Төрийн албан хаагчдын тоо 10 мянгаар зөрөв



Төрийн албыг хувийн компани шигээ андууран хүндэрдэг түшмэд одоо л нэг "үйлчлэгч"-ийнхээ үүргийг биелүүлэх нь хэмээн иргэд баярлаж байсан цаг тийм ч холгүй. Үнэндээ төрийн албан хаагч гэдэг нь төр иргэнийг холбох гүүр байх ёстой. Гэтэл төрийн албан хаагчид эзэн хааны үүргийг гүйцэтгэж суудаг нь гашуун боловч үнэн дүр төрх юм. Гэхдээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчид намын харьяаллаасаа эс бөгөөс төрийн албанаас татгалзах шаардлагатай болсон билээ. Өөрөөр хэлбэл, эрхэм түшээд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахаар баталсан. Үүнд нь ч Монголчууд бултаараа баясч билээ. Тэгээд ч статистик мэдээнээс харахад гишүүдийн дийлэнх нь намаасаа татгалзаж, хоёргүй сэтгэлээр төрийн ажилд хүчин зүтгэхээр сонголтоо хийсэн харагдсан. Гэтэл энэ байдлыг зарим овжин нөхөд өөртөө ашигтайгаар эргүүлж, хуулийн өөрчлөлтөөр далимдуулан хэрхэн ашиглаж болохыг тод томруунаар үзүүлж эхэллээ. Тухайлбал, Сүхбаатар аймагт эдийн засгийн хямралтай холбогдуулан захиргааны албан хаагчдын тоог45 байсныг 38 болгож цөөрүүлсэн ажээ. Гэхдээ ажлаас чөлөөлөгдсөн долоон хүний хоёр нь тэтгэврийн насных, МАХН-ын гишүүн байсан бол үлдсэн тав нь ид ажиллах насандаа байсан боловч гай болж Ардчилсан намын гишүүд байсан гэнэ.

Харин Хэнтийд байдал бүр дор байгаа гэнэ. Хэнтийн Засаг дарга Б.Эрдэнэбаатар өмнөх Засаг дарга С.Жаргалын үед ажилд орсон хүмүүсийг бойкотлож, ажлаа өгөхгүй бол эрүүгийн хариуцлагад татна гэж мэдэгдсэн гэнэ. Энэ явдалд тус аймгийн сургууль, цэцэрлэгийн захирлууд ихэвчлэн өртсөн сурагтай. Учир нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирлууд "Атрын III" аяны хөрөнгө болох нэг тэрбум төгрөгийг зориулалтын бус зүйлд зарцуул-сан хэмээн буруутгагдаж буй. Тодруулбал, аянд зориулсан төсвийн мөнгийг ажилчиддаа зээлээр өгсөн явдал. Зээл олгохдоо төсвөөс эргэн төлнө гэсэн баталгаа гаргаж өгсөн ажээ. Өөрөөр хэлбэл, цалингаас нь суутгана гэсэн үг л дээ. Тэгээд л өдгөө төсвийн хөрөнгө барьцаалж зээл олгосон ялд унаж эрүүгийн хэрэгт татагдах, эсвэл албаа өгөх шахаанд орчихоод байгаа хэрэг.

Чухамдаа орон нутгийн анхан шатны байгууллагынхан МАХН-ынх л биш бол ажил хийх ямар ч боломжгүй байдаг талаар гомдол гардаг нь нууц биш. Ажаад байхад МАХН-ынхан буулт хийж сураагүй юм шиг байгаа юм. Энэ нь ч аргагүй биз. 70 гаруй жил дангаараа төрийн эрх мэдлийг атгасан юм чинь.
Үнэн хэрэгтээ орон нутагт намын харьяаллаас татгалзсан ч "хөшигний цаана" байдал хэвээрээ байгаа аж. Өнөө л улаан, цэнхэрийн ялгаа өнгө өнгөөр сүлэлдэж буй. Энэ бол орон нутагт дахь бодит үнэн.
Харин өчигдөр Төрийн албаны хуулийн хэрэгжилттэй танилцах УИХ-ын даргын захирамжийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Төрийн албаны зөвлөлд зочиллоо. Тус байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, гишүүн Ж.Батсуурь, З.Энхболд, Д.Дондог нарт Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам байгууллагынхаа ажил байдлыг танилцуулсан юм.

Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчид намын харьяаллаас түдгэлзсэн нь Төрийн албаны зөвлөлөөс шинэ оны эхэнд хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг байсан гэдгийг Д.Зүмбэрэллхам дарга энэ үеэр онцлов.

Орон нутгийн Хурлын төлөөлөгчийн суудалд нэр дэвшихийг хориглосоор байтал хурлын төлөөлөгчөөр сонгогдсон цөөнгүй хүмүүс байгаа нь анхаарал татаж байгаа аж. Харин ИТХ-ын нарийн бичгийн даргын хувьд хуульд зөвшөөрсөн заалт орсон байдаг тул нөхөн сонгууль энэ хүмүүст хамаарагдахгүйг зөвлөлийн дарга хэлж байлаа. Баг, хорооны Засаг дарга нарын сонгон шалгаруулалт Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотойгоор зогссон. Учир нь баг, хорооны Засаг дарга нарыг томилоход төрийн оролцоо хэрэггүй гэсэн Цэцийн шийдвэрийг нь УИХ зөвшөөрч, баталсан билээ.

Төрийн албаны зөвлөлөөс мэдээлж байгаагаар хуульд өөрчлөлт орж болзошгүй гэдэг үүднээс хорооны Засаг дарга нарыг бүртгэсэн ч шаардлагыг түр зогсоогоод байгаа ажээ. Харин багийн дарга нарын хувьд нэг багт таван хүн өрсөлдөхөөр сонгон шалгаруулалт явуулснаас 50 хувь нь тэнцсэн байна. Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор нийт 56 албан тушаалд 211 хун бүртгүүлснээс өнөөдрийн байдлаар 20 хүнийг нь сонгон шалгаруулж томилоод байна.

Агентлагийн хувьд шинээр бий болсон, бүтэц, чиглэл нь өөрчлөгдөж байгаа 13 агентлагийн дарга нарыг сонгон шалгаруулсан байна. Харин бусад агентлагийн дарга нарын хувьд үргэлжлүүлэн ажиллуулах дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлжээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч зэрэг албан тушаалтнуудын сонгон шалгаруулалт хэрхэх вэ гэдэг нь "толгойны өвчин" болоод буй. Өөрөөр хэлбэл, төсвийн ерөнхийлөн захирагч нар төрийн үйлчилгээ, төрийн жинхэнэ албан хаагчийн аль нь болохоо мэдэхгүй сууж байгаа гэнэ. Энэ асуудлыг шийдэхэд Засгийн газар алгуурлаж байгааг зөвлөлийн дарга хэлж байлаа.

Төрийн албаны зөвлөл шинэ хуулийн хэрэгжилт ямар байгааг хэд хэдэн аймгуудад очиж шалгажээ. Төрийн албаны хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газар, Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газраас хэсэг хүмүүс гомдол ирүүлсэн тул шалгалт хийж байгааг мөн дуулгасан юм. Агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалт ямар хэлбэрээр явж байгааг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин тодруулав. Төрийн албаны зөвлөлийн дарга "Ажлын байрны тодорхойлолтод янз бүрийн шаардлага тавьдаг" хэмээн хариулав. Ер нь цаашид ижилхэн шаардлага тавьж байх журамтай байх саналыг байнгын хорооны гишүүдэд хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн З.Энхболд сонгон шалгаруулалтын төст хэр найдвартай болох, төрийн албан хаагчдын нийт тоо яагаад зөрдөг талаар лавласан боловч тодорхой хариулт авч чадсангүй. Түүнчлэн Сангийн яамны тооцоогоор төрийн нийт албан хаагчийн тоо 151 мянга байгаа аж. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс 141 мянга гэсэн тооцоо гаргасан нь 10 мянган орчим хүний хийдэл гаргаж, улсын төсөвт хохирол учруулж байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж байгааг тэрбээр нуусангүй. Read More......

“Транзит Монгол”-ыг хүн бүр гэрэл гэгээтэйгээр харж байлаа



Манай улс газарзүйн байрлалаа ашиглан олон улсын дамжин өнгөрөх тээврээс ашиг олох бүрэн боломжтой аж. Энэ боломжит гарцыг нээх зорилгоор өчигдөр "Транзит Монгол" олон улсын форум болов. Форумд тээвэрлэгч талаас есөн орон оролцож байна. Тодруулбал, Канад, БНХАУ, ХБНГУ, Япон, БНСУ, ОХУ. Түүнчлэн хөрөнгө оруулагч талаас Дэлхийн болон Азийн хөгжлийн банк оролцож байна. Харин манай улсаас салбар хариуцсан яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, "Улаанбаатар төмөр зам", "Монголын иргэний агаарын тээвэр" ХХК-ийн төлөөлөгч оролцлоо.

Замын-Үүд Алтанбулагийг холбосон зам хамгийн дөт гарц
Ази, Европыг холбосон хамгийн дөт гарцын нэг нь манай улсын Замын-Үүд, Алтанбулаг хоёр аж. Өнөөдрийн байдлаар энэ гарцаар олон улсын дамжин өнгөрөх тээвэр хийгдэхгүй, Манжуураар дамжин хойд, урд хөрш рүү явж байна. Дамжин өнгөрөх тээврийг Манжуураар тойрч хийхэд 800-850 километрийн тойруу замтай. Хэрэв дамжин өнгөрөх тээврийг Замын-Үүд, Алтанбулагийн хооронд холбосон гарцаар хийвэл эдийн засаг болон хугацаа хожих давуу талтай аж. Жишээ нь, ОХУ-ын Сибирийн бүст 60 гаруй сая хүн ам амьдарч байна. Тэд БНХАУ-д үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Түүнчлэн БНХАУ, ОХУ хоёрын худалдааны эргэлт 80 тэрбум ам.доллар байдаг. Энэ тоо ойрын арван жилд 700 тэрбум ам.доллар болно гэж судлаачид үзэж байгаа. Тэгэхээр худалдааны эргэлт томрох тусам хаагуур явж, хаашаа тээвэрлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүний хариулт нь ердөө Замын-Үүд, Алтанбулагийг холбосон транзит тээвэр юм. Үүнийг олон улсын тээвэрлэгчдэд ойлгуулах зорилгоор "Транзит Монгол"-ыг зохион байгуулж байгаа аж.

ДНБ-ийг бүрдүүлэгчдийн тоо нэмэгдэнэ
Форумыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нээж үг хэлсэн юм. Тэрбээр "Хоёр их гүрний дунд оршдог манай орны эдийн засгийг хөдөлгөгч хүч нь уул уурхай байсан, байсаар байна. Үүгээр бид дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ийг бүрдүүлдэг. Харин транзит тээвэр хөгжсөнөөр манай улсын ДНБ-ийг бүрдүүлэгчийн тоо нэгээр нэмэгдэж, тэр хэмжээгээр улсын хөгжил сайжирна. Иймээс манай тал болон тээвэрлэгч, хөрөнгө оруулагч нарт зөв мэдээлэл өгч, хамтран ажиллахад бэлэн байна. Түүнчлэн "Транзит Монгол" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд талууд нухацтай хандахыг хүсье" гэсэн юм.

Цаасан дээр бичигдсэн "Транзит Монгол" хөтөлбөрийг бодит байдалд буулгахын тулд оролцогч талууд мэдээлэл солилцлоо. Энэ хөтөлбөр нь үндсэн долоон зорилго, 48 зүйлээс бүрдэж байгаа аж. Тухайлбал, хөтөлбөр хэрэгжсэнээр худалдааны эргэлт, тээвэрлэлт нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчийн тоо эрс өснө. Хөтөлбөрийн хүрээнд 2015 он гэхэд нийслэлийн ойролцоо олон улсын нисэх онгоцны буудал барих аж. Олон улсын нисэх онгоцны буудлыг барих хөрөнгийг Япон улсаас гаргана гэж нарийн тусгажээ. Энэхүү хөтөлбөр 2012-2015 он гэхэд бүрэн утгаараа бодит байдалд буусан байна гэдгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамныхан ирсэн зочдод уламжиллаа. Түүнчлэн хөтөлбөрийн санхүүжилтийг төр, орон нутаг, донор орнуудаас татан оролцуулах ажил ч өрнүүлнэ гэдгийг хэлж байлаа. Хөтөлбөрийн хүрээнд уул уурхайг түшиглэсэн дэд бүтцийг хөгжүүлэх аж.

Уул уурхайн дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой
Өнөөдрийн байдлаар манай улсын уул уурхайн салбарт гол хөрөнгө оруулагчаар Канад улс ажиллаж байгаа. Уул уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд төмөр зам их үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс Канадын талтай уул уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд транзит тээврийг ашиглах тал дээр санал нэгдсэн байна. Хэрэв саналын үр дүн гарвал Сүхбаатарын цайр, Дорнодын Мардайн уран зэрэг ордын дэд бүтцийг хангахаар хамтран ажиллах аж.

Транзит тээвэр хөгжсөнөөр бүсийн хэмжээний худалдааны эргэлт нэмэгдэнэ
Энэ үеэр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Зам, тээвэр бодлогын газрын дарга Д.Наранпүрэвтэй ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа.

-"Транзит Монгол" форум эхэлчихлээ. Форумаас хүлээж байгаа зүйл нь үр дүн. Манай талаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Форумын үр дүнд хоёр чухал баримт бичиг гарна. Үүний нэг нь "Транзит Монгол Улаанбаатарын тунхаглал", нөгөө нь хэд хэдэн улсын төлөөлөгчийн гарын үсэгтэй санамж бичиг юм. Гол үр дүн нь Монгол Улсын худалдаа, тээврийг хөнгөвчлөх, бүсийн хэмжээнд энэ төрлийн чиглэлээр хамтран ажиллах аргачиллаа тодорхойлоход оршиж байна. Түүнчлэн оролцогч талууд сонгосон бүс буюу хөрөнгө оруулах хэсгийн талаар жилд 2-3 удаа уулзаж, юу хийх вэ, эрхзүйн ямар зохицуулалт хийж болох вэ, тарифын бодлогын талаар нэгдсэн ямар зохицуулалт хийж болох вэ гэдгийг ярилцана. Үүний дараа хийх гэсэн зүйлээ хамтран хийнэ.

-Өөр ямар асуудал яригдах вэ?
-Монгол Улсын одоогийн байгаа дэд бүтцийг ашиглан Ази, Европыг холбосон гарцаар чингэлэг тээвэрлэх асуудлыг ярилцана. ХБНГУ, ОХУ-ын төмөр замын агентлагийн удирдлагуудтай манай улсаар дамжуулж чингэлэг тээвэрлэлт хийх асуудал дээр санал нэгдсэн.

Транзит тээврийг ашиглан томоохон орд газруудын дэд бүтцийг барих ажил яригдана. Үүнийг бүтээн байгуулахад хөрөнгө оруулагч нартай зөвшилцөлд хүрэх ёстой.

-Хөрөнгө оруулалт гэж ярилаа. Тухайлбал, хөрөнгө оруулагч донор орноос тэд, дотоодоос тэд гэсэн хязгаарлалт тавьж байгаа юу?

-Хөрөнгө оруулалтын хувьд яг тэдэн сая ам.доллар манайд хэрэгтэй гэсэн асуудлыг яриагүй байгаа.
Монгол Улсыг транзит орон болгохын тулд хөрөнгө оруулагч донор орнуудыг хамтарч ажиллаач ээ гэсэн хүсэлтийг тавьж байна. Энэ нь зөвхөн Монгол Улсын эрх ашигт нийцсэн асуудал биш. Бүсийн хэмжээнд яригдах эдийн засгийн асуудал юм. Хоёр их гүрэнд худалдаа, тээвэрлэлт байгаад байдаг. Гэтэл дунд нь байгаа манай улсад түүнийг эргэлтэд оруулах транзит тээвэр байхгүй байна. Үүнийг бүсийн хэмжээнд ярилцаж хамтарч хөгжүүлье. Транзит тээвэр хөгжсөнөөр бүсийн хэмжээн дэх худалдааны эргэлт нэмэгдэж, эдийн засаг хөгжинө, сэргэнэ.
Read More......