Х.Хатанбаатар: Шалгалтын өмнө хичээлээ уншдагаас ой тогтоолт сайжирсан байх
Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах "Memoriad" тэмцээнд оролцоод ирсэн Х.Хатанбаатартай уулзав. Тэрээр минутад 1000 үг уншиж утгыг нь бүрэн ойлгодог нэгэн. Хормын дотор хэдэн арван оронтой тооны нийлбэрийг гаргаж чадна. Х.Хатанбаатар Туркийн Анкара хотын ГАЗ-ийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Одоо үргэлжлүүлэн магистрантурт сурч байгаа юм байна.
-Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ямар амжилттай оролцсон бэ?
-Энэ оны есдүгээр сарын 7-нд Турк улсын Ой тогтоолт болон фото түргэн уншлагын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Фото түргэн уншлагын төрөлд мөнгөн медаль хүртэж, ой тогтоолтын төрөлд тавдугаар байр эзэлж дэлхийн аваргад оролцох эрх авсан юм. Тэгээд өнгөрсөн аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 3-ны хооронд Туркт болсон дэлхийн аваргын тэмцээнд оролцсон. Энэ тэмцээн дөрвөн жилд нэг удаа болдог юм. Дараагийнх нь АНУ-д болно. Тэмцээн ой тогтоолт, цээж тоо гэсэн төрлөөр явагдсан. Энэ тэмцээнд 20 гаруй орны 40-өөд тамирчин оролцсон. Дэлхийн рекорд тогтоож, Гиннесийн номонд орж байсан алдартнууд ч ирсэн. Монголоос анх удаа би оролцсон. Үүгээрээ бахархаж байгаа. Ой тогтоолтын төрөлд наймд орсон ба цээж тооны төрөлд 17 тамирчнаас аравдугаар байрт орсон.
-Өөрөө төрөлхийн ой тогтоолт өндөртэй хүн үү?
-Үгүй л дээ. Энэ бол миний төрөлхийн авьяас биш. Би ой тогтоолтын техникийг эзэмшсэн. Фото уншлагын төрлөөр гурван жилийн өмнөөс хичээллэж эхэлсэн. Яагаад энэ төрлөөр хичээллэх болсон бэ гэвэл, тухайн үедээ би бас л залхуу оюутан байсан юм шиг байгаа юм. Шалгалтаа дөхүүлж хичээлээ давтдаг байлаа. Тиймээс л тэр төрлөөр хичээллэхээр шийдсэн. Ингээд янз бүрийн сургалт семинарт суудаг болсон. Үүний үр дүнд минутад 1000 гаруй үг уншиж, түүнээс ойлгох чадвар 80 хувьтай болсон доо. Энэ бол авьяас биш. Ямар ч хүн хөгжүүлж болдог чадвар. Би ой тогтоолтын техникийг жил гаруйн өмнөөс эзэмшиж эхэлсэн. АНУ-д жилийн хугацаанд хэлний сургалтад сурч байхдаа ой тогтоолттой холбоотой олон сурах бичиг цуглуулж судалсан. Тухайн үедээ тэмцээн уралдаанд оролцох бодол байгаагүй. Найз нөхдийнхөө зөвлөсний үндсэн дээр тэр тэмцээнүүдэд орсон. Өмнө нь ийм ой тогтоолтын тэмцээнийг телевизээр хараад бас л гоц авьяастай хүмүүс байдаг юм байна гэж боддог байсан. Харин одоо өөрөө энэ бүхнийг суралцсан болохоор хэн ч ой тогтоолтоо сайжруулж болохыг мэдлээ.
-Фото түргэн уншлага гэдгийг юу гэж ойлгох вэ. Ер нь энэ бүхнийг сурах аргачлалаа энгийнээр тайлбарлаач?
-Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Хүмүүст мэдээллийн эрэлт хэрэгцээ асар их байгаа. Ийм нөхцөлд уг шаардлагыг хангахын тулд ямар нэгэн материалыг түргэн уншиж, ойлгох нь чухал гэсэн үг л дээ. Эхлээд ой тогтоолт, фото түргэн уншлагын түүхийн талаар товч дурдах хэрэгтэй байх. Ой тогтоолт гэдэг бол цоо шинэ зүйл биш. Эртний Грек, Ромоос гаралтай. Тухайн үеийн уран илтгэгчид ард түмнээ татахын тулд цаас харахгүйгээр дэс дараалалтай ярьж чаддаг байжээ. Тэр нь энэ ой тогтоолтын аргыг эзэмшсэнийг харуулж байгаа юм. Ой тогтоолтын арга нь нийгмийн бүхий л давхаргын хүмүүст хэрэгтэй. Магадгүй хүн гудамжинд явж байгаад хэн нэгэнтэй таарахад нүүр царайг нь харсан мөртөө нэрийг нь санадаггүй зэрэг асуудал олон гардаг. Эдгээрт ой тогтоолт тус нэмэр болдог. Мөн оюутан сурагчид энэ техникийг ашиглан шалгалтад бэлдэхгүйгээр онц авах боломжтой. Биднийг бага байхад багш, эцэг, эхчүүд хэлдэг байсан даа. "Чи бодооч, сэтгээч" гэж. Үүний үр дүнд бид гайгүй бодож, сэтгэдэг болсон. Гэхдээ зөвхөн зүүн тархиныхаа үйл ажиллагааг аливааг цээжилж, тогтооход ашигладаг. Харин тархиныхаа баруун хагас бөмбөлгийг бага ажиллуулдаг. Уг нь энэ хоёрыг тэнцвэртэй ашигласнаар аливаа зүйлийг илүү тогтоож, ойлгоно. Учир нь тархины баруун хагас бөмбөлөг нь өнгө ялгах, төсөөлөх, зөгнөх, орон зайн баримжаа авах чадварыг бий болгох үүрэгтэй байдаг. Жишээ нь нэг үзэг байлаа. Түүнийг хүн логик утгаар нь юм бичдэг л гэж ойлгоно. Харин тархиныхаа зүүн бөмбөлгийг хөгжүүлсэн хүн бол тэр үзгийг тийм өнгөтэй гэх зэргээр нь төсөөлж бодсоноор ой ухаандаа тогтоож байна гэсэн үг юм. Фото түргэн уншлага гэдэг бол текстийг үг үгээр нь уншдаггүй. Сайн дасгал хийгээд ирэхээр гурван үгийг нэг болгож хардаг. Таван үгийг нэг болгож хардаг болоод сүүлдээ бүр мөр мөрөөр нь уншиж ойлгодог болсон байх жишээтэй. Би текстийн гурав дахь мөрөөс эхлээд S хэлбэрээр унших техниктэй.
-Ингэж хурдан уншихаар тухайн зүйлээ бүрэн ойлгох уу?
-Үүнийг янз бүрийн аргаар судлаад үзчихсэн байдаг. Хүн ном уншихдаа анхаарлаа төвлөрүүлбэл ойлгох чадвар нь ихэсдэг шүү дээ. Бид нэгдүгээр ангиасаа эхлээд уншиж сурдаг. Тэгээд гуравдугаар ангидаа дунджаар 200 гаруй үг л уншдаг. Гэтэл хүний тархины хүлээж авах үгийн тоо 500-1000 үг байдаг. Тэгэхээр бидний тархинд 300 үгийн орон зай байна гэсэн үг. Энэ орон зайд хүмүүсийн анхаарал өөр зүйлд сарнидаг. "Өглөө гэрээсээ гарахдаа гэрлээ унтраасан болов уу, хичээл тараад хаачих билээ" ч гэдэг юм уу ийм өөр бодлууд юм уншиж байх явцад толгойд нь эргэлдэж байдаг. Тиймээс л хүн уншсан зүйлээ бүрэн төгс ойлгохгүй байгаа хэрэг. Харин хүн минутад 500-1000 үг уншдаг болчихвол анхаарал төвлөрч бүрэн гүйцэд ойлгодог болно гэсэн үг. Өнөөдөр хурдан уншилтын дэлхийн рекордыг тогтоосон хүн минутад 3500 үг уншиж байна. Ойлгох чадвар 80 гаруй хувьтай байгаа. Энэ техникийг эзэмшсэн хүн жирийн хүний нэг цаг унших текстийг 15 минутад уншдаг. Үг үгээр нь уншихгүй. Гол утгыг нь ойлгож уншихад учир нь байгаа юм. Текстэд байгаа түүхэн он тоолол, онцгой хүний нэр, газар усны нэрийг ялгаад харчихдаг. Эцэстээ нэг хуудсанд байгаа текст бүхэлдээ тэр хүний нүдэнд харагддаг болчихно.
-Дунд сургуулийн хүүхдүүд шүлэг цээжлэх гэж зовдог. Өөрийн тань хувьд урт бадагтай шүлгийг хэдий хугацаанд яаж цээжилдэг вэ?
-Хүмүүс уламжлалт аргаараа шүлгийг ч юм уу, гадаад үг болон дууны үгийг хэд дахин давтаж уншаад байдаг. Гэтэл маргааш нь дахиад л мартчихдаг. Харин энэ бүгдийг зөвхөн нэг уншаад л цээжлэх боломжтой. Шүлгийн нэг мөрт байгаа түлхүүр үгийг нь сонгож авна. Тэр үгийн цаана маш олон утга илэрхийлэгдэнэ. Үүнийг төсөөлөн бодох чадвараа ашиглан цээжилнэ. Дараагийн мөрт байгаа түлхүүр үгийг авч мөн төсөөлөн бодоод холбоод явчихдаг. Энэ нь тэр механик цээжлэлтээс хорь дахин илүү үр дүнтэй. Миний хувьд 30 мөртэй шүлгийг 3-5 минутад цээжилдэг болсон. Дуртай дууныхаа үгийг ч гэсэн харж байгаад ийм хугацаанд цээжилчихнэ. Энэ аргын талаар би удахгүй оюутан залууст зориулж лекц унших гэж байгаа.
-Лекцээ хаана хэдэн удаа унших вэ?
-Маргааш (өнөөдөр) лекцээ уншиж эхэлнэ. Монголын 20 гаруй их, дээд сургууль дээр очиж унших юм. Мөн хүмүүсийн боломжгүй гэж үзсэн үзүүлбэрүүдийг үзүүлэхээр бэлтгэсэн байгаа. Оюутнуудаар өөрсдөөр нь ч хийлгүүлнэ.
-Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ямар даалгавар гүйцэтгэснээ танилцуулбал сонин байх?
-Ой тогтоолтын төрөлдөө хөзөр цээжилсэн. 50 ширхэг хөзрийг хоёр минут 30 секундэд цээжилж байсан. Гэхдээ нэг алдсанаас болоод гуравдугаар байраа ухрааж найм болгож хойшлуулсан л даа. Энэ төрөлд 65 секундэд хөзөр цээжилсэн амжилтаар 48 настай герман хүн түрүүлсэн. Цээж, тоо төрөлдөө арван оронтой арван тооны нийлбэрийг нэг минутад олох зэрэг даалгавар гүйцэтгэсэн. Найман оронтой хоёр тооны үржвэрийг 30 секундэд хэлнэ. Мөн зургаан оронтой тооны квадрат язгуур олох жишээтэй. Би түүхт он тооллын төрөлд оролцсон. Энэ нь юу вэ гэхээр 1600-2099 оны хоорондох он, сар, өдрүүдийг хэлэх ёстой. Тухайлбал, 1785 оны тавдугаар сарын 3 хэд дэх өдөр вэ гэдгийг хэлнэ. Түүхт он тооллын төрөлд Голландын тамирчин түрүүлсэн. Энэ хүн нэг минутад 56 өдөр олсон. Би 17 өдөр олсон. Гэтэл аварга болсон хүн маань дөрвөн жилийн өмнө 19 өдөр олж хүрэл медаль авч байсан юм билээ. Ингээд бодохоор дөрвөн жилийн дотор ямар их хөдөлмөрлөсөн нь харагдаж байгаа юм. 10 багц 520 хөзрийг нэг цагийн дотор цээжилж байгаа. Сая болсон дэлхийн аваргын тэмцээнд оролцсоноор би хэд хэдэн уралдаанд оролцох урилга авсан. Ирэх долдугаар сараас эхлэн энэ тэмцээнүүдэд оролцохоор өөрийгөө бэлтгэж байна. Тухайлбал, Английн нээлттэй тэмцээн, мөн ирэх аравдугаар сард болох дан ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах уралдаанд оролцоно.
-Хөзрийг яаж цээжилнэ гэсэн үг вэ?
-50 хөзөртөө бүгдэд нь дүрс орлуулаад төсөөлчихдөг. Тэгээд үүндээ холбох, орон зайн аргаа ашиглаад цээжилчихнэ. Төсөөлж бодох зүйл аль болох хөгжилтэй байх хэрэгтэй. 520 хөзөр цээжлээд гуравдугаар багцын 27 дугаар хөзөр юу вэ гэхэд л би хэлж байх ёстой. Сая дэлхийн аваргын тэмцээд 14 дүгээр хөзөр бундын тав байх ёстой байсныг ноён гэж хэлээд алдчихаж байгаа байхгүй юу. Тухайн үедээ төсөөллөө хольж хутгаад сандарчихсан л даа.
-Ийм тэмцээнүүдэд өөрөөс чинь гадна оролцдог монгол хүн байдаггүй юм уу?
-Ой тогтоолтын тэмцээн дэлхийд 1991 оноос хойш зохиогдсон юм билээ. Энэ хугацаанд ер нь монгол хүн орж байгаагүй гэсэн. Би л анх удаа орж байгаа.
-Энэ талаар хичээл заах бодол бий юу?
-Мэдээж хувь хүмүүс, албан байгууллагууд санал тавибал татгалзахгүй. Би фото түргэн уншлага, ой тогтоолтын урлаг гэж хоёр ном бичиж байгаа. Монголдоо ирээгүй тав зургаан жил болсон. Мөн өмнө нь ном бичиж байгаагүй. Тиймээс тэр ном үгийн баялаг муутай, найруулгын маш их алдаатай болох байх. Тэгэхээр хэл шинжлэлийн хүмүүсээр түүнийгээ редакторлуулаад он гарахаар хэвлүүлнэ. Энэ нь оюутан, залуус ер нь хүмүүст их хэрэгтэй зүйл болно гэж бодож байна.
Ер нь өөрийн гэсэн шавьтай болмоор байна. Одоо 20 багц 1020 хөзрийг нэг цаг цээжилж байгаа хүн бий. Гэтэл тэрнээс би хоёр дахин бага хөзөр цээжилж байгаа. Тиймээс надад бэлтгэл их шаардлагатай. Бас туслах, хамтарч бэлтгэл хийх хүн хэрэгтэй.
-Өөрөө харсан, уншсан бүх зүйлээ тогтоочихдог юм уу?
-Юм болгоныг гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ хүссэн бүхнээ тогтооно. Би одоо хуульч мэргэжилтэй. Туркийн хуулиудыг ерөнхийдөө мэдэж байгаа. Одоо Монголын хуулиудаа эхнээс нь уншаад судалж байна.
-Тэгвэл цээжилснээ мартана биз...
-Хүн юм уншчихаад мартчихлаа гэж ярьдаг. Үнэндээ мартаагүй байхгүй юу. Нэг сэжүүр хэлэхэд л мартсан зүйлээ хүн эргээд санадаг. Надад ч гэсэн мартах зүйл бий л дээ. Саная гэснээ санадаг.
-Өөрөө хэдэн настай вэ. Гэр бүлийнхэн чинь хаана байдаг вэ?
-25 настай. Би Сэлэнгэ аймгийнх. Манайх Зүүнхараад байдаг. Наймдугаар ангиа төгсөөд Дарханы Монгол-Туркийн хамтарсан сургуульд суралцаад МУИС-ийн улс төрийн ангид элссэн. Тэндээсээ Турк руу явсан.
-Туркээс ирээд Монголдоо ирж ажиллах уу?
-Ерөнхийдөө би сургуулиа төгсчихсөн. Ирэх тавдугаар сард дипломоо аваад энд ирж ажиллана. Хоёр, гурван газарт ажилд орохоор очсон. Нааштай хариу ч хэлсэн байгаа. Миний эмэгтэй дүү Туркт анагаахын чиглэлээр сурч байгаа. Тэр бас ой тогтоолтын аргыг ашиглаж хэл сурч байна.
-Ой тогтоолтын аргаар хэл яаж сурах вэ?
- Монголд гадаад хэлний сургалтад маш их хөрөнгө зарцуулж байна л даа. Энэ нь ч зөв. Сургалтын төвүүд янз бүрийн аргаар зааж байна. Гэхдээ хэл сурахдаа үг цээжлэх хэрэгтэй. Зүгээр цээжлэх биш төсөөлөх аргыг ашиглан цээжлэх нь үр дүнтэй. Жишээ нь англи хэлний rich гээд үг байна. Баян гэсэн үг. Гэтэл үүнтэй дуудлага нь төстэй монгол үг хайя. Ирээч гэдэг үг байгаа биз. Ингээд төсөөлөн бодох ёстой. Одоо өөрийн чинь хувьд жишээ татвал, танай найз залуу нэгэн баян бүсгүй рүү явчихлаа гэж бод. Тэр үед та түүнийг ирээч гэж дуудна гэдэг ч юм уу ингээд бодоход ирээч гэсэн үгнээс rich гэдэг үгийг санаж байх жишээтэй. Ингээд л энэ үгийг хэзээ ч мартахгүйгээр цээжилнэ. Миний хувьд ийм маягаар 80 орчим үгийг 30 минутад тогтоодог.
-Одоогийн байдлаар өөрөө хичнээн ном, шүлэг цээжилчихсэн байна?
-400 хуудастай номыг дөрөв, таван цаг уншиж байгаа. Сүүлийн үед тэмцээн уралдаан гээд нэг их ном уншсангүй. Хамгийн сүүлд өчигдөр Б.Гэрэлийн "Илтгэх эрдмийн мөнгөн түлхүүр" гэдэг номыг хоёр цаг уншаад дуусгалаа.
-Ой тогтоолтыг амьдралд өөрөөр яаж хэрэглэж байна?
-Хүний утасны дугаарыг утсандаа бус толгойдоо биччих боломжтой. Тоо гэдэг чинь өөрөө хийсвэр зүйл учраас цээжлэхэд хэцүү. Харин түүнийг хялбар болгохын тулд дугаарын нэг тоог үсгээр орлуулчихдаг. Үсгүүдийнхээ дагуу тоогоо тэмдэглээд үг зохиож цээжилнэ. Жишээ нь, сагс тоглох хоббитой манай нэг найзын утасны дугаарыг цээжлэхдээ мэдээж эхний хоёр тоог нь аль үүрэн телефоных вэ гэдгээр нь мэдэж байгаа. Тэгэхээр сүүлийн тоонуудад нь үсэг байрлуулна. 039397 гэдэг тоонд том бөмбөг гэдэг үг орлуулчихаж байгаа юм. 0-ийг нь Т үсгээр, 3-ийг М үсгээр, 9-ийг Б, долоог Г үсгээр орлуулаад дугаарыг нь цээжилчихнэ гэсэн үг. Манай найз том биетэй сагс тоглодог учраас энэ үг дугаарыг нь илэрхийлж чадаж байна. Ингэхээр надаас түүний утсыг асуухад хэзээд ч санана. Мартахгүй. Read More......