Сталлоне Холливудын супер оддыг цуглуулжээ




Холливудын супер од Сильвестер Сталлоне “The Expendables” нэртэй шинэ кино хийж эхэлжээ. Кинонд өөр өөр улсуудаас шилэгдэн сонгогдсон өндөр зэрэглэлийн таван хөлсний цэрэг гарна. Тэднийг эрх чөлөөнд дуртай, ардчилсан засгийн газар нь Өмнөд Америкийн Корза хэмээх улсад илгээх аж. Шилэгдмэл дайчид энэ улсын хээл хахуульд идэгдэж, аллага нүүрлэсэн дарангуйлагчийн дэглэмийг түлхэн унагах үүрэгтэй.

Хэдийгээр баатруудад ээдрээтэй адал явдал амлаж байгаа ч бүх зүйл сайнаар дуусах нь ойлгомжтой. Тэд зөвхөн Өмнөд Америкийн дарангуйлагч төдийгүй өөрсдийн засгийн газартай тулахад хүрнэ. Киноны зохиолыг Сильвестер Сталлоне өөрөө бичсэн. Гэхдээ хамгийн их сонирхол татаж байгаа зүйл нь энэ кинонд тоглох жүжигчдийн баг болоод байна.

“Энэ бол үнэхээр мөрөөдлийн баг. Тэднийг нэг дор цуглуулна гэдэг маш хэцүү. Тэр тусмаа нэг өрөөнд цуглуулна гэдэг бүр ч бүтэшгүй хэрэг” хэмээн киноны зохиолч, найруулагч, гол дүрийн жүжигчин маань нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.

Гэсэн ч тэр үүнийг хийж чадлаа. Түүний шинэ кинонд тоглох жүжигчдийн багийг танилцуулбал: Сильвестер Сталлоне, Микки Рурк, Жейсон Стэтхэм, Жет Ли, Дольф Лундгрен, Терри Крюс, Стив Остин, Жизель Итие, Рэиди Кутюр, Харизма Карпентер, Эрик Робертс, Арнольд Шварценеггер, Дэвид Зайас, Бриттани Мерфи, Гэри Дэниелс…

Гэхдээ Арнольд Шварценеггерын хувьд багахан дүрд тоглоно. Мөн Брюс Уиллисийг ч энэ кинонд тоглож магадгүй гэсэн яриа гарчээ.

Киноны зардал дөнгөж 60 сая ам.доллар гэж байгаа нь мэргэжилтнүүдийг бага зэрэг гайхшрууллаа. Кино бүтээгчид тусгай эффект биш жүжигчдийнхээ цалин дээр л хэмнэлт гаргасан байх гэдэгт найдах л үлдэж байна. Ирэх оны дөрөвдүгээр сарын сүүлчээр кино дэлгэцэнд гарах аж.
Read More......