр тарни лугаа их увидастай Монгол нутгийн эмэгтэйчүүд маань үргэлж аз жаргалаар бялхаж явахыг хүсэн ерөөе.

0 comments:

Post a Comment