“Транзит Монгол”-ыг хүн бүр гэрэл гэгээтэйгээр харж байлаа



Манай улс газарзүйн байрлалаа ашиглан олон улсын дамжин өнгөрөх тээврээс ашиг олох бүрэн боломжтой аж. Энэ боломжит гарцыг нээх зорилгоор өчигдөр "Транзит Монгол" олон улсын форум болов. Форумд тээвэрлэгч талаас есөн орон оролцож байна. Тодруулбал, Канад, БНХАУ, ХБНГУ, Япон, БНСУ, ОХУ. Түүнчлэн хөрөнгө оруулагч талаас Дэлхийн болон Азийн хөгжлийн банк оролцож байна. Харин манай улсаас салбар хариуцсан яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, "Улаанбаатар төмөр зам", "Монголын иргэний агаарын тээвэр" ХХК-ийн төлөөлөгч оролцлоо.

Замын-Үүд Алтанбулагийг холбосон зам хамгийн дөт гарц
Ази, Европыг холбосон хамгийн дөт гарцын нэг нь манай улсын Замын-Үүд, Алтанбулаг хоёр аж. Өнөөдрийн байдлаар энэ гарцаар олон улсын дамжин өнгөрөх тээвэр хийгдэхгүй, Манжуураар дамжин хойд, урд хөрш рүү явж байна. Дамжин өнгөрөх тээврийг Манжуураар тойрч хийхэд 800-850 километрийн тойруу замтай. Хэрэв дамжин өнгөрөх тээврийг Замын-Үүд, Алтанбулагийн хооронд холбосон гарцаар хийвэл эдийн засаг болон хугацаа хожих давуу талтай аж. Жишээ нь, ОХУ-ын Сибирийн бүст 60 гаруй сая хүн ам амьдарч байна. Тэд БНХАУ-д үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Түүнчлэн БНХАУ, ОХУ хоёрын худалдааны эргэлт 80 тэрбум ам.доллар байдаг. Энэ тоо ойрын арван жилд 700 тэрбум ам.доллар болно гэж судлаачид үзэж байгаа. Тэгэхээр худалдааны эргэлт томрох тусам хаагуур явж, хаашаа тээвэрлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүний хариулт нь ердөө Замын-Үүд, Алтанбулагийг холбосон транзит тээвэр юм. Үүнийг олон улсын тээвэрлэгчдэд ойлгуулах зорилгоор "Транзит Монгол"-ыг зохион байгуулж байгаа аж.

ДНБ-ийг бүрдүүлэгчдийн тоо нэмэгдэнэ
Форумыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нээж үг хэлсэн юм. Тэрбээр "Хоёр их гүрний дунд оршдог манай орны эдийн засгийг хөдөлгөгч хүч нь уул уурхай байсан, байсаар байна. Үүгээр бид дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ийг бүрдүүлдэг. Харин транзит тээвэр хөгжсөнөөр манай улсын ДНБ-ийг бүрдүүлэгчийн тоо нэгээр нэмэгдэж, тэр хэмжээгээр улсын хөгжил сайжирна. Иймээс манай тал болон тээвэрлэгч, хөрөнгө оруулагч нарт зөв мэдээлэл өгч, хамтран ажиллахад бэлэн байна. Түүнчлэн "Транзит Монгол" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд талууд нухацтай хандахыг хүсье" гэсэн юм.

Цаасан дээр бичигдсэн "Транзит Монгол" хөтөлбөрийг бодит байдалд буулгахын тулд оролцогч талууд мэдээлэл солилцлоо. Энэ хөтөлбөр нь үндсэн долоон зорилго, 48 зүйлээс бүрдэж байгаа аж. Тухайлбал, хөтөлбөр хэрэгжсэнээр худалдааны эргэлт, тээвэрлэлт нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчийн тоо эрс өснө. Хөтөлбөрийн хүрээнд 2015 он гэхэд нийслэлийн ойролцоо олон улсын нисэх онгоцны буудал барих аж. Олон улсын нисэх онгоцны буудлыг барих хөрөнгийг Япон улсаас гаргана гэж нарийн тусгажээ. Энэхүү хөтөлбөр 2012-2015 он гэхэд бүрэн утгаараа бодит байдалд буусан байна гэдгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамныхан ирсэн зочдод уламжиллаа. Түүнчлэн хөтөлбөрийн санхүүжилтийг төр, орон нутаг, донор орнуудаас татан оролцуулах ажил ч өрнүүлнэ гэдгийг хэлж байлаа. Хөтөлбөрийн хүрээнд уул уурхайг түшиглэсэн дэд бүтцийг хөгжүүлэх аж.

Уул уурхайн дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой
Өнөөдрийн байдлаар манай улсын уул уурхайн салбарт гол хөрөнгө оруулагчаар Канад улс ажиллаж байгаа. Уул уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд төмөр зам их үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс Канадын талтай уул уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд транзит тээврийг ашиглах тал дээр санал нэгдсэн байна. Хэрэв саналын үр дүн гарвал Сүхбаатарын цайр, Дорнодын Мардайн уран зэрэг ордын дэд бүтцийг хангахаар хамтран ажиллах аж.

Транзит тээвэр хөгжсөнөөр бүсийн хэмжээний худалдааны эргэлт нэмэгдэнэ
Энэ үеэр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Зам, тээвэр бодлогын газрын дарга Д.Наранпүрэвтэй ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа.

-"Транзит Монгол" форум эхэлчихлээ. Форумаас хүлээж байгаа зүйл нь үр дүн. Манай талаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Форумын үр дүнд хоёр чухал баримт бичиг гарна. Үүний нэг нь "Транзит Монгол Улаанбаатарын тунхаглал", нөгөө нь хэд хэдэн улсын төлөөлөгчийн гарын үсэгтэй санамж бичиг юм. Гол үр дүн нь Монгол Улсын худалдаа, тээврийг хөнгөвчлөх, бүсийн хэмжээнд энэ төрлийн чиглэлээр хамтран ажиллах аргачиллаа тодорхойлоход оршиж байна. Түүнчлэн оролцогч талууд сонгосон бүс буюу хөрөнгө оруулах хэсгийн талаар жилд 2-3 удаа уулзаж, юу хийх вэ, эрхзүйн ямар зохицуулалт хийж болох вэ, тарифын бодлогын талаар нэгдсэн ямар зохицуулалт хийж болох вэ гэдгийг ярилцана. Үүний дараа хийх гэсэн зүйлээ хамтран хийнэ.

-Өөр ямар асуудал яригдах вэ?
-Монгол Улсын одоогийн байгаа дэд бүтцийг ашиглан Ази, Европыг холбосон гарцаар чингэлэг тээвэрлэх асуудлыг ярилцана. ХБНГУ, ОХУ-ын төмөр замын агентлагийн удирдлагуудтай манай улсаар дамжуулж чингэлэг тээвэрлэлт хийх асуудал дээр санал нэгдсэн.

Транзит тээврийг ашиглан томоохон орд газруудын дэд бүтцийг барих ажил яригдана. Үүнийг бүтээн байгуулахад хөрөнгө оруулагч нартай зөвшилцөлд хүрэх ёстой.

-Хөрөнгө оруулалт гэж ярилаа. Тухайлбал, хөрөнгө оруулагч донор орноос тэд, дотоодоос тэд гэсэн хязгаарлалт тавьж байгаа юу?

-Хөрөнгө оруулалтын хувьд яг тэдэн сая ам.доллар манайд хэрэгтэй гэсэн асуудлыг яриагүй байгаа.
Монгол Улсыг транзит орон болгохын тулд хөрөнгө оруулагч донор орнуудыг хамтарч ажиллаач ээ гэсэн хүсэлтийг тавьж байна. Энэ нь зөвхөн Монгол Улсын эрх ашигт нийцсэн асуудал биш. Бүсийн хэмжээнд яригдах эдийн засгийн асуудал юм. Хоёр их гүрэнд худалдаа, тээвэрлэлт байгаад байдаг. Гэтэл дунд нь байгаа манай улсад түүнийг эргэлтэд оруулах транзит тээвэр байхгүй байна. Үүнийг бүсийн хэмжээнд ярилцаж хамтарч хөгжүүлье. Транзит тээвэр хөгжсөнөөр бүсийн хэмжээн дэх худалдааны эргэлт нэмэгдэж, эдийн засаг хөгжинө, сэргэнэ.

0 comments:

Post a Comment