Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2009 оны эхний 8 сарын байдлаар)




I. Нийгмийн үзүүлэлт
Улсын хэмжээгээр 2009 оны эхний 8 сарын байдлаар 46155 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 4634 эхээр, 46300 хүүхэд амьд төрж 4662 хүүхдээр буюу 11.2 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Нэг хүртэлх насандаа 892 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 59 хүүхдээр; эхийн эндэгдэл 27 болж, 10 эхээр тус тус нэмэгдсэн бол 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 145 болж, 23 хүүхдээр буурсан байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2009 оны 8 дугаар сарын эцэст 40.5 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 8824 хүнээр буюу 27.9 хувиар өсчээ. Үүнд Говьсүмбэр (45 хүн), Дундговь (188 хүн),Төв (327 хүн), Өмнөговь (387 хүн), Хөвсгөл (536 хүн), Булган (714 хүн), Увс (1218 хүн) аймаг болон Улаанбаатар хотод (3804 хүн) тус тус бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Халдварт өвчнөөр 26.0 мянган хүн өвчилсөн нь өмнөх оны мөн үеийнхээс 2533 хүн буюу 8.9 хувиар буурчээ. Халдварт өвчний өвчлөлийн бууралтад цусан суулгаар өвчлөгчдийн тоо 43.9 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 19.3 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 9.0 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 1.4 хувиар тус тус өссөн хэдий ч вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 39.1 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 14.7 хувиар тус тус буурсан нь нөлөөлөв. Улсын хэмжээнд 2009 оны эхний 8 сард 13800 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 81 хэргээр буюу 0.6 хувиар буурчээ...
Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхээс буурахад булаах гэмт хэрэг, иргэдийн улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, захиргааны журмын эсрэг гэмт хэрэг, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, хулгайн гэмт хэрэг, залилан зэрэг гэмт хэргүүд 0.4-60.3 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

II.Макро эдийн засгийн үзүүлэлт
Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2009 оны 8 дугаар сард өмнөх сартай харьцуулахад 0.6 хувиар буурч, өмнөх оны жилийн эцсийнхээс 2.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 хувиар өссөн байна.
Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2009 оны 8 дугаар сарын эцэст 2564.0 тэрбум төг болж өмнөх сарынхаас 54.2 тэрбум төг буюу 2.2 хувиар өссөн боловч өмнөх оны мөн үеийнхээс 12.8 тэрбум төг буюу 0.5 хувиар бага байна.
Мөнгөний нийлүүлэлт оны эхнийхээс 294.0 тэрбум төг буюу 13.0 хувиар нэмэгдэхэд бараг мөнгө 344.2 тэрбум төг буюу 21.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2009 оны 8 дугаар сарын эцэст 384.1 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 33.5 тэрбум төг буюу 9.5 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11.5 тэрбум төг буюу 2.9 хувиар багасчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2009 оны 8 дугаар сарын эцэст 2588.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 8.0 тэрбум төг буюу 0.3 хувиар өсч, харин өмнөх оны мөн үеийнхээс 96.4 тэрбум төг буюу 3.6 хувиар буурчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2009 оны 8 дугаар сарын эцэст 173.5 тэрбум төгрөг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.7 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх сарынхаас 30.1 тэрбум төг буюу 21.0 хувиар, харин өмнөх оны мөн үеийнхээс 121.6 тэрбум төг буюу 3.3 дахин нэмэгджээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 355.1 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 13.7 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх сарынхаас 2.2 тэрбум төг буюу 0.6 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 280.8 тэрбум төг буюу 4.8 дахин нэмэгдсэн байна Үнэт цаасны арилжаа 2009 оны 8 дугаар сард 21 удаа явагдаж, 1.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 2.6 сая ширхэг үнэт цаас арилжаалжээ.
Арилжаалсан үнэт цаасны тоо өмнөх сарынхаас 564.6 мянган ширхэг буюу 27.3 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 34.7 сая ширхэг буюу 14.2 дахин буурчээ. Гүйлгээний хэмжээ өмнөх сарынхаас 292.0 тэрбум төг буюу 34.1 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 3.6 тэрбум төг буюу 4.1 дахин буурав.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2009 оны эхний 8 сард 1137.9 тэрбум төг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 1472.4 тэрбум төг болж, нийт тэнцэл 334.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 338.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт, орлогынхоос 24.1 пунктээр өндөр байгаа нь нөлөөлжээ
Төсвийн урсгал орлого 1123.1 тэрбум төг, урсгал зардал 1121.8 тэрбум төг болж, урсгал тэнцэл 1.3 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 317.5 тэрбум төг буюу 25.7 хувиар буурахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 226.8 тэрбум төг буюу 78.4 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 55.3 тэрбум төг буюу 32.0 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 4.1 тэрбум төг буюу 1.9 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 39.7 тэрбум төг буюу 23.8 хувиар өсөхөд хувьцааны ногдол ашгийн орлого 63.6 тэрбум төг буюу 3.4 дахин, навигацийн орлого 12.8 тэрбум төг буюу 2.6 дахин өссөн нь голлон нөлөөлөв.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2009 оны эхний 8 сард 1472.4 тэрбум төг болж өмнөх оны мөн үеийнхээс 70.9 тэрбум төг буюу 5.1 хувиар өсчээ. Үүнд цалин, хөлсний зардал 37.4 тэрбум төг буюу 11.1 хувь, татаас, шилжүүлэг 32.7 тэрбум төг буюу 7.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Хөрөнгийн зардалд 2009 оны эхний 8 сард 215.4 тэрбум төгрөгийг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.7 тэрбум төг буюу 8.0 хувиар буурсан байна. Хөрөнгийн зардал буурахад дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгө оруулалт 21.9 тэрбум төг буюу 9.8 хувиар багассан нь голлон шалтгаалжээ.
Манай улс 2009 оны эхний 8 сарын байдлаар дэлхийн 108 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2351.8 сая ам.доллар, үүнээс экспорт 1082.7 сая ам.доллар, импорт 1269.1 сая ам.доллар боллоо. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1428.8 сая ам.доллар буюу 37.8 хувь, үүний дотор экспортын хэмжээ 590.0 сая ам.доллар буюу 35.3 хувь, импортын хэмжээ 838.8 сая ам.доллар буюу 39.8 хувиар тус тус буурчээ.
Нийт экспортын хэмжээ буурахад зэсийн баяжмалын үнийн дүн 54.8 хувь; цайрын баяжмалын биет хэмжээ 4.3 хувь, үнийн дүн 43.6 хувь; боловсруулаагүй алтны биет хэмжээ 44.7 хувь, үнийн дүн нь 46.3 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлөв.
Нийт импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 838.8 сая ам.доллараар буурсны 214.9 сая ам.доллар буюу 25.6 хувь нь үнийн бууралтаас, 623.9 сая ам.доллар буюу 74.4 хувь нь биет хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.
Гадаад худалдааны тэнцэл 2009 оны эхний 8 сард 186.4 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 248.8 сая ам.доллар буюу 2.3 дахин багасчээ.

III.Эдийн засгийн салбарын үзүүлэлт
2009 оны 9 дүгээр сарын 1-ний байдлаар улсын хэмжээгээр 16.5 мянган тонн төмс, 12.5 мянган тонн хүнсний ногоо хурааж, 259.1 мянган тонн өвс, хадлан, 2.9 мянган тонн гар тэжээл бэлтгээд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс хүнсний ногоо 965.3 тонн буюу 8.3 хувиар нэмэгдэж, харин төмс 284.6 тонн буюу 1.7 хувь, өвс, хадлан 68.4 мянган тонн буюу 20.9 хувь, гар тэжээл 3.8 мянган тонн буюу 56.5 хувиар тус тус бага байна.
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 2009 оны эхний 8 сарын байдлаар (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 995.5 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 110.7 тэрбум төг буюу 10.0 хувиар буурлаа. Үүнд: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт 13.5 тэрбум төг буюу 2.2 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 98.8 тэрбум төг буюу 26.9 хувиар тус тус буурсан нь нөлөөллөө.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс буурахад 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, цайрын баяжмал, гянтболдын баяжмал, хайлуур жоншны баяжмал, алт зэрэг уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.6-36.4 хувиар багассан нь нөлөөлжээ. Хиам, катодын зэс, тамхи, шохой, самнасан ноолуур, спирт, металл бэлдэц, хивс, бетон зуурмаг, металл цувимал, цул бетон, төмөр бетон эдлэл, молибдений исэл зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.4-89.6 хувиар буурсан нь боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 26.9 хувийн бууралтад голлон нөлөөлсөн байна.
Улсын хэмжээнд 2009 оны эхний 8 сард нийт 98.8 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэснээс 91.4 тэрбум төгрөг буюу 92.5 хувийг дотоодын барилгын байгууллагууд, 7.4 тэрбум төгрөг буюу 7.5 хувийг гадаадын барилгын байгууллагууд гүйцэтгэсэн байна.
Төмөр замын тээврээр 2009 оны эхний 8 сард 8902.8 мян.т ачаа, давхардсан тоогоор 2188.0 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 617.6 мян.т буюу 6.5 хувь, зорчигчдын тоо 829.9 мян.хүн буюу 27.5 хувиар тус тус буурсан байна.
Агаарын тээврээр 2009 оны эхний 8 сард 801.0 тонн ачаа, давхардсан тоогоор 208.5 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 510.5 тонн буюу 38.9 хувь, зорчигчдын тоо 55.5 мян.хүн буюу 21.0 хувиар тус тус буурчээ. Read More......

Летний кубок КВН 2009 - Утомлённые солнцем (Сочи) - СТЭМ

Read More......