2007 онд дэлхий дахинд болсон онцлох 10 үйл явдал
1. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаар Индонезийн Бали аралд дэлхийн 180 гаруй орны төлөөлөгч оролцсон бага хурал болж, дэлхий нийтийн дулааралтай тэмцэх чиглэлүүдийг тодорхойлох, Киотогийн протоколыг орлох шинэ төлөвлөгөө боловсруулах тухай хэлэлцээг эхлэж, 2009 онд дуусгахаар тохиролцов.
2. Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын хэлэлцээнд тодорхой ахиц гарч, Умард Солонгос цөмийн обьектуудаа 2007 онд багтаан хаах үүрэг авав.Үүнтэй уялдан Умард, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нарын дээд хэмжээний хоёр дахь уулзалт Пхеньянд болж, хоёр талын харилцааг хэвийн болгох "Найрамдаж, хамтдаа цэцэглэн хөгжих" тунхаглал гаргав.
3. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ дээд хэмжээний уулзалтаар тус холбооны харти буюу үндсэн хуулинд гарын үсэг зурж, 2015 он гэхэд Европын Холбооны загвараар АСЕАН-ны нэгдмэл хамтын нийгэмлэг байгуулахаар тохиролцов.
4. АНУ-ын Аннаполис хотноо Ойрхи Дорнодын асуудлаар Арабын орнууд болон Ойрхи Дорнодын "дөрвөл" буюу АНУ, ОХУ, НҮБ, Европын Холбооны төлөөлөгчдийн бага хурал болж, Израиль-Палестины ужиг мөргөлдөөнийг 2008 онд багтаан эцэслэн шийдэх тухай албан ёсны хэлэлцээг энэ онд тус хоёр талын хооронд эхлүүлэхээр шийдвэрлэв.
5. Пакистаны эрх баригч болон сөрөг хүчний хоорондын зөрчил тэмцэл хурцадсанаас тус улсад онц байдал тогтоов. Ерөнхийлөгч Мушарраф сөрөг хүчний шаардлагаар зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албан тушаал, генерал цолноосоо татгалзав. Тус улсад шинэ он гарсаар параментын сонгууль явуулах гэж байгаатай холбогдуулан онц байдлыг цуцлав.
6. ОХУ-ын Улсын Думын сонгуульд ерөнхийлөгч Путинг дэмжигч "Нэгдсэн Орос" нам сонгогчдын 60 гаруй хувийн санал авч итгэлтэй ялав. Тус нам Путины залгамжлагч болох Дмитрий Медведевийн нэрийг 2008 оны Оросын ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэв. Д.Медведев ерөнхийлөгчөөр сонгогдсон нөхцөлд В.Путинг ОХУ-ын ерөнхий сайдаар ажиллахыг санал болгохоо мэдэгдэв. В.Путин энэ саналыг хүлээн авч байгаагаа илэрхийлэв.
7. НҮБ, Дэлхийн банкны ивээл дор дэлхийн 146 орныг хамруулан, худалдан авах чадварыг үндэс болгодог эдийн засгийн шинэ аргачилараар явуулсан олон улсын шинэ том судалгаагаар Хятад улс дэлхий дээр АНУ-ын дараа хамгийн том эдийн засагтай орноор тодров.
8. Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрны асуудал олон улсын хамтын нийгэмлэгийн анхааралын төвд хэвээр байв. Иран атомын бөмбөг хийх ажлаа 2003 онд зогсоосныг АНУ-ын тагнуулын алба албан ёсоор нийтэд зарлав.
9. Чех, Польшийн нутагт АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулах саналыг тус хоёр улс зөвшөөрч энэ асуудлаар хэлэлцээ хийж эхлэсэн нь Орос-Америкийн харилцааг тодорхой хэмжээгээр хүндрүүлэв.
10. Сербийн Косово хязгаарын статусыг тодорхойлоход чиглэсэн АНУ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч болон олон улсын зуучлагчдын хүчин чармайлт үр дүнгүй болов.