Долдугаар сарын 1-ний хохирогчид үнэн байдлыг дэлгэлээ

 -1937 он дуугүй үргэлжилж байна гэж З.Энхболд гишүүн дүгнэв-

Монгол Улсын байнгын ажил­лагаатай парламентын түүхэнд анх удаа иргэний нийгмийн төлөөлөл, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүд, хүний эрхийн төрийн бус байгууллагууд, НҮБ-ын Хууль зүй, хүний эрхийн зөвлөлийн тө­лөөлөгч, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд, Конрад Аденауэрийн сангийн төлөөлөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, зарим дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нар, өмгөөлөгчид, долдугаар сарын 1-ний үеэр эрх нь зөрчигдсөн иргэдийг оролцуулсан нээлттэй сонсгол боллоо. Харин “Долдугаар сарын 1 ба Хүний эрх” сэдэвт сонсголын чухал бүрэлдэхүүн хэсэг болох байсан прокурорын төлөөлөгчид ирсэнгүй. Монгол Ул­сын ерөнхий прокурор оролцох боломжгүй гэсэн бол Нийслэлийн прокурорын дарга, орлогч хоёр өвчтэй гэсэн тайлбар ирүүлж, хурал­даан төгсөх дөхсөн үед эмчийн магадлагааг хуралдаан даргалаг­чийн нэр дээр ирүүлсэн юм. Утсаа салгасан байна гэсэн яриа ч гарч байсан. Уг нь прокурорууд ирсэн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэхэд ямар зөрчил гарсан талаарх мэдээллийг тэднээс сонсох ёстой байжээ. Сонсгол өглөө 10.00 цагт эхэлж 16.00 цаг орчимд өндөрлөв.

Уг арга хэмжээг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, тус дэд хорооноос байгуулж Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан Долдугаар сарны 1-ний үйл явдлын үеэр хүний эрх хэрхэн зөрчигдсөнийг судлан дүгнэх ажлын хэсгээс зохион байгуулсан юм. Аж­лын хэсгийг энэ оны долдугаар сарын 1-нд байгуулжээ.

Нээлттэй сонсголыг Хүний эр­хийн дэд хорооны дарга, эрхэм гишүүн Э.Бат-Үүл даргалж дэд хо­роо, ажлын хэсгийн гишүүд оролцон TY-9, NTV, Eagle телевизүүд шууд дамжуулан нэвтрүүллээ. Нээлттэй сонсголд оролцохоор 178 хүн бүрт­гүүлс­нээс танхимын багтаамжаас шалтгаалан 40 ажиглагч, гэрчийг оруулахаар болжээ. Ажиглагчдын дотор Иргэний хөдөлгөөний Г.Арс­лан, Н.Саруул нарын зүтгэлтнүүд, “Долдугаар сарын 1” төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байсан “Иргэний альянс” төвийн тэргүүн Ж.Занаа, Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан нар байлаа.

Ажлын хэсгийн нэр дээр галт зэвсэг хэрэглэсний улмаас амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэн, шархадсан иргэдээс зургаа, зодуул­сан, дарамтлуулсан, эрүү шүүлтэд өртсөн иргэдээс 18, прокурор, шүү­хийн байгууллага нэг талыг барьсан, дээрээс өгсөн зааврын дагуу ажил­ласан гэх 13, эд хөрөнгийн хохирол барагдуулах болон бусад асуудлаар 18 гомдол иргэдээс ирсэн байна.

Гишүүн Ж.Сүхбаатарын хэлснээр уг сонсголоор хэн нэгнийг яллах, аль нэг талд нь давуу тал олгох зорилго агуулаагүй бөгөөд гэрч нар гэдгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэрч гэдэг ойлголтыг бус үйл явдалд биеэр оролцон нүдээр харсан хүмүүсийг нэрлэсэн байна. Гишүүн Ц.Дашдорж “Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд дурдсанаар хүний амьд явах эрх зөрчигдөж таван хүнийг буудаж хөнөөсөн. Цаазаар авах ял ногдуулснаас бусад тохиол­долд хүний амь насыг хохироох ёсгүй байдаг. Нэр нь тодорхой бус ч цаг­даагийн ажилтан хүн буудсан гэдэг. Цагдаагийн байгууллагын тухай хуульд галт зэвсгийг хэрхэн хэрэглэх тухай заалт маш бүрхэг. Урьдчилан сануулаад буудна гэсэн заалт л байдаг. Сануулаад баривчлах юм уу, шууд л буудах уу гэдэг бүрхэг. Албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэн­дээр хохирсон цагдаагийн ажилт­нуудад нөхөх олговор олгох тухай ярьж байгаа. Нийтээр хоморголон баривчилсан гэдгийн хувьд Дэнжийн мянгын урьдчилан саатуулах төвд 716 хүнийг хорьсны дотор 26 хүүхэд, 21 эмэгтэй байсан. Тэднээс 60 хувь нь суллагдаж 280 хүнд ял төлөв­лөсөн. Нийслэлийн Бага тойрууд Онц байдал тогтооно гэсэн хязгаар тог­тоож өгсөн ч баривчлагдсан хүмүүс дотор огт өөр газраас баригдсан хүмүүс байсан. Цагдаагийн ажилт­нууд Бага тойруу гэдгээ ч мэдэж байсан уу, үгүй юү. Баримт бичиггүй явсан хүнийг 72 цаг саатуулна гэсэн заалтыг зөрчиж бүх хүнийг олон өдрөөр хорьж, гадаа талбайд нар, бороонд галуун цуваагаар суулгаж байцаасан. Нэг өрөөнд олноор хорь­сон. Амьсгалах нөхцөл хүнд, цагдаа нар хүнлэг бус хандсан, эрүүдэж шүүсэн гэсэн хэсэг илтгэлд бий. Нийт 244 хүний 84,6 хувьд хорих, 8,9 хувьд баривчлах, 0,8 хувьд торгох шийтгэл оноож найман хүний хэргийг хэрэг­сэхгүй болгосон. Долдугаар сарын 1-тэй холбоотой хэрэгт ердийнхөөс хатуу хандсан. Насанд хүрээгүй хүүхдийн хэргийг насанд хүрсэн хүмүүстэй хамтатган хаалттай шийд­вэрлэсэн зэрэг зөрчлүүд бий” гэлээ. Үүний дараа үндсэн сонсголдоо орлоо.

Сонсголыг нийт дөрвөн бүлгээр явуулсан юм. Эхний бүлэг нь долду­гаар сарын 1-2-нд шилжих шөнө иргэдийг баривчилсны дараа цаг­даагийн байгууллагын байр, харьяа нутаг дэвсгэр дээр зодож дарам­талсан тухай асуудал байв. Энэ хэсэгт хохирсон иргэдийг төлөөлж гэрчээр Н.Оргилболд, Х.Түвшин­жаргал, Г.Энхцэцэг нар, цагдаагийн байгууллагыг төлөөлж ЭЦГ-ын дарга асан Л.Ганболд, ЭЦГ-ын дэд дарга асан Б.Батсүх, Нийслэлийн цагдаа­гийн газрын хэв журмын ахлах байцаагч асан Д.Ганболд, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Б.Ядамдорж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Б.Баа­тарпүрэв, Баянгол дүүргийн Цаг­даагийн хэлтсийн дарга Н.Амарзаяа, Дэнжийн мянгын албадан саатуулах, баривчлах байрны дарга асан Ц.Бат­чулуун, Мөрдөн байцаах газрын дарга Ц.Эрдэнэбат нар оролцсон юм. Гэрч болох гурван иргэн баривчлах явцад болон албадан саатуулах, баривчлах байранд байх үед цагдаа нар иргэдийг хэрхэн хэрцгийлэн зодож тамлаж, цус нөжтэй нь хутгаж байсан, насанд хүрээгүй хүүхдүүдтэй зүй бусаар харилцсан талаар дэлгэ­рэн­гүй ярилаа. “Та нарыг овоолж байгаад буудна” хэмээн занал­хийлэ­хийг сонсоод 1937 онд ийм байсан байх гэсэн бодол төрснөө тэд хэлж байлаа. Гэрчүүдийн дэлгэрэнгүй яриаг манай сонины өчигдрийн дугаарт нийтэлсэн тул энд давхар­дуулалгүй орхив. Тэднийг ярьсны дараа цагдаагийн дарга нар үгээ хэллээ.


Баянзүрх дүүргийн Цагдаа­гийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ядамдорж: -Орой 21.00 цагийн үед жагсаал цуглааныг та­раахад хүч хүрэхгүй болсон. Сүх­баатар дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү дайрах гэж байгаа тухай мэдээ ирсэн. Иргэдийг салган тусгаарлах үйл ажиллагаа явуулж байхад хам­гийн идэвхтэй эсэргүүцэж байсан хүн нь Г.Энхцэцэг. Г.Энхцэцэг орилж хашгирч, бусдыг уриалан дуудсан, их согтолттой байсан. Цагдаа нарыг дайрч давшилсан, улаан цамцтай, хаана зодуулсан юм бүү мэд, цамц нь нэлдээ цус болсон байсан. Согтуу хүнд янз янзын юм харагдсан байх. Манай жолооч Г.Энхцэцэгт хүнлэг хандсан. Ахад ээмэг, бөгжийг минь өгөөрэй гэснийг өгсөн. Зургаа хоног саатуулсан.

Сүхбаатар дүүргийн Цагдаа­гийн хэлтсийн дарга Б.Баатар­пүрэв: - Н.Оргилболд бол намын байрны дэргэд бензин тараасан. Орой 23.00 цагийн үед манай Цаг­даагийн хэлтсийн цонхуудыг хүмүүс хагалсан. Манай цагдаа нарт хүн зодох зав байгаагүй.

Дэнжийн мянгын албадан саатуулах, баривчлах байрны дарга асан Ц.Батчулуун: -Манай байр хүчин чадлаасаа 4,4 дахин олон хүн хүлээж авсан. 731 хүн баригдаж ирсэн. Манайх цагдаагийн 44 ажилтан, үүнээс найман эмэгтэй ажилтантай. Тэр шөнө үүрэг гүйцэтгэсэн ажилтнуудын ес нь эмэгтэй байсан. Нэг эмч, дөрвөн сувилагчтай, тэд 139 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн.


Ирсэн хүмүүсийг гадаа 30,30-аар суулгаж тоолсон. Зогсоовол дайрах хүн байсан. Суулгаснаас болж чилсэн хүн байж магадгүй. Би ажилт­нууд­даа бороохой тарааж өгсөн. Хүч хэрэглэхгүй байхыг хатуу анхааруулсан.

Баянгол дүүргийн Цагдаа­гийн хэлтсийн дарга Н.Амарзаяа: -Манай 63 албан хаагч үүрэг гүйцэтгэсэн. 19.30 цагт нэмэгдэл болж очсон. Манай 280 албан хаагч хөнгөн, хоёр нь хүндэвтэр гэмтсэн. Албан хаагчид 23.00 цаг хүртэл утаа, угаартай газарт бүслэл­тэд байсан. Н.Оргилболд бол бензин тараасан. Гомдолтой гээд байгаа Ц.Мянганбаяр дол­ду­гаар сарын 2-нд таксины жолооч зодсон. Эрүүлжүүлэгд­сэн гэлээ. Хүний эрхийн дэд хорооны гишүүд дараа нь үг хэлцгээв.

Гишүүн Х.Тэмүүжин: -Та нараас болж долоо найман цагдаа алагдсан гэж худлаа хэлж иргэдийн эрх чөлөөнд халдсан. Хүмүүсийг зодож байс­наа камераар бичиж бай­гаа шүү гэхээр зодохоо больсон гэж хүмүүс хэлж байсан.

Б.Ядамдорж: -Ийм үйл явдалд Монголын иргэд ч, цагдаа ч бэлтгэлгүй, цочролд ороод байсан. Хүмүүсийг галуун цуваагаар суулгахгүй бол тоолж болохгүй байсан.

Гишүүн Ц.Мөнх-Оргил: -Цаг­дааг шүүж байгаа юм шиг байж болохгүй. Хоёр талаас мэдээ­лэл сонсъё. Монголын цагдааг шүүхээ больё.

Энэ үеэр танхимаас “Иргэ­дийн альянс” төвийн тэргүүн Ж.Занаа түүний хэлснийг эсэр­гүү­цэн босч ирээд Э.Бат-Үүл гишүүнээс зэмлэл хүртэж бу­цаж суув. Э.Бат-үүл гишүүн “Занаа гараарай. Энэ бол УИХ-ын хуралдааны танхим шүү” гэснээр чимээ намжив.

Гишүүн Ц.Мөнх-Оргил: -Ямар нэг байдлаар шууд ял тохох гэсэн оролдлого байна уу, үгүй юү. Долдугаар сарын 1, хүний эрх гэх юм бол эд хөрөнгөөрөө хохирогчид, гэмтэж бэртсэн цагдаагийн төлөөлөл яагаад байхгүй байна вэ. Иргэдэд хүнлэг бус хандсан, олноор нь хорьсон, хоол ундаар гацаасан гэж байна. Тийм л байх. Тэгвэл 800 гаруй цагдаа ч хоол ундгүй явсан. Санаатай тийм юм хийгээгүй шүү.

Гишүүн Э.Мөнх-Очир: -Са­наа­тай эрүүдэж шүүсэн зүйл­гүй. Санаатай зодож цохисон юмгүй гэж Хүний эрхийн комисс тайлагнаж байсан. /Ингэж хэ­лээд тэрбээр хуралдаан дарга­лагчаас сануулга авлаа/

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюун­чимэг: -177 хүнээс 100 гаруй нь зодуулсан, дарамтлуулсан гэ­сэн мэдүүлэг өгдөг.

Гишүүн З.Энхболд: -Дээ­рээс үүрэг өгсөн гэж хэлж бай­сан өмгөөлөгч, прокурор бай­даг. Тэд мэдүүлэг өгөх ёстой. Дээрээс гэдэг нь хэн бэ. Ерөн­хийлөгч үү, эсвэл хэн юм бэ.

Гишүүн Ж.Энхбаяр: -Гэр­чүү­дээс асууя. Цагдаа нар ямар бүдүүлэг үг хэлж байсан бэ. Гэрчүүдийн биеийн аль хэсэгт цохиж зодсон бэ. 2008 оны сонгуулиар аль нэг намын сон­гуулийн штабт ажилласан уу?

Гэрч Х.Түвшинжаргал: -На­майг хулгайч, орон гэргүй, хамаатан садангүй, тэнүүлч гээд духан дээр чинь бичсэн байна гэсэн. Зодоогүй. Доош дарж хэвтүүлээд 111-д аваач­сан. “Дээрээс тушаал өгсөн. Овоолж байгаад буудна” гэсэн. Гурван жил зургаан сарын ял сонссон.

Н.Оргилболд: -Зодуулсан. Гар ард гавлаад нүүр боож авч явсан. Хаашаа явж байгааг мэдээгүй. Баянзүрх дүүрэг дээр аваачсан байсан. Хүмүүсийг ОО дотор хувцсаар нь шээс арчуулж байсан. “Бөгсөө оцойл­гоод доошоо тонгой” гээд бейсболын цохиураар хүн бү­рийг 10 цохисон. Цахилгаан бороохойн цэнэг дуустал зод­сон. Гар гавласан, гар дээр гишгэж байгаад байцаалт ав­сан. Хэргээ хүлээвэл 14 хонуу­лаад гаргана. Үгүй бол удаана гэсэн.

Г.Энхцэцэг: -Би жирэмсэн байсан. Толгой руу цохисон. Суллагдсаны дараа тархины компьютерийн бичлэг хийлгэ­сэн. Эмчлүүлсэн. Би бага нас­ны хүүхэдтэй эх хүн. Хүүхдүү­дийг зодож байгааг хараад эмзэглэсэн. Шаардлага тавь­сан. Шаардлага тавьсан хүн согтуу болдог юм бол би багаж үлээе гэсэн. Цагдаа нар багаж байхгүй гэсэн. Би тэр өдөр улаан цамцтай байгаагүй. Өөр хүнийх байсан. Даараад дав­харлаж өмссөн. Би сонгуулиар Чингэлтэй дүүрэгт сонгуулийн штабт ажилласан. /Аль намынх гэдгээ хэлэх шаардлагагүй гэж гишүүд хэллээ/.

Х.Баттулга: -Энхцэцэг жи­рэм­сэн байсан гэсэн. Гэтэл Ядамдорж хурандаа согтуу байсан гээд байна. Энд зөрчил байна. Хэн нь худлаа яриад байгаа юм бэ. Хүн жирэмсэн гэж худлаа ярихгүй байх. Тэр хүүхэд яасан бэ. Гэтэл архи уусан гээд байгаа.?

Г.Энхцэцэг: -Тэгэхэд хоёр сартай жирэмсэн байсан. Сул­лагдаж гараад сарын дараа эрүүл мэндийн байдал тааруу болж тархины даралттай, ха­вантай хэвтэрт орсон. Зуны халуунд даралт ихсээд хорд­логотой байсан. Жирэмслэлтээ үргэлжлүүлэхэд эрсдэлтэй бай­на гээд эмчийн тусламж авч жирэмслэлтийг зогсоосон.

Баянзүрх дүүргийн Цаг­даа­гийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ядам­дорж: -Энхцэцэгийн бичлэг бий. Догшин авиртай, чулуу шидсэн, цонхонд ойрт­сон. Согтуу эсэхийг би үзээгүй. Тээвэрлэн хүргэсэн жолооч тэгж хэлсэн. Баригдсан арваад хүнээс ганц эмэгтэй нь байсан. Догшин авирласан тул са­раалжтай өрөөнд хийсэн.

Энэ үеэр гишүүн Ж.Сүхбаа­тар үг хэлэхээр болж, Г.Рэнцэн­тавхай түүнийг эсэргүүцэн босч ирээд хуралдаан даргалагчаас зэмлэл хүртлээ. Гишүүн Э.Бат-Үүл “Дураараа юм ярьж бо­лохгүй. Рэнцэнтавхайг гаргаа­рай” гэснээр тэрбээр тан­хи­маас гарч явав.

Сонсголын хоёрдугаар хэ­сэгт мөрдөн байцаалтын ша­танд хүний эрх хэрхэн зөрчигд­сөн талаар гэрч Ц.Занданхүү, Ц.Мянганбаяр нар ярьсан юм. Гэрч Ц.Занданхүү долдугаар сарын 1-нд амь үрэгдсэн таван хүний дурсгалыг хүндэтгэн эмгэнэл илэрхийлэхэд иргэний нийгмийн төлөөллүүд босч хүндэтгэл үзүүлсэн юм. Г.Арс­лан гараа атган өргөсөн байв. Гэрчүүдийн үгийг сонины өчиг­дөр, өнөөдрийн дугаарт дэл­гэрэнгүй нийтэллээ.

Тэднийг үг хэлсний дараа гишүүн Х.Тэмүүжин “Прокурор байх ёстой. Яагаад прокурор ирээгүй вэ. Асуудалд ийм байдлаар хандаж байгаа тө­рийн байгууллагатай УИХ ха­риуц­лага тооцох ёстой. Тэдний хяналтад байдаг цагдаа нар нүүрээ улайлгаад сууж байх ёсгүй. Өөр оронд бол парла­мент тэднийг хөөж ирэх байсан гэлээ.

Гуравдугаар хэсгээр шудар­га шүүхээр шүүлгэх эрх хэрхэн зөрчигдсөнийг сонслоо. Түү­гээр прокуроруудын мэдээл­лийг сонсох байсан ч тэд ирээ­гүй. Хэдийгээр гишүүн Ж.Энх­баяр “Прокурор байхгүй үед энэ асуудлыг хэлэлцэх нь зохимж­гүй” гэсэн ч н.Бэхбат, н.Цэнд-Аюуш, н.Ганчимэг, н.Пүрэвбаа­тар, н.Хатанбаатар нарын өм­гөө­лөгчдийн үгийг сонссон юм. Гишүүн Ж.Сүхбаатар “Хүндэт­гэн үзэх шалтгаангүйгээр про­ку­рор ирээгүй нь хуралдааныг хойшлуулах үндэслэл болох­гүй. Хуралдааныг үргэлжлүүлэх ёстой” гэснээр сонсголыг үр­гэлжлүүллээ.

Өмгөөлөгч н.Цэнд-Аюуш “Хүний эрхийн үндэсний комис­сын дарга Д.Солонгын баривч­лагдсан хүмүүсийн эрх зөрчиг­дөөгүй” гэсэн мэдэгдэл үндсэн­дээ шүүгчдийн гарын авлага болж үүнээс болж шүүгдэгч­дийн ял хүндэрч байсан” гэсэн нь ноцтой мэдээлэл байлаа. Хүний эрхийн үндэсний комис­сын дарга хүний эрхийн зөрчил гараагүй гэж хэлсэн. Гэвч тэр үед хүмүүсийг зодож цустай нь хутгасныг 16 настай хүүхэд хэлсэн. Баривчлагдсан хүмүүс Хүний эрхийн үндэсний комиссын дарга, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүдийг эргэж очиход “Цамцаа тайлаад биеэ харуул гэж ганц удаа ч болов хэлсэн болоосой” гэц­гээж байсан гэсэн. Тэгж үзсэн бол зодуулсан нь харагдах байсан.

Өмгөөлөгч н.Ганчимэг: -Ми­ний үйлчлүүлэгч Түмэн­жаргал бичиг үсэг мэдэхгүй. Түүнээс хоёр удаа өмгөөлөгчгүй мэ­дүүлэг авсан. Бас баруун өвдөг, түнх рүү нь өшиглөж таягтай явж байсан. Батлан даалтад гарах гэхэд 500 мянган төгрөг авчирвал гаргана гэсэн. Ар гэрийнхэн нь мөнгө цуглуулаад ирэхэд гаргахгүй гэсэн.

Өмгөөлөгч н.Пүрэв­баатар: -Миний үйлчлүүлэгч Дэлгэр­баяр, Баасандорж нарыг намын байрны шатан дээрээс 38600 төгрөгийн үнэтэй хоёр шил вино авч явсны төлөө 5,6 жи­лээр тасалж ялласан, одоо сууж байна. Дээд шүүхийн шүүгч Д.Батсайхан улстөржиж “Манай МАХН-ын байрыг ша­таасан” гэж улс төрийн байр сууринаас хохирогчдод ханд­сан. Намын батлахаа халаас­лаад сууж байсан шүүгч.

Өмгөөлөгч н.Хатан­баатар: -Эрүүгийн хууль, Эрүү­гийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн. Хү­ний эрх хөндөгдсөн. Наадам болох гэж байна гэж шахсан. Ар гэрийнхний эргэлтийг зодуурын шарх эдгэрсний дараа оруул­сан. Шүүх хурал жүжигчилсэн тоглолт байсан. Хулгайг дээрэм, хүндэвтэр гэмт хэргийг хүнд гэмт хэрэг болгосон. Наад тал нь хорьж шийтгэснээс биш тэнсэн өгөөгүй.

Гишүүн Ж.Сүхбаатар: -Шүүг­чийн намын батлахтай гэдгийг яаж мэдсэн бэ. Прокурор ирээ­гүй нь сайн болжээ. Ирсэн бол мэтгэлцээн үүсэх байсан байна.

Өмгөөлөгч н.Пүрэв­баатар: -Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батсайханы талаар би байр сууриа илэрхийлж чадна. Ма­най намын байрыг шатаасан хог шаарууд гэж хэлснээс үүдээд МАХН-ын гишүүнээ орхиогүй яваа хүн гэж үзсэн. Хэд хэдэн удаа тэгж хэлсэн.

Өмгөөлөгч н.Ганчимэг: -Далдын хар хүч үйлчилж бай­сан. Хоригдож байсан хүмүүс “Нээрээ Ерөнхийлөгч бидний бууд гэсэн юм уу. Арав, хориор нь авч гараад эргэж ирэхгүй байна. Нээрээ буудах юм уу” гэж түгшиж байсан байна лээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа биелүүлж чадахгүй байж хүний эрх ярих ёсгүй.

Гишүүн Ц.Мөнх-Оргил: -Нээлттэй сонсгол хийх нь зөв юм байна. Гэхдээ анхаарах зүйл байна. Прокурорууд ирээ­гүй нь зөв байна. Яллах дүгнэл­тээ сонсгох юм бол шүүхийн шийдвэрийг шүүх хурал болох гээд байна. Намын батлахаа халаасалж суугаад хоморголон ял оноосон, орон нутгийн сон­гуулийн өмнө шийдсэн гэх мэт улс төр хиймээргүй байна. Ял хүндэдсэн эсэхийг УИХ-ын индэр дээрээс хэлж болохгүй. УИХ-ын индэр дээрээс шүүхийн шийдвэрийг яллахгүй шүү.

Гишүүн Х.Тэмүүжин: -Шүү­хийн шийдвэрийг шүүгээ­гүй. Гарсан алдааны талаар ярьж байна. Прокурор Энэрэл дээрээс шийдвэр өгсөн гэж хэлээд шүүн тасалсан байдаг гэлээ.

Сонсголын дөрөвдүгээр хэсгээр галт зэвсэг хэрэглэсний улмаас хүний амь хохирсон, шархадсан зэргээр хүний эрх ноцтой зөрчигдсөн талаар сонс­сон юм. Хүний амь хохи­роосон хэргийн мөрдөн бай­цаалт дуусаагүй байхад уг асуудлыг сөхөх нь хуульд ний­цэх эсэх талаар гишүүд нэлээд ярилцсаны эцэст гэрч Г.Ариун­баатарын үгийг сонсоод дүг­нэлт гаргалгүй үлдээхээр бо­лов. Мөн бууны суманд шар­хад­сан нэг иргэн БНСУ-аас өргөдөл ирүүлжээ. Тэрбээр тэнд эмчлүүлж буй аж. Гэрчийн үгийг манай сонины өнөөдрийн дугаарт бүрэн эхээр нь нийтэллээ.

Гишүүн З.Энхболд “Долду­гаар сарын 1-ний том сургамж бол тэр өдөр хүчний байгуул­лагууд хэрхэн ажилласанд үнэлэлт дүгнэлт өгөх явдал юм. Дараа ийм үйл явдал болоход хуулийн байгууллагууд бэлэн биш байна. “Манай намын байрыг шатаасан” гэж хэлдэг шүүгчтэй байж таарахгүй. Иргэ­дийг хоморголон шүүсэн шүүгч нарт сахилгын хорооны дүгнэлт хийх хэрэгтэй. Иргэдэд хүний эрхийн боловсрол олгохгүй бол 1937 оных шиг “арав, хориор нь авч гараад эргэж ирэхгүй бай­на. Буудуулах юм байна” гээд сууж таарахгүй. 1937 он дуугүй үргэлжилж байна. Иргэдийг өмгөөлөгчтэй байцаана гэдэг зарчим зөрчигдөж байна.

Гишүүн Э.Бат-Үүл: -УИХ хууль тогтоодог, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг байгууллага. УИХ-ын Хүний эрхийн дэд хо­роо ажлын хэсэг гаргаж Хүний эрхийн талын хуулийн хэрэг­жилтийг үзэж байна. Гишүүд Хууль зүйн байнгын хороонд үгээ хэлээрэй гэснээр зургаан цаг үргэлжилсэн нээлттэй сонс­гол өндөрлөлөө.

Сонсголын үеэр хүний эр­хийн манаач болох ёстой Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Д.Солонго долдугаар сарын 1-ний үеэр хүний эрх зөрчигдөөгүй гэж хэлснийг оролцогчид шүүмжилж байв. Д.Солонго дарга ч уучлалт хүссэн юм.


Эх сурвалж: news.mn

Read More......