Хүүхдийн баяр

Маргааш хүүхдүүдийн баяр. Хүүхэд бүрийн төдийгүй аав ээж нарын хүсэн хүлээдэг баяр хаалга тогшлоо. Хүүхэд бүхэн инээд, хөөрөөр цалгих энэ өдөр тэдэнд зориулсан олон арга хэмжээг засаг захиргааны нөхдүүд болон урлаг соёлынхон төлөвлөөд байгаа юм байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хүүхдийн төлөө газар”-аас энэ жил хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд урлаг соёлынхон харин хүүхдэд зориулсан дуу, клип гарган багачууддаа баярлуулахаар болжээ. Маргааш зургадугаар сарын 1-ний өглөө орон даяар яг 11.00 цагт “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээг нэгэн зэрэг эхлүүлэх гэнэ.

Баярын гоёлоо өмсөн догдлох бяцхан үрсээ та хаана баярлуулахаа хараахан шийдээгүй байгаа бол бид таньд туслая.


“Шинэ үе” хүүхдийн баярын бэлгээ задаллаа

“Шинэ үе” продакшн хүүхэд багачуудад зориулан “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” хэмээх хүүхдийн жүжгийн нээлтээ өчигдөр МҮЭСТО-нд хийжээ. Гавьяат жүжигчин Л.Лхасүрэн агсны дурсгалд зориулан түүний оюутан байхдаа бичиж байсан “Сарыг нуусан саваагүй бэлтрэг”  хэмээх хүүхдийн жүжгийг тус продакшны уран бүтээлчид удахгүй тохиох “Эх үрсийн баяр”-т зориулан зургадугаар сарын 3-ныг дуустал өдөр бүр 11.00, 13.00, 15.00 цагт тоглох болсон байна.

Лусын дагина, ханхүүтэй уулзуулна

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Данийн их зохиолч Ханс Христиан Андерсений “Лусын дагина” жүжгийг тоглох гэж байна. Тус театр энэ жүжгийг гурван жилийн өмнө тайзнаа амилуулж байсан ба энэ удаад зургадугаар сарын 1-нд ердөө ганцхан өдөр 14.00 ба 16.00 цагт тайзнаа тоглох гэнэ. Энэхүү жүжгийн лусын дагинын дүрд залуу жүжигчин Б.Хулан, ханхүүгийн дүрд Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ нар тоглох юм. Драмын театраас хүүхдийн баярт зориулсан үзвэрийн үнэ 5000 төгрөг байна шүү. 
"Good boys"-ын бэлэг 

"Good boys" хамтлагийнхан хүүхдийн баяраар "Эх дэлхийгээ хайрлая" уриатай тоглолтоо хийх нь. Тоглолтод гавьяат жүжигчин Ч.Насантогтох, дуучин Нара, "ТВ Коктейл" хамтлагийнхан оролцох юм байна. Тус хамтлагийн хөвгүүд дуулахын зэрэгцээ хөгжим тоглож, амьд тоглолтоор бяцхан үзэгчиддээ бэлэг барихаас гадна тоглолтод ирсэн үзэгчдээс гурван хүүхдийг азтанаар тодруулан Бээжин хотоор аялах эрхийн бичиг өгнө гэхчилэн олон олон бэлгүүд эзнээ хүлээж байна.

Поп дива Алтаа багачуудтай дуулна

Поп дива Ж.Алтанцэцэг багачуудад зориулсан тоглолт хийхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн жил хүүхдийн баярт зориулсан хандивын тоглолтоо хийж байсан юм. Энэ удаад ч хүүхдийн баярын өдөр буюу зургадугаар сарын 1-нд 16.00 цагт "Ногоон орчин бидний ирээдүй" хэмээх тоглолтоо хийж, хүүхэд, эцэг эхчүүдтэй дуу хуурын ертөнцөөр аялах нь ээ. Түүний тоглолтод Монголын хүүхдийн ордны дууны багш С.Ганчимэгийн шавь нар болон оролцох юм байна. "Ногоон орчин бидний ирээдүй" тоглолтынхоо орлогыг Алтаа хүүхэд багачуудад зориулсан тусгай сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхэд зориулах гэнэ. 

Хүүхэлдэйн театр Циркийн задгай талбайд

Улсын хүүхэлдэйн театрын хамт олон хүүхэд, багачууддаа зориулж, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бага тайзнаа “Могжоохон даагатай жогжоохон хүү” жүжгээ, их тайзнаа Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогийн уран бүтээл “Дондог ахын найзууд” уран бүтээлээрээ бэлэг барих гэнэ. Мөн “Номин” их дэлгүүрийн хоёрдугаар давхарт бяцхан үзэгчдэдээ зориулан энэ сарын 31, ирэх сарын 1, 3-нд “Могжоохон даагатай жогжоохон хүү” жүжгээ тоглоно. Түүнчлэн "АСА" циркийн гадна талбайд ирэх сарын 2-нд 12-17 цагийн хооронд хүүхэд багачуудтайгаа уулзах юм байна.

Динза, Цондоолойтой уулзаарай

"АСА" циркэд энэ сарын 30, 31-нд 12.00, 14.00, 16.00 цагаас зургадугаар сарын 1-нд 10.00,12.00, 14.00, 16.00 цагаас "Цондоолой Динзагийн хамт аав, ээжийгээ аварсан нь" хүүхдийн жүжиг тоглогдоно. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг байх бөгөөд "Цондоолой", "Динза"-гийн хамгийн сүүлийн комик номыг бэлэг болгон өгөх нь ээ. 

“Ишиг хөөрхөн нэр”. Тийм биш гэж үү, хүүхдүүд ээ!

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн хөгжим, Х.Батаагийн цомнол “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг хоёрхон удаа тоглохоор болжээ. Зургадугаар сарын 1-нд 11.00, 12.30 цагт энэхүү жүжиг тайзнаа эгшиглэх юм. Хүүхдийн уран бүтээлийг дэмжин дэлгэрүүлэх бодлогын хүрээнд туурвисан энэхүү хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг нь нүүдэлчин монголчуудын зуун зуунаар өртөөлөн авч ирсэн өөрсдийн ахуй амьдрал, ёс заншилдаа нийцүүлэн бүтээжээ. Мөн хүүхдийг өв тэгш хүмүүжүүлж амьдрал ахуйгаа сахиж, ёс заншлаа дээдэлж, байгаль дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалах ухааныг хүүхэд ахуй цагаас нь сэтгэл зүрхэнд нь яв цав суулгадаг байсан эрт үеийн уламжлалыг сэргээхэд бага ч болов нэмэр болох өргөн их ач холбогдолтой юм байна. Тасалбарын үнэ том хүн 5000, хүүхэд 3000 төгрөг.

“Их ид шидтэн”-тэй хамт үлгэрийн орноор аялаарай

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид хүүхэд багачуудыг баярынх нь өдрөөр  үлгэрийн орноор аялуулахаар болжээ. Тэд “Тусгаар тогтнолын ордон”-д зургадугаар сарын 1-нд 12.00, 14.00, 16.00 цагт, 2-нд 16.00 цагт тус тус Оросын хүүхдийн зохиолч В.Губиреавын "Их ид шидтэн" үлгэрийн орноор аялуулах юм. Үлгэрийн орноор аялсан бяцхан үзэгч бүрийг бэлэг хүлээж байгаа шүү.

Хүслийн 1000 бөмбөлгийг хөөргөнө

Эрх чөлөөний талбайд зургадугаар сарын 1-нд "Хүслийн мянган бөмбөлөг" хөөргөх бүх нийтийн арга хэмжээг зохион байгуулах юм байна. Тэнд хүүхдэд зориулсан төрөл бүрийн бэлэг, өнгө алагласан бөмбөлөг, тоглоомуудаас гадна тэдэнд зориулсан сонирхолтой арга хэмжээнүүд хүлээж байгаа гэсэн шүү.

Парк хүүхдүүдэд зориулсан багцаа дэлгэлээ

Зуны хэдхэн сардаа паркийн гадаа тоглоом дээр ханатлаа суух юмсан гэсэн хүсэл мөрөөдөл хүүхэд бүрт байдаг. Тэгвэл хүүхдийн баярт зориулан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ах эгч нар нь багцын урамшуулалын картуудаа худалдаанд гаргажээ.  

Season Pass карт-/гурван сарын турш бүх тоглоом дээр тоглох эрхтэй/
Monthly Pass карт-/нэг сарын турш бүх аттракцион тоглоом дээр тоглох эрхтэй/
Daily Pass карт-/тухайн худалдаж авсан өдөртөө бүх тоглоом дээр үнэгүй тоглох эрхтэй /
Student’s Pass карт-/Оюутнуудын карт. Гурван сарын турш бүх тоглоом дээр үнэгүй тоглох эрхтэй/
Happy багц-/Тухайн өдөртөө таван тоглоом дээр тоглох эрхтэй/
Сoolбагц -/Тухайн өдөртөө найман тоглоом дээр тоглох эрхтэй/

Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээтэй

Хүүхдийн баярын нэгдсэн ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 1-нд 11.00-16.00 цагт болно. Сүхбаатарын талбайд 11.00-17.00 цаг хүртэл “Цэцэг” хамтлагийнхан үзэгч, фэнүүддээ тоглолтоо өргөн барих гэж байна.

Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 01-нд 11.00-16.00 цагт “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн ёслолын ажиллагаа болно. Баярын нээлтэд МУ-ын Ерөнхий сайд, ХТҮЗ-ийн тэргүүн С.Батболд, МУ-ын Шадар сайд М.Энхболд, НЗД-ын орлогч Ц.Цогзолмаа, ЗГХА, ХТГ-ын дарга Д.Алтай болон албаны хүмүүс мэндчилгээ давшүүлэх юм. Энэ өдөр Сүхбаатарын талбайд хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулна гэсэн... 

Баярын өдөр бороо орно

Энэ жилийн эх үрсийн баярын өдрөөр урьд өмнөх жилүүдийг бодоход сэрүүхэн, бороотой тунгалаг өдөр байх нь. Зургадугаар сарын 1-нд өдөртөө бага зэргийн бороотой, 15-17 хэмийн дулаан, тогтуун салхитай байх юм байна. Харин шөнөдөө үүлшинэ, дөрвөн хэмийн дулаантай, тогтуун салхитай байна гэж Ус, цаг уурын хүрээлэнгийн ах эгч нар нь мэдээллээ. Тиймээс хүүхэд багачуудаа дагуулан баярын өдөр хотоор зугаалахдаа шүхрээ авч, дулаан хувцаслахаа мартуузай. 

“Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн тухай товч сонирхуулахад, анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байна. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн байдаг. Зургадугаар сарын 1 жилээс жилд хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баярын өдөр болсоор байгаа билээ. Бусад өед ч гэсэн, өдөр болгон хүүхдүүдээ баярлуулж байгаарай, эцэг эхчүүд ээ. Өдөр бүр хүүхдүүдийн баяр баясгалантай өдөр байгаасай...  Read More......